Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/225

 

    2024         03            25                               2024/ШЦТ/225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч Д.Агар,

хохирогч О.Ц гийн өмгөөлөгч Д.Жамъяндагва,

иргэний нэхэмжлэгч Б.Э ,

иргэний хариуцагч Г.Н ,

шүүгдэгч Г.Н , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ийн Н д холбогдох эрүүгийн 2303 00724 0023 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Г-ийн Н , 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо ..... тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н  нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөөний 06 цаг 30 минутын орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Г.Н ийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн **-** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.” мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно.”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын замд Б.Э гийн жолоодож явсан “Toyota Aqua” маркийн **-** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгслийн зорчигч О.Ц ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний машинд учирсан хохирлын үнэлгээ нийт 9,500,000 төгрөг болсон. Энэ мөнгө дээр нэмээд утас машины урд байхдаа цохигдоод эвдэрсэн 600,000 төгрөг, машины үнэлгээ хийлгэсэн 617,000 төгрөг, журмын хашааны мөнгө 150,000, машин ачлагын мөнгө 150,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч миний бие яаж байна гэж нэг ч удаа асууж байгаагүй. Би машиндаа хавчуулагдаад 8 оёдол тавиулсан. Миний талаас мөргөөд их гэмтсэн байхад гэмтэл нь хөнгөн хохирол гарсанд гайхаж байна. Би эмчилгээний төлбөрт 570,000 төгрөг авсан. Одоо дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэв.

Иргэний хариуцагч Г.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүхээс тогтоосон мөнгөн дүнг бүрэн төлөлцөнө...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Г.Н ийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн **-** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын замд Б.Э гийн жолоодож явсан “Toyota Aqua” маркийн **-** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгслийн зорчигч О.Ц ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-16 дахь тал/,

Шүүгдэгч Г.Н ын жолоодох эрхийг үнэмлэхтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 126 дахь тал/,

Хохирогч О.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 20-30 минутын хооронд Хайлаастын өрхийн эмнэлгийн урдаас нэг таксинд суусан. Тэгээд таксинд суугаад утсаа оролдож байгаад ухаан алдсан байсан. Намайг осол болсны дараа таксины жолооч сэрээсэн. Тэгээд би таксины жолоочоос “юу болоод байгаа юм бэ “ гэхэд нэг машин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөчихлөө гэж хэлсэн. Баруун мөрний хооронд урагдал, тархины битүү гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, эрүүн доороо 6 оёдол тавиулсан, шүд хугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч М.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн осол болсон өдөр би найз Г.Н ын хамтаар өглөө 06 билүү 07 цагийн үед Дарь-Эхээс Хайлааст руу явах уулзвараар чигээрээ орсон тухайн үед би хянах самбар луу хурдыг харахад 120 км цаг орчим хурдтай явж байсан санагдаж байна. Тэгээд уулзвараар нэвтэрч ороод эсрэг урсгалаар яваад байсан тэгтэл өөдөөс ирж явсан машин буюу доошоо уруудаж байсан эгнээний машинтай тулж ирэх үед Г.Н а өөрийн явах эгнээ рүү эргүүлсэн тэгэхэд нөгөө машин бас тэр эгнээ рүү ороод ирсэн тэгээд мөргөлдчихсөн юм. Миний биед хугарал, няцрал, дотор эрхтэнд гэмтэл учраагүй гэмтэлд үзүүлэхэд гэмтэлгүй байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Одоогоор биеийн байдал хэвийн зүгээр байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дахь тал/,        Иргэн нэхэмжлэгч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 05 цагт гэрээсээ эхнэрийг ажилд нь хүргэж өгөх гээд гарсан. Эхнэрийгээ хүргэж өгчхөөд зам дагуу такси барих гээд нэг эмэгтэй хүн гараа өргөсөн. Тухайн эмэгтэй хүнийг аваад дөнгөж 700 гаруй метр явж байхад урдаас цагаан өнгийн машин замаасаа орж гараад, орж гараад явж байсан. Тэгээд удалгүй өөдөөс эгцлээд яг чигээрээ ороод ирсэн. Хоёр урсгалтай зам байсан болохоор би зайлуулж зүүн тал руугаа дарсан. Тэгээд жолооч тал буюу баруун талаар ирж мөргөсөн.Тухайн үед толгойноос их хэмжээний цус гоожоод жолооны хүрд болон сандлынхаа завсар хавчигдсан байсан. Хойно сууж явсан эмэгтэй хүнээс чи зүгээр үү гэж би асуухад тухайн эмэгтэй балмагдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Иргэний хариуцагч Г.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай төрсөн дүү Г.Н  зам тээврийн осол гаргасан байсан. Тухайн машиныг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Н банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч байсан. Би өөрийн тээврийн хэрэгслийг Г.Н ад жолоодуулах зөвшөөрөл олгоогүй. Машины түлхүүр голын хайрцагт байдаг. Тухайн үед би ээлжийн амралттай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 43 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Дээрх гэмт хэргийн улмаас О.Ц  нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.673.000 төгрөг гарсныг яллагдагч Г.Н ас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ын үнэлгээний “...Samsung Glaxy S21 FE 5G /дэлгэц сольж тавих/ 600.000 төгрөг...”, “...Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ 9.497.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 83-87, 94-101 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 13672 дугаартай: “ О.Ц ы биед далны хонхорын булчин-шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүнд шарх, баруун дээд 4-р шүдний хугарал, хоёр булга, баруун өвдөг, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 11 дугаартай “...Toyota Aqua маркийн 69-76 унв улсын дугаартай авто машины жолооч Г.Н а /рд:***/ нь Монгол Улсын Замын, хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/ тухайн; ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр, эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад, тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Toyota Aqua маркийн **-** уае улсын дугаартай авто машины жолооч Б.Э  /рд:**/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1.673.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан гэх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.С ийг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр С.С ийг тогтоож зөвтгөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон 38 хоногийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.

Шүүх шүүгдэгч Г.Н ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,   түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас тоолж эхлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Н  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн “...Шүүхийн тогтоосон хохирлыг төлж барагдуулаагүй байгаа, энэ сарын 28-нд цалин нь бууна. Тэр үед төлөхөө илэрхийлж байна. Э гийн машины хувьд хоорондоо гэрээ байгуулаад нотариатаар батлуулчихсан. Г.Н  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маш их гэмшиж байгаа, цаашид цаашид ийм үйлдэл гаргахгүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. Учир нь шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсны улмаас бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, өөрөөр хэлбэл учирсан хохирлын хэм хэмжээг харгалзан ял шийтгэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэснийг “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж өөрчилж, уг хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Г.Н ын холбогдсон гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай байх тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцсэн байна.

Бусад асуудлын талаар:

Хохирогч О.Ц  нь эмчилгээний зардалд баримтаар 1.291.144 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Н ас гаргуулан хохирогчид олгуулж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва нь “...Миний үйлчлүүлэгч нь баримтаар 1.731.130 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс гадна ажилгүй байсан 5 хоногийн цалин болох 590.900 төгрөг, нийт 2,322,030 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан жишиг аргачлалаар тооцож, сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хариуцагчаас нэхэмжилж байна. Миний үйлчлүүлэгчид гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон учир хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү...” гэх боловч энэ талаар холбогдох нотлох баримтгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэхгүй орхиж, хохирогч О.Ц  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Э д гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох авто машинд учирсан гэмтлийн 9.497.000 төгрөг, гар утас эвдэрснээс үүссэн 600.000 төгрөг, авто машины үнэлгээний зардалд 617.000 төгрөг, авто машин ачуулсны 150.000 төгрөгийг хөлс нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул нийт 10.944.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Д.С ээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.673.000 төгрөгийг/хх-32/ шүүгдэгч Г.Н ас гаргуулж өгнө үү гэх боловч энэ талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгөөгүй, харин “Гэмт хэрэгт зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж шйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл” /хх-132/гэх жагсаалтыг хэрэгт хавсарган ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж заасан бөгөөд тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Мөн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох үүргийг хүлээдэг.

Гэтэл эрүүл мэндийн даатгалын сангаас томилогдсон Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг өгч нэхэмжлэлийн талаарх жагсаалт гаргаж өгснийг нэхэмжлэлийг хангалттай нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна. Хэргийн оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг нь дангаараа хуульд заасан нотлох баримт болохгүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, гэм хорын асуудлыг хамтад нь шийдвэрлэдэг. Ингэхдээ иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгодог тул иргэний нэхэмжлэгч Д.С ийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гантуяагийн Г.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Н д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Г.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Н ас 12.235.144 /арван хоёр сая хоёр зуун гучин таван мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогч *** оршин суух О.Ц  /****/-д 1.291.144 /нэг сая хоёр зуун ерэн нэг мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч **** Б.Э  /****/-д 10.944.000 /арван сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгуулсугай.

8. Хохирогч О.Ц , иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН