Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/328

 

 

2024      07           09                                           2024/ШЦТ/328

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Д.О

Шүүгдэгч И.Ш нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Шт холбогдох эрүүгийн 2425000000367 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, А ХХК-нд барилгын мужаан ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт .......................тоотод оршин суудаг, 1 удаагийн ял шийтгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, С ургийн овогт И-ийн Ш, /регистрийн дугаар:0000000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Ш нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багт үйл ажиллагаа явуулах “Ат” ХХК-ийн ажлын байранд хохирогч Д.Оын утсыг гуйж аван уг утсан дахь мэдээллээр Хас банкны интернэт банкинд нэвтэрч Д.Оын эзэмшлийн Хас банкны 0000000000 тоот дансаар 12,297,000 төгрөгийн цалингийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

 2024 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн нутаг дэвсгэр ...... тоот хашааны гадна хохирогч Б.Мийг гэрээс нь дуудан гаргаж нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, өмсөж явсан фудболкоор нь хоолойг нь боож эрүүл мэндэд нь “баруун хөлийн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, баруун шанаа хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч И.Шын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж оролцоно. Үнэн зөв мэдүүлэг өгсөн.Үлдсэн төлбөрийг удахгүй цалингийн зээл аваад төлнө гэх мэдүүлэг,

     -хохирогч Д.Оын мэдүүлсэн: Үлдсэн төлбөрийг банкны хүүгинй хамт төлчихвөл гомдолгүй гэх мэдүүлэг,

        Эрүүгийн 2425000000367 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -Д.Оын эзэмшлийн 0000000000 дугаартай Хас банкны төлбөрийн баримт /хх-ийн 9-16-р тал/

            - Д.Оын эзэмшлийн 0000000000 дугаартай Хас банкны депозит дансны хуулга /хх-ийн 18-23-р тал/

-Хохирогч Д.Оын мэдүүлсэн:.. Миний бие мөнгө хэрэг болоод цалингийн зээл авах гэтэл хүмүүсээс цахимаар зээл авдаг болсон гэхийг сонсоод өөрөө интернэт банкаар авч чадахгүй байсан болохоор 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлын газрын залуу болох цалингийн зээл 5 сая төгрөг авахуулсан. Тэр үедээ би Шт хамаг мэдээллээ хэлж өгсөн байгаа. Тэр цагаас хойш надаас Ш удаа дараа гар утсаа өгч байгаа ч хүнтэй ярих гэсэн юм гээд утсыг минь авдаг болсон ихэвчлэн цайны цагаар аваад нойл ордог байсан. Тухайн үедээ би юм бодолгүй залуу хүүхэд болохоор найз охин энэ тэртэй болоо юм байлгүй дээ гэж бодоод өнгөрдөг байсан. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө би 17 сая орчим цалингийн зээлтэй байж байгаад төлөөд явж байсан. Тэгээд сүүлд 5 сая төгрөгийн зээл хүнээр интернэт банкаараа авахуулсан. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 680.000 төгрөгийн цалин орсон. Тэгээд би цалингийн зээлээ төлөх дүнгээ хартал 1,600,000 төгрөг төлөхөөр болчихсон байсан. Уг нь би сарын 900,000 төгрөг төлдөг юм. Гайхаад Хас банк руу залгаад лавлаж асуухад намайг бага багаар зээл авсан байна гэсэн. Бүр гайхаад авсан мөнгөнүүдээ хаашаа шилжүүлсэн талаар санаандгүй асуутал Идэрмөнхийн Ш гэх хүний данс руу шилжигдсэн байна гэсэн. Тэгэхээр нь би ажлын газрын залуу Ш байна гэдгийг мэдсэн. Учир нь би тэр залуугаар цалингийн зээл авахдаа бүх мэдээллээ хэлж өгөөд зогсохгүй утас гуйх болгонд өгдөг байсан. 12,223,000 төгрөгийн зээл авсан байсан. Авсан 12,223,000 төгрөгийг хүүтэй нь төлүүлмээр байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

-шүүгдэгч И.Шын яллагдагчаар мэдүүлсэн:.. Намайг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” ХХК-ийн ажлын байранд хохирогч Д.Оын утсыг гуйж аван уг утсан дахь мэдээллээр Хас банкны интернэт банканд нэвтэрч Д.Оын эзэмшлийн Хас банкны 0000000000 тоот дансаар 12,297,000 төгрөгийн цалингийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Прокурорын тогтоол танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би тухайн мөнгийг авч хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Би уучлалт гуйгаад эхний ээлжинд 6 сая төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгөө хурдан зээл аваад төлөхөөр болсон байгаа. Би О ахын интернэт банкаар орж гүйлгээ хийж авсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгө түргэн барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолыг хуулбар /хх-ийн 38-45-р тал/

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 58-р тал/

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 59-р тал/

-шүүгдэгч И.Шын эзэмшлийн Хас банкны дансны хуулга /хх-ийн 6......6-р тал/

-хохирогч Б.Мийн мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 04-ний орой 23 цаг 40 минутын орчимд гэртээ эхнэрийн хамтаар амарч байсан чинь гэрийн хаалгыг хүн цохиод байхаар нь хэн бэ гэхэд уулзъя гэсэн хүн чинь байна гараад ир гэхээр нь гэрээсээ гарсан чинь хашааны гадна талд зогсож байсан. Тэгээд би хэн бэ чи гэхэд уулзъя гэсэн хүн чинь байна гэхээр нь за тэгвэл ороод ир орж ирэхээр нь чинь учраа олъё гэхэд орох хэрэг байхгүй хоёулаа эндээ учраа олъё гээд байхаар нь чамтай яаж учраа олох юм бэ би зодоон нүдээн хийхгүй гэж хэлэхэд тухайн үл таних эрэгтэй хүн миний нүүрэн тус газарт зүүн гараараа нүүрний баруун шанаа хэсэгт 2 удаа цохиод намайг миний өмсөж байсан футболкоор хоолойг минь боогоод байхаар нь гарыг нь тавиулах гэтэл намайг цохиж унагаад хашааны гадагшаа чирээд гаргахаар нь чи яах гээд байгаа юм тавиач гэхэд чи дуугүй машинд суу би чамайг авч яваад алаад булна гэж байх хооронд би хэсэг ухаан алдчихсан. Тэгсэн эхнэр гэрээс гараад ирэхээр нь эхнэртээ хандаж урд талын хашааны ахыг дуудчих гэхэд урд хашааны ах гарч ирээд бид хоёрыг салгасан. Би чамтай хэл амаараа учраа олъё гэхэд чи намайг зодлоо би чамтай өөрөөр учраа олноо гэхэд тухайн эрэгтэй машиндаа суучихсан. Машиндаа суугаад явах гээд байхаар нь чи машинаасаа буугаад ир учраа олъё гэхэд машинтайгаа хөдлөхөөр нь машин руу нь өшиглөхөд машинтайгаа ухраад намайг дайрах үйлдэл хийгээд машинтай зугтаад явчихсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотоос баярын амралтаар ирээд эхнэрийнхээ утсыг үзсэн чинь Гэрэл Түгээч гэх нэртэй фэйсбүүк хаягаас миний эхнэр лүү “Гараад ир уулзъя, юби кабаар очиж байна, хайраа” гэх утгатай чатнууд байсан. Тэгээд энэ талаар эхнэрээс асуухад эхнэр ямар нэгэн зүйлийн талаар хэлээгүй уучлалт гуйгаад байсан. Тэгэхээр нь би тухайн фэйсбүүк чат руу нь “ирж уулзаж учраа олоорой, өнөөдөр ирж уулзахгүй бол өөрөөр учраа олно шүү” гээд араас нь хараалын үгнүүд бичсэн. Би өмнө тухайн эрэгтэйг харж байгаагүй. Мөн нэрийг мэдэхгүй намайг зодсон залуу бол Гэрэл түгээч гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүн мөн. Хайраа гэсэн чат бичсэн байхыг бодвол ганц хоёр удаа уулзаж байсан залуу нь юм шиг байна лээ. Өмнө нь манай гэрийн ойролцоо уулзаж байсан болохоор манай гэрийг мэдээд хаалгыг тогшсон байх.Хашааны гадна цагаан өнгийн Соната 6 маркийн 00-00ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн...Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй учраас Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх шаардпагагүй. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болох мөн надаас гарч болох санхүүгээ нөхөн төлүүлнэ. Мөн хуулийн дагуу энэ хүнд хариуцлага тооцуулах хүсэлтэй байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р тал/

-гэрч О.Шгийн мэдүүлсэн:.. Нөхөр бид хоёр амрах гээд хэвтэж байсан чинь гэрийн хаалга хүн тогшихоор нь нөхөр хэн бэ гэхэд учраа олох гэж байгаа хүн байна гараад ир гэхэд хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэгэхээр нь би гэрээсээ хувцсаа өмсөөд нөхрийхөө араас гартал миний өмнө таньдаг байсан залуу нөхрийг маань цохиод газар унагаачихсан дээр нь гараад суучихсан байсан. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь урд хашааны ахыг дуудаж гаргаж ирээд тусламж гуйж салгасан. Урд хашааны ах намайг гэртээ орж бай гэхээр нь би гэртээ гүйгээд орчихсон. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй. Ш гэдэг миний үеийн залуу байгаа юм. Ш нь манай найзын найз гэж анх 2023 онд танилцаж байсан юм. Тэгээд энэ 05 дугаар сарын дундуур над руу “уулзъя, сайн уу” гэх чатууд бичдэг байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харилцаа байхгүй найзын хувиар л харилцдаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нөхөр миний утсыг үзэж байгаад Шын чатуудыг уншаад нөхөр миний фэйсбүүк чатаар Ш луу “Ирээд учраа олчихоороо” гэж бичсэн гэж нөхөр хэлсэн. Шын хувьд ирж учраа олж байгаа нь энэ юм шиг байгаа юм. Намайг гарах үед болохоор 2 хүнтэй цуг явж байсан. Хашааны гадаа болохоор цагаан өнгийн машин зогсож байсан. Би дугаар болон маркийг нь хараагүй. Ш ямар ч байсан нөхрийн дээр гараад суучихсан байсан. Яг цохиж байгааг нь бол хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р тал/

-гэрч Б.Жгийн мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 04-ний орой би Шын хашаанд гэртээ унтах гээд байж байхад Ш гэрт орж ирээд гараад хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд би машиныг жолоодоод Дэнж багийн нутаг дэвсгэрт очсон. Очсон газрынхаа тоотыг нь мэдэхгүй байна. Очоод хашааны гадна Ш буугаад явчихсан. Тэгээд хүмүүс удалгүй машин дотроо сууж байхад нэг эрэгтэй ирээд та нар хаанаас ирсэн юм гээд асуугаад байсан. Ингээд Ш машинд суугаад явъя гэхээр нь би машинаа асаагаад явах гэтэл нэг залуу ирээд машин руу өшиглөхөөр ухраад чи яагаад машин руу өшиглөөд байгаа юм гэсэн чинь зайл пизда минь энэ Дэнж гэж хэлэхээр нь яваад өгсөн. Ш хүнтэй уулзана л гээд байсан тэгэхээр нь явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 105-106-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-Ны өдрийн 548 дугаар:.. Б.Мийн биед баруун хөлийн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, баруун шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүүний зулгаралт нь уян зүйлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 109-110-р тал/

-шүүгдэгч И.Шын яллагдагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байх үерхдэг байсан Шгийн гэрт очсон. Очсон шалтгаан болохоор, би нөхөртэй гэдгийг нь мэдэхгүй байж байтал Шгийн фэйсбүүк хаягаас 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хөөе чи лалар минь хүний хүнээр оролдохоор юу болдгийг мэдэх үү?, тэгээд араас нь маш их хараалын үг байсан. Өнөөдөр надтай ирж уулзахгүй бол ал минь чамтай өөр замаар харуулж болно за юу” гэх утгатай чат ирсэн. Тэгээд тухайн өдөр нь уулзах гээд очтол гэрт нь хүн байхгүй байсан. Ингээд би 2024 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Шгийн гэрт очоод хаалгыг нь цохисон чинь нэг эрэгтэй хүн юун хүн бэ гэж асуухаар нь чиний уулзах гээд байгаа хүн байна гараад ир гэж хэлээд хашааны гадна зогсож байсан. Тэгсэн нэг туранхай жижигхэн залуу гараад ирсэн. Тухайн залууг гараад ирэхээр нь чиний уулзах гэсэн хүн чинь ирчихлээ чи одоо яах гээд байгаа юм гэсэн чинь гэр лүүгээ чирээд цамцнаас татаад байхаар нь нүүрэн тус газар нь цохиж унагаад хашаанаас чирж гараад өмсчихсөн футболкоор нь боогоод дээр нь гараад суучихсан байж байсан чинь Шмаа гарч ирээд, тэгээд араас нэг эрэгтэй хүн гарч ирээд салгаад намайг чи эндээс зайл гэхээр нь эвтэйхэн учраа олж чадахгүй юм бол би явлаа гэж хэлээд машиндаа суусан чинь нэг хүн ирээд машин өшиглөөд энэ чинь Дэнж зайл пизда минь гээд орилоод байхаар нь үеэл Ж, дүү Г нарын хамтаар яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 115-116-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судаллаа. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч И.Ш нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багт үйл ажиллагаа явуулах “Ат” ХХК-ийн ажлын байранд хохирогч Д.Оын утсыг гуйж аван уг утсан дахь мэдээллээр Хас банкны интернэт банканд нэвтэрч Д.Оын эзэмшлийн Хас банкны 0000000000 тоот дансаар 12,297,000 төгрөгийн цалингийн зээлийг авч 12,297,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2024 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн нутаг дэвсгэр ...... тоот хашааны гадна хохирогч Б.Мнийг гэрээс нь дуудан гаргаж нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, өмсөж явсан фудболкоор нь хоолойг нь боож эрүүл мэндэд нь “баруун хөлийн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, баруун шанаа хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын болон шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд,бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

       Шүүгдэгч И.Шын үйлдлийн улмаас Д.От 12,297,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Оын мэдүүлсэн:... Гайхаад Хас банк руу залгаад лавлаж асуухад намайг бага багаар зээл авсан байна гэсэн. Бүр гайхаад авсан мөнгөнүүдээ хаашаа шилжүүлсэн талаар санаандгүй асуутал Идэрмөнхийн Ш гэх хүний данс руу шилжигдсэн байна гэсэн. Тэгэхээр нь би ажлын газрын залуу Ш байна гэдгийг мэдсэн. Учир нь би тэр залуугаар цалингийн зээл авахдаа бүх мэдээллээ хэлж өгөөд зогсохгүй утас гуйх болгонд өгдөг байсан. 12,223,000 төгрөгийн зээл авсан байсан. Авсан 12,223,000 төгрөгийг хүүтэй нь төлүүлмээр байна... гэх мэдүүлэг, Д.Оын эзэмшлийн 0000000000 дугаартай Хас банкны төлбөрийн баримт, Д.Оын эзэмшлийн 0000000000 дугаартай Хас банкны депозит дансны хуулга,яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

 И.Шын үйлдлийн улмаас Б.Мийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Мийн мэдүүлсэн:.. үл таних эрэгтэй хүн миний нүүрэн тус газарт зүүн гараараа нүүрний баруун шанаа хэсэгт 2 удаа цохиод намайг миний өмсөж байсан футболкоор хоолойг минь боогоод байхаар нь гарыг нь тавиулах гэтэл намайг цохиж унагаад хашааны гадагшаа чирээд гаргахаар нь чи яах гээд байгаа юм тавиач гэхэд чи дуугүй машинд суу би чамайг авч яваад алаад булна гэж байх хооронд би хэсэг ухаан алдчихсан... гэх мэдүүлэг, гэрч О.Шгийн мэдүүлсэн:. Тэгэхээр нь би гэрээсээ хувцсаа өмсөөд нөхрийнхөө араас гартал миний өмнө таньдаг байсан залуу нөхрийг маань цохиод газар унагаачихсан дээр нь гараад суучихсан байсан. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь урд хашааны ахыг дуудаж гаргаж ирээд тусламж гуйж салгасан... гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-Ны өдрийн 548 дугаар:.. Б.Мийн биед баруун хөлийн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, баруун шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүүний зулгаралт нь уян зүйлээр, бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна...гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгч И.Ш нь хамт ажилладаг Д.Оын гар утсыг гуйж аваад утсан дахь мэдээллээр Хас банкны интернэт банканд нэвтэрч Д.Оын эзэмшлийн Хас банкны 0000000000 тоот дансаар 12,297,000 төгрөгийн цалингийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй,

           Б.Мтэй үл ойлголцон гэрээс нь дуудан гаргаж ирэн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, өмсөж явсан фудболкоор нь хоолойг нь боож эрүүл мэндэд нь “баруун хөлийн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, баруун шанаа хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан. 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд олон удаагийн үйлдлээр хууль бусаар халдаж хохирол учруулсан, бусдын эрүүл мэндэд халдаж эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болдох нь тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгүүд нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн тул гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс нийт 5,797,000 төгрөгийг банкны хүүгийн хамт гаргуулж хохирогчид олгуулах саналтай гэж,

  -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Яллах дүгнэлтийн агуулга, ойлгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна Хохирогчид учирсан хохирлыг төлөхөөр хүсэлтэй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.         

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгох ялыг 30 хоногийн хорих ялаар дүйцүүлэн нийт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэж,

шүүгдэгч: Би ажил хийдэг тул хорихоос өөр ял оногдуулна уу,зээлийн гэрээний эрх нээгдсэн тул баярын  дараа зээл аваад хохиролыг төлнө гэжээ.

3. Хохирол төлбөрийн тухайд:

 Шүүгдэгч  И.Ш нь хохирогч Д.От төлөөгүй үлсдэн 5,797,000  төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч төлөөгүй байх тул үлдэгдэл хохирол болох  5,797,000 төгрөгийг,банкны хүүгийн хамт  гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч Б.М нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ургийн овогт И-ийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч И.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шыг 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаан/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний буюу 15000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 7 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шт шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч И.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч И.Шаас 5,797,000 төгрөгийг төлөх хүртэл хугацааны банкны хүүгийн хамт гаргуулан хохирогч Д.О /Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн ПДУ-гийн ................ тоот /РД:0000000000/-д олгуулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ