Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2019/0340

 

2019 оны 06 дүгээр сар 03 өдөр Дугаар 128/ШШ2019/0340 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүргийн 00 дүгээр хороо, С гудамж 00 дугаар байранд байрлах О сууц өмчлөгчдийн холбоо

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Х дүүрэг, 00 дүгээр хороо, Ш барилга, 0 давхарт байрлах Б ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Б ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо, С гудамж, 00 дугаар байр, 00 давхрын 00 тоот хаягт байрлалтай 33 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00050******* дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ордон СӨХ-ийн захирал Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, С гудамж 00-р байр нь Б ХХК-ны захиалгаар баригдаж 2006 онд ашиглалтад орсон бөгөөд А болон Б хоёр блоктой, зоорийн давхартаа автозогсоолтой, нийт 26 айлын орон сууц юм. Байрны А болон Б блокийн зоорийн давхрын автозогсоол нь нийт 7 автомашины багтаамжтай, блок тус бүр нэг орц, нэг гарцтай байсан. 2012 онд А болон Б блокын нэг нэг гарцыг битүүлсэн бөгөөд нийтийн эзэмшлийн талбайг Б ХХК нь автомашины зогсоол болгон өөрийн өмчлөлд эд хөрөнгийн эрхийн Ү-22******* дугаарт бүртгүүлэн гэрчилгээ гаргуулан авсан нь хууль бус юм.

Учир нь блок тус бүрийн нэг гарцыг битүүлсэн нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Монгол Улсын Барилгын норм ба дүрэм Авто зогсоол"-ын 5.14 Авто зогсоолын (механикжсан авто зогсоолоос бусад тохиолдолд) гал тусгаарлах заагийн давхар тус бүрээс гадагш эсвэл шатны хонгил руу гарах 2-оос доошгүй аврах гарц төлөвлөнө гэж заасны дагуу зураг төсөл хийгдэж, баригдсан гарцуудыг хааж битүүлэн автозогсоол гаргасан байх ба ингэхдээ зураг төсөлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно. Энэ нь оршин суугчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Гражын гарцны гадна болон дотор орчим талбай нь дангаар өмчлөх талбайд ордоггүй, дундын ашиглалтад байдаг зам талбай бөгөөд гарцыг хааснаар бий болсон автозогсоолыг Б ХХК өмчлөлд бүртгэсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн 146 дугаар зүйл (Орон сууцны дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйл)-ийн 146.2-д Барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй гэж заасныг зөрчиж улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус юм.

Энэ тухай О СӨХ-өөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаар албан бичигтээ дурьдаж улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэсэн, үл хөдлөх эд хөрөнгийн 00050******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгөх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/3429 тоот албан бичгээр манай гаргасан гомдлыг дагуу бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн болно.

Энэ барилгыг анх ашиглалтад оруулах улсын комиссын актаар тухайн барилгын зоорины давхар нийт 4 хаалгатай байхаар хүлээлгэж өгсөн.

 

2009 онд урд талын барилга буюу Цэцэг хотхон баригдах явцад 48 дугаар байрны хашааны урд хэсгийг хойшлуулж, ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу шийдвэрлэсэн. Үүний улмаас урд талаараа машин ордог байсан нь боломжгүй болж зүүн талаасаа ордог болсон. Энэ явцад сууц өмчлөгчид болон Э ХХК-иуд хоорондоо тохиролцоод баруун талд нь зогсоол хийж, гарцыг хаасан. Тухайн үед СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Амарсайхан оршин суугчидтай тохиролцож орц, гарцыг хаасан.

Энэ байр анх 4 хаалгатай байсан ба бүх хаалгыг ашигладаг байсан. Гражийн хаалганы дотор талын үүдний хэсэг нийтийн эзэмшлийн талбай байсан. Уг авто зогсоолоос анх 7 граж зарагдсан. 12 тоот авто зогсоол хойд талын хаалганы харалдаа байрлалтай бөгөөд анх Ө.Э гэж хүн ашиглаж байсан ба Б ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн баримтад 21 м.кв гэжээ. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн гэрчилгээнд 17 гэсэн дугаартай бүртгэгдсэн авто зогсоол нь 12 дугаартай эзэмшиж байсан зогсоол болох нь гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.

Ө.Э нь У.С-д орон сууцаа авто зогсоолын хамт худалдсан. Гуравдагч этгээдээс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 16/66 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгсөн албан бичигт андуурсан тухайгаа дурдсан байна.

Үүнээс үзэхэд 12 тоот гэдэг нь Ө.Э-ий эзэмшилд байх ба өмнөх жагсаалтад энэ хүний нэр байна. Төлбөр төлсөн тухай баримтыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн. 3х7 метрийн харьцаатай 21 м.кв талбайтай авто зогсоол анхнаасаа Ө.Э-ийх байжээ. У.С машинаа байрлуулж байгаа зогсоолын хажууд 12 м.кв зогсоол байна. Нийт 33 м.кв нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийн болгож, орц гарцыг хааж авсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Б ХХК/ 20*******/ нь нэхэмжлэлд дурдсан Х дүүргийн 00 дүгээр хороо С гудамж 00 байрны 00 давхрын 00 тоот, 33 м.кв талбайтай автозогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлэг гаргасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00050******* дугаартай гэрчилгээ бичиж олгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийг хөтлөх /тухайн үеийн мөрдөгдөж байсан журам/ журмын 4 дүгээр зүйлийн 4.5.3-т Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, улсын комиссын актын хамт урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана гэж зааснаар уг автозогсоолыг бүртгэсэн болно. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14-т заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул мөн хуулийн 13-р зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

Холбогдох жагсаалтыг Б ХХК гаргасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал нь СӨХ болон ХХК хоорондын маргаантай асуудал тул иргэний -журмаар холбогдох хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б ХХК-ийн захирал О.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь өөрийн хөрөнгө оруулалтаар Х дүүргийн 00 дүгээр хороо С гудамж 00 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж 2006 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй гэж заасан бөгөөд Б ХХК нь уг үндсэн хуулийн заалт болон бусад холбогдох хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.

2006 онд барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй орон сууцны барилгаас ихэнх хэсгийг иргэдэд худалдан борлуулах замаар өмчлөх эрхээ шилжүүлсэн бөгөөд маргаж буй авто зогсоолын хувьд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар холбогдох дүрэм журам, норм стандартын дагуу өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан..

Б ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар гаргаж буй О СӨХ-ийн гаргаж буй нэхэмжлэл нь Үндсэн хууль, Барилгын тухай хууль, Иргэний хуулиар манай компанид олгосон хууль ёсны эрх ашгийг ноцтой хөндсөн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, хууль ёсны бус шаардлага гэж манай компанийн зүгээс үзэж байна.

Б.Б миний бие 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Удирдах зөвлөлийн 18/01 дугаар шийдвэрээр О СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээн авсан гэж дурьдсан.

О СӨХ-ны 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18/01 тоот Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гэх баримтаас үзвэл Б.Б нь Удирдах зөвлөлийн гишүүн байх бөгөөд өөрөө өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрт оролцож томилсон болох нь тодорхой харагдаж байна.

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.8-д гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх эрхийг удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр хуульчилсан байх бөгөөд удирдах зөвлөлийн гишүүн нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа явдал нь хуулийн уг заалт хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэж улмаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг зөрчиж буй хууль бус захирал болоод байгааг дурьдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэлдээ орон сууцны доор байрлах авто зогсоолыг нийтийн эзэмшлийн зүйл хэмээн хэт өрөөсгөл үндэслэл дүгнэлтийг хийсвэрээр хийж нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна. Б.Б нь уг орон сууцанд анх өөрийн амьдарч байгаа байрыг гражын хамт Б ХХК-аас худалдан авч, өмчлөх эрхээ баталгаажуулж байсан бөгөөд уг автозогсоолоо бусдад худалдан борлуулсан. Түүний энэхүү үйлдэл нь тэгвэл өөрийнх нь үзэж байгаагаар нийтийн эзэмшлийн талбайг бусдад худалдсан хууль бус үйлдэл гэж дүгнэхэд хүрэхээр байна.

Мөн зогсоолын хаалгыг бүхэлд нь хааж орц гарцгүй болгосон мэт бодит байдалд нийцээгүй ойлголтыг бусдад төрүүлэх замаар оршин суугчдын эрх ашиг хөндөгдөөд байна хэмээн тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар уг орон сууцны зогсоолын хэсэгт хойноос урагш урдаас хойш чиглэсэн нэвт орж гарах боломжтой орц гарц байгаа бөгөөд ашиглалтын болоод бусад ямар нэгэн хүндрэл үүсэхээргүй хэвийн ашиглагдаж байна.

Уг зогсоолын илүү 2 хаалгыг 2007 онд битүүлж зогсоолын ашигтай талбайг нэмэгдүүлж, мөн гадна хүүхдийн тоглоомын талбайг шинээр бий болгон тохижуулж оршин суугчдад тав тухтай нөхцөлийг бүрдүүлэн зохион байгуулсан бөгөөд барилгын хийцлэлийн хувьд дулаан алдалтыг багасгах болоод бусад давуу талыг бий болгосон үйлдэл юм. Мөн энэ үед Б.Б нь уг орон сууцанд амьдарч өөрийн өмчлөлийн зогсоолыг ашиглаж байсан бөгөөд оршин суугчийн хувьд ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй юм.

 

Байгууллагын гүйцэтгэх удирдлага болон төлөөлөх удирдах зөвлөл шинээр томилогдоод тухайн үйл явдлыг мэдсэн мэтээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Гэтэл өнөөдрийн бидний маргаж байгаа бүртгэл болон гэрчилгээ 2016 онд гарсан. Энэ тухай баримтууд хэрэгт авагдсан. М.Э нь О СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх явцад маргаан бүхий авто зогсоолын гэрчилгээ гарсан тухай мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Тус СӨХ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон иргэдийн зүгээс тухайн авто зогсоолтой холбоотой ямар нэгэн гомдол тухайн үед гарч байгаагүй. 2018 оны 11 дүгээр сард Улсын бүртгэлийн байгууллага төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол гаргасны дагуу хариу өгсөн байна.

Уг барилга нь анх баригдахдаа 4 орц гарцтай байсан. Урдаас хойш чиглэсэн чиглэл бүхий орц гарцаар оршин суугчид нэвтэрч байдаг. Нэхэмжлэгч талаас яг адилхан байршилд байгаа А блокийн авто зогсоолын орц гарцыг хаасан хаалгатай холбоотой өмчлөх эрх бусдад олгосон авто зогсоолтой огт маргадаггүй.

Б ХХК хуульд заасны дагуу өөрийн эд хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгийг барьсан байхад Б.Б шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Гуравдагч этгээдийн зүгээс СӨХ-ийн эзэмшилд зориулж нийтийн эзэмшлийн талбай хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. 2009 онд Б.Б нь тус СӨХ-ийн төлөөлөн удирдах зөвлөлд байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Тус байрны 17 тоот орон сууцны өмчлөгч нь Б ХХК гэдгийг холбогдох баримтаас харж болно. Ингээд 17 дугаартай авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Оршин суугчид өөрийн хаалганы дугаартай адил авто зогсоолоо дугаарлаж байсан. Б ХХК-тай У.С маргаагүй байхад СӨХ-өөс нэхэмжлэл гаргах нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

О Сууц өмчлөгчдийн холбооноос /цаашид СӨХ гэнэ/ Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Б ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо С гудамж 00 байрны 00 давхрын 00 тоот  хаягт байрлалтай 33 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00050******* дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Б ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Х дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандан Х дүүргийн 00 дүгээр хороо, С гудамж, 00 дугаар байр, 00 давхрын 00 тоот хаягт байрлалтай 33 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг[1] гаргасан байх бөгөөд Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Х дүүргийн 00 дүгээр хороо, С гудамж, 00 дугаар байр, 00 давхрын 00 тоот хаягт байрлалтай 33 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, 00050******* дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[2] олгожээ.

Нэхэмжлэгч О СӨХ нь дээрх бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... нийтийн эзэмшлийн талбайг ... автомашины зогсоол болгон өөрийн өмчлөлд ... авсан нь хууль бус бөгөөд энэ нь оршин суугчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж, хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай/ 2003 оны/ хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул ... өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосон. Бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй гэж тайлбарлан маргажээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд Х дүүргийн 00 дүгээр хороо, С гудамж, 00 дугаар байр нь Б ХХК-ийн захиалгаар баригдаж, 2006 оны 12 дугаар сард ашиглалтад орсон 26 айлын орон сууц бөгөөд уг байр нь А болон Б хоёр блоктой, зоорийн давхртаа А блок нь 219.27 м.кв, Б блок нь 201,01 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолтой байх бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн Б блокийн 17 тоот хаягт байршилтай 33 м.кв талбайтай авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон гэрчилгээг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар маргаж байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай / 2003 оны / хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргана ... ., 13.5-д Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 13.9-т Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй ... , 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно, 15 дугаар зүйлийн 15.2-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ ..., 18 дугаар зүйлийн 18.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд улсын бүртгэгч нь мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу нотолж мэдүүлгээ гаргасан этгээдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээ олгох хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б ХХК-ийн Х дүүргийн 00 дүгээр хороо, С  гудамж, 00 дугаар байр, 00 давхрын 00 тоот хаягт байрлалтай 33 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэж, гэрчилгээ олгохдоо тус компаниас ирүүлсэн баримт бичгүүд болох өмчлөгчийн хуулийн этгээдийн гэрчилгээ, эрхийг бүртгүүлэхийг хүссэн мэдүүлэг, хүсэлт, Компаний дүрэм, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, барилга байгууламжийн план зураг, зоорийн давхрын Б блокын зохион байгуулалтын план зураг, авто зогсоолын дотор талыг харуулсан фото зураг, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн дээрх авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байх бөгөөд уг бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай / 2003 оны / хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь барилга байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч О СӨХ нь Б ХХК нь тухайн авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхдээ 12 дугаартай автомашины зогсоолыг 17 дугаартай болгож, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж маргаж байх ба энэхүү үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байхын зэрэгцээ энэ нь хуульд заасан журмын дагуу бүртгэсэн бүртгэл, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Тодруулбал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай / 2003 оны / хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг нэрлэн заасан байх ба мэдүүлэг гаргах үед Б ХХК-ийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан мэдүүлэг гаргагч нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй гэж үзэх, 14.1.6-д заасан энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй гэж үзэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Учир нь О СӨХ болон компаний зүгээс авто зогсоолын дугаарлалтыг албан ёсоор хийгээгүй, орон сууцны байрны дугаараар оршин суугчид нь өөрсдийн авто зогсоолын дугаарлалтыг хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй, үүний зэрэгцээ Билиг ХХК нь дээрх авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх мэдүүлэгт захиалгаар барьсан орон сууцны жагсаалтыг хавсаргаж хүргүүлсэн байх бөгөөд уг хавсралтад зоорийн давхрын 17 тоотын 33 м.кв талбайтай гражийн захиалагч нь Б ХХК гэж, мөн Б ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Залруулга хүргүүлэх 16/66 дугаар албан бичгээр ... зоорийн давхрын 17 тоот 33 м.кв талбай бүхий гражийн .... үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг гаргаж байсан, гэрч У.Соёл-Эрдэний ... тус зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б ХХК-иар гаргуулахаар тухайн үед тохиролцсон ... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн үед мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх буюу зөрчилтэй, бүрэн бус нотлох баримтаар бүртгэл хийсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай / 2003 оны / хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар нийтийн зориулалттай машины зогсоол нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах хэдий ч бусдын өмчлөлд байгаа авто зогсоолын талбайг нийтийн эзэмшлийн талбай буюу дундын ашиглалтын талбай гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн ... авто зогсоолын талбай нь нийтийн эзэмшлийн талбай буюу дундын ашиглалтын хэсэг юм. Нийтийн эзэмшлийн талбай учраас түүнийг ашиглах эрх нь СӨХ-д байна гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч О СӨХ нь тухайн үед маргаан бүхий авто зогсоолын өмчлөх эрхийн бүртгэл хийгдэж, гэрчилгээ олгогдсоныг мэдэж байсан гэх үйл баримт нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ О СӨХ нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7/3429 дугаар албан бичгээр ... бүртгэлийг хүчингүй болгуулах боломжгүй тул хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу хүргүүлсэн, нэхэмжлэгч нь тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс О СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.Б нь ... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн агуулгаар тайлбар гарган маргаж байх ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж, эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргагч этгээд байх юм.

Нэхэмжлэгч О СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Б нь О СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18/01 дугаар шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, ... гэрээний хүрээнд ... эрхлэх-ээр заасан, гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс орон сууцны байрны зоорийн давхрын авто зогсоолын ашиглалт, өмчлөлийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байх тул түүнийг Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч захиргааны байгууллага нь Б ХХК-ийн гаргасан мэдүүлэг, баримт бичгийг үндэслэн 48 дугаар байр, 00 давхрын 17 тоот хаягт байрлалтай 33 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай тухай хуулийн 13 дугаар зүйл Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах, 14 дүгээр зүйл Мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах, 15 дугаар зүйл Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх , 18 дугаар зүйл Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмыг болон бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчөөгүй, дээрх бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй тул захиргааны хэргийн шүүх өөрийн харьяаллын дагуу зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэсэн, гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн эсэхийг дүгнэсэн болно.

Харин нэхэмжлэгчийн маргаж буй ... орц, гарцыг хааж, битүүлсэн гэх болон тухайн гражийн эзэмшлээс үүдэлтэй маргаан зэрэг харьяаллын бус асуудлаар дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай / 2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Б ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо С гудамж 00 байрны 00 давхрын 00 тоот хаягт байрлалтай 33 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00050******* дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий О Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 ( далан мянга хоёр зуун ) төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН