Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2025/00033

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04633 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/002116 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“СЭТ” ХХК-д холбогдох

963,259,227.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“М” ХХК нь “СЭТ” ХХК-д холбогдуулан 963,259,227.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04633 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “СЭТ” ХХК-аас 173,487,241.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 789,771,985.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,974,246.14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,025,386.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/002116 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04633 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,106,810 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх тооцоолол хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй үнийн дүнгээс бодолт хийсэн. Талуудын хооронд хийсэн “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэлтийн гүйцэтгэл №4” баримтад бетон зуурмагийн үнэ буюу гэрээнд заасан үнийг тэмдэглэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг салгаж бичсэн. Үндсэн үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмбэл гэрээнд заасан үнэ болно. ... хэргийн 29-р талд 2 талын тооцоо нийлсэн баримт болох №4 гүйцэтгэлийн баримтад НӨАТ 129,968,389 төгрөгийг нийт дүн 1,429,652,279 төгрөгөөс хасаж бичсэнийг шүүх анхаараагүйгээр дахин хасаж, тооцооллын илэрхий алдаа гаргасан. ...Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлын тухайд:

5.1.1.Магадлалын хянавал хэсгийн 5.1, 5.2-т хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй буюу нэгж үнийг 208,161 төгрөгөөр тохиролцсон гэдгээ нотолж чадаагүй гэж үзсэн. ... Магадлалын хянавал хэсгийн 5.2-т хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

5.1.2.Татварын асуудлыг хоёр шатны шүүх буруу тооцсон.

Анхан шатны шүүх 1,299,683,890.58 төгрөг /НӨАТ ороогүй дүн/-т НӨАТ орсон гэж буруу дүгнэсний улмаас НӨАТ ногдох 129,968,389 төгрөгийг хариуцагчаас гаргуулаагүй нь буруу болсныг давж заалдах шатны шүүх залруулаагүйд гомдолтой байна.

5.1.3.Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д заасныг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт магадлалын хянавал хэсгийн 5.3-т байгаа. “СЭТ” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа баримтаар нотлоогүй. Хариуцагч талаас өгсөн баримтууд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй, гэрээгээр тохиролцсон бетоны марк, нэгж үнэ зэргийг үгүйсгэж чадаагүйгээс гадна бетон нийлүүлсэн гэх “Ё” ХХК, “Э” ХХК-ууд нь “СЭТ” ХХК-тай хамаарал бүхий компаниуд байдаг.

5.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Нэхэмжлэгч 2023.09.03-ны өдөр “Нэгж үнэд өөрчлөлт оруулах тухай” 001/23-167 дугаартай албан бичгээр нэгжийн үнийг 245,769 төгрөг болгож бууруулсан талаарх баримтыг шүүхэд гарган өгсөн. Хариуцагч тухайн албан бичгийн үнийг дахин бууруулах хүсэлт гаргасан талаараа шүүхэд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх 001/23-167 дугаартай албан бичгийг хариуцагч хүлээн авсныг нэхэмжлэгч нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Талуудын “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 9.4, 11.1-д гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой мэдэгдэлд хариу өгөх, зөрчлийг арилгах хугацааг 14 хоног гэж тодорхой заасан. ... нэгжийн үнийг 245,769 төгрөг болгож бууруулахад хариуцагчаас 14 хоногийн дотор хариу ирүүлээгүй нь гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд хүргэж байна.

5.3.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд:

5.3.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаар тогтоолын “Тайлбарлах” хэсгийн 1, 4-т тайлбарласныг өөрөөр хэрэглэсэн ... 7,391.76 м.куб бетон зуурмагийг хариуцагч хүлээн авч барилгаа барьсан байхад шинжээч томилж, хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгийн хэмжээг тогтоогоогүй.

5.3.2.Улсын дээд шүүхийн 2009.11.30-ны 05 дугаартай зөвлөмж, 2002.07.24-ний өдрийн 263-р тогтоолын 24, 2010.06.22-ны өдрийн 17-р тогтоолын 1.4, 2.7, 2016 оны “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” 2-р зөвлөмжид тус тус заасныг өөрөөр хэрэглэсэн. ... шүүхүүд талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсхүл байгуулагдаагүй гэх зөрүүтэй дүгнэлтээр маргааны үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

5.3.3.Улсын дээд шүүхийн 2024.06.04-ний өдрийн 001/ХТ2024/00124 тогтоол, 2024.01.23-ны 001/ХТ2024/00016 тогтоолын хянавал хэсгийн 11, 2024.10.03-ны 001/ХТ2024/00204 тогтоолын хянавал хэсгийн 12-т энэ талаар дүгнэлт өгсөн. ... Энэ тохиолдолд маргааны талууд мөн бизнес эрхлэгчид бөгөөд гэрээний 9.4, 9.11-т зааснаар мэдэгдэлд 14 хоногийн дотор хариу өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дээрх тогтоол хамаарна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М нарын гомдлуудыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.01.28-ны өдрийн 001/ШХТ2025/00120 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “СЭТ” ХХК-аас бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 642,172,818.19 төгрөг, алданги 321,086,409.10 төгрөг нийт 963,259,227.29 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ: 2023.06.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу хэд хэдэн төрөл, маркийн бетон зуурмаг нийлүүлснээс С-37 маркийн бетон зуурмагийн орцод өөрчлөлт орсон учир үнийг өөрчлөх шаардлага гарч, 1 м.куб зуурмагийн үнийг 245,769 төгрөг гэсэн боловч хариуцагч үнийг багасгах хүсэлт гаргасан учир 208,161 төгрөг болгосон, хариуцагч нь 7,391.75 м.куб хуурай хольцтой бетон зуурмагийн үнийг төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул уг үүргийг, алдангийн хамт шаардана, бусад бетон зуурмагийн үнийг авсан маргаангүй гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч “СЭТ” ХХК С-37 маркийн бетон зуурмагийн үнийг 150,000 төгрөгөөр тооцож үнийг бүрэн төлсөн, бусад хэд хэдэн компаниас 150,000 төгрөгөөр худалдаж авсан, ийм байхад илүү үнээр буюу 208,161 төгрөгөөр худалдаж авах шаардлагагүй, нэхэмжлэгч үнийн санал ирүүлж байгаагүй, зуурмагийг нийлүүлж байхдаа 159,000 гэж үнийг хэлсэн байдаг, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

9.Анхан шатны шүүх хариуцагчаас 173,487,241.93 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 789,771,985 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...2023.06.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 1.1, 4.1-д зааснаар нэхэмжлэгч нь 3 төрлийн маркийн бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан марк тус бүрийн нэгжийн үнээр зуурмагийн үнийг төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн, талууд 7,391.76 м.куб С-37 маркийн хуурай хольцтой бетон зуурмаг нийлүүлсэн тухайд маргаагүй, гагцхүү үнийг өөрчлөх шаардлага үүссэнийг хэн аль нь зөвшөөрч байгаа боловч тухайн нэгжийн үнийг шинээр харилцан тохиролцсон нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д зааснаар С-37 маркийн бетон зуурмагийн үнийг өөрчилсөн тухай саналыг хүргүүлээд хариу мэдэгдээгүй тохиолдолд хүлээн зөвшөөрсөнд тооцдог, гэвч нэхэмжлэгчийн 2023.09.03-ны өдрийн 001/23-167 дугаар албан тоотод хариу авах хугацаа заагаагүй бөгөөд хариуцагч талд хүргүүлсэн баримтгүй, нэхэмжлэгч нь С-37 маркийн бетон зуурмагийн нэгжийн үнийг өөрчилсөн гэх тайлбараа нотлоогүй тул тухайн үед хариуцагчийн гаргаж байсан саналын дагуу 1 м.куб-ын үнийг 159,000 төгрөгөөр тооцвол 7,391.76 м.куб зуурмагийн үнэ 1,175,289,840 төгрөг бөгөөд талуудын маргаагүй 1,299,683,890.58 төгрөгийн бүтээгдэхүүн дээр С-37 маркийн 1,175.289.840 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэмж тооцоход нийт нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ нь 2,474,973,730.58 төгрөг, хариуцагч мөнгөн хэлбэрээр 1,916,012,839 төгрөг, шатахуунаар 234,028,630 төгрөг, бараа материалаар 27,696,332.72 төгрөг, нийт 2,177,737,801.72 төгрөг төлснийг хасвал хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 297,235,928.46 төгрөг болно, гэрээний 4.5-д нэхэмжлэгчийн нийлүүлэх бүтээгдэхүүнд 3 жилийн баталгаа гаргах, баталгаанд үнийн дүнгийн 5 хувийг авч үлдэхээр талууд тохиролцсон, 5 хувь болох 123,748,686.53 төгрөгийн үнийг хариуцагч төлөх хугацаа болоогүй тул 123,748,686.53 төгрөгийг хасвал хариуцагч нь 173,487,241.93 төгрөгийг төлөх үүрэгтэй, гэрээний 4.3-т гэрээний үнэд татвар тооцогдсон болохыг дурдсан тул энэ үнэд НӨАТ тооцохгүй... нэхэмжлэгч нь гэрээний 4.8-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр нэхэмжлэх өгөөгүй, төлбөрийг шаардаагүй байх тул хариуцагчийг гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд алданги гаргуулах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

10.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

11.Хэрэгт байгаа баримтаар, “М” ХХК болон “СЭТ” ХХК-ийн хооронд 2023.06.10-ны өдөр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь *** аймгийн *** сумын нутагт орших *** боомт дахь Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын зам талбайн бүтээн байгуулалтад шаардагдах С37, С20, С10 маркийн бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн, түүнчлэн нэмэлтээр С10, С15, С25, С37, С37 /хуурай хольц/ маркийн бетон зуурмаг нийлүүлэхээр тохирсон, нэхэмжлэгч нь нийт 12,385.73 м.куб бетон зуурмаг нийлүүлснээс 11,250 м.куб нь С37 маркийн зуурмаг бөгөөд үүнээс 7,391.75 м.куб нь С37 хуурай хольцтой бетон зуурмаг байсан, бусад зуурмагийн зохигч маргаагүй, харин нийлүүлсэн 7,391.75 м.куб С37 маркийн хуурай хольцтой бетон зуурмагийн нэгж үнийн дүн, уг дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан эсэх маргааны зүйлийг хоёр шатны шүүх зөв тогтоожээ.

Талуудын байгуулсан 2023.06.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 4.1-д С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 297,969 төгрөг гэж тохирсон бөгөөд бетон зуурмагт ашиглагддаг түүхий эд, бараа материал дотоодын зах зээлд байхгүй болсны улмаас хариуцагч нь БНХАУ-аас бэлэн зуурсан хуурай хольцыг худалдан авч, импортоор оруулж ирэн нийлүүлсэн, үүний улмаас уг бетон зуурмагийн үнэ өөрчлөгдөх болсон шалтгааныг талууд маргаагүй байна.

12.Худалдах-худалдах авах гэрээний хувьд гэрээний зүйл, түүний үнэ гэрээний гол нөхцөл болох ба хариуцагч нь С37 маркийн хуурай хольцтой бетон зуурмагийг нэхэмжлэгчээс хүлээн авч барилгад ашигласан үйл баримт тогтоогджээ. Харин нэхэмжлэгч нь нэгж үнийг 208,161 төгрөг гэсэн бол хариуцагч нь 159,000 төгрөг гэж маргасан, эдгээр үнийн аль нь үндэслэлтэй, зах зээлийн үнэ мөн эсэх асуудлаар маргасан нь үнийг тохироогүй гэх агуулга биш болохыг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай байв.

13.Хоёр шатны шүүх маргаж буй бетон зуурмагийн үнийг 208,161 төгрөгөөр тогтоосон гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч “М” ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 1 м.куб-ыг 159,000 төгрөгөөр тооцно гэсэн дүгнэлт хийсэн нь талуудын зарчимд нийцээгүй байна.

Зүй нь гэрээний талууд үнийг хэрхэн тохирсон үйл баримтыг шүүх тогтоож, эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд талууд үнийн талаар хангалттай мэтгэлцэж чадаагүй, Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсгийг хэрэглэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

13.1.Талууд гэрээний 4.1-д С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 297,969 төгрөг гэж тохирсны дагуу нийлүүлж байгаад орц, материал нь өөрчлөгдсөний улмаас С37 маркийн хуурай хольцтой 7,391.75 м.куб бетон зуурмагийг нийлүүлэхээр тохирч, уг хэмжээний зуурмагийг хариуцагч хүлээн авсан. Энэ тохиолдолд материалаас шалтгаалж зуурмагийн үнэд ямар өөрчлөлт орсон, тухайн үеийн С37 маркийн хуурай хольцтой бетон зуурмагийн зах зээлийн үнэ хэд байсан, мэргэшсэн төсөвчин М.Г-н үйлдсэн “Бетоны нэгж үнийн төсвийн задаргаа” гэх баримт үндэслэлтэй эсэх үйл баримт ач холбогдолтой ба эдгээр нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт байхгүй байна.

13.2.Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухайд тохиролцож болно гэж заасан. Маргаж буй зуурмагийн үнийг тогтоох арга хэрэгслийг тодорхойлж, талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй учир уг хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй байна.

13.3.Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй. Хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй учир шүүх санаачилгаараа шинжээч томилох эрхгүй юм. Хэргийн оролцогчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус тохиолдолд шүүх нэмэлт болон дахин шинжээч томилох ба ийм нөхцөл бүрдээгүй тул шүүх дахин шинжээч томилох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Шүүх хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул нотлох баримтыг буруу үнэлсэн гэх нэхэмжлэгч талын гомдолд хариу өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

13.4.Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй гэж үзэж, нэхэмжлэгчээс нөхөн гаргуулна, харин нэхэмжлэгч нь бодит байдалд хураамжийг төлсөн бол тухайн баримтыг шаардлага хангасан хэлбэрээр хавсаргаж, хүсэлт гаргах замаар уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,974,246.14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,025,386.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх анхаараагүй, улмаар залруулаагүй нь буруу байв.

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04633 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/002116 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.10-ны өдөр төлсөн 4,106,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРМАА

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН