Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2140

 

 

Х.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01696 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗД-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хан уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 дугаартай захирамжаар ажлаасаа халагдсан. Намайг ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг 3 шатны шүүхээр тогтоосон бөгөөд Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/148 дугаар захирамжаар намайг өмнөх ажилд эгүүлэн томилсон шийдвэрийг гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр гарснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Ч-ыг Хан уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 001/ХТ2018/00060 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Иймд нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны олговорт 12 294 282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ч-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Х.Ч-ын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг НЗД-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.У улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 140 186 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 211 658 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Х.Ч нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ ажилгүй байсан хугацааны цалин 7 866 621 төгрөг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж гаргасан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхээр гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гардуулан өгсөн. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Х.Ч нь хариуцагч НЗД-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2013 дугаар магадлалаар нэхэмжлэгч Х.Ч-ыг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.                             /хх-5-15 дахь тал/

 

Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/148 дугаар захирамжаар Х.Ч-ыг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлаар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон болох нь хэргийн 46 дахь талд авагдсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/148 дугаар захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Х.Ч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртлэх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, ажилтны дундаж цалин хөлсийг зөв тодорхойлж 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 286 хоногийг, нэг өдрийн дундаж цалин 42 987 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 294 282 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамтай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүхээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01696 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нийслэлийн Засаг даргаас...” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Нийслэлийн Засаг даргад...” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ