| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2024/0188/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/218 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 25.5.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/218
2024 03 20 2024/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Энхболд,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д.Э ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн М.А нарт холбогдох эрүүгийн 2102000450248 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Х овгийн Д.Э, 1962 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч археологич мэргэжилтэй, .... профессор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,
Г овгийн М.А, 1989 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын технологи инженер мэргэжилтэй, Э-П менежер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь М.А тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ....дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... үйлчилгээний төвийн гадна ....... зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, Эртний Ромын үе буюу .... зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан,
Шүүгдэгч М.А нь Б.Э тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... үйлчилгээний төвийн гадна ... зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, ... хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би М.А ын ээжийг таньдаг. Манайд ирээд хуучны эдлэл хараад би эртний эдлэл цуглуулах гэсэн юм болох уу гэсэн. Тэгэхэд нь би болно гэсэн. Тэгээд би эдгээр зүйлийг өгсний дараа ирээд та надад бэлэглэсэн гээд нотлоод өгөөч хүмүүс танаас авсан гэж үнэмшихгүй байна гэж хэлсэн. Тэгээд би бэлэглэлийн гэрээ хийж өгсөн. 200 сая төгрөгөөр зарна гэж хэлээгүй энэ талаараа эхний мэдүүлэгтээ ч хэлсэн. Эдгээр шилэн аягийн надад Америкийн иргэн Ромын шилэн аяга гэж хэлээд өгөхөөр нь баярлаад бүр музейд тавьж үзүүлж байсан. 2019 онд Япон улсын судлаач нар ирэхэд би судлуулсан чинь миний булшнаас олсон нэг нь бүтэн нэг нь хагархай аягийг жинхэнэ, харин энэ аягийг хуурамч гэж хэлж байсан. Энэ талаар бүр шинжлэх ухааны сэтгүүлд гарч байсан. Энэ шилэн аяга нь гол модноос гарсан шилэн аяга биш. Би холбогдох бүх материалыг гаргаж өгч байсан. Яллах дүгнэлт гаргахад нь би өмгөөлөгч авсан. Би булш малтаж гаргаагүй. Хаш эдлэлийг би Хархорин захаас, чулуун сүхийг Өвөр Монгол Улсын музейн эдлэл зардаг газраас авсан. Би М.А ын мэдүүлгийг уншаад гайхсан. Ромын шилэн аяга гэж бодож байсан. Мөрдөн байцаагч бид хоёрыг үгсэн тохирсон гэж хэлж байсан...” гэв.
Шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2013 оноос эхлэн Эмоци продакшнд менежерээр ажиллаж байна. Ээжтэйгээ хамт амьдардаг. Айлын ганц хүүхэд. Манай ээж Д.Э тай хамт амьдардаг байсан. Нэг өдөр Д.Э ах энэ зүйлийг зараад өгөөч, ашгаасаа мөнгө өгнө гэж хэлж байсан. Сая өөрөө дуураймал гэж хэлж байна. Үүнийг соёлын өв гэдгийг нь мэдэж байсан бол анхнаасаа энэ гэмт хэрэгт оролцохгүй байсан. Д.Э ахын мэдүүлгийг нь сонсоод гайхаж байна. Миний мэдүүлгийг ээж маань гэрчилнэ. Ийм үнэт зүйл байгаа заруул хэн хэнд нь ашигтай гэсэн. Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин энэ хүнтэй уулзах шалтгаан байхгүй...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Э нь М.А ыг соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон, шүүгдэгч М.А нь соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэв.
Дээрх үйл баримт нь:
Хэргийн газар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн “...тээврийн хэрэгслийн баруун урд талын буюу жолоочийн суудал дээр ногоон өнгийн 15 см өндөртэй, суурийн 4 см диаметртэй, амсар нь 4 см диаметртэй, гол хэсгээрээ 7 см радустай, 3 талдаа амьтаны толгойны дүрс бүхий хэлбэртэй чулуун ваар (гүц) мэт зүйлийг эд мөрийн баримтаар хураан авлаа...тээврийн хэрэгслийн голын хайрцаг дээр цэнхэр өнгийн тортой шаргал өнгийн модон хайрцагтай 13.5 см өндөртэй, суурийн 4 см диаметртэй, амаар 4 см, гол хэсгээрээ 6 см диаметртэй, цэнхэр өнгийн чулуун ваар (гүц) мэт хэлбэртэй зүйлийг эд мөрийн баримтаар хураав авлаа...багажны хэсгээс цэнхэр өнгийн хайрцагнаас 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай 3 хуудас бэлэглэлийн гэрээ байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18-24 дэх тал/,
Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .... тоот шүүгдэгч Д.Э ын албан өрөөнд нэгжлэг хийсэн “...тамга байсныг хайрцагны хамт хураан авлаа.Toshiba брендийн хар өнгийн дэлгэц нь хагарсан зөөврийн компьютер байсныг хэргийн нотлох баримтыг хадгалсан байх тул эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 27-31 дэх тал/,
Toshiba брендийн компьютерт үзлэг хийсэн “...тодорхойлол /todorhoilolt/ нэртэй 748 кв-ийн хэмжээтэй “word’’-ийн файл 1 ширхэг тус тус байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-42 дахь тал/,
У сургуулийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/098 тоот “...Тус сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч профессор Д.Э нь тус хоёр гүцийг Япон Улсын Соёлын өвийн газраар түүхэн дурсгал мөн эсэх талаар шинжилгээ хийлгэж шинжилгээний дүн гарах хүртэл сургуулийнхаа музейн үзэсгэлэнд тавьж байсан бөгөөд Япон судлаачид бүтцийн анализ хийж хуурамч дуураймал зүйл гэсэн дүгнэлт гаргасан 2018 оноос хойш уг гүцнүүдийг гаргаж тавиагүй болохыг тодорхойлов. Уг гүцнүүд нь археологийн малтлага судалгаагаар олдоогүй хувь хүн Д.Э т бэлэглэсэн байна. Холбогдох зургийг хавсаргав...” гэх албан бичиг, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 67- 69 дэх тал/,
Гэрч А.Д ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний найз А одоогоос 2 жил орчмын өмнө надад ногоон болон цэнхэр өнгөтэй шилэн гүц, хаш чулуун эд зүйл болон чулуун сүх зэрэг эд зүйл үзүүлж байсан. Тухайн эд зүйлсээ зарчихмаар байна сонирхох хүн байгаа болов уу гэж хэлж байсан. Дээрх зүйлсээ манай хойд аав надад бэлэглэсэн юм. Тухайн эд зүйлс нь Хүннүгийн үеийн булшнаас олдсон /буруу санаагүй бол Архангай аймагт байх булшнаас олсон талаар хэлж байсан/ эд зүйл байгаа юм. Манай эриний 40-90 оны хооронд эртний Ромчуудын хийсэн бүтээл болох гүц гэж хэлж байсан. Мөн дээрх эд зүйлсийг тайлбарласан тайлбарын зургийг над руу фейсбүүкийн чатаар явуулж байсан. Тэгээд дээрх эд зүйлсээ 200,000,000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлж байсан...тухайн зураг нь миний А тай харьцаж байсан фейсбүүкийн чат дээр байгаа. Өөрийнх нь фейсбүүкээр харьцаж байсан. /Өөрийнхөө гар утсан дээрээс зургийг нь үзүүлэв/. А тай харьцсан гэх фейсбүүк чатнаасаа татаж аваад үзүүлж байгаа гэх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дахь тал/,
Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нарт байсан ваар нь А гэх хүнийх хэдэн онд хийгдсэн эд болохыг мэдэхгүй. Хорь хоногийн өмнө Д ах надад зургийг нь үзүүлээд манай найз нэг ийм эртний эдлэл байна зарах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгээд би таньдаг ахдаа зургийг нь үзүүлэхэд хүнээс асууж өгье гэж хэлээд хэд хоногийн өмнө холбогдоод бараа чинь байгаа юм уу гээд бид зарахаар болсон. Тэгээд бид нар өнөөдөр хоорондоо ярилцаж авах хүнтэй уулзаж наймаагаа хийхээр тохиролцож Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ... орчим уулзахаар тохирч уулзаж байхад цагдаа нар ирж баривчилсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “...1999 оноос хойш Д.Э багштай тасралтгүй археологийн малтлага, судалгааны ажилд явж байгаа...2011 оны А аймгийн Ө сумын нутагт байх ... газарт хийгдсэн малтлагын үеэр уг 2 шилэн эдлэлтэй ойролцоо Ромын эзэнт Улсын үеийн шилэн аяга илэрч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101 дахь тал/,
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Т, Археологийн хүрээлэнгийн салбарын Шинжлэх ухааны академийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.А нарын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “...Хариулт 1.Шинжилгээнд доорхи дөрвөн зүйл байна.
A) Шаргал өнгийн чулуун сүх,
Б) Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй дугуй чулуун чимэглэл,
B) Ногоон онгийн шилэн гүц,
Г) Хөх өнгийн шилэн гүц зэрэг болно.
Дээрх дөрвөн зүйл нь цайвар ногоон өнгийн хаш чимэглэл, ногоон өнгийн шилэн гүц хөх өнгийн шилэн гүц гэсэн гурван зүйл нь нэг он цагт хамаарагдах зүйл бол харин шаргал өнгийн чулуугаар хийсэн сүх нь өөр он цагт хамаарагдана.
-Шаргал өнгийн чулуугаар хийсэн сүх.
Чулуун сонголт, хэлбэр, хийц, элэгдэл зэргээс харахад энэ олдвор малтлагаас гэхээс илүүтэй түүвэр маягаар олдсон байх магадлалтай. Ийм төрлийн чулуугаар хийсэн, хэлбэр хийцийн хувьд төстэй олдворууд Монголын говь, тал хээрийн бүсээс олдох боломжтой.
-Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй дугуй хаш чулуун чимэглэл.
Энэ чимэглэл малтлагаас гарсан байх магадлалтай. Ийм төрлийн зүйлийг булш оршуулгад дагалдуулан оршуулах тохиолдол бий. Хаш чулуугаар үр дүйтэй хийсэн ийм зүйлс нь хүннүгийн жирийн болон язгууртны булшнаас гардаг нь эх хэрэглэгдэхүүнээс тодорхой харагддаг.
-Ногоон өнгийн шилэн Р/Ц ба Хөх өнгийн шилэн гүц.
Эдгээр шилэн суулганууд археологийн малтлагаас гарсан байх магадлалтай. Хөх өнгийн шилэн гүцний бөөрөнд байгаа хагас бөмбөлгөн товгорууд Хятаны Ляо улсын үеийн зарим шилэн гүцэнд ажиглагдаж байгаа
(Gan Fuxi, The Silk Road and Ancient Chinese Glass, Ancient Glass Research along the Silk Road, 2009, Photo 2.4) бол хөх өнгө нь Юань улсын үеийн шилэн аяга тавганы өнгөтэй нэлээд ижилсэх боломжтой
(Gan Fuxi, Origin and Evolution of Ancient Chinese Glass, Ancient Glass Research along the Silk Road, 2009, Photo 1.12).
Мөн хөх ба ногоон шилэн гүцний хүзүүгээр ороосон нарийн цувималын техник нь НТ 1-р зуун буюу Хүннү улсын үед хамаарах Афганистаны Беграмын хөх шилэн гүцэнд ажиглагдсан байна.
(Whitehouse, D.The Glass from Begram, Afganistan: Forging Civilization along the Silk Road, 2012, Fig 12).
Хариулт 2. Тухайн олдворуудын түүхэн он цагийг хэлбэр хийц, материал, элэгдлийн байдал зэрэгт тулгуурлан дараах байдлаар тоймлон үзэж болно.
-Шаргал өнгийн чулуугаар хийсэн сүх.
Ийм хэлбэрийн чулуун сүх Хятадын зүүн хойд хэсгийн Ляо голын сав газрын неолитын үеийн соёлд түгээмэл тохиолдоно. Энэхүү неолитын соёлыг Хуншань буюу Hongshan хэмээн нэрлэдэг бөгөөд дунджаар НТӨ 4700-2900 онд хамаарагдана. Хуншань соёлын эд өлгийн зүйл нь ихэвчлэн хаш чулуугаар хийгдсэн байх бөгөөд тэдгээрийн дотор янз бүрийн хэлбэр хийцтэй чулуун сүхнүүд олонтаа тааралддаг. Энэ талаарх мэдээлэл цахим сүлжээнд түгээмэл байх бөгөөд тэдгээрээс заримыг нь энд жагсаав.
https://en.wikipedia.org/wiki/Hongshan_culture
https://www.pinterest.com/pin/464293042835114704/
https://www.pinterest.com/pin/850898923318555559/
Манай улсын нутаг дэвсгэрийн зүүн урд болон зүүн талаас дээрх соёлын хүрээнд хамрагдах олдвор эд өлгийн зүйл газрын дээр түүвэр байдлаар олдох нь багагүй бий.
-Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй хаш чулуун чимэглэл.
Энэхүү дугуй хэлбэрийн хаш зүүлтийн ерөнхий хэлбэр хийц, дүрслэл зэрэг нь Хятадын Хань улсын соёлд хамаарагдах бололтой. Учир нь өөд өөдөөс нь харуулан тэгш хэмтэй домгийн амьтныг дүрслэх болон доод талд “зээбад” (таотэ) буюу араатан амьтны хоншоорын хэсэг гаргах нь тухайн үеийн сонгодог хэлбэр хэмээн үзэж болно. Хань улс нь НТӨ 202 - НТ 220 оны үед оршин тогтнож байсан Хятадын эзэнт гүрэн юм. Энэ улстай зэрэгцэн НТӨ 209 - НТ 93 оны үест манай Хүннү гүрэн оршин тогтнож байсан юм. Ийм төрлийн эвэртэй луу-араатан маягийн дүрслэл хүрэл, мөнгөөр хоож хийсэн 32 өлгийн зүйлс хүннүгийн язгууртны булшны эх хэрэглэгдэхүүнд тохиолддог. Харин хоёр болон түүнээс дээш тооны амьтдыг тэгш хэмтэйгээр дүрсэлсэн эд өлгийн зүйлс Евразийн тал нутагт оргон тархсан байдаг. Мөн энэ олдвортой ижил төрлийн зүйлс цахим сүлжээнд цөөнгүй тохиолдох бөгөөд тэдгээрээс заримыг энд
http://ancientpoint.com/in/171199-tastefully Chinese old jade handmade carved dragon statue pendant netsuke.html
http://ancientpoint.com/inf/169688-antique Chinese hongshan culture hetian jade pendant duck 2203.html
-Ногоон өнгийн шилэн гүц ба Хөх өнгийн шилэн гүц.
Дээрх хоёр шилэн гүцний хэлбэр ба өнгөний хувьд НТӨ 2-р зуунаас НТ 12-р зууны үед Ази ба Европт нэлээд түгээмэл тархсан шилэн суулгануудтай адилтгах боломж байна. Он цагийг баттай хэлэх боломж үгүй бөгөөд оригнал олдвор уу эсвэл хуурамч хуулбар уу гэдгийг ч лабораторийн нарийн шинжилгээ хийхээс нааш тодруулах боломж хомс юм. Хэрэв оригнал олдвор мөн гэж үзвэл Монголын түүхийн үечлэлээр Хүннүгийн үеэс Монголын үеийн хооронд маш өргөн он цагт хамаарч болно.
Хариулт 3.
-Шаргал өнгийн чулуугаар хийсэн сүх.
Энэхүү олдвор нь археологийн эд өлгийн зүйл мөн. Хэдийгээр манай нутагт оршин сууж байсан эртний нүүдэлчдийн үлдээсэн өв биш хэдий ч тэдний хөрш зэргэлдээ овог аймаг, соёлуудтай харилцаж байсан баримт хэмээн үзэж болно.
-Цайвар ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй хаш чулуун чимэглэл.
Энэхүү олдвор нь археологийн эд өлгийн зүйл мөн. Мөн манай нутагт оршин сууж байсан эртний нүүдэлчдийн үлдээсэн өв биш хэдий ч тэдний хөрш зэргэлдээ овог аймаг, соёлуудтай харилцаж байсан баримт хэмээн үзэж болно.
-Ногоон өнгийн шилэн гүц ба Хөх өнгийн шилэн гүц.
Дээрх хоёр шилэн гүцний хэлбэр ба өнгө, үйлдсэн арга техникийн хувьд адилтгах боломжтой бодит олдворууд байх боловч яг тухайн 2 олдвор оригнал бодит олдвор эсэхийг тогтоох боломж одоогоор хомс байна. Учир нь эртний шилэн сав суулганы нарийн мэргэжилтэн Монголд одоогоор байхгүй бөгөөд гадаадад баттай үнэлгээ тогтоох шаардлагатай гэвэл маш их цаг хугацаа ба мөнгө санхүү шаардлагатай болно. Наад зах нь нэг жилийн хугацаа, хэдэн арван сая төгрөгийн зардал гарч болохыг үгүйсгэхгүй.
Хариулт 4. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9-р зүйл нь бүхэлдээ "Соёлын өвийн үнэлгээ"-нд зориулагдсан байдаг. Үүнд: 9.1-т "Соёлын биет өвийн үнэлгээ хийх журмыг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална", 9.2-т "Нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл тодорхойлно", 9.3-т "Хувийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг өмчлөгчийн хүсэлтээр энэ 9.2-т заасны дагуу тодорхойлж болно" хэмээн тус тус заасан байдаг.
Тиймээс бидний зүгээс тухайн олдворт үнэлгээ, зэрэглэлээ тогтоох боломжгүй болно. Үнэлгээг Соёлын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох Мэргэжлийн зөвлөлөөр тогтоолгохыг зөвлөж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дахь тал/,
Шинжээч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Археологийн эд өлгийн зүйл гэдэг нь түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өв мөн гэсэн ойлголт юм. 2 ширхэг шилэн гүцний хувьд яг олдвор мөн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Учир нь манай улсын хувьд эртний шилэн эдлэлийн мэргэжилтэн болон түүнийг судалдаг тоног төхөөрөмж, туршлага байхгүй байна. Ерөнхий миний туршлагаас харахад 2 ширхэг шилэн гүц нь олдвор байх магадлалтай...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал/,
Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох Б.Д, Ч.Н, Д.Б, Т.Б, Р.О, Г.Э, Д.С, Т.С, Б.Б, Б.Г, Б.Т нарын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай “...“шаргал өнгийн зууван хэлбэртэй хүзүүний зүүлт мэт чулуун зүйл”-ийн үнэлгээг 560,000 төгрөг, “Бүдэг ногоон өнгийн хоёр амьтаны дүрс бүхий сийлбэртэй бөөрөнхий хэлбэртэй чулуун зүйл”-ийн үнэлгээг 4,200,000 төгрөг гэж тус тус тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дахь тал/,
С төвийн дарга Г.А, Ш-ийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш Ю.Б, Ш-н сургуулийн багш Д.Х нарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “...А аймгийн .. сумын .. 1-р булшны 30-р дагуулаас Ромын шилэн аяга болон түүний хагархай хэсгүүд олдсон байдаг хэдий ч шинжилгээнд хамрагдсан хөх болон ногоон өнгийн шилэн савтай яг ижил олдворууд манай улсын нутаг дэвсгэрээс урьд өмнө нь олдож байгаагүй, харьцуулан үзэх боломжгүйгээс гадна материалын нарийвчилсан шинжилгээ байхгүй тул тодорхой дүгнэлт гаргахад хүндрэл учруулж байна. Зөвхөн адил төстэй байдалд дулдуйдан он цагийг баримжаалах боломж байгаа боловч энэ нь бусад шалгуураар батлагдахгүй гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
Шилэн урлагийн хувь судлаач Б.Х, М-ийн А, а-н тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан З.Б, Ш-ийн Эртний түүхийн салбарын эрхлэгч Г.А нарын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн номин ногоон, хөх өнгийн шилэн эдлэл нь ажиглалт, харьцуулалтын аргаар судалж үзэхэд археологийн малтлага судалгаагаар илэрч олдсон Ромын үеийн эд өлгийн зүйлс болох нь тогтоогдож байна. Гэхдээ Монгол улсын нутаг дэвсгэрт хийсэн малтлага судалгаанаас олдсон гэж шууд дүгнэх боломжгүй...Шинжилгээнд ирсэн чулуун сүх, хаш эдлэлийг ... зуунд хамаарах соёлын дурсгал мөн гэж үзэж байна. Гэхдээ тус шинжилгээний баг тус хоёр эд өлгийн зүйлсийг Монгол улсын нутаг дэвсгэрт хийсэн малтлага, судалгаанаас олдсон гэж шууд дүгнэх боломжгүй...Шинжилгээнд ирүүлсэн ногоон, хөх өнгийн шилэн сав, сүх хэлбэрийн чулуун эдлэл, амьтаны загварт дүрслэл бүхий хаш эдлэл нь түүх, соёлын биет өв мөн болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 182- 184 дахь тал/,
Шүүгдэгч М.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Д.Э ах манай ээжтэй 2016 оноос 2020 оны хооронд хамтран амьдардаг байсан. Уг хүн нь Монгол Улсын гавьяат археологич хүн байгаа юм. Э ах надад 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр цэнхэр болон ногоон өнгөтэй шилэн гүц, чулуун сүх, хаш тээг, гэх эд зүйлсийг өгсөн. Тухайн үед Э ах надад өгөхдөө энийг зарж борлуулж чадвал чамд хэрэгтэй, надад мөн хэрэгтэй байна гэсэн хүсэлтийн дагуу би авч яван эртний эдлэл авдаг хүмүүсээс асуусан. Эртний эдлэл авдаг хүмүүс намайг хулгайн эд зүйл авч явж байна гэж хардаж байсан учир би Э ахад утсаар мэдэгдсэн. Э ах тэрийг сонсоод манай ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Би ажил дээр нь яваад очиход чамд бэлэглэлийн гэрээ хийгээд егье гэж хэлээд уг бэлэглэлийн гэрээг хийж өгч гарын үсгээ зурж тэмдэг дарж өгсөн...Надад Э ах дээрх эд зүйлд бэлэглэлийн гэрээ хийж өгөхдөө англи, монгол хэл дээр тайлбар видеог гаргаж өгсөн...Би эртний эдлэл зардаг хүмүүсээс асуухад 150-200 сая төгрөг болно гэж хэлсэн. Би тэр үнэд өгчих юм байна гэж бодож явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дахь тал/,
Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний буруу би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Би дээрх 2 ширхэг шилэн эд зүйлийг гар цүнхэндээ хийгээд хил гаальд мэдүүлээгүй оруулж ирж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 229-230 дахь тал/,
Соёлын өвийн үндэсний төвийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/192 тоот “...Ногоон, Хөх өнгийн шилэн гүц, Хаш тээг, Чулуун сүх нь Соёлын өвийн улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй болно...” гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 148 дахь тал/,
Соёлын яамнаас ирүүлсэн журмын мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 83-85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэг гэдэг нь соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах болон соёлын биет өвийн дуудлага худалдаа зохион байгуулах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тус гэмт хэргийн объект нь: Соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах болон соёлын биет өвийн дуудлага худалдаа зохион байгуулах журам байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна...”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулах...” гэж тус тус заасан.
Объектив тал нь: Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд Соёлын биет өвийн худалдааг хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.Э , М.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ…”
3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “…Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно…”,
3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ…”
3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ…” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.А нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... үйлчилгээний төвийн гадна ... зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, ... хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар Б.Х тохиролцож, уулзаж байхдаа буюу зарж борлуулаагүй байхдаа цагдаа нарт баригдсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Э ыг шүүгдэгч М.А тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамжигчаар хамтран оролцож соёлын өвийг худалдаалахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч М.А ыг шүүгдэгч Б.Э тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, гүйцэтгэгчээр хамтран оролцож соёлын өвийг худалдаалахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон шүүгдэгч Д.Э нь хамжигчаар, шүүгдэгч М.А нь гүйцэтгэгчээр хамтран оролцож соёлын өвийг худалдаалахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Д.Э , М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э , М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа “1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц”-ийг Соёлын яаманд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хас банкны дансны хуулга бүхий 354 дугаартай 1 ширхэг СД, Хаан банкны дансны хуулга бүхий 3270 дугаартай 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээв.
Харин “Toshiba” брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, модон суурьтай монгол бичигтэй тэмдэг 1 ширхгийг шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Э аас хураан авсан “Toshiba” брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, модон суурьтай монгол бичигтэй тэмдэг 1 ширхэг зэргийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Э , М.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э , М.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Д.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон хамжигчаар хамтран оролцож соёлын өвийг худалдаалахаар завдсан гэмт хэргийг,
шүүгдэгч Г овгийн М.А ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон гүйцэтгэгчээр хамтран оролцож соёлын өвийг худалдаалахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч М.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , М.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа “1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц”-ийг Соёлын яаманд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
“Toshiba” брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, модон суурьтай монгол бичигтэй тэмдэг 1 ширхгийг шүүгдэгч Д.Э т буцаан олгож,
Хас банкны дансны хуулга бүхий 354 дугаартай 1 ширхэг СД, Хаан банкны дансны хуулга бүхий 3270 дугаартай 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э , М.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э , М.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН