Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/236

 

 

 

 

 

 

 

2024     05         27                                          2024/ШЦТ/236

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн Т.О-т холбогдох эрүүгийн 2425000000284 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Т.О нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э багийн *** тоот өөрийн гэртээ хохирогч Ж.Г-ийг “хундаганы талаар архи хийж өглөө” гэсэн шалтгаанаар уурлах үед нь харилцан заамдалцаж, улмаар хохирогчийн толгойн тус газар заазуурын ар хэсгээр 1 удаа цохиж, мөн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсэгт сорви, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.

 

Хохирогч Ж.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ж.Г-ийн “Би Орхон аймгийн Баян-Өндөр сумийн Э багийн *** тоотод хойд аав, ээжийн хамт амьдардаг юм. 2024 оны 03 дугаар сарын сүүлээр миний төрсөн ах Г, өөрийн эхнэр буюу хамтран амьдрагчийг танилцуулах зорилготой ирсэн юм. Тэгээд манайд амьдарч байгаад 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед манай гэрийнхэн ахыг ирсэн гээд Стандарт нэртэй 0,75 литрийн архи 2 шилийг уусан, нэлээн согтчихсон байсан үе 2024 оны 03 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед миний хойд аав О архи хундагалж байсан. Надад архи өгөхөөр болоод О хундаганы дундуур архи хийчихсэн юм. Би О луу яагаад чи надад хундаганы дундуур архи хундагалж өгөөд байгаа юм гээд хэрэлдээд би О-ыг заамдаад автал О махан дээр байсан заазуурын ар хэсгээр миний толгой руу цохичихсон. Би зөрүүлээд О ахыг цохих гэтэл Г ах салаад над руу дайраад ахын дүү зүгээр бай гээд байж байтал хойд аав О миний баруун нүд хэсэгт нэг удаа гараараа цохисон, миний толгойноос цус гараад байсан учир түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар хуудас/

2. Гэрч Ж.Г-ийн “2024 оны 03 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос Орхон аймагт өөрийн хамтран амьдрагч О-ыг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулах зорилготой ирсэн юм. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед гэрийнхэнтэйгээ Стандарт нэртэй 0,75 литрийн архи хувааж уугаад хоол унд хийж идээд шөнө буюу 2024 оны 03 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед хойд аав О архи хундагалж байх үед Г О ах руу дайраад орилоод чи муу миний аав биш хойд аав надад архи хундагалахдаа яаж хундагалаад байгаа юм гээд О-ыг заамдаад авсан О ах уурлаад махны саван дотор байсан заазуурыг аваад заазуурын ар хэсгээр нь Г-ийн толгойд нэг удаа цохисон. Г зөрүүлээд О-ыг цохих гээд дайрах үед би урдуур нь ороод Г-ийг болиулсан. Г над руу дайраад та яагаад байгаа О-ыг өмөөрөөд байгаа юм уу гээд байсан. О ах уурлаад Г-ийн нүүр тус газарт нь цохиод авсан. Тэр үед Г-ийн толгойноос цус гоожоод түргэн тусламж дуудсан. Архи зүгээр хундагалж өгсөнгүй гэх шалтгаанаар муудалцсан байх” гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар хуудас/

3. Гэрч Н.О-ны “2024 оны 03 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос Орхон аймагт өөрийн хамтран амьдрагч Г-ийн хамт ирсэн юм. Орхон аймагт ирээд О буюу хойд аав гэрт нь амьдарсан. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр О-ын гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э багийн *** тоотод Стандарт нэртэй архи авч уугаад хоол унд хийж идээд шөнө 02 цагийн үед гэнэт Г орилоод босоод ирсэн. О луу дайраад чи надад яаж хундагалаад байгаа юм. О-ыг заамдаад зодох гээд байсан. О заазуураар Г-ийг цохиод авсан. Г О хоёрыг Г болиулсан. Тэгээд байж байтал Г-ийн толгойноос цус урсаад тэгээд түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар хуудас/

4. Гэрч Ж.Б-ын “2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед Г, О, О, Г бид нар архи ууцгаасан юм. Г, Г бол миний төрсөн 2 хүүхэд О бол Г-ийн хамтран амьдрагч, О бол миний хамтран амьдрагч байгаа юм. Тус өдөр би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд тасраад маргааш өглөө нь буюу 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Г толгойгоо цагаан даавуугаар боолгуулчихсан байсан. Би юу болсон талаар асуух үед Г нь О-тай маргалдаад толгой руугаа цохиулчихсан гэж хэлсэн. Би О-аас юу болсон талаар асуух үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглээд Г-тэй маргалдаж заазуурын араар цохичихсон юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 381 дугаартай “Ж.Г-ийн биед духны баруун дээд хэсэгт сорви, баруун нүдний доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба духны баруун дээд хэсэгт сорви гэмтлийг хэзээ ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Баруун нүдний доод зовхинд цус хуралт нь 10-14 хоногийн өмнө үүссэн байхаар шинэ гэмтэл байна. Духны баруун дэд хэсэгт сорви нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах байсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний доод зовхинд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 17-19 дүгээр хуудас/

6. Яллагдагч Т.О-ын “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед өөрийн хамтран амьдрагчийн төрсөн хүү Г-тэй маргалдаж, түүнийг заазуурын ар хэсгээр толгой руу нь цохиж гэмтэл учруулсан би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э багийн *** тоот өөрийн гэртээ хохирогч Ж.Г-ийг “хундаганы талаар архи хийж өглөө” гэсэн шалтгаанаар уурлах үед нь харилцан заамдалцаж, улмаар хохирогчийн толгойн тус газар заазуурын ар хэсгээр 1 удаа цохиж, мөн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсэгт сорви, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Г-ийн “би О-ыг заамдаад автал О махан дээр байсан заазуурын ар хэсгээр миний толгой руу цохичихсон, миний баруун нүд хэсэгт нэг удаа гараараа цохисон, миний толгойноос цус гараад байсан учир түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Г-ийн “О ах уурлаад махны саван дотор байсан заазуурыг аваад заазуурын ар хэсгээр нь Г-ийн толгойд нэг удаа цохисон. О ах уурлаад Г-ийн нүүр тус газарт нь цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч Н.О-ны “О заазуураар Г-ийг цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б-ын “Г нь О-тай маргалдаад толгой руугаа цохиулчихсан гэж хэлсэн. Би О-аас юу болсон талаар асуух үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглээд Г-тэй маргалдаж заазуурын араар цохичихсон юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт, яллагдагч Т.О-ын “өөрийн хамтран амьдрагчийн төрсөн хүү Г-тэй маргалдаж, түүнийг заазуурын ар хэсгээр толгой руу нь цохиж гэмтэл учруулсан би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.О нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э багийн *** тоот гэртээ Ж.Г-тэй маргалдаж, хохирогчийн толгойн тус газар заазуурын ар хэсгээр цохиж, нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны баруун дээд хэсэгт сорви, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.О нь хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г-ийн эрүүл мэндэд духны баруун дээд хэсэгт сорви, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж улсын яллагчийн санал болгосон “1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овгийн Т-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ыг 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай..

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС