| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 185/2020/0137/Э |
| Дугаар | 1140 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1140
Д.Жд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Д.Жы өмгөөлөгч Б.Баттөр,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Жд холбогдох эрүүгийн 1911023620967 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
/,
Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн задгай тоотод өөрийн хамтран амьдрагч У.Уянгыг бусадтай хардсаны улмаас зодож, хэвлийн битүү гэмтэл буюу хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Д.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан прокуророос шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангин 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 9 / ес / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жы эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Жы цагдан хоригдсон 277 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 52 см урттай, 585 сорцтой, 4гр жинтэй монетон кулон, хүзүүний гинжийг хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбишид олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбишээс 215.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-ийн Саппоро салбарт олгож, шүүгдэгч Д.Ж нь төлөх төлбөргүй болохыг дурдаж, Д.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй. Тухайн үед хамт байсан гэрчүүд болох Д.Оюун, Ө.Баасанцогт нар Д.Ж талийгаач У.Уянгыг зодож цохиогүй гэж мэдүүлсэн /1хх 43-47/ бөгөөд энэ үед хамт байсан Д.Оюуны нөхөр Энхдөлөөс хэргийн талаар гэрчээр мэдүүлэг огг аваагүй байна.
Д.Жыг гэм буруутайд тооцох үндэслэл болсон насанд хүрээгүй гэрч Э.Энхболорын мэдүүлэгт /1хх152/ “Д.Ж нь У.Уянгыг цээж хэсэгт нь гараараа цохьсон” талаар дурдагддаг. Гэтэл талийгаач У.Уянгын үхлийн шалтгааныг тогтоосон 1939 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд талийгаачийг хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн ба уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч М.Энхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа цээж болон хэвлийн хөндий гэдэг нь тус тусдаа ойлголт, хүний цээж хэсэгт цохигдоход хэвлийн хөндийд гэмтэл учрах боломжгүй талаар хэлсэн.
Д.Ж талийгаач У.Уянгыг цохиж зодоогүй болохоо мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдаанд мэдүүлсэн, талийгаач У.Уянга амьд байхдаа өгсөн мэдүүлгүүддээ Д.Ж өөрийг нь зодсон талаар огт дурдаагүй байдаг.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Д.Ж У.Уянгын амь насыг хохироосон эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байна.
Улсын яллагч Д.Жд 6 жилийн хорих ял санал болгосон боловч анхан шатны шүүхээс Д.Жыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлэзр 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хуулиар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн гэм буруутайг нотлох үүрэг хүлээдэггүй бөгөөд “гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” гэсэн хуульд байхгүй хүндрүүлэх нөхцөл байдлыг ял оногдуулахдаа хэрэглэж байгаа мэт нөхцөл байдлыг бий болгожээ.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Д.Жд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Жаргалсайханы үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Амь хохирогч гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “тухайн өдөр гарч яваад дээрэмдүүлж бусдад зодуулсан” гэдэг. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ үйлдэл нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүх Г.Жаргалсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцээд зөв үнэлэлт дүгнэлт өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс “улсын яллагч 6 жилийн хорих ялын санал гаргасан” гэж байна. Шүүх тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор шийдвэрлэх эрх хэмжээтэй. Улсын яллагч зөвхөн ялын санал гаргах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Жд холбогдох эрүүгийн 1911023620967 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Д.Ж нь 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн задгай тоотод өөрийн хамтран амьдрагч У.Уянгыг бусадтай хардсаны улмаас зодож, хэвлийн битүү гэмтэл буюу хүнд гэмтэл учруулж хүнийг алсан болох нь:
гэрч Э.Баасанцогтын: “...Би Энхдөлийн унтдаг орон дээр буруу хараад унтаж байсан чинь гаднаас талийгаачийн нөхөр гэх залуу орж ирсэн байсан. Тухайн үед Уянга нь миний хөлний хэсэгт сууж таараад надтай хардсан бололтой намайг унтаж байхад нь эхнэрээ чирээд гараад явсан. Тэгээд удалгүй эргэж орж ирээд миний толгойны араас юугаар цохьсон эсэхийг мэдэхгүй, нэг эд зүйлээр цохьсон. Хэсэг зуур ухаан алдсан байсан. Би ухаан ороход Ооноо, Энхдөл нар миний толгойны цусыг арилгаад зогсож байсан ба “Жагаа сая таныг алах шахлаа. Нэг мөсөн гүйцээчихье” гээд сэрээгээр зоогоод хавирга орчим дэвссэн байсан...” /1хх 45-46/,
насанд хүрээгүй гэрч Э.Энхболорын: “...2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр үдээс хойш 14-15 цагийн үед аав, ээж, Уянга эгч, Баасанцогт ах нийлээд дөрөвүүлээ манайд орж ирсэн. Ирэхдээ тэр дөрөв архи уучихсан орж ирсэн бүгд адилхан согтолттой байсан. Орж ирээд 30-40 минут бүгдээрээ унтсан. Уянга эгч газраар унтаж байгаад сэрсэн болохоор суух суудалгүй болчихоод Баасанцогт ахын унтаж байсан төмөр орны хөлд очоод сууж байсан. Тэгсэн удалгүй 20-30 минутын дараа Жагаа ах манайд ирсэн. Тэгсэн гэр дотроос ээжийн дуу гараад “Чи болиулахгүй яасан юм бэ” гээд орилоод байхаар нь яваад ортол Жагаа ах Баасанцогтыг зодож байсан. Тэгснээ орны хөлд сууж байсан Уянга эгчийг барьж аваад “Гичий, нохой, пизда, лалар” гээд хэл амаар доромжлоод Уянга эгчийн гуя руу нь 2 удаа өшиглөөд, баруун гарынх нь бугалганд бас 2 удаа гараараа цохиж гэмтээсэн. Тэр үед ээж Оюун “Боль л доо. Чи” гэж хэлээд Жагаа ахын гарыг татсан. Тэгсэн Жагаа ах Уянга эгчийн нүүрийг нь мангасдаад ор руу түлхэж унагаад цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд Уянга эгч өөдөөс нь ёо ёо гэж хэлсэн...” /1хх 148-149/
гэрч Д.Оюуны: “...Манай гэрт Баасанцогт ах, нөхөр Энхдөл, Уянга бид дөрөв ирсэн. Тэгээд манай гэрт ирээд нөгөө архиа уучихаад дахиж 1 шил архи нэмж уусан. Тэгээд бүгдээрээ манайд унтацгаасан. Би ч тасраад унтчихсан байсан. Нэг нүдээ нээгээд харахад Баасанцогт нь 2 талдаа төмөртэй бурханы талд байдаг орон дээр хэвтэж байсан. Дүүгээ харахад Уянга хөлнийх нь тэнд сууж байсан. Манай нөхөр Энхдөл нөгөө талын орон дээр миний араар унтаж байсан. Тэгээд би хэсэг унтчихсан. Нэг сэрсэн чинь Уянгын нөхөр Жагаа гаднаас ирчихсэн хэрүүл шуугиан болж байсан. Жагаа нь Баасанцогт ахыг орон дээр хэвтэж байхад нь хэрүүл хийгээд маргалдаад, цохиод байх шиг байсан. Тэрний хөлд нь эхнэр нь сууж байсан болохоор хардаад л ийм зүйл болсон байх гэж би бодсон. Тэр үед би уусан архиндаа согтоод ухаан орж гараад зарим зүйлийг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Жагаа нь өөрийн эхнэр Уянгааг дагуулаад гарч байх шиг байсан. Тэгээд яасныг мэдэхгүй гадаа байж байхад Жагаа авчирсан архинаасаа нөхөр Энхдөл, бид хоёрт нэг нэг аягыг хийж өгсөн...” /1хх 150-153/,
гэрч А.Цэцгээгийн “...Уянга ирээд 7-8 хонож байхад нэг өглөө Оюунаагийн охин болох 11 настай Энхболор гаднаас манайд гүйж орж ирээд Уянгаа эгчийн нөхөр нь архи авч орж ирээд Уянгаа эгчийг цохисон, тэгээд аваад гарчихлаа гэж надад хэлсэн...” /1хх 154/,
гэрч Б.Мөнх-Эрдэнийн: “...Талийгаачийг манай тасагт хэвтэн эмчлүүлж байх үед нөхөр нь гэх талийгаачаас 16 насаар ах гэх улаан, шар өнгийн футволк өмссөн, махлаг 165-170 см орчим өндөртэй эрэгтэй байсан. Талийгаачийг нас барсан талаар сахиур нь гэх эрэгтэй мэдээд сэтгэл санаа тогтворгүй тайван бус болоод манай тасагт талийгаачийн байсан өрөө рүү орж ирээд гутлаа солиод эмнэлгээс гараад гүйсэн. Тэр эрэгтэй согтуу байсан...” /1хх 40-41/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын сарын 26-ны өдрийн 1939 дугаартай цогцост хийсэн”...Талийгаач У.Уянгын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр оношид дурдагдсан гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, нүүр мөчидөд учирсан цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач У.Уянга нь хэвлийн битүү гэмтлээс үүссэн хэвлийн гялтангийн үрэвсэл, бие мах бодийн ерөнхий хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 179-183/,
амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг харуулж буй цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-19/,
насанд хүрээгүй гэрч Э.Энхболорын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 49-54/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч Д.Ж нь У.Уянгыг хардалтын улмаас 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Д.Оюун, Э.Баасанцогт нарын хажууд зодсон болохыг тухайн цаг хугацаанд согтуураагүй эрүүл байсан, сэтгэцийн ямар нэг өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай насанд хүрээгүй Э.Энхболор “...Уянга эгч газраар унтаж байгаад сэрсэн болохоор суух суудалгүй болчихоод Баасанцогт ахын унтаж байсан төмөр орны хөлд очоод сууж байсан. Тэгсэн удалгүй 20-30 минутын дараа Жагаа ах манайд ирсэн. Тэгсэн гэр дотроос ээжийн дуу гараад “Чи болиулахгүй яасан юм бэ” гээд орилоод байхаар нь яваад ортол Жагаа ах Баасанцогтыг зодож байсан. Тэгснээ орны хөлд сууж байсан Уянга эгчийг барьж аваад “Гичий, нохой, пизда, лалар” гээд хэл амаар доромжлоод Уянга эгчийн гуя руу нь 2 удаа өшиглөөд, баруун гарынх нь бугалганд бас 2 удаа гараараа цохиж гэмтээсэн. Тэр үед ээж Оюун “Боль л доо. Чи” гэж хэлээд Жагаа ахын гарыг татсан. Тэгсэн Жагаа ах Уянга эгчийн нүүрийг нь мангасдаад ор руу түлхэж унагаад цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд Уянга эгч өөдөөс нь ёо ёо гэж хэлсэн...” /1хх 148-149/ гэж тодорхой мэдүүлсэн,
Д.Оюун, Э.Баасанцогт нарыг тус тус унтсан байхад нь Д.Ж гэрт нь ирсэн, У.Уянгатай хэрүүл маргаан үүсгэснээр сэрсэн болох талаар гэрч Э.Баасанцогт “...Би Энхдөлийн унтдаг орон дээр буруу хараад унтаж байсан чинь гаднаас талийгаачийн нөхөр гэх залуу орж ирсэн байсан. Тухайн үед Уянга нь миний хөлний хэсэгт сууж таараад надтай хардсан бололтой намайг унтаж байхад нь эхнэрээ чирээд гараад явсан. Тэгээд удалгүй эргэж орж ирээд миний толгойны араас юугаар цохьсон эсэхийг мэдэхгүй, нэг эд зүйлээр цохьсон...” /1хх 45-46/, гэрч гэрч Д.Оюуны: “...би хэсэг унтчихсан. Нэг сэрсэн чинь Уянгын нөхөр Жагаа гаднаас ирчихсэн хэрүүл шуугиан болж байсан. Жагаа нь Баасанцогт ахыг орон дээр хэвтэж байхад нь хэрүүл хийгээд маргалдаад, цохиод байх шиг байсан. Тэрний хөлд нь эхнэр нь сууж байсан болохоор хардаад л ийм зүйл болсон байх гэж би бодсон. Тэр үед би уусан архиндаа согтоод ухаан орж гараад зарим зүйлийг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Жагаа нь өөрийн эхнэр Уянгааг дагуулаад гарч байх шиг байсан. ...” /1хх 150-153/ гэж мэдүүлсэн байна.
Түүнчлэн, У.Уянгын 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэж байхдаа ярьсан гэх гэрч Д.Цэнд-Аюушийн “...Би Уянга гэх эмэгтэйтэй өрөөндөө байх хугацаандаа юм ярихад Уянга хэлэхдээ “Би харанхуй гудамжинд явж байгаад хүнд зодуулсан. Цагдаагийн хүмүүст гомдолгүй гэж хэлсэн” гэж ярьж байсан ба хоёр өдөр эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй цаг хугацаа алдсан гэж хэлсэн. Өнөөдөр Уянгын нөхөр гэх залуу бага зэрэг согтуу байсан. Ямар шалтгааны улмаас Уянга цагдаагийн алба хаагчдад гомдол саналгүй гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Надад хэлэхдээ гадаа харанхуй гудамжинд танихгүй хүмүүст зодуулсан, тийм болохоор тэр хүмүүс нь олдохгүй байх гэх зүйл бас ярьж байсан...” /1хх 38-40/, яллагдагч Д.Жы “...нэг харсан Уянга ганцаараа гаднаас ороод ирсэн. Тэгээд нүд нь хөхөрчихсөн орж ирсэн болохоор нь яасан юм гэж асуухад дэнжийн мянгын тэнд хүнд дээрэмдүүлсэн, монетан ээмэг, бөгжийг дээрэмдсэн гэж хэлээд унтсан. Маргааш өглөө нь хэвлий хэсгээр өвдөөд байна гэж хэлэхээр нь түргэн дуудах уу, яахуу гэхэд зүгээр болчих байх, хэрэггүй гэсэн...” /1хх 203/ мэдүүлгүүдэд дурдагдсан харанхуй гудамжинд хүнд зодуулсан, дээрэмдсэн гэх үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан:
гэрч Д.Оюуны “...28-ны өдөр манайд ирэхдээ Саппорогийн тэнд ломбардад монетан гинжээ барьцаанд тавьчихлаа, тэгээд такси бариад ирлээ гэж хэлсэн. ...328-аас хойш тасралтгүй 2 өдөр архи усан. 30-ны өдөр шиг санагдаж байна, Уянга цүнхэн дотор байсан монетан бөгж алга болчихлоо гэсэн...” /1 хх150/, гэрч А.Цэцгээгийн “...тэгсэн хэд хоногийн дараа Оюунаа надтай таараад “Манай дүү Уянгаагийн цүнхнээс утас, хугархай бөгж энэ тэр нь алга болчихлоо гэж хэлсэн...” /хх 154/ , гэрч Э.Энхтуулын “...ээж Оюун жорлонгийн гадаа тааралдаад Уянгаа эгчийн чинь цүнхэн дотор байсан гар утас, бөгж хийж зүүх гэж байсан ээмэг, бөгжний хугархайг харсан уу гэж асуусан...” /х 177/ гэх мэдүүлгүүд,
амь хохирогч У.Уянгын өөрөө Саппоро худалдааны төвд байрлах “Начин заан” ломбарданд хүзүүний гинжээ барьцаалж 200,000 төгрөг зээлсэн болохыг нотолж буй барьцаат зээлийн гэрээ /1хх 230/, барьцаат зээлийн газрын ажилтан Б.Энхтуяагийн гэрчийн мэдүүлэг /1хх 170/, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэчимэгийн: ...Манай компанийн Саппоро дахь салбарт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ТВ81070206 регистрийн дугаартай Уранчимэг овогтой Уянга гэж хүн монетон кулонтой монетон хүзүүний гинж 1 ширхгийг 5 хувийн хүүтэйгээр 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Прокурорын зөвшөөрлөөр уг гинжийг хурааж авсан тул компаний зүгээс 200.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх 143/ гэх мэдүүлгүүд зэргээр үгүйсгэгдэж байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Хохирогч У.Уянгыг хардалтын улмаас цохиж зодон, түүний биед “...Нарийн гэдэсний хана, чацархайн няцрал, цус харвалт...” гэсэн хэвлийн битүү гэмтэл буюу хүнд гэмтэл учруулсан, уг хүнд гэмтлийн улмаас хохирогч У.Уянга нас барсан шүүгдэгч Д.Жы үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилснийг шүүх хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг:
2.1 дүгээр зүйл. Гэмт хэргийн ойлголт шинж
...2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
2.4 дүгээр зүйл. Гэм буруугийн холимог хэлбэр
1. Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.
2. Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана.
2.5 дугаар зүйл. Гэмт хэргийн хохирол, хор уршиг
1. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.
2. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. ...” гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг ялгаж үзэх талаар тодорхой заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн
“...11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах.
1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...
...2.5. энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэж хүний эрүүл мэндэд хүн хохирлыг санаатай учруулсан хохирлын улмаас үүссэн үр дагавраас шалтгаантайгаар хохирогч нь нас барсан хор уршиг учирсан бол тус зүйлд заасан гэмт хэрэг болохыг, хор уршиг нь тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохыг тодорхой заажээ.
Иймд шүүгдэгч Д.Жы хохирогч У.Уянгыг зодсон үйлдэл нь шууд санаатай үйлдэгдсэн “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг” бөгөөд харин уг хүнд хохирлынхоо улмаас хохирогч У.Уянгнас барсан нь хүнд гэмтэл гэсэн хохирлын улмаас үүссэн хор уршиг нь байна гэж дүгнэн прокуророос шүүгдэгч Д.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно. ...” гэж зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан” Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Жы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялаас 9 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэснийг 8 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үлйдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэх төдийгүй тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга зэрэгт тохирно хэмээн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хянан шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн “...Д.Ж У.Уянгын амь насыг хохироосон эсэх нь үнэхээр эргэлзээтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 2 заалтад ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулан, бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ