| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 130/2024/00413/И |
| Дугаар | 001/хт2025/00021 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 001/хт2025/00021
Ж.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаар шийдвэртэй,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2024/00086 дугаар магадлалтай,
А.Ж-д холбогдох,
Зээл 161,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч А.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч А.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Ж-д холбогдуулан зээл 161,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Ж-оос зээлийн гэрээний үүрэгт 71,600,000 (далан нэгэн сая зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 89,600,000 (наян есөн сая зургаан зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 (есөн зуун жаран гурван мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Ж-оос 515,950 (таван зуун арван таван мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож шийдвэрлэжээ.
3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2024/00086 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Ж-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ж-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч А.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.25-ны өдрийн 212/МА2024/00086 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч байна. хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Ж.А-ийн нэхэмжлэлтэй А.Ж надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй буюу хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.
А.Ж би 2023.07.20-ны өдөр гэр бүл болсон. Одоо эхнэр А, хүү А, эмэгтэй дүү А нарын хамт Баян-Өлгий аймгийн А сумын 9 дүгээр багт амьдарч байна. Би Б багшаар ажилладаг. Миний аав Б.А нь 2023.12.29-ний өдөр зуурдар нас барсан. Харин ээж В маань 2020.08.20-ны өдөр өвчний учир нас барсан. Манайх эцэг, эхээс дөрвүүлээ. Том эгч Х нь Улаанбаатар хотод амьдардаг, эгч А нь Улаанбаатар хотод оюутан, эмэгтэй дүү А нь А сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7-р ангид суралцдаг. Миний төрүүлсэн ээж В нас барсны дараа аав А нь баруун аймгуудаар байнга явж малын худалдаа наймаа хийдэг, бараг гэртээ тогтдоггүй болсон. А.Ж би аав Б.А-ын хийж буй малын наймаа худалдааны ажилд огт оролцдоггүй, оролцох шаардлага ч байхгүй, тэр хүний хаана юу хийж, хэнтэй наймаа хийж байгааг сонирхож мэдэхгүй юм. Ер нь миний аав Б.А нь хувьдаа хичнээн төгрөгтэй байсан, хэнээс хэдэн төгрөгийн авлагатай байсан, хэнд хэдэн төгрөгийн өглөгтэй байсан гэдгийг би огт мэдэхгүй юм. Аав өөрийн хийж буй малын наймаа худалдааны талаар надтай огт ярьдаггүй байсан. Аав зуурдаар нас барсны дараа түүний Хаан банкинд байгаа дансыг шалгаж үзэхэд дансанд 3,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг бидний одоогийн амьдарч байгаа 2 давхар өвлийн сууцыг Хаан банкны барьцаанд байсан тул түүний зээлд хийсэн. А.Ж миний өмчлөлд приус маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Би уг автомашиныг өөрийн хөдөлмөрөөр авсан миний хуваарьт өмч юм.
Харин аавын гэх өмчлөлийн ланд автомашиныг аав нас барсны дараа түүний Хаан банкнаас өвлийн сууц барьцаалж авсан их хэмжээний зээлийг төлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн А сумын иргэн Д гэдэг хүнд худалдсан. Ер нь аав нас барах үед аавын Хаан банкинд төлөх ёстой 77,000,000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. Ийнхүү аавын нэр дээр байгаа уг автомашиныг иргэн Дд худалдсанаар 18,000,000 сая төгрөгийн зээлийг төлж барагдуулж одоогийн байдлаар аавын Хаан банкинд төлөх ёстой зээлээс 59,000,000 орчим төгрөгийн үлдэгдэл зээлтэй байна. Мөн хүү нь сар бүр бодогдож байгаа. Нэг сарын хүү нь 1,500,000 төгрөгийн орчим гардаг юм. Миний аав хэдэн толгой мал тоолуулсаныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ногдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж тоологдож явдаг юм. Би нээхмжлэгч Ж.А-ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас түүний миний талийгаач аав Б.А-оос нэхэмжилж буй 161,000,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй байдалтай байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзээгүй байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйл “Өвлөх үндэслэл”, 515.1 “Өвлүүлэгчийн эд хөрөнгө”, 515.2 “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан. А.Ж би анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл эцэг Б.А-ын ямар нэгэн хөрөнгийг хууль ёсоор өвлөж аваагүй, өвлөх эрх нээгдээгүй юм. Аав, ээжийн амьдарч байсан өвлийн сууц, доорхи газартайгаа Хаан банкны барьцаанд байгаа юм. Өөр ямар нэгэн хөрөнгө, мөнгө өвлөж аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хариуцагч А.Ж миний анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, өөрийн зүгээс гаргаж өгсөн олон хуудас бүхий бичгийн нотлох баримтуудаар Ж.А болон талийгаач аав Б.А нарын хоорондох мөнгөний асуудал нь надад ямар ч хамааралгүй болох нь нотлогдсоор байхад анхан шатны шүүх намайг Ж.А-ээс их хэмжээний зээл авсан мэтээр буруутган Иргэний хуулийн 520.1, 535.1 дэхь хэсэг. зааснаар надаас 71,600,000 төгрөг гаргуулан Ж.А-д олгохоор шийдвэрлэсэн явдалд туйлын их гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.25-ны өдрийн 212/MA2024/00086 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч гэх Ж.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
5. Хариуцагч А.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.18-ны өдрийн 001/ШХТ2024/01614 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч А.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Ж-д холбогдуулан зээл 161,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Ж.А би Баян-Өлгий аймгийн А сумын иргэн мал, түүхий эдийн ченж хийдэг Б овогтой А гэх хүнтэй 2019 оны 6 дугаар сард танилцаад, ... харилцан итгэлцлийн үндсэн дээр хоорондоо аман гэрээ хийж мөнгө зээлээд заримыг нь буцааж аваад, улмаар мөнгөө нийлүүлж хамтран бизнес эрхэлж байсан. 2021 оны 8 дугаар сараас эхлэн хүү тооцож өгнө гэж амлаад мөнгө зээлж аваад энэ үйл явдал 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн, тэр үед Б.А-ын надаас зээлээр авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрч байсан юм. Үүнээс 338,800,000 төгрөгийг төлсөн, 161,200,000 төгрөгийг төлөөгүй байсан, Б.А нь 2023.12.29-ний өдөр зуурдаар нас барсан, ... хүү Ж нь миний дансанд 3,100,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч аавын дансанд мөнгө байхгүй тул дахин нэмж өгөх мөнгө байхгүй гэдгийг хэлсэн. Талийгаач Б.А нь өөрийн бага хүү болох А.Ж болон бэрийн хамт амьдарч байсан ба өөрийнх нь өмчлөлд байсан 2 давхар өвлийн сууц, 2 ширхэг тээврийн хэрэгсэл, контенер, эзэмшил өмчлөлийн газрууд мөн 70 толгой адуу, 60 толгой үхэр мал зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь түүний өв залгамжлагч нь болох хүү А.Ж-д өвлөгдөн үлдсэн гэж ойлгож байгаа тул ийнхүү түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа юм. ...Талийгаачийн зээлсэн мөнгөний төлсөн хүүг үндсэн зээлээс нь хасч тооцон, одоо нийт 161.200.000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч А.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Миний аав Б.А нь 2023.12.29-ний өдөр зуурдаар нас барсан юм. Аав А нь баруун аймгуудаар явж худалдаа наймаа хийдэг ... байсан. А.Ж би аавын наймаа худалдааны ажилд огт оролцдоггүй, ... аав хичнээн төгрөгтэй байсан, хэнээс хэдэн төгрөгийн авлагатай байсан, хэнд хэдэн төгрөгийн өглөгтэй байсан гэдгийг би огт мэдэхгүй. ... Аав нас барсны дараа түүний Хаан банкинд байгаа дансыг шалгаж үзэхэд дансанд 3,500,000 төгрөг байсныг ... түүний зээлд хийсэн. Миний өмчлөлд Приус маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг, би өөрийн хөдөлмөрөөр авсан миний хуваарьт өмч юм. Харин аавын гэх Ланд автомашиныг аав нас барсны дараа түүний Хаан банкнаас өвлийн сууц барьцаалж авсан их хэмжээний зээлийг төлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн А сумын иргэн Д гэдэг хүнд худалдсан. ... Аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж явдаг юм. Би нэхэмжлэгч Ж.А-ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас түүний манай талийгаач аваас нэхэмжилж буй 161,000,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэртээ “... Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагч А.Ж нь нас барагч Б.А-ын хууль ёсны өвлөгч мөн байна. ... талийгаачийн хүү А.Ж нь тусдаа өрх болж бүртгүүлэн мал хөрөнгөө тусдаа тоолуулсан боловч талийгаачтай нэг гэрт хамт амьдарч байсан, өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд өв хүлээн авахаас татгалзаагүй ба талийгаач Б.А-ын эзэмшлийн Toyota land Cruiser-100 маркийн 0000 дугаартай автомашиныг 2024.04.22-ны өдөр Б-ы Д-д худалдсан, мөн талийгаач Б.А-ын нэр дээр тоологдсон мал хөрөнгөнөөс 25 тооны адуу (гүү 10, азарга 1, байдас 10, дага 4)-г М-т худалдан 2024.05.16-ны өдөр 25,000,000 төгрөг бэлэн авсан буюу ... хариуцагч А.Ж нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өв хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авагч А.Ж нь нас барсан эцэг Б.А (өвлүүлэгч)-ын гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хүлээх нь зүйтэй. Нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2022.11.08-ны өдөр 2,500,000 төгрөгийг гүйлгээний утгад ямааны мөнгө Х.Т гэж, мөн 2022.11.08-ны өдөр 4,000,000 төгрөгийг гүйлгээний утгад ямааны мөнгө С.Х гэж бичсэн мөнгийг талийгаач Б.А-ын данс руу шилжүүлсэн эсэх нь тодорхой бус, мөн 2021.10.06-ны өдөр 80,000,000 төгрөгийг талийгаач Б.А-т бэлэн өгсөн гэсэн нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд талийгаач Б.Ат өгсөн эсэх нь тодорхой бус дээрх нийт 86,500,000 төгрөг, мөн Б.А нас барсны дараа хариуцагч А.Ж-ын нэхэмжлэгчид шилжүүлсэн 3,100,000 төгрөг нийтдээ 89,600,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, үлдсэн 71,600,000 төгрөгийг хариуцагч Б.Ж-оос гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгох нь зүйтэй байна. (161,200,000 төгрөг-86,500,000-3,100,000=71,600,000 төгрөг)” гэж дүгнэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд “ .... Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол түүнийг уг өвийг хүлээн авсан гэж үзэх учраас хариуцагчийг өвлүүлэгч Б.А-ын өв хөрөнгийг хүлээж авсанд тооцох ба тэрээр талийгаачийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг хүлээж авсан төдийгүй бусдад худалдан борлуулах замаар захиран зарцуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өв хүлээн авагч А.Ж нь өвлүүлэгч Б.А-ын гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хүлээх хууль зүйн үндэслэлтэй. ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөрүүгүй тогтоож, адил шийдэл гаргасан боловч Иргэний хуульд заасан өв хүлээн авах тухай болон өвлөгчийн хариуцлагын талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх тухай агуулга бүхий хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангасан тул хүлээн авч хянан хэлэлцэв.
12. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Ж-оос зээлийн гэрээний үүрэгт 161,200,000 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ хариуцагч А.Ж-ын эцэг Б.А нас барсан тул түүнд зээлүүлсэн мөнгийг өв хүлээн авсан өв залгамжлагч хүү А.Ж-оос гаргуулахаар тодорхойлжээ.
13. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.А нь хариуцагч А.Ж-ын төрсөн эцэг бөгөөд тэрээр 2023.12.29-ний өдөр нас барсан тухай үйл баримт тогтоогдсон хэдий ч Б.А-ын төлбөл зохих үүргийн хэмжээ болон хариуцагч А.Ж-ын хүлээн авсан өвийн хэмжээ тодорхойгүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
14. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 535 дугаар зүйлд өвлөгчийн хариуцлагын талаар заахдаа хуулийн 535.1-т “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий тохиолдолд буюу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэхэд өвийн зүйл, түүний хэмжээ, өвлөгч өвийг хүлээн авсан эсэх болон өвлүүлэгчийн үүргийн хэмжээ ач холбогдолтой.
15. Нэхэмжлэгч Ж.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд Б.А нь 2021 оны 08 сараас 2023 оны 10 сарын хооронд нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний хэмжээ нийт 500,000,000 төгрөгт хүрч үүнээс 338,800,000 төгрөгийг төлж, үлдэх 161,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, түүнчлэн талууд хүүгийн нөхцөлийн талаар тохиролцож байсан тухай дурдаад гүйлгээ хийсэн тухай банкны дансны хуулга баримтыг ирүүлсэн байна.
Гэтэл уг баримт нь Б.А руу шилжүүлсэн байж болох мөнгөн гүйлгээний талаар байх бөгөөд түүний нэхэмжлэгчид төлбөл зохих үүргийн хэмжээг бүрэн тодорхойлох боломжгүй буюу нийт хэдэн төгрөг зээлүүлсэн, үүнээс хэдийг төлсөн, үлдэгдэл төлбөл зохих төлбөрийн хэмжээ хэд болох зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг хоёр шатны шүүх анхаарсангүй.
16. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмын талаар зохицуулсан ба хуулийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэж тус тус заажээ.
17. Хэргийн баримтаар хариуцагч А.Ж нь эцгийн хамт амьдарч байсан, эцэг Б.А-ын нэр дээр тодорхой тооны мал тоологдсон, 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 автомашин зэрэг эд хөрөнгө байсан тухай нөхцөл байдал үгүйсгэгдээгүй хэдий ч хууль ёсны бусад өвлөгчдийн өвийн талаарх байр суурь болон өвлүүлэгч Б.А-ын өөр бусад үүргийн хэмжээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тодорхойгүйгээс хариуцагчийн хүлээн авсан гэж үзэх өвийн хэмжээ тогтоогдоогүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч гүйцэтгэхэд нь хүлээн авсан өвийн хэмжээгээр хариуцах бөгөөд хариуцагч нь өвийн зүйлийн зарим хэсгийг худалдан борлуулж, өвлүүлэгчийн өөр бусдад төлөх үүргээс төлсөн талаар тайлбарлаж, холбогдох баримтыг ирүүлсэн ба энэхүү нөхцөл байдал нь хүлээн авсан өвийн хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой эсэхийг хоёр шатны шүүх дүгнээгүй, зохигч энэ талаар мэтгэлцээгүй байна.
18. Дээрх үндэслэлээр маргааны үйл баримтын талаар шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00650 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2024/00086 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хариуцагчийн өмгөөлөгч Я.С-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.18-ны өдөр урьдчилан төлсөн 963,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД