| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0237/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/242 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/242
2024 05 28 2024/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Г.О
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч З.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн З.Ж-д холбогдох эрүүгийн 2425000000286 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Н овгийн З-ын Ж
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч З.Ж нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс зочид буудлын 501 тоот өрөөнд тус буудлын хүлээн авагч Н.Н-р түлхүүрээр нь онгойлгуулан орж хохирогч С.Б-г шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ж мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвгөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээхэд татаглзах зүйлгүй ” гэв.
Хохирогч С.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.Б-н “2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Барилга хот байгуулалтын яамнаас Орхон аймагт зохион байгуулагдсан арга хэмжээг сурвалжлах зорилгоор томилолтоор ТВ5, 25 дугаар суваг, МҮОНРТ, Масс.мн сайтын нийт 10 хүн нэг машинд сууж Улаанбаатар хотоос Орхон аймаг руу хөдөлсөн. Бид нар замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Миний хувьд нэлээн согтсон ба Орхон аймагт очоод Дээдэс гэх нэртэй буудалд буусан. Манай сайтын сэтгүүлч Г.Ц бид хоёр 2 ортой 501 тоот өрөөнд орсон. Би согтуу байсан тул буудлын өрөөнд унтсан. Харин хамт ирсэн сэтгүүлч, зураглаач нар хоол идэж, хоорондоо юм ярьж суусан байсан. Намайг унтаж байхад Г.Ц сэрээгээд энэ залууг гаргаад өгөөч гэж хэлсэн. Би орноос босоход буудлын өрөөний нойлын хаалганы харалдаа “МҮОНРТ”-ын сэтгүүлч Ж гэх нэртэй залуу зогсож байхаар нь ширээн дээр байсан гар утсыг нь авч өгөөд өрөөндөө орж амар гэж хэлээд гаргасан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Ж , Ц нар өрөөнд хэзээ орж ирсэн талаар ч мэдээгүй. Ж ыг өрөөнөөс гаргаад шууд унтсан. Ц өөрийнхөө орон дээр суугаад үлдсэн. Би унтаж байхад миний нүүр хэсэг рүү нэг хүн цохиход сэрээд харахад Ж өрөөнд ороод ирчихсэн, миний нүүр лүү гараараа олон удаа цохисон. Тэр үед Ц цагдаад дуудлага өгсөн. Ж өрөөнөөс гараад явсан. Ямар шалтгааны улмаас Ж гэх сэтгүүлч намайг цохисон талаар мэдэхгүй байна. Миний хувьд Ж болон бусад хэн нэгэн хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Маргааш нь Ж гэх сэтгүүлч надад хандаж би согтуудаа чамайг цохисон байна гэж хэлсэн. Би бол Ж тай нэг ч үг яриагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар хуудас/
2. Гэрч Г.Ц-н “2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Барилга хот байгуулалтын яамнаас сурвалжилга хийхээр томилолтоор “ТВ5”, “25”, “МҮОНР ТВ”, “Масс.мн” сайтын нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотоос 11 цагийн үед Орхон аймаг руу 1 тээврийн хэрэгсэлд сууж гарсан. Замдаа эрчүүд маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нар Орхон аймагт 19 цагийн үед ирээд Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс буудалд буусан. Би зураглаач С.Б-н хамт 501 тоот өрөөнд орсон. Дээдэс буудлын 1 давхарт хоол идэж байхдаа пиво уусан. Миний хувьд архи уугаагүй, пивоноос бага зэрэг уусан. Манай сайтын зураглаач С.Б нь замдаа нэлээн архи уусан тул шууд буудлын өрөөнд орж унтсан. Би өрөөндөө ороход “МҮОНР ТВ”-ийн зураглаач Ж гэх залуу миний араас орж ирээд гарахгүй байхаар нь хамт ажилладаг зураглаач С.Б-г сэрээгээд Ж ыг өрөөнөөс гаргуулсан. Ж нь манай өрөөний хаалгыг тогшиж “утсаа мартсан байна” гэхээр нь хаалга онгойлгож гар утсыг нь өгөөд хаалгаа хаасан. Тэгтэл Ж нь дахиж өрөөний хаалга тогшоод байхаар нь би хаалгаа онгойлгоогүй, өөрийнхөө оронд орж унтах гэж байхад буудлын ажилчнаар манай өрөөний хаалгыг онгойлгуулж орж ирээд зураглаач С.Б-г үгийн зөрүүгүй шууд толгой, нүүр хэсэг рүү нь олон удаа цохисон. Би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/
3. Гэрч Н.Н-н “2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” зочид буудалд 24 цагаар ресейпшнээр ажилласан юм. Тухайн өдөр Улаанбаатар хотоос сэтгүүлчид гэсэн хүмүүс ирж буудалд орсон. Яг хэдэн хүн ирсэн, аль өрөөнд буусан талаар сайн санахгүй байна. Сэтгүүлч нар гэх хүмүүс буудалд ирэхээс өмнө нэлээн согтуу, зарим нь өөрсдөө явж чадахгүй, хүнээр сугадуулж орсон. Шөнө дунд буудлын өрөөнд амарч байсан нэг эрэгтэй бууж ирээд би 501 тоот өрөөнд орсон, өрөөнийхөө түлхүүрийг өрөөндөө мартчихлаа, манай өрөөг онгойлгоод өгөөч гэж хэлэхээр нь би тэр залуугийн өрөө болох 501 тоотыг онгойлгож өгчхөөд эргээд 1 давхар луу буусан. Үүнээс хойш 5-10 орчим минутын дараа нэг эмэгтэй хүн дээрээс бууж ирээд 501 тоотод зодоон болоод байна, гаднаас хаалга яах гэж онгойлгож өгсөн юм бэ гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйгийн хамт 501 тоот руу очих гээд шатаар алхаж байхад урдаас надаар 501 тоот өрөөг онгойлгуулсан залуу зөрөөд буусан. Би 501 тоот өрөөнд ороход орон дээр нэг залуу зодуулсан байдалтай сууж байсан. Тэр хүмүүс өөрсдөө цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай буудалд ирсэн сэтгүүлч нар 4 өрөөнд хуваагдаж буусан. 405 тоот өрөөнд орсон Б гэх нэртэй эмэгтэй хамт явж байсан сэтгүүлч нараа өрөөнд хуваарилж оруулж байсан. Буудлын бүртгэлийн дэвтэрт хариуцан явж байсан Б гэх хүний нэрээр 4 өрөөг бүртгэсэн. Тэрнээс биш өрөө болгонд хэн хэн орсон талаар нарийн бүртгэсэн зүйл байхгүй. Тэр эрэгтэй надад хэлэхдээ өөрийнхөө түлхүүрийг өрөөндөө мартчихлаа, онгойлгоод өгөөч гэж хэлсний дараа би буудлын 501 тоот өрөөг онгойлгож өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 17, 19 дүгээр хуудсууд/
4. Яллагдагч З.Ж ын “2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Барилга хот байгуулалтын яамнаас сурвалжилга хийхээр томилолтоор "ТВ5", "25", "МҮОНР ТВ", "Масс.мн сайтын нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотоос 11 цагийн үед Орхон аймаг руу 1 тээврийн хэрэгсэлд сууж гарсан. Замдаа эрчүүд маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нар Орхон аймагт 19 цагийн үед ирээд Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс буудалд буусан. Би уг буудлын 3 давхарт буусан. Өрөөний дугаарыг санахгүй байна. Буудалд байхдаа бид нар хоол идэж, архи уусан. Тухайн үед би нэлээн согтсон тул болсон үйл явдлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн газарт ирчихсэн байсан. Маргааш өглөө нь босоод өнгөрсөн шөнө Масс.мн сайтын зураглаач залууг зодсон гэдгээ мэдсэн. Надад хохирогч залууг зодох ямар ч шалтгаан байгаагүй. Согтуудаа ийм үйлдэл гаргасан байна. Уг буудлын 501 тоотод Масс.мн сайтын зураглаач, сэтгүүлч нар орсон. Тухайн өрөөнд би сэтгүүлч эмэгтэйг өрөөнд нь оруулж өгсөн байсан. Тэрнээс хойш санахгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар хуудас/
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 366 дугаартай “С.Б-н биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Ж нь архи согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс зочид буудлын 501 тоот өрөөнд тус буудлын хүлээн авагч Н.Н-р түлхүүрээр нь онгойлгуулан орж, хохирогч С.Б-г шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Б-н “Ж өрөөнд ороод ирчихсэн, миний нүүр лүү гараараа олон удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Г.Ц-н “зураглаач С.Б-г үгийн зөрүүгүй шууд толгой, нүүр хэсэг рүү нь олон удаа цохисон. Би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Н.Н-н “нэг эмэгтэй хүн дээрээс бууж ирээд 501 тоотод зодоон болоод байна, гаднаас хаалга яах гэж онгойлгож өгсөн юм бэ гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйгийн хамт 501 тоот руу очих гээд шатаар алхаж байхад урдаас надаар 501 тоот өрөөг онгойлгуулсан залуу зөрөөд буусан. Би 501 тоот өрөөнд ороход орон дээр нэг залуу зодуулсан байдалтай сууж байсан. Тэр хүмүүс өөрсдөө цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, яллагдагч З.Ж ын “Тухайн үед би нэлээн согтсон тул болсон үйл явдлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн газарт ирчихсэн байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 366 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.Ж нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс зочид буудлын 501 тоот өрөөнд С.Б-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Ж нь хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-н эрүүл мэндэд нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна. Харин шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь хуульд нийцэх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн З-ын Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС