| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0538/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/676 |
| Огноо | 2024-08-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/676
2024 08 27 2024/ШЦТ/676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Н.Энхтөр,
хохирогч ***,
гэрч ***
шүүгдэгч Н.***, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***овогт ***ы ***од холбогдох эрүүгийн *** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ***төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын цахилгааны механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15-р хороо, *** тоотод оршин суух, урьд
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 656 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 510.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ***овогт ***ы *** /РД:ЗЙ84042816/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*** нь 2019 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***тэй маргалдаж улмаар түүний толгой хэсэгт цохисны улмаас гавлын дух ясны зүүн хэсэг дэх цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай уруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*** мэдүүлэхдээ: “...Миний бие энэ гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд намайг энэ хэрэгт гүтгэж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Надад учирсан гэмтлийг энэ хүн учруулсан. Одоо гомдолтой байгаа бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал болон ирээдүйд гарах эмчилгээний зардалд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.***мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ***тэй хамт караоке орчихоод гараад ажил руугаа орж явсан. Гэтэл *** таксинд сууна гээд гараа өргөж байхдаа энэ хүнтэй муудалцсан. Шүүгдэгч ***той ***, хамт явсан найзтай нь миний бие гээд хоёр хоёроороо хоорондоо барьцалдаж авч маргалдсан. Улмаар ***ийн толгойны зүүн хэсгээс цус гарсан байхаар нь араас нь очиж “тэр цохисон хүнээ хар цус гараад байна. үхчихвэл яахын” гэж хэлээд гар утсаараа зургийг нь авсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч ***ийн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө найз *** болон Ууганцэцэг нарын хамтаар Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” баарны урд байрлах туслах зам дагуу байрлалтай “Хас” нэртэй караокед орж 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи уугаад хэдэн цаг болсны дараа бид нар тухайн караокеноос гарч “***” баарны баруун талд байрлах найз ***гийн ажил руу болох “Төгс багана” нэртэй ломбард руу орох гээд зогсож байсан ба туслах замын хажууд байсан болохоор таксинд гараа өргөөд байж байтал над дээр үл таних өндөр, нам 2 залуу ирээд надаас тухайн ломбардыг ажиллаж байгаа юм уу гэж асуухад нь би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн бөгөөд юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Намайг гэнэт хэл амаар доромжлоод над руу гараа далайхад нь би гарыг нь цааш түлхсэн чинь тэр 2 хүний 170 см-ээс дээш өндөртэй нэг залуу нь миний толгойн зүүн дээд хэсэгт /юугаар цохисныг нь мэдэхгүй байна/ гараараа шууд цохисон. Тэгээд би тухайн үед хойшоо савж дагзаараа газарт унаад ухаан алдаж гэмтлийн эмнэлэгт очиж сэргэсэн. Намайг цохиулаад унахад найз *** нь эмнэлэг дуудсан бөгөөд намайг цохисон гэх эрэгтэйн зургийг нь гар утсан дээрээ дарж авсан ба тухайн зургийг надад 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үзүүлсэн. Би тухайн үед эмнэлэгт очиж тархины хагалгаанд орж 14-15 хоног хэвтэж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Хохирогч ***ийн дахин өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хүнд зодуулчхаад тархиндаа хүнд гэмтэл авч Гэмтлийн эмнэлэгт хэвтэн хагалгаанд орчхоод 12 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Эмнэлэгт хэвтэх хугацаанд надтай хамт найз *** сахиураар сахиж хамт байсан. Эмнэлэгт байх хугацаандаа найзаасаа юу болсон талаар асуухад чамайг цохисон залуугийн зургийг хажуу талаас дарахад тухайн залуу уурлаад хажуудаа байсан чулууг аваад намайг цохино гэж дайрсан. Тэр хоёрт хандаж энэ хүн чинь ухаан орохгүй байна, та нар туслаач гэхэд нөгөө хоёр залуу орон сууцны дундуур ороод зугтаад явчихсан гэж хэлсэн. Би гар утсан дээр нь байсан зургийг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө утсанд татаж авсан. ...эмнэлгээс гараад “Төгс багана” ломбардын хажуу талын цайны газрын гаднах хяналтын камерын бичлэгийг үзэхэд 2019 оны 02 дугаар сарын 22-аас 23-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад над дээр өндөр, нам хоёр залуу ирээд юм яриад яриа өдөөд маргалдаж байгаа харагдсан. Тэгээд бодоод байхад надаас манай найзын ломбардыг ажиллаж байгаа талаар асуухад би ажиллахгүй байгаа талаар хэлснээ санасан. Удалгүй өндөр залуу нь халааснаасаа гараа гаргаад миний толгойны зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би хойшоогоо явган хүний шатан дээр савж унаад дахиж босож ирээгүй харагдсан. Тухайн хяналтын камерын бичлэг дээрх залуу манай найзын өгсөн зурган дээрх залуугийн хувцас, малгай, царай төрхтэй таарч байсан. Тухайн хяналтын камерыг хуулбарлаж авсан боловч алга болсон байна лээ. Одоо хяналтын камерыг бичлэг байхгүй болсон. Би тухайн залууг харвал танина. ...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Paparazzi traffic Mongolia гэх нэртэй 163.000 дагагчтай группт намайг зодсон гэх залуугийн зургийг тавиад тайлбар дээр нь “энэ дуракийг мэдэх хүн байна уу? Монголын цагдаа 3 жил хайгаад олдоггүй юм байна. Өөрөө л хайхаас даа” гэж бичиж үлдээхэд англи нэртэй хуурамч фейсбүүк хаягаас миний *** гэх фейсбүүк хаяг руу ...наад хүнийг чинь танина, надтай хамт бодь цамхгийн барилга дээр ажил хийж байсан Ууганаа ах мөн байна, одоо яармагт барилгын заслын ажил хийж байгаа сураг байсан гэхээр нь холбоо барих дугаар фейсбүүк нь байна уу гэж асуутал надад тухайн хүний фейсбүүк болон утасны дугаарыг өгсөн. ...Би гар утсан дээрээ 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хадгалж авсан зургийг явуулаад та энэ мөн үү энэ хүн мөн биз дээ ...гэж асуухад Ууганаа гэх залуу мөн байна, яасан бэ гэж хэлээд намайг зодсон гэх залууг баттай болгож мэдэж авсан. ...Би тухайн үеийнхээ эмчилгээний зардлуудыг гаргуулж авна. Мөн тухайн өдөр “Өндөр цамхаг” гэх нэртэй ломбардыг ажиллуулж эхэлж өөрөө суудаг байсан. Эмнэлэгт хэвтсэнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй хэд хоносон. Тухайн өдрүүдийн ажлын орлогыг нэхэмжилж байна. Бас толгойн зүүн талд урт сорвитой үлдсэн сорвио, арилгуулмаар байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
Гэрч М.***гийн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр найз /***, Ууганцэцэг нартай 10 дугаар хорооллын “***” баарны туслах зам дагуу “Хас” гэх нэртэй караокед ороод нэг шил архи уугаад караокед ороод нэг шил архи уугаад караокеноос 23 цаг өнгөрч байхад гараад 10 дугаар хороололд байрлах манай ажлын “Төгс багана” ломбард руу орох гээд би хаалга онгойлгох гэж байтал *** 2 залуутай маргалдаад хоорондоо ноцолдож байсан, 174 см өндөртэй залуу манай найзын толгойны зүүн ар талын хэсэг рүү цохиж газарт унагаасан. Юугаар цохисныг хараагүй. Би очиж тухайн залуугийн зургийг гар утсан дээрээ дараад та хүнийг яаж байгаа юм бэ гэхэд над руу жижиг биетэй залуу нь чулуу барьж дайрахаар нь өөрийгөө гараараа хамгаалахад чулуу нь миний хажуугаар өнгөрсөн. Би тухайн 2 залууд та нар тэр цохисон хүнээ очиж хар, толгойноос нь цус гараад байна, үхчихвэл яах юм бэ гэж хэлсэн чинь зугтаагаад явчихсан. Тэгээд ***ийг ажлын өрөөнд оруулаад толгойг нь хартал толгойных нь ар хэсэг хагарсан, их хэмжээний цус гарахаар нь түргэн тусламж дуудсан. ...Би зураг дээр байгаа эрэгтэй хүнийг ***ийн толгой хэсэг рүү нэг удаа цохиж байгааг харсан. Уг хэрэг болдог өдөр би ***ийн хажуу талд зогсоод уг залуучуудын маргааныг болиулах гээд оролдож байх үед зураг дээр байгаа эрэгтэй хүн ***ийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь *** газар унасан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 61, 68 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан “...таньж олуулах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мэдүүлэг авах 208 тоот өрөөнд өрөөний тасалгааны гэрэлд нас ойролцоо, ижил төстэй 5 хүний гэрэл зургийг А4 цаасан дээр хэвлэж тавьж, танигч гэрч М.*** /ДМ:881225133/-аар оруулж таниулахаар тогтов.
...гэрч М.***г мэдүүлгийн өрөөнөөс гаргаж хөндлөнгийн гэрч нараар танигдагч нарыг байрлуулан оруулан та хэргийн холбогдогч этгээдийг заана уу гэхэд, би хараад л мэдэж байна. Хананд өлгөсөн байгаа 5 хүний 2 дугаартай хүн гэж заав. ...танигч гэрч М.***г мэдүүлгийн өрөөнөөс гаргаж хөндлөнгийн гэрч нараар танигдагч нарын байрлалыг сольж оруулан та хэргийн холбогдогч этгээдийг заана уу гэхэд 4 дугаартай хүн байна гэснээр таньж олуулах ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 79-82 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3090 дугаартай шинжээчийн:
“...***ийн биед гавлын дух ясны зүүн хэсэг дэх цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2019.02.23-24-нд шилжих шөнө үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 86 дахь тал/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн хохирогч ***ийн хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний түүх /хавтаст хэргийн 104-110 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Н.*** нь хохирогч ***ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, эмчилгээний зардалд 10 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Энэ гэмт хэргийг *** үйлдсэн гэдгийг хангалттай тогтоож чадаагүй. Хохирогч, гэрч нарын өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгээс гадна өөр нотолж байгаа баримт алга. Хохирогч нь анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа CD, фото зураг зэргийг хамт өгсөн гэх боловч эдгээр баримт нь хэрэгт байхгүй. Гэрч ***нь ***ыг хохирогч ***ийн толгойд цохиж байхыг нь яг хараагүй. Харин цаг хугацааны хувьд хохирогч *** нь Бэхбаатарт зодуулж биедээ гэмтэл авсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Н.***од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.***ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Н.*** нь:
2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***тэй маргалдаж улмаар түүний толгой хэсэгт цохисны улмаас гавлын дух ясны зүүн хэсэг дэх цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай уруулсан болох нь:
- хохирогч ***ийн “...юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Намайг гэнэт хэл амаар доромжлоод над руу гараа далайхад нь би гарыг нь цааш түлхсэн чинь тэр 2 хүний 170 см-ээс дээш өндөртэй нэг залуу нь миний толгойн зүүн дээд хэсэгт юугаар цохисныг нь мэдэхгүй байна шууд цохисон. ...Намайг цохиулаад унахад найз *** нь эмнэлэг дуудсан бөгөөд намайг цохисон гэх эрэгтэйн зургийг нь гар утсан дээрээ дарж авсан ба тухайн зургийг надад 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үзүүлсэн”, “...Эмнэлэгт байх хугацаандаа найзаасаа юу болсон талаар асуухад чамайг цохисон залуугийн зургийг хажуу талаас дарахад тухайн залуу уурлаад хажуудаа байсан чулууг аваад намайг цохино гэж дайрсан. Тэр хоёрт хандаж энэ хүн чинь ухаан орохгүй байна, та нар туслаач гэхэд нөгөө хоёр залуу орон сууцны дундуур ороод зугтаад явчихсан гэж хэлсэн. Би гар утсан дээр нь байсан зургийг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өөрийнхөө утсанд татаж авсан”, “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Paparazzi traffic Mongolia гэх нэртэй 163.000 дагагчтай группт намайг зодсон гэх залуугийн зургийг тавиад тайлбар дээр нь “энэ дуракийг мэдэх хүн байна уу? Монголын цагдаа 3 жил хайгаад олдоггүй юм байна. Өөрөө л хайхаас даа” гэж бичиж үлдээхэд англи нэртэй хуурамч фейсбүүк хаягаас миний *** гэх фейсбүүк хаяг руу ...наад хүнийг чинь танина, надтай хамт бодь цамхгийн барилга дээр ажил хийж байсан Ууганаа ах мөн байна, одоо яармагт барилгын заслын ажил хийж байгаа сураг байсан гэхээр нь холбоо барих дугаар фейсбүүк нь байна уу гэж асуутал надад тухайн хүний фейсбүүк болон утасны дугаарыг өгсөн” гэсэн мэдүүлэг,
- Гэрч М.***гийн “...174 см өндөртэй залуу манай найзын толгойны зүүн ар талын хэсэг рүү цохиж газарт унагаасан. Юугаар цохисныг хараагүй. Би очиж тухайн залуугийн зургийг гар утсан дээрээ дараад та хүнийг яаж байгаа юм бэ гэхэд над руу жижиг биетэй залуу нь чулуу барьж дайрахаар нь өөрийгөө гараараа хамгаалахад чулуу нь миний хажуугаар өнгөрсөн”, “...Би зураг дээр байгаа эрэгтэй хүнийг ***ийн толгой хэсэг рүү нэг удаа цохиж байгааг харсан. Уг хэрэг болдог өдөр би ***ийн хажуу талд зогсоод уг залуучуудын маргааныг болиулах гээд оролдож байх үед зураг дээр байгаа эрэгтэй хүн ***ийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь *** газар унасан...” гэсэн мэдүүлэг,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3090 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.***ын фото зураг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*** болон түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нар нь “энэ гэмт хэргийг Н.*** үйлдээгүй” гэж гэм буруугийн талаар маргасан.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.*** болон хохирогч *** нар нь үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч Н.*** нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***, гэрч М.*** нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.***ын фото зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Н.***ын үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.*** нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тариа авч эмчилгээ хийлгэсэн, ирээдүйд нөхөн сэргээх болон лазер эмчилгээ хийлгэнэ гэх боловч энэ талаарх баримт дутуу, хангалтай нотлох баримт байхгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас “*** клиник” арьс гоо заслын эмнэлгийн дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр болох 100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, үлдэх 9.900.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин хохирогч *** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Н.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Н.*** нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг. Сая шүүхээс Н.***оос гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзаж үзэж түүнд 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж торгох ялыг эдэлсэнд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.*** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн *** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***овогт ***ы ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.***од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, хорих ялыг эдэлсэнд тооцсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.***оос 100.000 /зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.900.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ