| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03063/И |
| Дугаар | 183/ШШ2021/02600 |
| Огноо | 2021-11-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2021/02600
2021 оны 11 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2021/02600 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Виллажийн 1-18 тоот хаягт байрлах, ******** ХХК /РД:/-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 20 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, О.Б, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ ******* ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд орших өөрийн эзэмшлийн оффисын барилгын ***тоот өрөөг буюу 60 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөр 16 000 төгрөг байхаар, нийт сарын түрээсийн төлбөр 960 000 төгрөгөөр тохиролцож түрээслүүлсэн. Оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээний хугацаанд *********** ХХК нь 2019 оны 6 сараас 2020 оны 8 сар дуустал хугацааны түрээсийн төлбөр болох 13 440 000 төгрөг төлөөгүй байна. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийн дагуу сар бүрийн 1-ний өдрөөс өмнө урьдчилан түрээсийн төлбөрөө төлөх ёстой юм. Бидний зүгээс түрээсийн төлбөрийг төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч одоог хүртэл төлөөгүй тул ийнхүү хандаж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт түрээсийн төлбөр болон хэрэглээний төлбөрүүдээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр заасны дагуу 6 720 000 төгрөг болон түрээсийн үндсэн төлбөр 13 440 000 төгрөг, нийт 20 160 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь ******** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд орших өөрийн эзэмшлийн оффисын барилгын ***тоот 60 м.кв талбайг оффисын зориулалтаар хариуцагчид 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 1 м.кв талбайн төлбөр 16 000 төгрөгөөр тооцон сарын төлбөр 960 000 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлөх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 алдангийг төлөхөөр тохиролцжээ. /хх-6-9/
Түрээсийн гэрээний зүйл нь бие даасан эд хөрөнгө биш, харин оффисын зориулалттай барилгын тусгаарлагдсан хэсэг тул талуудын хооронд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 6-8/
Өөрөөр хэлбэл гэрээг талууд бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.1-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй гэж тайлбарлан, харилцагчийн гүйлгээ, өр төлбөрийн үлдэгдэл, алдангийн тооцоолол гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган, түрээсийн төлбөр 13 440 000 төгрөгт ногдох алдангийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-д “...түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслэгч нь түрээслүүлэгч талд төлнө...” гэж заасны дагуу алданги 6 720 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.
Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх хуульд заасан хугацаа олгосон боловч ирүүлээгүй ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *********** ХХК-иас 20 160 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *********** ХХК-иас 20 160 000 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *********** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 258 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ