Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 121

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Ц.Гансүлд,

  шүүгдэгч Э.Ууганбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Эрдэнэбилэгийн Ууганбаярт холбогдох 201726010058 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн 5 дугаар баг, 30-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Гөрөөчин овогт Эрдэнэбилэгийн Ууганбаяр /РД:ФД89062134/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ууганбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гангарын 22 дугаар байрны гадна талд иргэн Э.Содномцэрэнг “зөрж өнгөрөхдөө мөрлөсөн” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Э.Ууганбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гангарын 22 дугаар байрны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж иргэн Э.Содномцэрэнг “зөрж өнгөрөхдөө мөрлөсөн” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Э.Содномцэрэнгийн өргөдөл /хх-ийн 7 х/

 

2.Хохирогч Э.Содномцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Жавхлантөгсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар 22 дугаар байрны гадаа зогсож байсан чинь нэг согтуу залуу ирээд намайг мөрлөөд хажуугаар гарахаар нь “чи яаж яваад байна” гэж асуухад урдаас “юу гээд байгаа юм бэ” гээд их богино хугацаанд намайг нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, унагаагаад нуруу руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Уг асуудал  их богино хугацаанд болсон. Тэгэхэд Манай найз Жавхлантөгс өөрийн гар утаснаасаа цагдаа дуудсан. Би Ууганбаярыг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 47 х/

 

3. Гэрч П.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ууганбаяр, Энхболд нартай 19 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн ойролцоо нэг пабад бид 3 орж суугаад нэг шил пиво авч уусан. Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад 20 цаг өнгөрөөгөөд гараад Ууганбаяр дүүгийнхээ гэрлүү, бид 2 гэр гэрлүүгээ явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 х/

 

           4. Гэрч Э.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21 цаг өнгөрч байхад би эмээ, өвөөгийн гэр лүү явж байгаад замаараа найз Содномцэрэнгийн гэрээр дайрч уулзаад хамтдаа байрных нь гадаа тамхи татаад зогсож байхад нэг согтуу залуу ирээд Содномцэрэнгийн хажуугаар гарахдаа юунаас болсныг нь мэдэхгүй байна, манай найзыг цохиод авсан. Тэгээд тэр 2 давхаралдаад унахаар нь би найз Содномцэрэнг босгоход хамар нь мурийсан, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаа руу залгаж, дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 х/

 

            5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 787 тоот дүгнэлтэд:

              - Э.Содномцэрэнгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

              - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

               - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               - Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15 х/

 

            6.Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:            “...Э.Содномцэрэнгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломж муутай, харин цохигдох, мөргөлдөх ноцолдох үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 х/

 

            7. Шүүгдэгч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би найз болох Ганбаяр, Энхболд нартай хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Драгон” төв дээр байдаг нэг нэрийг нь мэдэхгүй пабад орж 3-4 шил пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад гэр гэртээ харихаар салсан. Би ганцаараа Геологийн төв лабораторын тэнд явж байсан чинь надтай зүс танихгүй 2 залуу өнгөрсөн ба надтай өнгөрөхдөө нэг залуу нь намайг мөрлөөд өнгөрсөн, тэгэхээр нь “яаж байна аа, чи урд замаа харахгүй байна уу” гэхэд тэр залуу “чи өөрөө тойроод явахгүй яасан юм” гэж хэлээд цаашаа амандаа юм бувтнаад явахаар нь би “юу гэнээ” гээд эргээд харахад “юу гэсэн ч яадаг юм, чамд хамаагүй” гэж хэлэхээр нь би нэг удаа гараараа түүний нүүрэн тус газар нь цохиж авсан юм. Тэгтэл найз нь болох хамт явсан нөхөр нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 55 х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

  “....Би урд ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Драгон дээр 16 цагийн үед буусан. Тэгээд хоёр найзтайгаа 18 цагийн үед уулзаад Драгоны ойролцоо нэг пабад орсон. Тухайн пабад би 2 ширхэг пиво уусан. Тэндээс гараад би дүүгийндээ очиж амрахаар явсан. Явж байгаад замдаа хоёр залуутай тааралдаад нэг нь намайг мөрлөхөөр нь би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яасан ч яадаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу гээд байгаа юм бэ” гээд хохирогч бид хоёр барьцалдсан. Би хохирогчийг нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Э.Ууганбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Шүүгдэгч Э.Ууганбаярын өмгөөлөгч Х.Ундрах-Оргилоос дараах саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болно. Үүнд:

            Тус хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр үйлдэгдсэн. Учир нь, тухайн өдөр хохирогч Содномцэрэн нь шүүгдэгч Э.Ууганбаярыг ирж мөрлөснөөс болж хоорондоо 4-5 минут орчим маргалдаж улмаар харилцан зодолдсон байдаг. Миний үйлчлүүлэгчийн биед тухайн үед уруул нь язарсан шарх гэмтэл учирсан байдаг ч шүүх эмнэлэгт үзүүлээгүй байсан. Харин шүүгдэгчийн үйлдлээс болж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч нь уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Дээрх байдлаас дүгнэвэл, энэхүү хэрэг нь хувийн сэдэлттэй буюу хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж үйлдэгдсэн байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл ангиар зүйлчилж, улмаар мөрдөн байцаалтын шатанд хохирогч, шүүгдэгч нар нь эвлэрсэн байдаг тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг гаргажээ.

            Гэвч хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлж дүгнэвэл, өмгөөлөгчийн гаргасан саналд дурдагдсан нөхцөл байдлууд тогтоогдоогүй байх тул түүний гаргасан дээрх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайлбал, хохирогч Э.Содномцэрэнгийн “...байрны гадаа зогсож байсан чинь нэг согтуу залуу ирээд намайг мөрлөөд хажуугаар гарахаар нь “чи яаж яваад байна” гэж асуухад урдаас “юу гээд байгаа юм бэ” гээд их богино хугацаанд намайг нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, унагаагаад нуруу руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Манай найз Жавхлантөгс өөрийн гар утаснаасаа цагдаа дуудсан” гэж,

             гэрч Э.Жавхлантөгсийн “...найз Содномцэрэнгийн байрных нь гадаа тамхи татаад зогсож байхад нэг согтуу залуу ирээд Содномцэрэнгийн хажуугаар гарахдаа юунаас болсныг нь мэдэхгүй байна, манай найзыг цохиод авсан. Тэгээд тэр 2 давхралдаад унахаар нь би найз Содномцэрэнг босгоход хамар нь мурийсан, хамраас нь цус гарсан байсан” гэж,

            шүүгдэгч Э.Ууганбаярын  “...надтай зүс танихгүй 2 залуу зөрж өнгөрөхдөө нэг залуу нь намайг мөрлөөд өнгөрсөн, тэгэхээр нь “яаж байна аа, чи урд замаа харахгүй байна уу” гэхэд тэр залуу “чи өөрөө тойроод явахгүй яасан юм” гэж хэлээд цаашаа амандаа юм бувтнаад явахаар нь би “юу гэнээ” гээд эргээд харахад “юу гэсэн ч яадаг юм, чамд хамаагүй” гэж хэлэхээр нь би нэг удаа гараараа түүний нүүрэн тус газар нь цохиж авсан юм. Тэгтэл найз нь болох хамт явсан нөхөр нь цагдаа дуудсан. Тухайн газар холуур өнгөрөх боломж, зай байсан ч тэгээгүй.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,  хохирогч, шүүгдэгч нарын хооронд харилцан зодоон болоогүй, хохирогч нь шүүгдэгчтэй зөрж өнгөрөхдөө харилцан шүргэлцсэнийг шүүгдэгч нь хохирогчийг “өөрийг нь зориуд ирж мөрлөлөө” гэж үл ялих зүйлээр шалтаглан бухимдан уурлаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байх тул танхай сэдэлттэй гэж үзнэ.

                                   

           Шүүгдэгч Э.Ууганбаяр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 х/-аар тогтоогдож байна.

 

 

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Э.Содномцэрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 370.000 төгрөгийн баримт /хх-ийн 59 х/ гаргаж өгсөн байх боловч нийт 800.000 төгрөгийг шүүгдэгч Э.Ууганбаяраас авсан болох нь мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 36 х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон, хохирогч Э.Содномцэрэн нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул Э.Ууганбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Ууганбаяр нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Ууганбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Эрдэнэбилэгийн Ууганбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярыг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярын эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

4. Э.Ууганбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ууганбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг харъяа аймаг, сумын /Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь/ Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ