Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар  2024/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

2024      05        28                                            2024/ШЦТ/241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.О

    Улсын яллагч Н.Д

    Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2425000000010 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн төрсөн ах Б-ийн Б-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай Хьюндай соната 6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн нутаг дэвсгэр Орхон молл худалдааны төвийн урд талын Зээлийн дөрвөн замын уулзвараар нэвтрэхээр замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.7 дугаар зүйлд заасан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө, мөн дүрмийн 16.2.зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчин явган хүний гарцаар гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч явсан Э.Э-г мөргөж эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирогчид 2 сая төгрөгийн хохирол төлсөн” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ц нар шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн “2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сум Х багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн урд талын *****1 байрны 2 давхарт англи хэлнийхээ сургалтад суучихаад 16 цаг 30 минутад тарж би ганцаараа гэрлүүгээ явсан. Би гэрлүүгээ явж байх замдаа Орхон молл худалдааны төвийн 4 замын уулзварын баруун талын уулзварын явган хүний гарцан дээр очиход урагшаа зам гарах явган хүний гарцны ногоон гэрэл ассан. Тэгэхээр нь би хоёр тал руугаа машин харчихаад гарцаар алхаад гарах гээд явж байхад миний зүүн талаас машин ирж намайг урд талаараа мөргөсөн. Би тухайн үед маш их айчихсан байсан болохоор намайг аль хэсгээрээ мөргөснийг би санахгүй байна. Тэгээд би мөргүүлээд газар унасан. Тэгээд би шууд буцаад босоод ирсэн чинь намайг мөргөсөн машин дотроос нэг эгч гарч ирээд намайг машиныхаа урд талынхаа суудалд дээр суулгасан. Би намайг мөргөсөн хүний машин дотор суучихаад өөрийнхөө гар утсаар аав Э руу залгаад би машинд мөргүүлчихлээ гэхэд манай аав намайг хаана байгаа юм гэж асуугаад намайг байгаа газраас маань ирж авсан” гэх мэдүүлэг. /хх- ийн 15-р тал/

2. Иргэний хариуцагч Б.Б-ийн “Миний эзэмшлийн **-** *** улсын дугаартай Хьюндай Сонота 6 маркийн тээврийн хэрэгслийг манай төрсөн дүү Б унаж явж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт хүн мөргөсөн гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул би иргэний хариуцагчаар татаж байгаад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. **-** *** улсын дугаартай Хьюндай Сонота 6 маркийн тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм би тухайн тээврийн хэрэгслийг 5-6 жилийн өмнө худалдаж авч байсан. Би **-** *** улсын дугаартай Хьюндай Сонота 6 маркийн тээврийн хэрэгслийг 5-6 жилийн өмнө Орхон аймгаас хувь хүнээс 6 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би Өмнөговьд ажилладаг болохоор намайг явсан хойгуур манай төрсөн дүү Б нь ажил гэр хоёрынхоо хооронд хааяа унаж хэрэглэдэг. Тийм болохоор тухайн тээврийн хэрэгслийн даатгалын бичиг баримт дээр Б болон түүний хүүхэд бид гурвын нэр тээврийн хэрэгслийг унахыг зөвшөөрсөн бичиг байдаг” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р тал/

3. Гэрч Ц.Э-ын “2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг 40 минутад манай охин 9 настай Э нь над руу залгаад ааваа би машинд мөргүүлчихлээ миний баруун талын хөл өвдөөд байна гэж хэлсэн. Тухайн үед би Оргил худалдааны төвөөс хөдлөөд охин руу явж байх замдаа дахин охин Э руу залгаад хаана байгаа талаар асуухад намайг мөргөсөн хүн намайг авч яваад бид хоёр хамт хоёр халамж үйлчилгээний төвийн хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би охин дээрээ очиход 17 цаг болж байсан намайг очих үед манай охиныг **-** дугаартай Хьюндай Сонота 6 маркийн тээврийн хэрэгслийн урд талын суудалд суулгачихсан тухайн тээврийн хэрэгслийг эмэгтэй хүн жолоодож явсан. Тэгэхээр нь би охиноо авч өөрийнхөө тээврийн хэрэгсэлд суулгаж хөдлөөд Бүсийн оношилгоо эмчилгээний яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлэхэд баруун хөлийн шагайны дээд талын яс хугарсан байна гэж хэлээд манай охины баруун талын хөлд гипс хийж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

4. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай “Э.Э-гийн биед баруун тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 44-45-р тал/

5. Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “**-** *** улсын дугаартай Хьюндай соната 6 загварын тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7 дугаар зүйлд заасан “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Мөн дүрмийн 16.2.3өвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх магадалгаа. /хх- ийн 57-58-р тал/

6. Яллагдагч Б.Б-ийн “ажлаа тарчихаад 17 цагийн орчим гэрлүүгээ харьж явах замдаа Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт байрлах Орхон молл худалдааны төвийн урд талын 4 замын уулзвараар зүүнээс баруун чиглэлтэй уулзварын гэрлэн дохионы шар гэрэл анивчиж байхад уулзвар луу нэвтэрч орсон. Намайг уулзвар нэвтэрч байхад миний хажуу талын явган хүний замаар хүүхэд явж харагдсан. Тэгэхээр нь би нээх юм бодолгүй машиныхаа хаазыг гишгэж урагш хөдлөхөд тухайн хүүхэд миний урд талын явган хүний гарц руу орж ирсэн. Тэгэхээр нь би сандраад шууд машиныхаа тормозыг гишгэхэд миний тээврийн хэрэгсэл бага зэрэг урагшаа хөдөлж гарцаар гарч байсан хүүхдийг тээврийн хэрэгслийнхээ баруун талаар мөргөж унагаасан. Тэгээд би машинаа зогсоочихоод машинаас буухад тухайн хүүхэд ёолоод хөлөө барьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би тухайн хүүхдийг авч машиныхаа урд суулгаад шууд эмнэлэг рүү хөдлөөд эргэж байхад тухайн охин аав руугаа ярьсан. Тэгэхээр нь утсаар нь тухайн охины аавтай ярьж шууд эмнэлэг орьё гэхэд тухайн охины аав нь хүлээж бай гэж хэлэхээр нь замаас гараад хэсэг хүлээж зогссон удалгүй тухайн охины аав нь ирж охиныг авч эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээБ.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн төрсөн ах Б-ийн Б-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай Хьюндай соната 6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр Орхон молл худалдааны төвийн урд талын Зээлийн дөрвөн замын уулзвараар нэвтрэхээр замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.7 дугаар зүйлд заасан зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө, мөн дүрмийн 16.2.зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчин явган хүний гарцаар гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч явсан Э.Э-г мөргөж эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол хор уршигийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн “Орхон молл худалдааны төвийн 4 замын уулзварын баруун талын уулзварын явган хүний гарцан дээр очиход урагшаа зам гарах явган хүний гарцны ногоон гэрэл ассан. Тэгэхээр нь би хоёр тал руугаа машин харчхаад гарцаар алхаад гарах гээд явж байхад миний зүүн талаас машин ирж намайг урд талаараа мөргөсөн. Би тухайн үед маш их айчихсан байсан болохоор намайг аль хэсгээрээ мөргөснийг би санахгүй байна” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Б.Б-гийн “намайг явсан хойгуур манай төрсөн дүү Б нь ажил гэр хоёрынхоо хооронд хааяа унаж хэрэглэдэг” гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ын “2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг 40 минутад манай охин 9 настай Э нь над руу залгаад ааваа би машинд мөргүүлчихлээ миний баруун талын хөл өвдөөд байна гэж хэлсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлэхэд баруун хөлийн шагайны дээд талын яс хугарсан байна гэж хэлээд манай охины баруун талын хөлд гипс хийж өгсөн” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа, яллагдагч Б.Б-ийн “тухайн хүүхэд миний урд талын явган хүний гарц руу орж ирсэн. Тэгэхээр нь би сандраад шууд машиныхаа тормозыг гишгэхэд миний тээврийн хэрэгсэл бага зэрэг урагшаа хөдөлж гарцаар гарч байсан хүүхдийг тээврийн хэрэгслийнхээ баруун талаар мөргөж унагаасан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн төрсөн ах Б-ийн Б-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай Хьюндай соната 6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн нутаг дэвсгэр Орхон молл худалдааны төвийн урд талын Зээлийн дөрвөн замын уулзвараар нэвтрэхдээ явган хүний гарцаар гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Э.Э-г мөргөж эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7 дугаар зүйлд заасан “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Мөн дүрмийн 16.2.3өвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд 2 сая төгрөгийн хохирол төлөгдсөн, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн еррөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял тусгагдаагүй байсан тул шүүгдэгчид нэмэгдэл ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***овгийн Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС