Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 147

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

            иргэдийн төлөөлөгч С.Малбагар,

           улсын яллагч Ө.Алтантуяа,

            хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

            шинжээч Ц.Ганболд,

            гэрч Д.Нямлхагва,

            шүүгдэгч Н.Цэвээндорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч О.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй хуралдаанаар,                                Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт зааснаар Н.Цэвээндорж, О.Эрдэнэбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012338 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

             

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чингис СООСЭ их сургуулийн хажуу талын 32 дугаар байрны 2 тоотод дүү Батцэцэгийнд түр оршин суух, урьд:

а/ 1989 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр АА-ийн Эрдэнэт гарнизоны цэргийн тусгай шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялын оронд мөн хугацаагаар гарнизоны сахилгажуулах ангид явуулсан.

б/ 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-т зааснаар 10 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9-т зааснаар 7 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялуудыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 10 жилээр тогтоосон ба 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

в/ 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 181 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үйлдсэн 2 сар 24 хоногийн ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Дураал овогт Намсрайн Цэвээндорж /РД:ХВ68112316/

 

               Монгол улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 2-2 тоотод суух хаягтай боловч Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57-гийн буудал гэх нийтийн эзэмшлийн газарт жижиг вагончикт гагнуурын ажил эрхэлж амьдардаг, урьд нь 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 467 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 2 хоногийн ялаас 3 жилийг өршөөн хасаж, 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Цогнууд овогт Очирбатын Эрдэнэбаяр /РД:РЭ69072713/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.Цэвээндорж, О.Эрдэнэбаяр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын баруун талын үерийн далан дотор иргэн П.Санжсүрэнгийн хоолойг боож, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлав. Үүнд:

              1. Шүүгдэгч Н.Цэвээндоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө тухайн асуудал болсон. Бид 2016 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Драгон дээрээс архи авсан. Би “Залуус 2” хорооллын баруун талын далангийн хажууд талийгаач, Эрдэнэбаяр бид гурав архи уугаад сууж байсан. Эрдэнэбаяр талийгаачаас “чи юу хийдэг юм бэ” гэж асуусан, тэгсэн “талийгаач би ойр зуурын барилгын ажил хийдэг” гэж хэлсэн. Тэгсэн Эрдэнэбаяр би олдсоноороо архи уудаг гэж хэлээд маргалдсан. Би талийгаачид хандаж “чи хүний юм ууж байж дуугүй байгаач” гэж хэлээд Эрдэнэбаярт архи хундагалах гэж байхад талийгаач миний нүд рүү цохисон. Тэгэхээр нь би талийгаачийн малгайтай цамцнаас зуураад далан руу өнхрөөд унасан. Би босч ирээд талийгаачийг малгайтай цамцнаас нь дээш өргөсөн байж байхад Эрдэнэбаяр далан руу бууж ирээд 2-3 удаа цохисон. Талийгаачийн бие нь сулрахаар би орхиод далан руу гарсан. Далан доор талийгаач болон Эрдэнэбаяр хоёр үлдсэн. Би далан дээр гараад тамхи татаад Эрдэнэбаярыг “юу хийгээд байгаа юм бэ, явъя” гэхэд Эрдэнэбаяр “одоохон” гэж хэлээд талийгаачийг эргүүлж тойруулаад байсан. Би тэр үед талийгаачийг нас барсан гэж мэдээгүй. Ертөнцийн зүгээр хойд зүг рүү алхаж байхад Эрдэнэбаяр далангийн намхан талаар гарч ирээд утас халаасандаа хийчих гэж хэлсэн. Бид хоёр 21 дүгээр хорооллын “Содон” хорооллын автобусны буудлаас такси бариад 32-ын тойрог ороод Эрдэнэбаярын амьдардаг контейнерын үүдэнд Эрдэнэбаярыг буулгаад хаалга, үүдээ түгжээрэй гэж хэлээд би дүүгийнх рүүгээ Улиастай руу явсан. 2016 оны 10 дугаар сарын 03 буюу нэг дэх өдөр 3 цагийн орчимд Эрдэнэбаярын гэрт ирж гар утсыг нь өгсөн. Тухайн үед гэрч Нямлхагва байсан. Эрдэнэбаяр хэлэхдээ надад жижиг гар утас хүн авчирч өгнө гэж хэлсэн. Би утсыг нь гаргаж өгөхөд гэрч Нямлхагва би ингэж юм таадаг бол баяжина гэж хэлсэн. Эрдэнэбаяр надад 5.000 төгрөг пиво аваад уучих гэж өгсөн, мөн Нямлхагва бид хоёрт бас жижиг шүдний оо өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 06-ны 11 цагийн үед Эрдэнэбаяр над руу яриад Сансарын буудал дээр уулзъя гэж хэлсэн намайг очиход Эрдэнэбаяр цагдаа нартай цуг зогсож байсан. Тэгээд бид  нар Цагдаагийн хэлтэс рүү явсан. Уланбаяр байцаагч байцаалт авахдаа Цэвээндоржоо нууж хаагаад хэрэггүй, энэ жижиг гар утсыг Эрдэнэбаяр та хоёр ямар шугамаар олж авснаа үнэн зөвөөр хэл, хохирогч сэхээнд эмнэлэгт байна гэж хэлсэн. Би болсон бүх зүйлийг хэлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст очоод мэдүүлэг өгч байхад хохирогчийг нас барсан гэдгийг мэдсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Эрдэнэбаяр тухайн үед надтай цуг яваагүй гэж хэлээд байдаг. Далан доор яг юу болсныг шүүхийн өмнө Эрдэнэбаярыг үнэнээр нь хэлнэ үү гэж хүсч байна”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            2. Шүүгдэгч О.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3 дугаар цахилгаан станцын урд талд гагнуураа цэнэглэчихээд 15-17 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад Цэвээндорж ирээд ажлын байр руу хамт орсон. Тухан үед Нямлхагва байсан. Цэвээндорж намайг утастай юм уу, утас авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлэхэд жижиг хар утас гаргаж надад өгсөн. Би хэдээр өгөх юм бэ гэж асуухад Цэвээндорж дуугараагүй. Тэгэхээр нь би хүний юм зүгээр аваад яах вэ гээд 5000 төгрөг, жижиг шүдний оо Цэвээндоржид өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нямлхагва “нөгөө утсаа өгөөч, миний утас цэнэггүй болчихлоо” гэхээр нь би утсаа өгсөн. Нямлхагва орой 20 цагийн үед утас авчирч өгсөн. Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тухайн утсанд өөрийнхөө сим картаа хийсэн байсан. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Нямлхагва над руу “хаана явж байна” гэж утсаар ярьсан. Би “дэлгүүрээс гагнуурын хэрэгслээ аваад явж байна” гэж хэлэхэд би “танай контейнерын гадаа байж байна” гэхээр нь би “яваад очъё” гэж хэлсэн. Яваад очсон чинь энгийн хувцастай хэдэн залуучууд намайг машиндаа суулгаад Сансарын ойролцоо аваачаад “утсаа хэнээс авсан” гэхээр нь “таньдаг хүнээсээ авсан” гэж хэлэхэд “тэр хүнийгээ уулзъя гэж хэл” гээд надад үг зааж өгсөн. Тэгээд би Цэвээндоржийг дуудсан. Цэвээндорж 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн. Би Цэвээндоржийг архи аваад ир гэж явуулсан. Цэвээндорж нэг шил архи авчирсан тухайн архийг бид хоёр хувааж уугаад Цэвээндорж явсан гэв. Би Цэвээндоржтой хамт яваагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            3. Хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би гомдолтой байна. Миний хүүхдийн амь насанд хүрэх ямар шаардлага байсан юм бэ. Би залуухан хүүхдээ алдсан хэцүү байна. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 3.580.400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг тус тус гарсан. Нийт 5.080.400 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            4. Гэрч Д.Нямлхагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрдэнэбаяртай 2016 оны хавраас танилцсан, гэр ойрхон байдаг. Би гагнуурчин мэргэжилтэй, Эрдэнэбаяр бас гагнуур хийдэг. Эрдэнэбаярыг ажлын байранд нь цоожилдог. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Эрдэнэбаярыг цоожилсон. Ер нь өдөр алгасахгүй цоожилдог байсан. Би тухайн үед /мөрдөн байцаалтын үед/ санахгүй, сандарсан зүйл байсан байх. Орой нь цоожлоод өглөө онгойлгодог. Цэвээндорж, Эрдэнэбаяр нарыг утас өгч авахад нь би байсан, мөнгө өгөхийг нь харсан. Би орой харихдаа Эрдэнэбаярыг юмаа оруулаарай гэж хэлээд 22-23 цагийн үед цоожилсон.  Яагаад гэвэл тэр хавиар архи уудаг хүмүүс их явдаг. Эрдэнэбаярын контейнерт миний ажлын зарим багажууд байдаг. Эрдэнэбаяр хүмүүс орж ирж архи ууж уруу татах гээд байна гэх зүйл ярьдаг. Тэгээд би зөвшөөрөөд цоожилдог болсон. Цэвээндорж нь  2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирсэн байх.  Би Цэвээндоржтой мэнд, устай байдаг. Эрдэнэбаяр ажилгүй, мөнгөтэй болвол утастай болно, утсаа алдсан гэж хэлж байсан. Тухайн үед би хажууд нь машин угааж байсан.  Тэгсэн Цэвээндорж утас гаргаж ирээд энэ утсыг ав гэж хэлсэн. Эрдэнэбаяр баярлалаа гээд Цэвээндоржид 5000 төгрөг өгсөн. Надад нэг оо өгсөн, би Цэвээндоржид өгсөн эсэхийг мэдэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн хүмүүс ирээд надтай уулзсан, би их сандарсан, айсан. Яагаад гэвэл намайг гавалж авч явсан. Би “юу болж байгаа юм бэ” гэж асуухад хүн амины хэрэгтэй холбоотой гэж хэлсэн. ...Эрдэнэбаяр нь ажлын байрандаа цэнхэр цамц, ногоон өмд, хар хөх ажлын өмд өмсдөг. Хавар намрын гутал өмсдөг байсан. Пүүз өмсдөггүй байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            5. Шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач механик амьсгал бүтэлттэй, боолт, нүүр мөчний зулгаралт, зүүн завжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон, амьсгал бүтэлт нь зөөлөн зүйл хүзүүг боож дарах үйлчлэлээр, үе мөчний зулгаралт цохих унах үед, зүүн завьжны цус хуралт цохих үед үүсгэгдэнэ. Нүүр мөчдийн зулгаралт, зүүн завжинд цус хуралт бүхий гэмтэл үүссэн байсан. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, үхэлд хүргэхгүй. Талийгаачийн нүүрэнд гарсан зулгаралт нь мохоо зүйлээр буюу цохих, унах үед үүсч болно.  Завьжны цус хуралт цохих үед үүсэн нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь ойролцоо цаг үед үүссэн шинэ гэмтлүүд байсан. Зүүн жавжны цус хуралт нь цохих үед голдуу үүсгэгдэнэ. Амны хөндий дотор шүдтэй хавсраад гэмтсэний улмаас цус хуралт үүснэ.Нүдний салст, хүзүүн дээр байгаа ормууд боолтын улмаас үүссэн. Зулгаралтууд нь тус тусдаа үүссэн. Олон удаагийн үйлчлэлээр буюу тоолоход 17-18 ширхэг гэмтлүүд байна. Эдгээр нь унах цохих үед үүснэ. Духны гэмтэл унах үед үүссэн. Нэг цаг хугацаанд олон зулгаралт үүссэн байна. Мөн унах үед гэмтлүүд нь нэг зэрэг үүсэх боломжтой юм. Олон тооны шарх гэмтлүүд амьд байх үед үүссэн.  Малгайтай цамцны уяа нь боолттой хэмжээгээр таарч байсан, талийгаач нь боолтоос болж нас барсан. Талийгаачийн тархинд гэмтэл байгаагүй, тэгэхээр өшиглөхөөс илүү боолтоос болж нас барсан. Амьд байх үед цус хуралт улаан өнгөтэй үүсдэг, харин нас барсны дараа цус хуралт үүсэхгүй, шар өнгө үүснэ. Тэгэхээр талийгаачид учирсан зулгаралт, гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн гэсэн үг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           

            Мөн хавтаст хэргээс

1.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд:

“...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус-2 хороолол,  уг хорооллын баруун урд хэсэгт байх 84 дүгээр байр нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан дөрвөн орцтой, 12 давхар орон сууц байв. Уг орон сууцны баруун урд талын үзүүрээс баруун тийш 5 метрийн өндөртэй, 30 метрийн өргөнтэй далан байх ба далан нь өвс ургамал ихтэй байна. Уг далан нь байгалийн гаралтай өвс ургамал ихтэй бөгөөд далангийн дунд хэсгээр хойноос урагш чиглэлтэй борооны муу шалбааг ус урсаж байгаа ба урсаж байгаа усны баруун хаяанд толгой хэсэг ертөнцийн зүгээр зүүн хойш чиглэлтэй эгц доошоо харсан эрэгтэй хүний цогцос байна. Уг цогцос нь хөлний тавхайнаас баруун тийш далангийн баруун хана хүртэл хэмжиж үзэхэд 18.7 метрийн хэмжээтэй байв. Цогцос нь дээгүүрээ урдаа цахилгаан бор өнгийн куртиктай, дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамцтай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хоёр хөлөндөө цагаан өнгийн хавар намрын пүүзтэй байв. Цогцосны толгой хэсэг нь доош харсан, нүүр нь хэсэг бүхэлдээ ус руу орсон байдалтай байх ба хүйснээс дээш хэсгийн хувцас усанд норсон харагдаж байна. Цогцосны биеийн доод хэсэг болон ар нуруу хэсэг хуурай ба ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй хуурай харагдаж байлаа. Цогцос баруун болон зүүн гараа тохой хэсгээрээ нугалж алгаа дээш харуулсан байдалтай байв. Цогцсыг дээш харуулж үзэхэд ам хамар болон чих сүвнээс гарсан зүйлгүй...” /1 хх-ийн 4-9 х/

 

2. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-20 х/

3. Хэрэг учралын газарт самналт хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 47-58, 234-237 х/

4. Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...О.Эрдэнэбаяраас хар өнгийн гадаргуутай товчлууртай, дэлгэцийн чанх доод талд Самсунг гэсэн бичиглэл бүхий гар утас 1 ширхэгийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай” /1 хх-ийн 21-24 х/

 

5. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: /1 хх-ийн 25-32 х/

 

6.Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд: “...160 см урттай, толгойдоо 5 см хар үстэй эрэгтэй хүний цогцос байна. Цогцос нь хөрж хөшсөн, хүүрийн толбо ар нуруугаар хөхөлбөр ягаан өнгөөр үүссэн дарахад цайхгүй, биеийн урд хэсгээр үүсээгүй, хүүхэн хараа тунгалаг, хоёр талдаа ижил өргөссөн, эвэрлэг тунгалаг 25 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. Хэл хазагдсан амнаас тунгалаг цагаан өнгийн бөмбөлөгт хөөс хөдөлгөхөд гарна. Зүүн дээд зовхи хавдсан арьсны өнгөтэй, духны баруун төвгөр овоож хавдсан дээр нь 1 x 0,4см,1 x 0,3см, 1 х 0,2см, 0,2 х 0,2см, 6-7 ширхэг улаан өнгийн зулгаралтуудтай, баруун дунд хэсэгт 2 х 0,4см түүнээс харалдаа хойш 1,5см х 0,4см, хүзүүний зүүн урд хэсэгт 2 x 0,Зсм хэмжээтэй улаан өнгийн цус хуралттай, хамрын нуруунд 1,5см х 1см, духны зүүн дээд хэсэгт 2см х 2см талбайд, эрүүний зүүн доод хэсэгт босоо байрлалд 2,5см х 1см, баруун хацрын нумны харалдаа З х 2см талбайд хацрын шонтонд 2 х 1см улаан өнгийн зулгаралтуудтай, зүүн өвдгөнд 0,8 x 0,5см, 0,3см х 0,3см, баруун өвдгөнд 0,6см х 0,3см, 0,4см х 0,2см улаан өнгийн зулгаралт үүссэн, нүүр хүрэн улаан өнгөтэй, дээд хоёр зовхины салстад цэгцэлсэн шигүү цус харвалтууд, уруулийн жилзэгвэр нугалааст цус харвалттай байна. Урдаасаа бага зэрэг халзан, бүлцэндүү нүдтэй, дээд үүдэн 1, 2 шүд байхгүй, буйл эдгэрсэн, шүднүүд их сарзгар зай ихтэй байна...” /1 хх-ийн 33-36 х/

 

7. Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 37-42 х/

 

              8. Гэрч У.Өнөтэгшийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд:           “...би болсон үйл явдлыг дарааллаар нь зааж өгье” гэж хэлээд  84-р байрны баруун хойд талын булангаар тойрч 76 тоот айлын тагтан доор орж хэвтээд “ Би эхнэр Уранчимэгийн хамт энэ газарт хэвтэж байтал үхэр мөөрөх шиг дуу чимээ гарахаар нь эхнэрийнхээ ардаас өндийгөөд хүний дуу чимээ гарсан зүг буюу далангийн баруун тал руу харахад цайвар өнгийн хувцастай хүн энэ хавьцаа далан уруудаад явж байсан” гэж хэвтэж байсан газраасаа босож 84-р байрны баруун талын далан руу уруудаж ороод далангийн баруун талын ирмэг хэсэгт очиж зогссон ба уг зогссон газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч гэрч У.Өнөтэгшийн унтаж байсан газар болох 81-р байрны 76 тоот айлын тагтны доод хэсгээс баруун тийш хэмжиж үзэхэд далангийн баруун талын ирмэг хүртэл 31 метр 10 см, уг хэмжээснээс чанх урагш далан дагуу 15 метр, далангийн баруун талд байрлах саарал өнгийн блокон хашаанаас 1 метр зайтай байлаа. Уг цагаан өнгийн цамцтай хүний уруудаж буусан гэх цементэн далангийн ташуу 5 метр 50 см хэмжээтэй байв. Уг хүн далангаас зүүн урагш чиглэлд буугаад явсан гэх ба далангийн доод хэсэгт буюу шаварлаг хөрсөн дээр бор өнгийн пивоны савнууд байлаа. Гэрч У.Өнөтэгш “ Би тэр хүнийг буугаад гүйх үедээ энэ савнууд дээгүүр гишгээд гүйсэн гэж бодож байна, яагаад гэхээр саван дээр гишгээд гардаг дуу чимээ сонсогдсон” гэж ярьсаныг тэмдэглэлд тусгав. ...Тэр цагаан өнгийн куртиктэй хүн далангийн баруун талын ирмэг дагаад чанх урагш чиглэлд явсан гэж зааж байлаа. Уг цагаан өнгийн куртиктэй хүний уруудаж буусан далангаас амь хохирогчийн цогцос байсан газар луу хэмжиж үзэхэд зүүн урагш 15 метр зайтай байв.” гэх /1 хх-ийн 43-46/

             

              9.Туршилт хийсэн тэмдэглэлд: “...Цогцос олдсон газар буюу мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батсайханы зогсож буй газраас гэрч У.Өнөтэгшийн унтаж байсан гэх 84-р байрны зүүн хойд булан нь 34 метр зайтай байх ба уг газраас Ж.Батсайханы 1-р түвшиний авиа бүдэг, 2, 3-р түвшиний авиа тод сонсогдож байв. Цогцос олдсон газар буюу мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батсайханы зогсож буй газраас гэрч тэрний байсан гэх “Mill House” ХХК-ийн харуулын байр 87 метр зайтай байх ба уг байран дотроос Ж.Батсайханы 1,2,3-р түвшиний авиа огт сонсогдохгүй байв. Харуулын байрны гадна талд гарч зогсоход Ж.Батсайханы гаргаж буй 1,2-р түвшний яриа сонсогдохгүй, 3-р түвшиний авиа бүдэг сонсогдож байна...” гэжээ. /1 хх-ийн 59-60 х/

 

10.Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 62-63 х/

 

            11. Сэжигтэн Н.Цэвээндоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд: “...О.Эрдэнэбаяр, талийгаач бид 3 энэ өндөр байр /СХД-н 19-р хороо Залуус хорооллын 84 дүгээр байрыг зааж байв/-ны харалдаа ирж далангийн ирмэг дээр сууцгаасан. Ингэхдээ тэр залуу нуруугаа далан руу харуулж, О.Эрдэнэбаяр бид 2 түүний өөдөөс би зүүн гар талд нь, Эрдэнэбаяр баруун гар талд нь хөлөө жийгээд газар суусан. Тэгээд бид 3 архиа ууж байтал О.Эрдэнэбаяр тэр залуутай маргалдсан ба би О.Эрдэнэбаярыг өмөөрөөд тэр залууг “дуугүй бай” гэж хэлтэл тэр залуу миний нүүр лүү баруун гараараа зүүн нүдний доод талд нэг удаа цохьсон. Тухайн үед тэр залуу малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн байсан ба тэр залууг намайг цохихоор нь би малгайных нь дээд хэсгээс барьж, малгай нь толгойноос нь мултарч баруун тал дээр нь гараад ирсэн. Тэгээд бид 2 зууралдаж далан руугаа унасан. Далан руу унаж далангийн доод талд өнхөрсөөр ирэхэд тэр залуу миний дээр гарчихсан, би энэ үед түүний малгайтай цамцны малгайнаас зуурсан хэвээрэй л байсан. ...Тэгээд би тэр залуугийн цээж рүү нь нэг гараараа түлхээд тэр залууг хажуу тийш унагаасан. Би тэр залууг доороо оруулчихаад дээш бостол тэр залуу намайг дагаад босоод ирсэн, энэ хугацаанд би малгайнаас нь барьсан хэвээрээ л байсан. Тэгээд би түүний зүүн гар талд нь гарчихсан байсан ба тэр залуу 2 гараараа хойшоогоо намайг самардах гээд, доогуураа хөлөөрөө намайг хөл рүү өшиглөх гээд тийчигнээд байсан. Намайг тэр залууг ийнхүү бариад зогсож байхад дээрээс О.Эрдэнэбаяр бууж ирээд тэр залуугийн урд нь гарч, түүний нүүр хэсэг рүү нь цохих шиг болсон. Би тухайн үед нүүрээ доошлуулж тонгойлгох байдалтай байсан учраас яг хаашаа нь цохьсоныг хараагүй, цохих шиг л мэдрэгдсэн. Тэгээд тэр залуу ямар нэгэн хөдөлгөөн хийхээ больчихоор нь би тавиад дээш мацаж гарсан. Намайг тэр залууг тавихад тэр залуу шууд газар хажуу талаараа унаж ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан. Би тухайн үед тэр залууг боолт ороод муужирчихлаа л гэж бодсон. Намайг далан дээр гарч ирэхэд О.Эрдэнэбаяр тэр залууг дээш харуулаад халаасыг нь ухаж байсан. Би далан дээр байхад О.Эрдэнэбаярт явъя гэж хэлээд 1 ширхэг тамхи гаргаж ирээд татаад далангаа дагаж хойд зүгт алхсан, намайг тамхи татаж дуусах үед О.Эрдэнэбаяр араас далан руу гарч ирж надад хар өнгийн жижиг гар утас өгсөн. Дараа нь уг гар утсыг харахад Самсунг гэсэн бичигтэй товчлууртай хар өнгийн утас байсан...” гэжээ. /1 хх-ийн 64-85 х/

 

12. Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 86-88 х/

 13. Н.Цэвээндоржийн эзэмшлийн Самсунг маркийн хөх өнгийн гар утсанд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /1ххийн 89-90х/

 

14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1807 тоот дүгнэлтэд:

            а/ Талийгаачид механик амьсгал бүтэлт-боолт, нүүр мөчдийн зулгаралт, зүүн жавьжинд цус хуралт тогтоогдлоо. Амьсгал бүтэлт нь зөөлөн зүйлийн хүзүүг боож дарах үйлчлэлээр, нүүр, мөчдийн зулгаралт нь цохих, унах үед үүснэ. Зүүн жавьжны цус хуралт нь цохих үед үүсгэгдэнэ.

б/ Боолт нь үхэлд хүргэжээ.

в/ Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

г/ Талийгаач нь амьсгал бүтэж нас баржээ.

д/ Цус нь 3-р бүлэг байна.

е/ Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. /1хх-ийн 148-149 х/

 

              15. Шинжээч  Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинжилгээ хийхэд талийгаач нас бараад 16 цагаас дээш цаг болсон байсан. Талийгаачийн хүзүүнд үүссэн боолтын ором нь 0,5 см орчим өргөн уяагаар үүсгэгдсэн байж болох бөгөөд уг үйлдлийг араас нь татсан байж болно. Боолтын үед нүүрэнд цус чинэрч хуралддаг учир нүүр бүлцийсэн. Мөн архи их үнэртэж байсан тул архины хордлогоор хавагнаж болно. 30 орчим настай байсан. Салст нь улайсан байсан. Талийгаачийн нүдний байдал хэвийн бүлцэндүү, нүүрэнд үүссэн зулгаралтууд шинэ байсан. Талийгаачийн нурууны ар хэсэгт хүүрийн толбо үүссэн байсан. Талийгаач хэргийн газраас олдохдоо доошоо харсан байсан ч  хэвлий хэсэгт нь хүүрийн толбо үүсээгүй байсан. Үүнээс үзэхэд талийгаачийг нас барсны хойно зөөвөрлөх хөдөлгөх гэх үйлдлүүд хийгдсэн байж болно. Талийгаачийн ходоодонд хоолны агууламж байгаагүй. Ходоодонд илэрсэн спиртийн хэмжээг одоогоор тогтоох боломжгүй...”

              “...Цогцост хийсэн үзлэгээр амь хохирогчийн зүүн дээд зовхи хавдсан, духны баруун төвгөр овойж хавдсан дээр нь 1 х 0,4см, 1 х 0,3см, 1 х 0,2см, 0,2 х 0,2см хэмжээ бүхий улаан өнгийн зулгаралтуудтай, баруун дунд хэсэгт 2 х 0,4, түүнээс харалдаа 1,5 х 0,4, хүзүүний зүүн урд хэсэгт 2 х 0,3см, хэмжээтэй улаан өнгийн цус хуралттай, хамрын нуруунд 1,5 х 1см, духны зүүн дээд хэсэгт 2 х 2см талбайд, эрүүний зүүн доод хэсэгт босоо байрлалд 2,5 х 1см, баруун хацрын хумсны харалдаа 3 х 2см талбайд, хацрын шаантанд 2 х 1см улаан өнгийн зулгаралтуудтай, нүүр хүрэн улаан өнгөтэй, дээд хоёр зовхины салстад цэгчилсэн шигүү цус харвалтуудтай, уруулын жирэвгэр нугалааст цус харвалтууд байсан. Зүүн завьжны дотор салстад цус хурсан зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Задлан шинжилгээгээр гавал яс, дотор эрхтнүүдэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Талийгаач нь амьсгал бүтэлтийн улмаас нас барсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Энэ нь хүзүүн дэх боолтын ором, 2 нүдний салст, зовхи, амны хөндийн салст, нүүрэн дэх бүдэг хөх өнгөтэй цус харвалтууд, дотор эрхтэнд гэнэтийн үхлийн шинжүүдээр илэрсэн. Амь хохирогчийн ходоодонд хоолны агууламж байгаагүй. Ходоод, дотор эрхтнээс спиртийн зүйл үнэртэж байсан. Энэ нь химийн шинжилгээгээр нарийвчлан гарна. Амь хохирогчийн цогцост хүүрийн толбо биеийнх нь ар нуруу хэсгээр хөхөлбөр ягаан өнгөөр тод үүссэн, дарахад цайхгүй байсан. Боомилолтын ором хүзүүний 2 талаар хөндлөн шулуун, тасархайтсан байдалтай үүссэн байсан. Боолтын чиглэлийг нарийвчлан хэлэх боломж алга. Босоо, суугаа, хэвтээ аль байрлалд байхад нь үүссэнийг тодорхой хэлэх боломжгүй. Зүүн завьжны салстад цус хуралт нь цохилтоос үүсэх боломжтой. Уушги, амьсгалын замд ус, шингэн байхгүй байсан. Боомилогдсон тохиолдолд богино хугацаанд буюу дорхноо л үхэлд хүргэнэ. Амь хохирогчийн нүүр хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралтууд нь үрэгдэх, шүргэгдэх, цохигдох үед үүсэх боломжтой. Нүүрэнд үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд болно...”

              “...Санжсүрэнд 2017 оны 10 дугаар сарын 01-ний 17-18 цагийн хооронд задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээнд ороход талийгаач нас бараад 17 цаг орчим болсон байсан. Тэгэхээр талийгаач нь ойролцоогоор 10 сарын 01-ний өдрийн 02-04 цагийн хооронд нас барсан байх боломжтой. ...Талийгаачийн цусанд 2,3 промил спиртийн агууламж илэрсэн. 2,3 промил спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Дунд зэргийн согтолт нь биеэ хамгаалах чадвартай, ухамсарт үйлдэл хийх боломжтой байсан. Биеэ хамгаалах чадвартай гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 167-168, 169-170 х, 3 хх-ийн 165-166 х/

 

16. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...Амь хохирогч Санжсүрэнгийн өмсөж явсан хүрэн өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн фудболк, цагаан өнгийн 1 хос пүүз, цайвар ногоон өнгийн 1 хос оймс, цэнхэр өнгийн дотоож, яллагдагч Н.Цэвээндоржийн өмсөж явсан саарал өнгийн саравчтай малгай, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, хөх өнгийн куртик, хүрэн өнгийн 1 хос ботинк, 2 ширхэг хуванцар аяга, Сэрүүн гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар сав, Хараа гэсэн бичиглэлтэй шилэн лонх зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргав...” /2 хх-ийн 185/

 

            17. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1056 тоот дүгнэлтэд:

            а/ Н.Цэвээндорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэх баримт үгүй байна.

б/ Н.Цэвээндорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

в/ Н.Цэвээндорж нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

г/ Н.Цэвээндорж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

д/ Н.Цэвээндорж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт шинж үгүй байна.

              е/ Н.Цэвээндоржид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /3 хх-ийн 11-13 х/

 

18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1055 тоот дүгнэлтэд:

            а/ О.Эрдэнэбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

б/ О.Эрдэнэбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

в/ О.Эрдэнэбаяр нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

г/ О.Эрдэнэбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

д/ О.Эрдэнэбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна.

              е/ О.Эрдэнэбаяр нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /3 хх-ийн 18-20 х/

 

              19.Хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П.Санжсүрэн нь 1985 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн эмнэлэгт төрсөн. Төрсөн цагаасаа миний гар дээр хүмүүжсэн. Талийгаач Тэрэлжид сургуульд 1 дүгээр ангидаа 1 жил бүтэн суралцаад тархи толгой нь өвдөөд байхаар нь би ой тогтоолт муу гэж би сургуулиас нь гаргасан. Тэгээд би 2004 онд Тэрэлжид очиж амьдрах үед миний төрсөн дүү Ням-Осорын Улаанбаатарт байх гэрт Санжсүрэн 20 гаран настайдаа амьдрахаар ирсэн. 2000 онд талийгаач хүү маань тархины наалданг гэдэг өвчнөөр Шар Хадны эмнэлгээс 70 хувийн группт хамрагдаж байсан. Тэгээд хүү маань Улаанбаатар хотод барилгын дотор заслын ажил хувиараа хийж ажилладаг байсан. Сүүлд 2016 оны 5 дугаар сараас найз Мөнхчулууны ажилд ах Баасанжав, Лхагвасүрэн нарын хамт ажиллаж байсан. ...Би талийгаач хүүтэйгээ 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дүү Ням- Осорын гэрт ирсэн байх үед  уулзсан ба талийгаач хүү маань орой 20 цаг өнгөрөөгөөд ирээд хүнтэй уулзана гээд Ням-Осортой ярьж байгаад Ням-Осорт мөнгө өгөөд би 9000 төгрөг аваад явлаа шүү гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр шөндөө гэртээ ирж хоноогүй маргааш өглөө нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 09 цагийн үед би Тэрэлж явсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр утсаа пук болгочихлоо уулзах гэж явсан найзтайгаа уулзчихлаа гээд эгч Ням-Осортойгоо ярьсан байсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн орчим явсан. Явахдаа цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан пүүз, урдуураа эрээн өнгийн цэнхэр өнгийн малгайтай цамц, бор өнгийн хүрэм гэмээр куртик, хар өнгийн нүдний шилтэй, дотуураа улбар шар өнгийн adidas гэсэн бичигтэй подволктой гарсан. Биедээ бэлэн 9.000 төгрөг, гар утастай явсан ямар гар утастай байсныг нь би мэдэхгүй байна. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 3.580.400 төгрөгний зардал гарсан бөгөөд үүнээс 1.410.400 төгрөг нь баримттай үлдсэн зардал нь баримтгүй байгаа. Би талийгаачийн оршуулганд гарсан зардлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 92-94 х, 2 хх-ийн 186 х/

 

            20. Гэрч У.Өнөтэгшийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эхнэр С.Уранчимэг бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвгэрт байрлах Залуус-2 хороололын 84-р байрны далан талын 1 давхарын тагтан доогуур хоноглодог. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр С.Уранчимэгтэй хамт 5 шарын орчмоор шил лаазаа түүчихээд 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны Залуус-2 хорооллын 84-р байрны баруун талын 1 давхрын тагтан доороо ирж амарсан. Шөнө 02-03 цагийн орчимд ертөнцийн зүгээр хойд талаас далангийн баруун талаас үхэр мөөрөөд, хонь майлаад байгаа юм шиг эсвэл хүн огиод, бөөлжөөд байгаа юм шиг чимээ гараад хүмүүс ярилцаад байх шиг байсан. Тэгээд би босоод харсан. Тухайн үед гадаа сарны гэрэлтэй, гэгээтэй байсан. Тэгсэн нэг цагаан куртиктэй согтуу хүн далангийн баруун талаас далан руу гүйж орж ирээд урд зүг рүү далангаар гүйгээд явсан. Тэгээд би буцаад унтсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 95-97 х/

 

            21.Гэрч Н.Мөнхсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10-р сарын 01-ний өглөө 06 цаг 55 минутын үед цонхоороо баруун тийш харсан чинь манай байрны баруун талын далангийн гол руу баруун талаас нь нүүрээ хийгээд доошоо хараад хэвтсэн цэнхэр жинсэн өмдтэй, хар куртиктэй хүн байхаар нь цагдаа дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 101-102 х/

 

            22. Гэрч Б.Шинэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний 02 цаг дөнгөж өнгөрч байхад манай 3-р постны харалдаа ертөнцийн зүгээр зүүн урагш 200 метр орчим зайтай далан дотор нэг эрэгтэй хүн орилох шиг чимээ сонсогдсон ба миний сонссоноор 1-3 удаа орилсон ба нэг их сонин орилсон. Миний бодсоноор хоолой нь бөглөрөөд юм тээглэхээр эвгүй орилдог, түүн шиг дуу чимээ гараад байсан. Би тэр үед нь өөрийн албаны хэрэгцээний гар чийдэнгээ тусгаж үзэхэд юм харагдахгүй байсан. Тухайн үед хүн хоорондоо ярих дуу чимээ  гараагүй,  мөн зодоон нүдээн болоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-108 х/

             

            23. Гэрч Т.Нацагнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шөнө 00:00-01:00 цагийн үед манай байрны урд байдаг гүүрний тэр хавьд 3 эрэгтэй хүн л байх шиг байсан. Тэр хүмүүс юу хийж байсныг мэдэхгүй. Нэг эрэгтэй хүн л 4 удаа чанга орилсон. Гэхдээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Зүгээр л “аа” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 110-111 х/

 

            24. Гэрч Д.Моломжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр найзтайгаа хөдөө явчихаад өглөө гэртээ ирсэн. Манай гэрт манай 2 дүү хоносон юм. Тэгээд өглөө намайг гэртээ ирэхэд манай 2 дүү шөнө 00:00-01:00 цагийн үед далангийн урд хэсэгт байдаг гүүрний тэр хавьд 2-3 эрэгтэй хүн хоорондоо хэрэлдээд зодолдоод байх шиг дуу чимээ гарсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 114 х/

 

            25. Гэрч Н.Ням-Осорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач миний төрсөн эгч Пүрэвсүрэнгийн хүү юм. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад талийгаач өөрийнхөө 80580180 дугаарын утаснаасаа над руу залгаад Мөөгий найзынхаа найзын төрсөн өдөрт Нарангийн голд байна, ойрхон болохоор би удахгүй яваад очно гэсэн. Тэгэхээр нь би нөгөө эмэгтэй юу болсон бэ гэхэд би өнөө өглөө Дархан руу явуулсан гэж хэлэхээр нь чи архи уусан юмуу гэж асуухад 2, 3-хан пиво уусан, одоо очлоо гээд утсаа тасалсан. Талийгаач гэрээс гарахдаа цагаан өнгийн пүүз, цайвар жинсэн өмд, шаргал өнгийн подволктай, малгайтай саарал өнгийн ноосон цамцтай, бор өнгийн куртиктэй байсан... мөн 9000 төгрөг, хар өнгийн товчлууртай самсунг гар утас, хар өнгийн нүдний шилтэй явсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 125-127 х/

 

            26. Гэрч Д.Нямлхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 4 дүгээр сард гэрийнхээ тэр хавиар явж байгаад хийн гагнуур хийдэг Эрдэнэбаяр гэдэг хүнтэй анх танилцаж хамтарч гагнуурчин хийдэг болсон юм. Харин Цэвээндоржийг бол нэр зүс мэдэхээс цаашгүй. Эрдэнэбаяр дээр хааяа ирэхэд нь л харж байснаас өөр ямар нэгэн харилцаагүй. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш би Эрдэнэбаярын амбаарт түүнтэй цуг байж байхад гаднаас Цэвээндорж орж ирсэн. Тэр өдрөөс хэд хоногийн өмнө Эрдэнэбаяр гар утсаа хаячихсан гэж байсан бөгөөд Эрдэнэбаяр Цэвээндорж бид хоёрт утсаа хаячихсан талаараа хэлэхэд Цэвээндорж товчлууртай жижиг хар утас гаргаж ирээд Эрдэнэбаярт өгч “май чи энэ утсыг ав” гэхэд нь Эрдэнэбаяр “за ашгүй, утастай боллоо, одоо симээ сэргээж хийнээ, яаж хүнээс зүгээр утас авахав” гэж хэлээд Цэвээндоржид 5000 төгрөг өгч байсан. Тэгээд нэг их удалгүй Цэвээндорж явсан бөгөөд маргааш нь буюу 10 сарын 05-ны өдөр миний утасны цэнэг дуусчихаар нь би Эрдэнэбаярын амбаар луу ороод утсаа цэнэглэх гэсэн чинь Эрдэнэбаяр би “симээ сэргээж амжаагүй байна” гэж хэлээд надад Цэвээндоржоос авсан утсаа өгөхөөр нь би өөрийнхөө утсыг цэнэглэж орхичихоод Эрдэнэбаярын өгсөн утсанд өөрийн 88702616 дугаарын сим картаа хийгээд хүмүүстэй ярьчихаад орой нь Эрдэнэбаярт утсыг нь буцааж өгөхөд Эрдэнэбаяр өөрийнхөө 99871728 дугаарын сим картыг сэргээчихсэн байсан. Тэгтэл маргааш нь над руу цагдаагаас яриад уулзах хэрэг байна гэхээр нь уулзсан чинь “мэдүүлэг авна” гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дагуулж авчирсан юм. Эрдэнэбаярт нэг хүн 2 ширхэг шүдний оо өгсөн. Тэрнийхээ нэгийг нь надад өгч байсан. Харин Цэвээндоржид өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан утсыг нь авахдаа оо өгөөгүй. Эрдэнэбаяр ер нь гадуур яваад байдаггүй амбаартаа л ажил хүлээгээд ажил олдвол хийчихээд л байж байдаг байсан. Тэдний амбаар зам дагуу байдаг болохоор шөнө орой хүмүүс хаалга үүдийг нүдээд байдаг, заримдаа таньдаг хүмүүс ирж архи уух гээд байдаг гээд Өлзийбат бид 2-оор хаалгаа гаднаас нь цоожлуулдаг байсан. Ер нь ихэнхдээ л би цоожилдог байсан. 2016 оны 9 дүгээр сарын 29, 30 болон 2016 оны 10 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Эрдэнэбаяр өдөр нь ажлаа хийгээд, орой нь амбаартаа л байсан байх. Би урьдынх шигээ л амбаарыг нь цоожлоод гэртээ харьдаг байсан. Тэгээд өглөө нь 07-09 цагийн үед өөрөө ирж онгойлгодог, жоохон удахаар Эрдэнэбаяр өөрөө утасдаад гарга гэдэг байсан. Тэрнээс 2,3 өдрөөр нь цоожлоод хаяад явчихна гэж байхгүй. Тэгж олон хоног байлгасан нэг ч удаа байхгүй. Орой болохоор л утасддаг байсан. Эрдэнэбаярыг өөрийнх нь цоожил гэснээр л цоожилдог байсан. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэбаяр, Цэвээндорж нар нь Эрдэнэбаярын амбаарт архи уусан талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний санаж байгаагаар Цэвээндорж 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэбаярт утас өгөх гэж ирснээс өмнө бараг ирээгүй шиг л санагдаж байна. Хэргийн газраас хурааж авсан нүдний шил Эрдэнэбаярын гагнуур хийхдээ зүүдэг шил биш байна. Тэр шил нь бөөрөнхий хэлбэртэй хар шил байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд яг тэр үед Эрдэнэбаярыг цоожилсон эсэхийг сайн санахгүй байна. Ер нь бол байнга л цоожилдог байсан. Ер нь алгасаад байдаггүй юм. Гаднаас нь цоожилсон тохиолдолд гарах боломж байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 132 х, 2 хх-ийн 192-193 х, 3 хх-ийн 161-162 х/

 

27.Гэрч Т.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэбаяр хүнтэй цуг архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Эрдэнэбаярын амьдардаг амбаар нь 3 түлхүүртэй бөгөөд нэг нь Эрдэнэбаяр, нөгөөдөх нь Нямлхагва бид 2-т байдаг юм. Эрдэнэбаяр шөнө унтахдаа зарим үед гаднаасаа Нямлхагва бид 2-оор цоожлуулж унтдаг байсан бөгөөд шөнө хүн амьтан ирээд хаалга тогшоод унтуулдаггүй юм гэдэг байсан. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр амбаартаа хоносон үгүйг нь би мэдэхгүй байна. ...Ер нь Эрдэнэбаяр нэг их гадуур яваад байдаггүй бөгөөд тэр 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ний өдрүүдэд амбаартаа ажлаа хийгээд л байж байсан байх гэж бодож байна. Тэр үед яг юу хийж байсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна. ...Уг шил нь Эрдэнэбаярын гагнуур хийхдээ зүүдэг шилтэй ойролцоо л шил байна. Гэхдээ би хэд хоногийн өмнө Эрдэнэбаярын амбаарт ороход дотор нь түүний гагнуур хийхдээ зүүдэг 2 шил нь байж байгаа харагдсан. 2016 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна Эрдэнэбаяр надад хэлэхдээ “гар утсаа алдаад оронд нь 5000 төгрөгөөр ийм гар утас авлаа” гээд товчлууртай хар өнгийн Самсунг маркийн утас үзүүлж байсан. Хэзээ хэнээс авсан гэдгийг нь мэдэхгүй. Харин надад 120.000 төгрөг алдсан талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 187-189 х/

 

            28. Шүүгдэгч Н.Цэвээндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цаг өнгөрөөгөөд 32-р тойргийн тэр хавьд байдаг найз Эрдэнэбаярын гэрт нь очсон юм. Тэгээд Эрдэнэбаяр надад 5000 төгрөг өгөөд “архи аваад ир, хөгшин нь дэлгүүрт өртэй орж болохгүй байна” гэхээр нь би ганцаараа гараад тэдний урд талд буюу замын эсрэг талд нь байдаг хүнсний дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн Арвай архи аваад Эрдэнэбаярынд буцаж очсон юм. Тэр өдөр Эрдэнэбаярынд түүнээс өөр хүн байгаагүй бөгөөд бид 2 нөгөө архиа хувааж уучихаад 21 цагийн үед Эрдэнэбаяр надад дахиад 10.000 төгрөг өгөөд “архи аваад ир” гэхээр нь би ганцаараа гарч өмнө нь архи авсан дэлгүүрээс дахиж 1 шил 0.5 литрийн Хараа /зөөлөн/ архи авч Эрдэнэбаяртай хувааж уусан. 23 цаг 35 минутын үед Эрдэнэбаяр бид 2 архиа дуусчихаад тэднийхээс гарсан бөгөөд Эрдэнэбаяр надад 5000 төгрөг өгч, дээр нь би өөрт байсан 3000 төгрөгөө нэмээд анх архи авсан дэлгүүрээс дахиж 0.5 литрийн 1 шил Хараа архи авсан юм. Тэгээд бид 2 манай дүү Батцэцэгийн гэр лүү буюу 21-р хороолол руу явахаар болсон бөгөөд микронд суухаар Баянбүрдийн автобусны буудал хүртэл алхах замдаа авсан архиа хувааж уусан. Баянбүрдийн автобусны буудлаас “3-4-р хороолол, Ханын материал” гэсэн микронд суугаад Драгон төвийн буудал дээр буугаад тэр хавьд гар дээрээс цай хоол зардаг хүнээс 12.000 төгрөгөөр 1 шил 0.5 литрийн Хараа архи худалдаж аваад зам гарч лабораторийн баруун талын автобусны буудал буюу хотын төв рүү явдаг автобусны буудал дээр очиж нөгөө архиа задалж байхад үл таних залуу буюу 160 см орчим өндөртэй, цайвар саарал өнгийн юүдэнтэй цамцтай, цайвардуу жинсэн өмдтэй, цамцныхаа юүдэнг өмсчихсөн, 30 орчим насны залуу хүрч ирээд “дүүд нь 3000 төгрөг байна, цуг уучихаж болох уу” гэхээр нь би “тэг тэг танайх хаана юм бэ” гэсэн чинь тэр залуу “манайх толгойтод” гэж хэлэхээр нь би “өө манай Чингис Соосэ сургуулийн хажууханд байдаг юм” гэтэл нөгөө залуу “өө ах гэр ойрхон юм байна, хамтдаа гэр лүүгээ дөхөнгөө хуваагаад уучихъя” гэж хэлсэн. Тэгээд бид 3 тэндээсээ төв засмал замынхаа баруун талаар дээш өгсөөд “Тэсо” ХХК-ийн араар баруун тийш эргээд далан руу очиж далангийнхаа баруун талд суугаад архиа ууцгаасан юм. Архиа Драгон дээрээс авахдаа цуг авсан цаасан аяганд хийж 3-уулаа нэг нэг татсан бөгөөд архи уугаад явган сууцгааж байхад нөгөө залуу Эрдэнэбаяртай маргалдаад байхаар нь би Эрдэнэбаярыг өмөөрөөд “чи дуугүй бай” гэж хэлсэн чинь тэр залуу миний зүүн нүдний доод талд баруун гараараа 1 удаа цохихоор нь би тэр залуугийн юүдэнтэй цамцных нь юүдэнгийнх нь араас зүүн гараараа атгаад нөгөө залууг зүүн тийш нь татаж далан руу бид 2 хамт унасан юм. Бид 2 дээр доороо ороод далан дотор унасан бөгөөд талийгаач миний дээр гарчихаар нь би доороос нь түлхээд дээр нь гарсан. Тэр үед би тэр залуугийн юүдэнгийн анх барьсан газраасаа тавиагүй байсан бөгөөд босч ирэхдээ цамцных нь юүдэнгээс дээш өргөөд босч ирэхэд тэр залуугийн цамцных нь зах хоолойг нь бооход тэр залуу гараараа нүүр самардах гээд байсан мөн хөлөөрөө миний шилбэ рүү өшиглөөд байсан. Тэгтэл Эрдэнэбаяр далан дээрээс бууж ирээд намайг нөгөө залуугийн цамцных нь юүдэнгээс барьчихсан зогсож байхад хажуунаас түүний нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохиход нь би тэр залууг юүдэнгээс нь тавиад архиа тавьсан газар луугаа буюу далангийн дээр нь гарах гээд өгсөж байхад Эрдэнэбаяр нөгөө залуутай цуг үлдсэн. Тэгээд намайг далан дээр гараад эргээд тэр 2 луу харахад Эрдэнэбаяр тэр запууг эргүүлж тойруулж байгаа харагдсан. Удалгүй Эрдэнэбаяр миний хойноос далан дээр гарч ирэхдээ товчлууртай, жижигхэн, хар өнгийн гар утас авчирч надад өгөхөөр нь би аваад куртикнийхээ зүүн талын дотор халаасанд хийчихсэн юм. Тэндээсээ бид 2 ертөнцийн зүгээр хойш далангаа дагаж алхаад шинэ баригдаж байгаа гүүрээр гарч ирсэн бөгөөд 21-р хорооллын автобусны буудлаас такси бариад Эрдэнэбаярыг гэрт нь хүргэж өгчихөөд би цааш таксигаараа офицеруудын ордонгийн урд талынх нь автобусны буудал дээр буугаад тэндээсээ алхаад Улиастайд байдаг дүү Батжавынхаа гэрт нь очоод “согтуу байгаа болохоор загнаж магадгүй” гэж бодоод байшингийнх нь ард гадаа хоночихоод өглөө 08 цаг 30 минутын үед босч гэрт нь ороход Батжавын гэрт Батжав, Дөлгөөн Гүнжинлхам гэдэг 2 хүүхэдтэйгээ цуг байсан. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Эрдэнэбаярын гэрт нь очиж нөгөө залуугийн утсыг нь өгчихөөд буцаад Батжавынд очсон. Тэгээд түүнээс хойш Эрдэнэбаяртай уулзаагүй бөгөөд өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний 99611499 дугаарын утас руу Эрдэнэбаяр 99871728 дугаарын утаснаас залгаад “хаана байна уулзаадхая” гэхээр нь би “Сансрын клонкын буудал дээр сургуулиас хүүхэд авах гээд байж байна” гэхэд Эрдэнэбаяр “за би яваад очъё” гэсэн. Тэгээд удалгүй Эрдэнэбаяр хэдэн цагдаатай цуг ирээд намайг авч цагдаагийн газар авч очоод надаас тайлбар авсан бөгөөд дараа нь тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хамт архи уусан залууг нас барсныг одоо л мэдэж байна. Би талийгаачийг урьд нь таньдаггүй байсан, бид 2-ын хооронд өр авлага өш хонзон болон бусад хувийн таарамжгүй харилцаа байгаагүй. ...Эрдэнэбаяр бид 2 талийгаачтай таарахаас өмнө бол Эрдэнэбаяр их хэмжээний согтолттой, би дунд зэргийн согтолттой байсан. Эрдэнэбаяр өөрийн үйлдэл, үг яриаг удирдан жолоодох чадвараа бараг алдсан буюу хөл дээрээ нилээн гуйвж дайвж байсан. Бид 2 өөрөө тийм согтолттой байсан болохоор талийгаачийг ямар согтолттой байсныг нь сайн мэдээгүй. ...Би тэр өдөр одоо өмсөж яваа саарал өнгийн саравчтай малгай, хөх өнгийн куртик, цээжээрээ хөх өнгийн оруулгатай саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмд, бор өнгийн ботинк зэрэг хувцастай явсан бөгөөд Эрдэнэбаяр ажлын хар цамц, цайвар саарал өнгийн ажлын өмд, саарал өнгийн пүүзэн гутал зэрэг хувцас өмссөн байсан юм...”

            “...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэбаяр бид 2 анх цагдаад баригдаж ирээд ганц худагт 72 цагаар саатуулагдахад Эрдэнэбаяр миний хажуу талын камерт орсон бөгөөд надаас “чи юу гэж хэлсэн юм бэ" гэхээр нь би “онц хүндийнхэнд би болсон хэргийг үнэнээр нь хэлчихсээн” гэж хэлтэл Эрдэнэбаяр “би тэд нарт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр чамайг манай гэрт ирээд архи уучихаад явсан, тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр надад гар утас авчирч өгсөн гээд хэлчихсэн шүү, би чамтай явсан гэдгээ хэлээгүй, чи бид 2 нэг нэгэндээ гэрч болохгүй нь мэдээж, тэгэхээр чи энэ хэргийг даачих, 2-лаа бол хүндэрнэ” гэж хэлсэн юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэбаяр бид 2-ыг ганц худгаас гаргаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явах замд Эрдэнэбаяр “одоо мэдээж очиход байцаалт авна, би бол анх өгсөн мэдүүлгээрээ л явна шүү, чи бид 2 нэгэндээ гэрч болохгүй” гэж хэлсэн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэбаяр бид 2 Шар хадны эмнэлэгт сэтгэцээ үзүүлж байхад Эрдэнэбаяр надад “одоо сар болох гэж байна, чи ер нь юу гэж бодож байна, би бол анхныхаа л мэдүүлгээр л явна, чи заавал яах гээд намайг чирэх байгаа юм бэ” гэхээр нь би “чи эр хүний жудгаар үнэнээ л хэлээч дээ, тэртээ тэргүй үүрэх үйлийн лайгаа би ганцаараа үүрмээргүй байна” гэж хэлсэн. Дээрх байдлуудаас үзэхэд Эрдэнэбаяр хэрэг болох үед хохирогчийг нас барсан гэдгийг мэдсэн байх гэж бодож байна. Би бол хохирогчийг амьд л үлдсэн байх гэж бодож байсан юм...” /1 хх-ийн 192-196, 197-200 х, 3 хх-ийн 63-66 х/

 

            29. Шүүгдэгч О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хэдний өдөр гэдгийг санахгүй байна нэг өдөр 16-17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн мянга явах зам дагуу байрлалтай цэнхэр өнгийн воганчигт ажлаа хийгээд байж байтал Цэвээндорж манай ажил дээр ганцаараа ирсэн. Тэгээд би найз Майнбаярын эхнэрийн Ганчимэгийн ажлын газраас авч ирсэн ямааг хуйхлаад дууссаны дараа Цэвээндорж юу байна, сонин юутай, чи гар утастай болоо юу гэж асуусан. Тэгэхээр нь утастай болоогүй гэхэд май гээд надад хар өнгийн Самсунг гэсэн товчлууртай гар утас өгөхөөр нь баярлалаа гэж хэлээд аваад миний найз 5000, 10000 төгрөг авах юм уу гэхэд за яахавдээ гэж хэлэхээр нь би май гээд 5000 төгрөг, жижиг Collegate шүдний оо өгсөн. Тэр үед манай ажлын газрын Нямлхагва миний хажууд зогсож байхаар нь би Нямлхагвад бас 1 шүдний оо өгсөн. Миний ажлын цагаан өнгийн өмд урагдаж түлэгдэж урагдсан болохоор би Цэвээндоржын хамт Дэнжийн 1000-ийн комиссын дэлгүүрээс 8000 төгрөгөөр ногоон өнгийн ажпын халаастай өмд худалдаж аваад би ажил дээрээ очсон. Тэгэхэд Цэвээндорж 3, 4 дүгээр хороолол явлаа гээд надаас салсан. Хаашаа явсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд би ажил дээрээ очоод гагнуурын ажлаа хийж байгаад харанхуй болсны дараа би гагнуурын аппаратаа хураагаад воганчигтоо хоол цайгаа хийж идээд унтаж амарсан. Тэгээд маргааш нь би ажлаа хийгээд байж байтал ажлын газрын дуудлагаар гагнуур хийдэг Нямлхагва миний Цэвээндоржоос авсан хар өнгийн Самсунг брендийн утсанд Сим картаа хийгээд халтуурын ажилд явсан. Тэр хойгуур нь би 16-17 цагийн хооронд 7 буудлын эцэст мобикомын салбар дээр очиж өөрийн 99871728 дугаарын утасны сим картыг сэргээлгээд ажил дээрээ эргээд ирээд ажлаа хийгээд байж байтал орой харанхуй болсон үед Нямлхагва ирэхээр нь би сим картаа сэргээлгэсэн утсаа авъя гээд Нямлхагваас Цэвээндоржоос авсан гар утсыг авч барьсан. Тэгээд 3-4 хоног ажлаа хийгээд өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр воганчиг дээр ажлаа хийж байтал Нямлхагва өөрийнхөө 88702616 дугаарын утаснаас миний 99871728 дугаарын утас руу залгаад хаана явна гэж асуухаар нь би ажил дээрээ ирж байна гэж хэлэхэд воганчигийн урд машин дотор сууж байна гээд яваад очиход цагдаа нар ирчихсэн намайг барьсан. Би ...2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би Чингэптэй дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 100 явах зам дагуу байрлах цэнхэр вагончиг дотор гадна талаасаа цоожлуулсан байсан. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 9 хоног архи уусан. 2016 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд намайг Нямлхагва воганчиг дотор цоожилж би воганчигнаас гараагүй. 2016 оны 10 дугар сарын 01-ний өдрөөс ажлаа хийж эхэлсэн.  2016 оны 10 дугаар сарын 03-нь өдөр 16-17 цагийн орчим Цэвээндорж ирж надад гар утас өгсөн. Цэвээндорж 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө 3-4 хоногийн өмнө над дээр ирэх үед нь би 120.000 төгрөг болон гар утсаа хулгайд алдчихсан байсныг Цэвээндорж мэдэж байсан болохоор надад гар утас авчирч өгсөн. Би Цэвээндоржоос ямар ч зүйл асуугаагүй гар утсыг авсан. Цэвээндорж ч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Хэзээ хаана хэнээс авсан гар утас гэдгийг би мэдэхгүй. Намайг 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд воганчиг дотроо цоожтой байсныг манай хажуу талын дугуй засварын Доржоо гэж залуу болон намайг гаднаас цоожилсон найз Нямлхагва нар мэдэж байгаа. Надад харуулж байгаа энэ нүдний шилийг харж байгаагүй, мэдэхгүй. Би Санжсүрэн гэдэг хүн танихгүй. Нэмж хэлэхэд Цэвээндорж надад гар утастай болсон уу гэж хэлээд утас өгөх үед миний хажууд найз Нямлхагва хараад сонсоод байж байсан. Би Цэвээндоржид “2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр чамайг манай гэрт ирээд архи уучихаад явсан, тэгээд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надад гар утас авчирч өгсөн гээд хэлчихсэн шүү, би чамтай явсан гэдгээ хэлээгүй, чи бид 2 нэг нэгэндээ гэрч болохгүй нь мэдээж, тэгэхээр чи энэ хэргийг даачих, хоёулаа бол хүндэрнэ” гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 201-204, 3 хх-ийн 67-68 х/

                                                                                                 

            30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13884 тоот дүгнэлтэд:

             а/ Н.Цэвээндоржийн биед баруун зүүн өвдөгний шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

            б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /1 хх-ийн 164 х/

 

            31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13883 тоот дүгнэлтэд:     а/ О.Эрдэнэбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1 хх-ийн 166 х/

 

32.Эд зүйлийн үнэлгээнд: - Samsung маркийн хар өнгөтэй товчлууртай гар утас – 15.000 төгрөг гэжээ. /3 хх-ийн 173/

 

33. Н.Цэвээндоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж, АА-ийн Эрдэнэт гарнизоны цэргийн тусгай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, Ялтны зан байдлын тодорхойлолт, Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /1 хх-ийн 208 х, 3 хх-ийн 71-74, 75, 76-77, 78, 79, 80, 178-179 х/

 

34. О.Эрдэнэбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол, Өршөөл үзүүлэх тухай комиссын тогтоол, Ялтны зан байдлын тодорхойлолт, Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /1 хх-ийн 209 х, 3 хх-ийн 85-86, 87 х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 4 хуудас баримт, шүүгдэгч О.Эрдэнэбаярын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 3 хуудас баримт зэрэг болно.

 

             Шүүхийн дүгнэлтийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Цогнууд овогт Очирбатын Эрдэнэбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар О.Эрдэнэбаярын гэм буруу, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Цэвээндоржтой бүлэглэн шунахай сэдэлтээр талийгаачийн амь насыг хохироосон нь нотлогдоогүй тул шүүхээс таамаглалд үндэслэж түүнд ял халдаах боломжгүй, үндэслэлгүй юм. Ингэж дүгнэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдсон болно. Нотлох баримтуудыг дурдвал:

            Гэрч Д.Нямлхагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ер нь бол О.Эрдэнэбаярыг өөрийнх нь гуйлтын дагуу цоожлоод явдаг ...Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны орой О.Эрдэнэбаярыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 32 дугаар тойрог дээр байрлах “Дугуй засвар” нэртэй засварын газарт /амьдардаг гэх/ гаднаас нь цоожилсон байсан. Яагаад гэвэл,  шөнө орой хаалга үүдийг нь татаж, хүн амьтан уруу татаад байдаг гэсэн. ...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэбаярын амбаарт түүнтэй цуг байж байхад гаднаас Цэвээндорж орж товчлууртай жижиг хар утас гаргаж ирээд Эрдэнэбаярт өгч “май чи энэ утсыг ав” гэхэд нь Эрдэнэбаяр “за ашгүй, утастай боллоо, одоо симээ сэргээж хийнээ, яаж хүнээс зүгээр утас авах вэ” гэж хэлээд Цэвээндоржид 5.000 төгрөг өгч байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Гэрч Т.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... О.Эрдэнэбаяр нь шөнө унтахдаа зарим үед гаднаасаа Нямлхагва бид  хоёроор цоожлуулдаг байсан. Ер нь Эрдэнэбаяр нэг их гадуур яваад байдаггүй бөгөөд тэр 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ний өдрүүдэд амбаартаа ажлаа хийгээд л байж байсан байх гэж бодож байна. 2016 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна Эрдэнэбаяр надад хэлэхдээ “гар утсаа алдаад оронд нь 5000 төгрөгөөр ийм гар утас авлаа” гээд товчлууртай хар өнгийн Самсунг маркийн гар утас үзүүлж байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 187-189х/

            Шүүгдэгч Н.Цэвээндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Эрдэнэбаярын гэрт нь очиж нөгөө залуугийн утсыг нь өгчихөөд буцаад Батжавынд очсон” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 192-196х, 3 хх-ийн 63-65 х/

            Шүүгдэгч О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэдний өдөр гэдгийг санахгүй байна, 16-17 цагийн орчим Цэвээндорж манай ажил дээр ганцаараа ирээд юу байна, сонин юутай, чи гар утастай болоо юу гэж асуусан. Тэгэхээр нь утастай болоогүй гэхэд май гээд надад хар өнгийн Самсунг гэсэн товчлууртай гар утас өгөхөөр нь баярлалаа гэж хэлээд аваад миний найз 5.000, 10.000 төгрөг авах юм уу гэхэд за яахав дээ гэж хэлэхээр нь би май гээд 5.000 төгрөг, жижиг Collegate шүдний оо өгсөн. Тэр үед манай ажлын газрын Нямлхагва миний хажууд зогсож байхаар нь би Нямлхагвад бас 1 шүдний оо өгсөн. Хэзээ, хаана, хэнээс авсан гар утас гэдгийг би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 201-204, 3 хх-ийн 67-68 х, шүүх хуралдааны тэмдэглэл/  зэрэг нотлох баримтуудтай байна.

            Дээрх нотлох баримтуудаар, шүүгдэгч О.Эрдэнэбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө гадагшаа гараагүй, өөрийн амьдардаг амбаар /дугуй засварын газар/-таа бусдаар цоожлуулсан байдалтай амарч байсан, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 хоногийн дараа шүүгдэгч Н.Цэвээндорж нь гэмт хэрэг үйлдэж олсон гар утсаа О.Эрдэнэбаярт авчирч өгсөн болох нь гэрчүүдийн болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

            Түүнчлэн  хэргийн газарт 3 хүн бус, амь хохирогчоос гадна нэг хүн байсан болох нь дараах нотлох баримтын эх сурвалжтай байна. Тухайлбал,

Гэрч У.Өнөтэгшийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...амарч байхад шөнө 02-03 цагийн орчимд ертөнцийн зүгээр хойд талаас далангийн баруун талаас үхэр мөөрөөд, хонь майлаад байгаа юм шиг эсвэл хүн огиод, бөөлжөөд байгаа юм шиг чимээ гараад хүмүүс ярилцаад байх шиг байсан. Тэгээд би босоод харахад нэг цагаан куртиктэй согтуу хүн далангийн баруун талаас далан руу гүйж орж ирээд урд зүг рүү далангаар гүйгээд явсан. Тухайн үед гадаа сарны гэрэлтэй, гэгээтэй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 95-97 х/

             Гэрч Б.Шинэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний 02 цаг дөнгөж өнгөрч байхад манай 3-р постны харалдаа ертөнцийн зүгээр зүүн урагш 200 метр орчим зайтай далан дотор нэг эрэгтэй хүн орилох 1-3 удаа орилсон ба нэг их сонин орилсон. Миний бодсоноор хоолой нь бөглөрөөд юм тээглэхээр эвгүй орилдог, түүн шиг дуу чимээ гараад байсан. Тухайн үед хүн хоорондоо ярих дуу чимээ  гараагүй,  мөн зодоон нүдээн болоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-108 х/

            Гэрч У.Өнөтэгшийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд:   “...амарч байхад шөнө үхэр мөөрөх шиг дуу чимээ гарахаар нь эхнэрийнхээ ардаас өндийгөөд хүний дуу чимээ гарсан зүг буюу далангийн баруун тал руу харахад цайвар өнгийн хувцастай хүн энэ хавьцаа далан уруудаад явж байсан ...уг цагаан өнгийн цамцтай хүн далангаас зүүн урагш чиглэлд буугаад явсан. Би тэр хүнийг буугаад гүйх үедээ энэ савнууд дээгүүр гишгээд гүйсэн гэж бодож байна, яагаад гэхээр саван дээр гишгээд гардаг дуу чимээ сонсогдсон” гэж ярьсаныг тэмдэглэлд тусгав. ...Тэр цагаан өнгийн куртиктэй хүн далангийн баруун талын ирмэг дагаад чанх урагш чиглэлд явсан гэж зааж байлаа” гэх /1 хх-ийн 43-46 х/

            Туршилт хийсэн тэмдэглэлд:       “...Цогцос олдсон газар буюу мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батсайханы зогсож буй газраас гэрч У.Өнөтэгшийн унтаж байсан гэх 84-р байрны зүүн хойд булан нь 34 метр зайтай байх ба уг газраас Ж.Батсайханы 1-р түвшний авиа бүдэг, 2, 3-р түвшиний авиа тод сонсогдож байв. “Mill House” ХХК-ийн харуулын байрны гадна талд гарч зогсоход Ж.Батсайханы гаргаж буй 1, 2-р түвшний яриа сонсогдохгүй, 3-р түвшиний авиа бүдэг сонсогдож байна...” гэжээ. /1 хх-ийн 59-60 х/ зэрэг баримтуудтай байна.

            Өөрөөр хэлбэл, гэрч Б.Өнөтэгш, Б.Шинэболд нар нь шөнийн 02-03 цагийн хооронд гарсан “сонин дуу чимээ”-г аль аль нь сонссон төдийгүй Б.Өнөтэгш нь 1 хүн гүйгээд явсаныг, гэрч Б.Шинэболд нь ямар нэгэн зодоон нүдээн болоогүйг тус тус гэрчилсэн нь бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгээгүй, харилцан нотолсон шинжтэйгээс гадна гэрч Б.Өнөтэгшийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлээр тэрбээр хэргийн газарт очиж, тухайн шөнө болсон үйл баримтыг өөрийн үзсэн харсан зүйлийн хэмжээнд зааж мэдүүлсэн ба түүний унтаж амарч байсан гэх газраас хэрэг болсон гэх газар хүртэлх зайд дуу чимээ сонсогдож байсан болох нь туршилтаар тогтоогдсон тул дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Н.Цэвээндоржийн “О.Эрдэнэбаяр, үл таних залуу бид 3 далангийн баруун талд суугаад архиа ууцгаасан, О.Эрдэнэбаяр тэр залуутай  маргалдсан, би О.Эрдэнэбаярыг өмөөрөөд нөгөө залуутай  маргалдахад тэр залуу миний нүүр лүү цохисон, би түүний юүдэнгийнх нь араас зүүн гараараа атгаад далан руу бид 2 хамт дээр доороо ороод далан дотор унасан, Эрдэнэбаяр далан дээрээс бууж ирээд хажуунаас түүний нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохиход нь би тэр залууг юүдэнгээс нь тавьсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн гэж үзсэн болно.

 

            Харин гэрч Д.Нямлхагвын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгийг үнэлээгүй болно. Учир нь, түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Эрдэнэбаярыг тухайн өдөр цоожилсоноо санахгүй байна” гэсэн мэдүүлэг нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би О.Эрдэнэбаярыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны орой гаднаас нь цоожилсон” гэсэн мэдүүлэгтэй зөрсөн тул  шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн шалтгааныг тодруулахад гэрч  Д.Нямлхагва нь “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн хүмүүс ирээд надтай уулзсан, би их сандарсан. Яагаад гэвэл намайг гавалж авч явсан. Би “юу болж байгаа юм бэ” гэж асуухад хүн амины хэрэгтэй холбоотой гэж хэлсэн. Би их айсан. Дараа мэдүүлэг авахдаа цайны газар олон хүмүүсийн дэргэд таагүй нөхцөлд авсан. Анх удаа л ийм байдалд орж үзэж байна” гэж мэдүүлсэн болно.

            Иймд түүнийг зориуд худал мэдүүлэг өгсөн буруутгах үндэслэлгүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Дураал овогт Намсрайн Цэвээндоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 болгон хөнгөрүүлж шийдвэрлэв. Учир нь, шүүгдэгч О.Эрдэнэбаяр нь тухайн хэрэгт хамтран оролцсон болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдоогүй учир шүүгдэгч Н.Цэвээндоржийг уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Цэвээндорж нь шунахайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 02-03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын баруун талын үерийн далан дотор иргэн П.Санжсүрэнгийн хоолойг нь боож санаатай алсан болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд /1 хх-ийн 4-9, 11-20 х/

 

Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...О.Эрдэнэбаяраас хар өнгийн гадаргуутай товчлууртай, дэлгэцийн чанх доод талд Самсунг гэсэн бичиглэл бүхий гар утас 1 ширхэгийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай” /1 хх-ийн 21-24 х/

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд /1 хх-ийн 33-36 х/

 

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 37-42 х/

 

              Гэрч У.Өнөтэгшийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд:   “...Би эхнэр Уранчимэгийн хамт энэ газарт хэвтэж байтал үхэр мөөрөх шиг дуу чимээ гарахаар нь эхнэрийнхээ ардаас өндийгөөд хүний дуу чимээ гарсан зүг буюу далангийн баруун тал руу харахад цайвар өнгийн хувцастай хүн энэ хавьцаа далан уруудаад явж байсан. Уг хүн далангаас зүүн урагш чиглэлд буугаад явсан гэх ба далангийн доод хэсэгт буюу шаварлаг хөрсөн дээр бор өнгийн пивоны савнууд байлаа. Гэрч У.Өнөтэгш “ Би тэр хүнийг буугаад гүйх үедээ энэ савнууд дээгүүр гишгээд гүйсэн гэж бодож байна, яагаад гэхээр саван дээр гишгээд гардаг дуу чимээ сонсогдсон” гэж ярьсаныг тэмдэглэлд тусгав. ...Тэр цагаан өнгийн куртиктэй хүн далангийн баруун талын ирмэг дагаад чанх урагш чиглэлд явсан гэж зааж байлаа.” гэх /1 хх-ийн 43-46/

             

              Туршилт хийсэн тэмдэглэлд:     “...Цогцос олдсон газар буюу мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батсайханы зогсож буй газраас гэрч У.Өнөтэгшийн унтаж байсан гэх 84-р байрны зүүн хойд булан нь 34 метр зайтай байх ба уг газраас Ж.Батсайханы 1-р түвшиний авиа бүдэг, 2, 3-р түвшиний авиа тод сонсогдож байв. Цогцос олдсон газар буюу мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батсайханы зогсож буй газраас гэрчийн байсан гэх “Mill House” ХХК-ийн харуулын байр 87 метр зайтай байх ба уг байран дотроос Ж.Батсайханы 1,2,3-р түвшиний авиа огт сонсогдохгүй байв. Харуулын байрны гадна талд гарч зогсоход Ж.Батсайханы гаргаж буй 1,2-р түвшний яриа сонсогдохгүй, 3-р түвшиний авиа бүдэг сонсогдож байна...” гэжээ. /1 хх-ийн 59-60 х/

 

            Сэжигтэн Н.Цэвээндоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтэд:           “...тэр залуу миний нүүр лүү баруун гараараа зүүн нүдний доод талд нэг удаа цохьсон. Тухайн үед тэр залуу малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн байсан ба тэр залууг намайг цохихоор нь би малгайных нь дээд хэсгээс барьж, малгай нь толгойноос нь мултарч баруун тал дээр нь гараад ирсэн. Тэгээд бид 2 зууралдаж далан руугаа унасан. Далан руу унаж далангийн доод талд өнхөрсөөр ирэхэд тэр залуу миний дээр гарчихсан, би энэ үед түүний малгайтай цамцны малгайнаас зуурсан хэвээрэй л байсан. ...Тэгээд би тэр залуугийн цээж рүү нь нэг гараараа түлхээд тэр залууг хажуу тийш унагаасан. Би тэр залууг доороо оруулчихаад дээш бостол тэр залуу намайг дагаад босоод ирсэн, энэ хугацаанд би малгайнаас нь барьсан хэвээрээ л байсан. Тэгээд би түүний зүүн гар талд нь гарчихсан байсан ба тэр залуу 2 гараараа хойшоогоо намайг самардах гээд, доогуураа хөлөөрөө намайг хөл рүү өшиглөх гээд тийчигнээд байсан. ...Би тухайн үед тэр залууг боолт ороод муужирчихлаа л гэж бодсон...” гэжээ. /1 хх-ийн 64-85 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1807 тоот дүгнэлтэд:

            а/ Талийгаачид механик амьсгал бүтэлт-боолт, нүүр мөчдийн зулгаралт, зүүн жавьжинд цус хуралт тогтоогдлоо. Амьсгал бүтэлт нь зөөлөн зүйлийн хүзүүг боож дарах үйлчлэлээр, нүүр, мөчдийн зулгаралт нь цохих, унах үед үүснэ. Зүүн жавьжны цус хуралт нь цохих үед үүсгэгдэнэ.

б/ Боолт нь үхэлд хүргэжээ.

в/ Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

г/ Талийгаач нь амьсгал бүтэж нас баржээ.

д/ Цус нь 3-р бүлэг байна.

е/ Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. /1хх-ийн 148-149 х/

 

              Шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Санжсүрэнд 2017 оны 10 дугаар сарын 01-ний 17-18 цагийн хооронд задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээнд ороход талийгаач нас бараад 17 цаг орчим болсон байсан. Тэгэхээр талийгаач нь ойролцоогоор 10 сарын 01-ний өдрийн 02-04 цагийн хооронд нас барсан байх боломжтой. Талийгаачийн хүзүүнд үүссэн боолтын ором нь 0,5 см орчим өргөн уяагаар үүсгэгдсэн байж болох бөгөөд уг үйлдлийг араас нь татсан байж болно. Боолтын үед нүүрэнд цус чинэрч хуралддаг учир нүүр бүлцийсэн. Талийгаачийн нүдний байдал хэвийн бүлцэндүү, нүүрэнд үүссэн зулгаралтууд шинэ байсан. Талийгаачийн нурууны ар хэсэгт хүүрийн толбо үүссэн байсан. Талийгаач хэргийн газраас олдохдоо доошоо харсан байсан ч  хэвлий хэсэгт нь хүүрийн толбо үүсээгүй байсан. Үүнээс үзэхэд талийгаачийг нас барсны хойно зөөвөрлөх хөдөлгөх гэх үйлдлүүд хийгдсэн байж болно. Цогцост хийсэн үзлэгээр амь хохирогчийн зүүн дээд зовхи хавдсан, духны баруун төвгөр овойж хавдсан дээр нь 1 х 0,4см, 1 х 0,3см, 1 х 0,2см, 0,2 х 0,2см хэмжээ бүхий улаан өнгийн зулгаралтуудтай, баруун дунд хэсэгт 2 х 0,4, түүнээс харалдаа 1,5 х 0,4, хүзүүний зүүн урд хэсэгт 2 х 0,3см, хэмжээтэй улаан өнгийн цус хуралттай, хамрын нуруунд 1,5 х 1см, духны зүүн дээд хэсэгт 2 х 2см талбайд, эрүүний зүүн доод хэсэгт босоо байрлалд 2,5 х 1см, баруун хацрын хумсны харалдаа 3 х 2см талбайд, хацрын шаантанд 2 х 1см улаан өнгийн зулгаралтуудтай, нүүр хүрэн улаан өнгөтэй, дээд хоёр зовхины салстад цэгчилсэн шигүү цус харвалтуудтай, уруулын жирэвгэр нугалааст цус харвалтууд байсан. Зүүн завьжны дотор салстад цус хурсан зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Олон тооны зулгаралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь амьсгал бүтэлтийн улмаас нас барсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Энэ нь хүзүүн дэх боолтын ором, 2 нүдний салст, зовхи, амны хөндийн салст, нүүрэн дэх бүдэг хөх өнгөтэй цус харвалтууд, дотор эрхтэнд гэнэтийн үхлийн шинжүүдээр илэрсэн. Боомилолтын ором хүзүүний 2 талаар хөндлөн шулуун, тасархайтсан байдалтай үүссэн байсан. Боолтын чиглэлийг нарийвчлан хэлэх боломж алга. Босоо, суугаа, хэвтээ аль байрлалд байхад нь үүссэнийг тодорхой хэлэх боломжгүй. Зүүн завьжны салстад цус хуралт нь цохилтоос үүсэх боломжтой. Боомилогдсон тохиолдолд богино хугацаанд буюу дорхноо л үхэлд хүргэнэ. Амь хохирогчийн нүүр хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралтууд нь унах, үрэгдэх, шүргэгдэх, цохигдох үед үүсэх боломжтой. Нүүрэнд үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд болно. Талийгаачийн цусанд 2,3 промил спиртийн агууламж илэрсэн. 2,3 промил спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Дунд зэргийн согтолт нь биеэ хамгаалах чадвартай, ухамсарт үйлдэл хийх боломжтой байсан. Биеэ хамгаалах чадвартай гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 167-168, 169-170 х, 3 хх-ийн 165-166 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13884 тоот дүгнэлтэд:

            а/ Н.Цэвээндоржийн биед баруун зүүн өвдөгний шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

            б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /1 хх-ийн 164 х/

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...Амь хохирогч Санжсүрэнгийн өмсөж явсан хүрэн өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн фудболк, цагаан өнгийн 1 хос пүүз, цайвар ногоон өнгийн 1 хос оймс, цэнхэр өнгийн дотоож, яллагдагч Н.Цэвээндоржийн өмсөж явсан саарал өнгийн саравчтай малгай, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, хөх өнгийн куртик, хүрэн өнгийн 1 хос ботинк, 2 ширхэг хуванцар аяга, Сэрүүн гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар сав, Хараа гэсэн бичиглэлтэй шилэн лонх зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргав...” /2 хх-ийн 185/

 

            Хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн ххэлэлцүүлэгт өгсөн: “...Би талийгаач хүүтэйгээ 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дүү Ням- Осорын гэрт ирсэн байх үед  уулзсан ба талийгаач хүү маань орой 20 цаг өнгөрөөгөөд ирээд хүнтэй уулзана гээд Ням-Осортой ярьж байгаад Ням-Осорт мөнгө өгөөд би 9.000 төгрөг аваад явлаа шүү гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр шөндөө гэртээ ирж хоноогүй маргааш өглөө нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 09 цагийн үед би Тэрэлж явсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр утсаа пук болгочихлоо уулзах гэж явсан найзтайгаа уулзчихлаа гээд эгч Ням-Осортойгоо ярьсан байсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн орчим явахдаа цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан пүүз, урдуураа эрээн өнгийн цэнхэр өнгийн малгайтай цамц, бор өнгийн хүрэм гэмээр куртик, хар өнгийн нүдний шилтэй, дотуураа улбар шар өнгийн adidas гэсэн бичигтэй подволктой гарсан. Биедээ бэлэн 9.000 төгрөг, гар утастай явсан ямар гар утастай байсныг нь би мэдэхгүй байна. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 3.580.400 төгрөгний зардал гарсан, мөн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 5.080.400 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 92-94 х, 2 хх-ийн 186 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч У.Өнөтэгшийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр С.Уранчимэг бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвгэрт байрлах Залуус-2 хороололын 84-р байрны далан талын 1 давхарын тагтан доогуур унтаж амарч байхад шөнө 02-03 цагийн орчимд ертөнцийн зүгээр хойд талаас далангийн баруун талаас үхэр мөөрөөд, хонь майлаад байгаа юм шиг эсвэл хүн огиод, бөөлжөөд байгаа юм шиг чимээ гараад хүмүүс ярилцаад байх шиг байсан. Тэгээд би босоод харсан. Тухайн үед гадаа сарны гэрэлтэй, гэгээтэй байсан. Тэгсэн нэг цагаан куртиктэй согтуу хүн далангийн баруун талаас далан руу гүйж орж ирээд урд зүг рүү далангаар гүйгээд явсан. Тэгээд би буцаад унтсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 95-97 х/

 

            Гэрч Н.Мөнхсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10-р сарын 01-ний өглөө 06 цаг 55 минутын үед цонхоороо баруун тийш харсан чинь манай байрны баруун талын далангийн гол руу баруун талаас нь нүүрээ хийгээд доошоо хараад хэвтсэн цэнхэр жинсэн өмдтэй, хар куртиктэй хүн байхаар нь цагдаа дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 101-102 х/

 

            Гэрч Б.Шинэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний 02 цаг дөнгөж өнгөрч байхад манай 3-р постны харалдаа ертөнцийн зүгээр зүүн урагш 200 метр орчим зайтай далан дотор нэг эрэгтэй хүн орилох шиг чимээ сонсогдсон ба миний сонссоноор 1-3 удаа орилсон ба нэг их сонин орилсон. Миний бодсоноор хоолой нь бөглөрөөд юм тээглэхээр эвгүй орилдог, түүн шиг дуу чимээ гараад байсан. Би тэр үед нь өөрийн албаны хэрэгцээний гар чийдэнгээ тусгаж үзэхэд юм харагдахгүй байсан. Тухайн үед хүн хоорондоо ярих дуу чимээ  гараагүй,  мөн зодоон нүдээн болоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-108 х/

             

            Гэрч Н.Ням-Осорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач миний төрсөн эгч Пүрэвсүрэнгийн хүү юм. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад талийгаач өөрийнхөө 80580180 дугаарын утаснаасаа над руу залгаад ... одоо очлоо гээд утсаа тасалсан. Талийгаач гэрээс гарахдаа цагаан өнгийн пүүз, цайвар жинсэн өмд, шаргал өнгийн фудволктай, малгайтай саарал өнгийн ноосон цамцтай, бор өнгийн куртиктэй байсан... мөн 9000 төгрөг, хар өнгийн товчлууртай самсунг гар утас, хар өнгийн нүдний шилтэй явсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 125-127 х/

 

            Гэрч Д.Нямлхагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрдэнэбаярыг ажлын байранд нь цоожилдог. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Эрдэнэбаярыг цоожилсон. Ер нь өдөр алгасахгүй цоожилдог байсан. Би тухайн үед /мөрдөн байцаалтын үед/ санахгүй, сандарсан зүйл байсан байх. Орой нь цоожлоод өглөө онгойлгодог. Цэвээндорж, Эрдэнэбаяр нарыг утас өгч авахад нь би байсан, мөнгө өгөхийг нь харсан. Би орой харихдаа Эрдэнэбаярыг юмаа оруулаарай гэж хэлээд 22-23 цагийн үед цоожилсон.  Яагаад гэвэл тэр хавиар архи уудаг хүмүүс их явдаг, Эрдэнэбаярын контейнерт миний ажлын зарим багажууд байдаг. Эрдэнэбаяр хүмүүс орж ирж архи ууж уруу татах гээд байна гэх зүйл ярьдаг. Тэгээд би зөвшөөрөөд цоожилдог болсон. Цэвээндорж нь  2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирсэн байх.  Би Цэвээндоржтой мэнд, устай байдаг. Эрдэнэбаяр ажилгүй, мөнгөтэй болвол утастай болно, утсаа алдсан гэж хэлж байсан. Тухайн үед би хажууд нь машин угааж байсан.  Тэгсэн Цэвээндорж утас гаргаж ирээд энэ утсыг ав гэж хэлсэн. Эрдэнэбаяр баярлалаа гээд Цэвээндоржид 5000 төгрөг өгсөн. Надад нэг оо өгсөн, би Цэвээндоржид өгсөн эсэхийг мэдэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн хүмүүс ирээд надтай уулзсан, би их сандарсан, айсан. Яагаад гэвэл намайг гавалж авч явсан. Би “юу болж байгаа юм бэ” гэж асуухад хүн амины хэрэгтэй холбоотой гэж хэлсэн. ...Эрдэнэбаяр нь ажлын байрандаа цэнхэр цамц, ногоон өмд, хар хөх ажлын өмд өмсдөг. Хавар намрын гутал өмсдөг байсан. Пүүз өмсдөггүй байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Т.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна Эрдэнэбаяр надад хэлэхдээ “гар утсаа алдаад оронд нь 5000 төгрөгөөр ийм гар утас авлаа” гээд товчлууртай хар өнгийн SAMSUNG маркийн утас үзүүлж байсан. Хэзээ хэнээс авсан гэдгийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 187-189 х/

 

            Шүүгдэгч Н.Цэвээндоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 30-ны  өдөр ... лабораторийн баруун талын автобусны буудал буюу хотын төв рүү явдаг автобусны буудал дээр очиж нөгөө архиа задалж байхад үл таних залуу буюу 160 см орчим өндөртэй, цайвар саарал өнгийн юүдэнтэй цамцтай, цайвардуу жинсэн өмдтэй, цамцныхаа юүдэнг өмсчихсөн, 30 орчим насны залуу хүрч ирээд “дүүд нь 3000 төгрөг байна, цуг уучихаж болох уу?” гэхээр нь би “тэг тэг танайх хаана юм бэ” гэсэн чинь тэр залуу “манайх толгойтод” гэж хэлсэн. Тэгээд бид тэндээсээ төв засмал замынхаа баруун талаар дээш өгсөөд “Тэсо” ХХК-ийн араар баруун тийш эргээд далан руу очиж далангийнхаа баруун талд суугаад архиа ууцгаасан юм. Архи уугаад явган сууцгааж байхад нөгөө залуу Эрдэнэбаяртай маргалдаад байхаар нь би Эрдэнэбаярыг өмөөрөөд “чи дуугүй бай” гэж хэлсэн чинь тэр залуу миний зүүн нүдний доод талд баруун гараараа 1 удаа цохихоор нь би тэр залуугийн юүдэнтэй цамцных нь юүдэнгийнх нь араас зүүн гараараа атгаад нөгөө залууг зүүн тийш нь татаж далан руу бид 2 хамт унасан юм. Бид 2 дээр доороо ороод далан дотор унасан бөгөөд талийгаач миний дээр гарчихаар нь би доороос нь түлхээд дээр нь гарсан. Тэр үед би тэр залуугийн юүдэнгийн анх барьсан газраасаа тавиагүй байсан бөгөөд босч ирэхдээ цамцных нь юүдэнгээс дээш өргөөд босч ирэхэд тэр залуугийн цамцных нь зах хоолойг нь бооход тэр залуу гараараа нүүр самардах гээд байсан мөн хөлөөрөө миний шилбэ рүү өшиглөөд байсан. Би талийгаачийг урьд нь таньдаггүй байсан, бид 2-ын хооронд өр авлага өш хонзон болон бусад хувийн таарамжгүй харилцаа байгаагүй” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 192-196, 197-200 х, 3 хх-ийн 63-66 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           

            Шүүгдэгч Н.Цэвээндорж нь аливаа гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг өөрийнх нь эсрэг үйл хөдлөл, эсэргүүцэл үзүүлэхгүй байх зорилгоор “ боолтын арга” хэрэглэдэг болох нь түүний мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Н.Цэвээндоржийн өмнө шийтгүүлж байсан байдал /шийтгэх тогтоолуудын хуулбар-1 хх-ийн 208 х, 3 хх-ийн 71-74, 75х / зэргээр тогтоогдсоноос гадна тус хэргийн хохирогч болох П.Сансүрэн нь механик амьсгал бүтэлт буюу боолтын улмаас нас барсан, хохирогчийн биед үүссэн  олон тооны зулгаралтууд нь /шүүгдэгч Н.Цэвээндорж нь амь хохирогчийг боосон чигтээ далан дээрээс доошоо өнхөрч унасан/ далангийн уруу өнхөрч унах явцад нэгэн зэрэг үүсэх боломжтой болох нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 33-36 х/, шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 148-149х/, шинжээчийн мэдүүлэг /1 хх-ийн 167-168, 169-170 х, 3 хх-ийн 165-166 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Н.Цэвээндоржийг тус хэргийг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч Н.Цэвээндорж нь амь хохирогч П.Санжсүрэнгийн эд зүйлийг авах зорилгоор алаагүй, түүнийг нас барсан гэж мэдээгүй гэж мэдүүлдэг боловч тэрбээр амь хохирогчийн Самсунг маркийн гар утсыг авсан, уг гар утсаа О.Эрдэнэбаярт зарж борлуулсан болох нь шүүгдэгч О.Эрдэнэбаяр, гэрч Д.Нямлхагва, Т.Өлзийбат нарын мэдүүлгээр тогтоогдсон тул түүнийг шунахай сэдэлтээр хүнийг санаатай алсан гэж дүгнэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнийн 01 цаг гэж тодорхойлсон байх боловч тухайн гэмт хэрэг нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 02-03 цагийн хооронд үйлдэгдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Тухайлбал,

Гэрч У.Өнөтэгшийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвгэрт байрлах Залуус-2 хороололын 84-р байрны далан талын 1 давхарын тагтан доогуур унтаж амарч байхад шөнө 02-03 цагийн орчимд ертөнцийн зүгээр хойд талаас далангийн баруун талаас үхэр мөөрөөд, хонь майлаад байгаа юм шиг эсвэл хүн огиод, бөөлжөөд байгаа юм шиг чимээ гараад хүмүүс ярилцаад байх шиг байсан. Тэгээд би босоод харахад нэг цагаан куртиктэй согтуу хүн далангийн баруун талаас далан руу гүйж орж ирээд урд зүг рүү далангаар гүйгээд явсан. Тухайн үед гадаа сарны гэрэлтэй, гэгээтэй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 95-97 х/

            Гэрч Б.Шинэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний 02 цаг дөнгөж өнгөрч байхад манай 3-р постны харалдаа ертөнцийн зүгээр зүүн урагш 200 метр орчим зайтай далан дотор нэг эрэгтэй хүн 1-3 удаа орилсон ба нэг их сонин орилсон. Миний бодсоноор хоолой нь бөглөрөөд юм тээглэхээр эвгүй орилдог, түүн шиг дуу чимээ гараад байсан. Би тэр үед нь өөрийн албаны хэрэгцээний гар чийдэнгээ тусгаж үзэхэд юм харагдахгүй байсан. Тухайн үед хүн хоорондоо ярих дуу чимээ  гараагүй,  мөн зодоон нүдээн болоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 107-108 х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1807 тоот дүгнэлт, шинжээч  Ц.Ганболдын мэдүүлгээр “...Санжсүрэнд 2017 оны 10 дугаар сарын 01-ний 17-18 цагийн хооронд задлан шинжилгээнд ороход талийгаач нас бараад 17 цаг орчим болсон байсан. Тэгэхээр талийгаач нь ойролцоогоор 10 сарын 01-ний өдрийн 02-04 цагийн хооронд нас барсан байх боломжтой” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 148-149 х,167-168, 169-170 х, 3 хх-ийн 165-166 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

            Шүүгдэгч Н.Цэвээндоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Драгон дээрээс архи авсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудтай байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Цэвээндорж нь шөнийн 01 цаг 10 минутын үед гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт очоогүй байсан талаар мэдүүлсэн, түүнчлэн гэрч У.Өнөтэгш, Б.Шинэболд нарын “шөнийн 02-03 цагийн хооронд сонин дуу чимээ гарсан” гэсэн мэдүүлэг нь шинжээч Ц.Ганболдын “... амь хохирогч 02-04 цагийн хооронд нас барсан байх боломжтой” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон тул гэмт хэрэг нь 02-03 цагийн хооронд  үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

             Иймээс энэ хэрэгт гэрчээр байцаагдсан, яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар дурьдагдсан зарим гэрч нарын мэдүүлгийг нотолгооны хувьд ач холбогдолгүй, энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн болно. Тодруулбал,

            гэрч Т.Нацагнямын мэдүүлэгт “...00:00-01:00 цагийн үед гүүрний тэр хавьд 3 эрэгтэй хүн байх шиг байсан. 1 эрэгтэй 4 удаа аа гээд чанга орилсон гэж /1хх-ийн 110-111х/,

            гэрч Д.Моломжамцын “...00:00-01:00 цагийн  үед далангийн урд хэсэгт байрлах гүүрний тэр хавьд 2-3 эрэгтэй хүн хоорондоо хэрэлдээд зодолдоод байх шиг  дуу чимээ гарсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114х/ зэргээс үзвэл уг үйл явдал нь хэрэг гарсан цаг хугацаатай тохирохгүй байгаагаас гадна  хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлаас эрс зөрүүтэй байдал тогтоогдсон тул тус хэргийн үйл баримттай ямар  нэгэн холбоогүй, энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэхээр байна.

 

          Иймд шүүгдэгч Н.Цэвээндоржийг шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Н.Цэвээндоржийн өмнө эдэлж байсан ял шийтгэл, ялтай байдал, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох эсэх асуудлын тухайд:

          Шүүгдэгч Н.Цэвээндорж нь урьд 1989 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр АА-ийн Эрдэнэт гарнизоны цэргийн тусгай шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялын оронд мөн хугацаагаар гарнизоны сахилгажуулах ангид явуулсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, АА-ийн Эрдэнэт гарнизоны цэргийн тусгай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, /1 хх-ийн 208 х, 3 хх-ийн 178-179 х/ зэргээр тогтоогдсон болно.

Дээрх ял шийтгэлийн байдалд дүгнэлт хийхэд: Н.Цэвээндорж нь 1986 оны 12 дугаар 5-ны өдөр дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн е-д “гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш гурван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заасны дагуу тэрбээр энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ял шийтгэлгүй болсон гэж үзэхээр байна.

б/ 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-т зааснаар 10 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9-т зааснаар 7 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялуудыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 10 жилээр тогтоосон ба 2006 оны 07 дугаар 03-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-иар түүний эдлэх ялаас 3 жилийг өршөөн хасаж, 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ялтны зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /1 хх-ийн 208 х, 3 хх-ийн 71-74, 75х/ зэргээр тогтоогджээ.

Дээрх байдлыг дүгнэхэд: Н.Цэвээндорж нь 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэд хэдэн төрлийн хүндэвтэр, хүнд гэмт  хэрэгт ял шийтгүүлж 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсанаар түүний хүндэвтэр, хүнд гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаа тоологдож эхэлсэн байх боловч тэрбээр 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүнд гэмт хэрэг үйлдсэнээр түүний ялгүй болох хугацаа тасарсан, ялтай байна.

в/ 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 299 дүгээр  шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж,  2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 181 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үйлдсэн 2 сар 24 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж, ялтны зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /1 хх-ийн 208 х, 3 хх-ийн 76-77, 78, 79, 80х/ зэргээр тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар “хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд  үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж  дууссанаас хойш  найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцно” гэж заасан байх боловч Н.Цэвээндорж нь энэ хугацаанд шинээр /онц хүнд/ гэмт хэрэг үйлдсэн байх тул ялгүйд тооцох хугацаа тасарсан гэж үзэхээр байна.

 Өөрөөр хэлбэл, 2005 онд шийтгүүлсэн хүндэвтэр, хүнд хэргийн хувьд болон 2012 онд шийтгүүлсэн хүнд хэргийн хувьд аль алинд нь ялтай байдалтай байна.

 Иймд шүүгдэгч Н.Цэвээндоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, дэглэмийг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх нь  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь, Н.Цэвээндорж урьд хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж уг ялаа эдэлсний дараа ялгүйд тооцох хугацаа тоологдож байх үед дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн нь оршуулгын зардалд 3.580.400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 5.080.400 төгрөг нэхэмжилсэн болно.

хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбогдох баримтуудаар:

Хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн нь оршуулгын зардалд 3.580.400 төгрөг нэхэмжилснээс 1.291.310 төгрөгийг оршуулгын зардалд зарцуулсан тухай баримтууд хэрэгт авагдсан тул уг мөнгийг шүүгдэгч Н.Цэвээндоржоос гаргуулж хохирогчийн төлөөлөгчид олгох нь үндэслэлтэй байна. /3 хх-ийн 128-140х/

Эм тариа, гоо сайханы хэрэгсэл, түрээсийн төлбөр зэрэгт зарцуулсан гэх 82.650 төгрөг, Хаан банкнаас Н.Пүрэвсүрэнгийн нэр дээр авсан 2.511.200 төгрөгийн зээл, нийт 2.593.850 төгрөгийг шүүгдэгч Н.Цэвээндоржоос нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ хэрэгт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн өөрийн хууль ёсны эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт авагдсан /3 хх-ийн 212х/ тул Н.Цэвээндоржоос 1.500.000 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнд олгох нь зүйтэй.

Нийт 2.791.310 /хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга гурван зуун арав/ төгрөгийг шүүгдэгч Н.Цэвээндоржоос гаргуулж хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнд олгохоор шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг маркийн гар утас, амь хохирогч П.Санжсүрэнгийн өмсөж байсан хүрэн өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн подволк, цагаан өнгийн хос пүүз, цайвар ногоон өнгийн 1 хос оймс, цэнхэр өнгийн дотоож зэргийг хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнд, шүүгдэгч Н.Цэвээндоржийн өмсөж байсан саарал өнгийн саравчтай малгай, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, хөх өнгийн куртик, хүрэн өнгийн 1 хос ботинк зэргийг шүүгдэгч Н.Цэвээндоржид тус тус буцаан олгож, 2 ширхэг хуванцар аяга, Сэрүүн нэртэй ногоон өнгийн хуванцар сав, Хараа нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Эрдэнэбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 193 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Н.Цэвээндоржийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 193 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов./1хх-ийн 171-172, 173, 181, 182,187, 190, 3хх-ийн 47, 50, 53, 56, 59, 62, 171, 172, 187, 188, 198х/

 

Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Цогнууд овогт Очирбатын Эрдэнэбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Дураал овогт Намсрайн Цэвээндоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Дураал овогт Намсрайн Цэвээндоржийг шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Цэвээндоржийг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржид оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 7. Шүүгдэгч О.Эрдэнэбаярыг 193 /нэг зуун ерэн гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржийн цагдан хоригдсон 193 /нэг зуун ерэн гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржоос 2.791.310 /хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга, гурван зуун арав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнд олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг маркийн гар утас, амь хохирогч П.Санжсүрэнгийн өмсөж байсан хүрэн өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн подволк, цагаан өнгийн хос пүүз, цайвар ногоон өнгийн 1 хос оймс, цэнхэр өнгийн дотоож зэргийг хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнд, шүүгдэгч Н.Цэвээндоржийн өмсөж байсан саарал өнгийн саравчтай малгай, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, хөх өнгийн куртик, хүрэн өнгийн 1 хос ботинк зэргийг шүүгдэгч Н.Цэвээндоржид тус тус буцаан олгож, 2 ширхэг хуванцар аяга, Сэрүүн нэртэй ногоон өнгийн хуванцар сав, Хараа нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

 10. Шүүгдэгч Н.Цэвээндорж, О.Эрдэнэбаяр нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

 11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Эрдэнэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Цэвээндоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

 

14. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Н.Цэвээндоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, О.Эрдэнэбаярт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ     

                         

 

                                     ШҮҮГЧИД                                   Г.ГАНБААТАР

 

 

                                                                                          Б.ДАШДОНДОВ