Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02599

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2021/02599 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Саруул хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух,******* овогт************** /РД:/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Саруул хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух,******* овогт************** /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Тайм скуэр хотхон 00 байрны 0, 0 тоотод байрлах, ****** Боловсрол сургалтын байгууллагад холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, сургалтын төлбөрт төлсөн 6 446 380 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одмаа, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай хүү Б.****** ******т 2019 оноос 3 настайгаасаа явж эхэлсэн бөгөөд одоо 5 настай. Бид 2019 оноос 2020 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын 19/150 тоот гэрээг ******тэй байгуулж нэг жилийн сургалтын төлбөрт 9 900 000 төгрөгийг шилжүүлсэн. 2019.09.01-ээс 2020.01.26 өдрийг хүртэл нийт ажлын 102 өдөрт /бүх нийтийн амралт, баярын өдрүүдийг хассан болно/ цэцэрлэгтээ явж гэрээний дагуу зохих үйлчилгээгээ авсан боловч 2020.01.27-2020.06.30-ны өдрийг хүртэлх ажлын нийт 110 өдөрт Covid-19 өвчнөөс шалтгаалан цэцэрлэг хаагдсан тул зохих үйлчилгээгээ ******ээс авч чадаагүй. Бид бүтэн цагийн ажилтай тул ажлын хажуугаар ажлын цагаар хүүхдээ асрах, хооллох, ундлах, харах боломжгүй байсан тул 2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэг хаагдсан хугацаанд төлбөртэй асрагч авч хүүхдээ харуулсан. 2019-2020 оны хичээлийн жилд 10 000 000 төгрөгийг цэцэрлэгт төлсөн ч манай гэр бүлд ийнхүү нэмэлт зардал гарсан. Дараагийн буюу 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэг хаагдсан хугацаанд бид ажлынхаа хажуугаар ажлын цагаар хүүхдээ харсан ба цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагаа, цэцэрлэгийн хийх ажлыг бид өөрсдөө гардан хийсэн. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн хийх ажлыг эцэг эх, асрагч нар хийсэн. Миний бие 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгт өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлдөө 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаагүй хугацааны төлбөрийн 80 хувийг буцаан авах, 2020- 2021 оны гэрээний 7.6.2 дах заалт 20 хувийг эцэг эхэд буцаах заалтыг зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой бичиж өгсөн боловч цэцэрлэгийн зүгээс 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаагүй хугацааны төлбөрийн 50%-г 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлэх, харин 2020-2021 оны гэрээний 7.6.2-г өөрчлөх боломжгүй гэж биднийг шахаж, гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болгосон. Гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцож байгуулах ёстой байдаг боловч цэцэрлэгийн зүгээс урьдчилан бэлтгэсэн гэрээний нөхцөлийг бидэнд тулгасан. Гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлд Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. гэж заасан. Цэцэрлэгийн зүгээс тайлбарлаад буй харилцан тохиролцсон гэх 50 хувийн буцаалтыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019-2020 оны гэрээнд Covid-19 өвчинтэй холбоотой гэрээний зохицуулалт огт байгаагүй байхад 50 хувийн буцаалтыг тулгаж, бидэнд сонголт олгоогүй. Үндсэн үйл ажиллагаа болох хүүхэд асрах, хооллох ундлах, бусад хүүхдүүдтэй тоглож сурч хөгжих ажил хийгдээгүй. 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгийн зүгээс 2 удаагийн сургалтын материал, хоолны бэлдэц тараасныг очиж авсан. Үүнийгээ үйл ажиллагаа явуулсан гэж цэцэрлэгийн зүгээс тайлбарлаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Хүүхдээ аль болох дэлгэц, компьютер, утаснаас хол байлгах, дэлгэцийн хамаарал, донтолт гэсэн том асуудлаас хол байлгахыг зорьж байгаа манай гэр бүлийн хувьд хүүхдээ онлайн хичээлд суулгах боломжгүй талаар бид удаа дараа ******ийн ажилтнууд болоод цэцэрлэгийн хуульчид хэлж байсан. 3 настай хүүхдийг онлайнаар цэцэрлэгт суулгана гэдэг бол утгагүй, дээрээс нь цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагаатай зөрчилдөж байна. Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2021 оны 04 сарын 02-ны өдрийн А/135 тоот тушаал Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам-ын 2.1.3-т Цэцэрлэгийн хүүхдээ явуулах боломжгүй болсон эцэг эхэд төлсөн төлбөрийн үлдэгдэл хэсгийг буцаан олгох талаар тодорхой тусгаж өгсөн. Монгол Улсын Засгийн Газраас албан байгууллагуудад маш олон хөнгөлөлтүүдийг үзүүлсэн. Цэцэрлэгүүдэд эрчим хүч, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн хөнгөлөлт, хувьсах зардлын санхүүжилтийг олгож, цэцэрлэгийн урсгал зардлуудыг хөнгөлсөн. Мөн ****** шинэ элсэлт авч багш нар нь өөр хүүхдүүдэд давхар сургалт явуулж байгаа талаар цэцэрлэгийн фэйсбүүк хуудаснаас харсан. Тиймээс цэцэрлэгт гарах зардал байгаагүй гэж хэлж болохоор байна. Харин манай гэр бүлийн зүгээс маш их үргүй зардал гарч бид хохироод байна. Иймд хариуцагч ******ээс 2019-2020 оны хичээлийн жилд үйлчилгээ аваагүй 2020.01.27-2020.06.30-ны өдрийг хүртэлх ажлын нийт 110 өдөрт ногдох 5 136 792 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилд үйлчилгээ авсан 2020.09.01-2020.11.10-ны өдрийг хүртэл нийт ажлын 50 өдөрт ногдохоос илүү төлсөн төлбөр болох 1 309 587 төгрөг нийт 6 446 380 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* нь 2019-2020 оны хичээлийн жилд өөрийн хүү*******ийн ******ийг манай цэцэрлэгт хамруулахаар 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЭГ-19/150 дугаартай Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ-г байгуулж нийт төлбөр болох 9 900 000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Ковид-19 өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас бүх шатны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Үүний улмаас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаа буюу нийт 10 сараас 5 сард нь бүх хүүхдүүд хамрагдаж чадаагүй. Цэцэрлэг үйл ажиллагааны хүрээнд урьдчилан гарсан зардал болон багш ажиллагсдын цалин, урсгал засваруудаа тооцон бүх эцэг эхчүүдэд хамрагдаагүй төлбөрийн 20 хувийг буцаан олгохоор болсон. Гэхдээ 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ******* цэцэрлэгт ирж уулзаад Б.******ийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулах хүсэлтэй болохоо илэрхийлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр үлдсэн төлбөрийн 50 хувь болох 2 475 000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилд шилжүүлэн хүүхдийнхээ төлбөрт тооцуулахаар болсон. ******* нь цэцэрлэгт 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтдээ 50:50 хувиар эрсдэлээ хуваан хариуцах нь хамгийн зөв шийдэл бөгөөд харилцан ашигтай зарчмаар шийдвэрлүүлээсэй гэж хүсч байна гэж бичсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлдээ цэцэрлэг нь албадан гарын үсэг зуруулсан гэж худал бичсэн байна. Мөн ЭГ-19/150 дугаартай гэрээний 12 дугаар зүйлийн 12.2-т Энэхүү гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан бөгөөд өнөөдрийн хувьд тус гэрээний хугацаа дуусгавар болсноос гадна энэхүү гэрээний талаар талууд харилцан маргаан байхгүй, гэрээг дуусгаж дараагийн гэрээг байгуулсан. 2020-2021 оны хичээлийн жилд******* нь хүү Б.******ийгээ ******т хамруулахаар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЭГ-20/62 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа өмнөх хичээлийн жилийн төлбөрөөс Ковид-19 өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа зогссон хугацааны төлбөрийн 50 хувь буюу 2 475 000 төгрөгийг тооцуулахаар харилцан тохиролцож, 3 712 500 төгрөгийг нэмж дансаар төлсөн. Эдгээрийн нийлбэр дүн буюу 6 187 500 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилд нийт Б.******ийн төлбөрт төлсөн гэж үзнэ. Гэтэл Монгол Улсад Ковид-19 өвчлөлийн тохиолдол батлагдсаны улмаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Засгийн Газрын шийдвэрээр бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Талуудын байгуулсан ЭГ-20/62 дугаартай гэрээнд зааснаар 20 хувь буюу 643 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн төгрөгийг төлөхөөс татгалзаж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч ****** боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан гэрээнээс татгалзаж, сургалтын төлбөр 6 446 380 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ****** боловсрол сургалтын байгууллагатай 2019 оны 08 сарын 26-ны өдөр ЭГ-19/150 дугаар сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулан, уг гэрээгээр 3 настай Б.******ийг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулах, хүүхдийг цэцэрлэгт хамруулах хугацаанд 9 900 000 төгрөгийн төлбөртэй сургаж хөгжүүлэх, эрүүл зөв хооллох, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшүүлэхүйн дэмжих зорилготой боловсролын цөм хөтөлбөр болон Канад улсын Октарион мужийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр баяжуулсан сургалтын ажлыг тогтмол, чанартай зохион байгуулахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3.1.2-т зааснаар сургалтын төлбөр 9 900 000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан талаар зохигчид маргаагүй.

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт болно.

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч байгууллагатай 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЭГ-20/62 тоот сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулахдаа 2019-2020 оны хичээлийн жилд хүү Б.******ийн цэцэрлэгт хамрагдаагүй хугацааны төлбөрийн 50 хувь буюу 2 475 000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцон, 4 настай ******ийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэцэрлэгт төлбөртэй сургаж сургалтын ажлыг тогтмол, чанартай зохион байгуулах үүргийг хариуцагч, сургалтын төлбөр 9 900 000 төгрөг төлөх үүргийг нэхэмжлэгч тус тус хүлээжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын зарчимд үндэслэсэн 2019-2020 оны хичээлийн жилд хүү Б.******ийн цэцэрлэгт хамрагдаагүй хугацааны төлбөрийн 50 хувь буюу 2 475 000 төгрөгийг 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцон гэж үзэх тул нэхэмжлэгч нарын ...биднийг шахаж, гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болгосон... гэх тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэгч *******гийн хариуцагч ****** боловсрол сургалтын байгууллагатай 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ЭГ-19/150 дугаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нар тус гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй байна.

 

2020-2021 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх боловсрол, сургалтын ЭГ-20/62 дугаар гэрээний тухайд: нэхэмжлэгч нар дээр дүгнэсэнчлэн 2019-2020 оны хичээлийн жилийн суралцаагүй хугацааны төлбөрийн 50 хувь болох 2 475 000 төгрөгийг суутган тооцуулж, 3 712 500 төгрөгийг нэмж төлснөөр 2020-2021 оны хичээлийн жилд нийт 6 187 500 төгрөгийн төлбөрийг төлсөн ба хүү Б.****** нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сургалтын үйл ажиллагаанд бүрэн хамрагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж зохицуулсны дагуу ажиллагч ажлын хөлсөө шаардах эрхээ алдсан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч байгууллага Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлын улмаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох сургалтын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах үр дагавар үүснэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй тул цэцэрлэгийн үйл ажиллагааны зардалд төлбөрийн зарим хэсгийг тооцох тухай хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Талууд гэрээний 7.5-т хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж, төлбөр төлж орон тоог баталгаажуулснаар цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал, ажиллагсдын орон тоог тогтоох, цэцэрлэгийн зүгээс үүрэг, хүлээх, худалдан авалт хийх, хөрөнгө оруулах зэрэг ихээхэн хэмжээний зардлыг урьдчилан гаргах нөхцөл үүсдэг талаар тусгасан.

 

Мөн гэрээний 7.6-д ...талуудын хүсэл сонирхол, аль нэг талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалахгүйгээр гуравдагч хүчин зүйлээс шалтгаалсан, өөрөөр хэлбэл давагдашгүй хүчин зүйл үүссэн, гоц халдварт өвчин гарсан, улсаас онцгой байдал тогтоосон, аливаа төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд зогссон хугацааны төлбөрийг дараах байдлаар зохицуулна 7.6.1-д тухайн үйл ажиллагаа явагдаж байсан сарыг бүтэн ажилласнаар тооцно, 7.6.2-д цэцэрлэг хүүхэд хүлээн авах боломжгүй нөхцөл үүссэн боловч үйл ажиллагаа эхлэх бэлэн байдлыг хангах үүднээс багш ажилтнуудыг цалинжуулж, цэцэрлэгийн байрны урсгал зардлуудыг төлөх, онлайнаар хүүхдүүдэд зориулсан сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд сургалтын төлбөрийн 80 хувийг тооцон суутгаж үлдэх 20 хувийг эцэг эх, асран хамгаалагчид буцаан олгоно гэж тохиролцжээ.

 

Иймд дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нарын төлсөн 6 187 500 төгрөгийн төлбөрөөс хүү Б.******ийн цэцэрлэгт хамрагдсан 9, 10, 11 сарын төлбөр 2 970 000 төгрөгийг хасч, хамрагдаагүй хугацааны төлбөр 3 217 500 төгрөгөөс 80 хувь буюу 2 574 000 төгрөгийг суутгаж, үлдэх 20 хувь буюу 643 500 төгрөгийг хариуцагчаар буцаан төлүүлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 643 500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 5 802 880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ,

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ****** боловсрол сургалтын байгууллагаас 643 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 802 880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19 955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ