Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0283

 

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0283

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүргийн 00 дугаар хороо, У Б ХХК-ийн байранд байрлах, У ХХК,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан М ХХК-ийн дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээд Г.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ:М ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг өмнө хуралдуулж байгаагүй учраас санхүүгийн тайлан болон үйл ажиллагаатай холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар У ХХК нь хүсэлт тавьж, 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хадгалагдаж байгаа М ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой бичиг баримтуудыг гаргуулахаар 2018 оны 11 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас М ХХК-ийн баримт бичгүүд ирсэн. Уг баримтууд дотор 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан гэх М ХХК-ийн дүрэм авагдсан байх бөгөөд дүрэмд Д.Н-г У ХХК-ийн эзэмшиж байсан 75 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байсан. Энэхүү дүрэм улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа учраас У ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

У ХХК нь өөрийн эзэмшлийн 75 хувийн хувьцааг бусдад буюу Д.Н-д шилжүүлсэн хэлцэл хийгээгүй, У ХХК нь хувьцаа эзэмшигч хэвээрээ, өөрчлөгдөөгүй, шийдвэр гараагүй байхад гуравдагч этгээдийн гарын үсэгтэй, ямар ч шийдвэр, гэрээгүйгээр 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан гэх М ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр баталсан компанийн дүрмийг бүртгэх үүрэгтэй. Гэтэл Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална, 17.8-д Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2007 оны дүрэм батлагдаж, хүчин төгөлдөр байгаа учраас Улаанбаатар менежмент ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

2003 оны дүрмээр компани төлөөлөн удирдах зөвлөлийн 4 гишүүнтэй, үүний 3 нь У ХХК-аас томилсон гишүүд удирдаж, олонхиор шийдвэр гаргаж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэвч гүйцэтгэх захирал буюу хувьцаа эзэмшигч Г.М нь хууль зөрчиж, компанийн дүрмийг бүртгүүлж, У ХХК-ийн олонхийн төлөөлөл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.

2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичиг бүрдүүлнэ, 22.1.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 22.1.2-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 22.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт гэж заасныг зөрчсөн.

М ХХК-ийн гүйцэтгэх захирал, 25 хувийн хувьцаа эзэмшигч Г.М нь Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийдвэрээр М ХХК-ийн эзэмшиж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дахь Цахиурт нэртэй 140 гектар талбай бүхий 7******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг М ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байх ба шилжүүлэхээр өргөдөл гаргахдаа хууль бусаар бүртгэгдсэн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүрмийг гаргаж өгсөн болохыг олж мэдсэн.

Г.М нь М ХХК-ийн 2003 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дүрэмд заасан ТУЗ-ийн 4 гишүүнтэй байна гэснийг нуун дарагдуулах зорилгоор, 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан М ХХК-ийн дүрмийг бүртгүүлж, уг дүрмийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт гаргаж өгсөн байна

Г.М-тэй уулзалт хийж, энэ талаар тодруулахад компанийн дүрмийг хууль зөрчиж бүртгүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд гуравдагч этгээд Г.М-гийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй. Улсын бүртгэлийн байгууллагаас хуульд заасны дагуу баримт бүрдүүлж бүртгэл хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Компанийн чиглэл өөрчлөгдөж байгаа тохиолдолд дүрэмд өөрчлөлт ордог. Ингэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэр гарах ёстой боловч хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй байхад үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн гэдэг нэрийн доор дүрэмд өөрчлөлт оруулж, У ХХК-ийн эрхэд халдсан.

Иймд 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан М ХХК-ийн дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...М ХХК-ийг 1997 онд Г.М-Д үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба 2003 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу нийт хувьцааны 75 хувийг У ХХК-д шилжүүлж, 2 хувьцаа эзэмшигчтэй болсныг бүртгэсэн. Үүнээс хойш хувьцаа эзэмшигч өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл М ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр У ХХК, 25 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.М нар бүртгэлтэй байна.

Харин 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйл ажиллагааны чиглэл нэмэх хүсэлтийг хүлээн авахад өгсөн өргөдлийн маягт, улсын тэмдэгтийн хураамж, шинэчилсэн дүрэм, тусгай зөвшөөрлийн хуулбар, үүсгэн байгуулагчийн 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр зэрэг шаардлагатай баримтыг ирүүлсэн гэж үзэж, 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүрмийг 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний татварын алба баталсан байна.

Дүрэмд үүсгэн байгуулагч нь зөрүүтэй туссан бөгөөд хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орсон зүйл байхгүй.

Иймд У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М ХХК-ийг иргэн Г.М нь 1997 онд үүсгэн байгуулж, компанийн үйл ажиллагааг өргөтгөх үүднээс У ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож, улмаар компанийнхаа 75 хувийн хувьцаа эзэмшигчээр 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн.

М ХХК нь Барилга хот байгуулалтын газраас Асьбалт бетоны хольц, резин нунтгийн үйлдвэрлэл, зам талбайн тохижилт, засварын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан тул хувьцаа эзэмшигч нар нь үйл ажиллагааны чиглэлд уг өөрчлөлтийг нэмж тусгахаар зөвшилцсөнөөс гадна У ХХК нь өөрсдийн компаний хувьцаа эзэмшигч Д.Н-г М ХХК-ийн дүрэмд хувьцаа эзэмшигчээр тусгуулахыг хүссэн учир 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Түүнээс биш санаатайгаар У ХХК-ийг хувьцаа эзэмшигч биш болгож, Д.Н-г хууль бусаар бүртгүүлсэн зүйл байхгүй.

Дээрх бүртгэл нь У ХХК-ийн зөвшөөрлөөр хийгдсэн, дүрэмд огт хамааралгүй этгээд бус, У ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Н бичигдсэн тул У ХХК нь уг үйл баримтыг мэдээгүй байх ямар ч боломжгүй атал бүтэн 12 жилийн дараа иргэн Г.М-г хууль бусаар, санаатайгаар дүрэмд өөрчлөлт оруулсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Г.М-г хууль бусаар баримт бүрдүүлж бүртгүүлсэн гэдэг байдлаар хандахгүй байхыг нэхэмжлэгч талаас хүсье.

Өөрсдөө мэдэж, зөвшөөрсний үндсэн дээр хийгдсэн ажиллагаанд 12 жилийн дараа үндэслэлгүйгээр маргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй бөгөөд компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/1133 тоот албан бичигт дурдсанчлан хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг шинэчлэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн боломжтой.

Мөн У ХХК нь компанийн дүрмийг хүчингүй болгох үндэслэлдээ Г.М нь М ХХК-ийн эзэмшиж байсан 140 га талбай бүхий 7******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг М ХХК-д шилжүүлэхээр өргөдөл гаргахдаа хуульд бусаар бүртгүүлсэн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүрмийг гаргаж өгсөн гэжээ. Гэтэл 7******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар М ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу уг ажиллагаа гүйцэтгэгдсэн учир нэр шилжүүлэх баримт бичигт дээрх дүрмийг хавсаргасан нь У ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

2003 оноос хойш өнөөдрийг хүртэл У ХХК нь М ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт ороогүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргаж өгсөн хариу тайлбар, нотлох баримт болон хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Захиргааны байгууллага алдаатай үйлдлээ хүлээн зөвшөөрч байх бөгөөд тэрхүү бүртгэлийн улмаас хувьцаа эзэмшигч Г.М-гийн 25 хувийн бүртгэлд өөрчлөлт орохгүй учраас эрх ашиг нь хөндөгдөхгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...У ХХК нь 2003 оноос М ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдан авч, намайг ТУЗ-ийн даргаар тавьсан ба бид хөрөнгө оруулалт хийсэн ч 3 жилээс илүү ашиглаж чадалгүй үйл ажиллагаагаа явуулаагүй өдийг хүрсэн. Харин 2007 онд М ХХК-ийн дүрэмд өөрчлөлт орж, 75 хувийг миний нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна. Ингэхдээ миний гарын үсгийг хуурамчаар зурж хийсэн ба энэ өөрчлөлтийн тухай 2018 оны 03 сард манай компанийн захирал Д.М хэлэх үед олж мэдлээ, Би У ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч юм. М ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Г.М-д ингэж хийх ямар шаардлага байсныг мэдэхгүй. Надад үүнийг шилжүүлж авах ямар ч шаардлага байхгүй тул У ХХК-ийн энэ нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Ингэж шилжүүлсэн байх хугацаанд 140 гектар талбай бүхий лиценз бусдад зарагдсан байх ба үүнийг би огт мэдээгүй. Миний гарын үсгийг удаа дараа хуурамчаар зурж, хууль бус зүйл хийсэн байгаа нь доромжилж байгаагаас өөрцгүй хэрэг гэж үзэж байгаа тул 2007 оны 01 дүгээр сарын 24-нд баталсан гэх М ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

Миний бие цаг зав, боломжгүйгээс шүүх хуралд биеэр оролцох боломжгүй тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

У ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан М ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч У ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...М ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигч У ХХК-д мэдэгдэхгүйгээр, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр үйл ажиллагааны чиглэл өөрчлөх нэрийн дор компанийн дүрэмд М******* ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр У ХХК биш, Д.Н гэж өөрчлөлт хийж, дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж маргажээ.

М ХХК-ийг анх 1997 онд Г.М үүсгэн байгуулж, хувь нийлүүлэгчдийн 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор Компанийн 2001 оны дүрмийг хүчингүй болгож, шинэ дүрмийг баталж, компанийн өмчлөх эрхийн 25 хувийг Г.М-д, 75 хувийг У ХХК-д эзэмших эрх буюу хувьцааг гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлийг Г.М, Д.Н, Ч.Б, Х.Х нарын 4 гишүүнтэй байхаар баталж, дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

Харин 2007 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр баталсан М ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус гэж маргаж байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд М ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М нь 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот албан бичгээр М ХХК-ийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэл нэмэхээр хүсэлт гаргасан байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан баримтыг бүрэн бүрдүүлж гаргаж өгөх ёстой байтал УБ-05 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинэчилсэн дүрэм зэргийг хавсаргаж өгснийг хүлээн авч, бүртгэл хийсэн хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл компанийн дүрэм нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Компанийн тухай /1999 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг байх бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батлах-аар, 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах шийдвэрийг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь М ХХК-ийн хувь нийлүүлэгч буюу төлөөлөн удирдах зөвлөлөөс 2003 онд батлагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн дүрмийг хүчингүй болгосон болон Д.Н-д 75 хувийн хувьцааг эзэмшүүлсэн, шилжүүлсэн дүрмийг шинэчлэн баталсан шийдвэр гараагүй буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасан үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр болон Компанийн тухай /1999 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д заасан компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эх зэрэг баримт бичгийг ирүүлээгүй нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад энэхүү дүрмийг бүртгэсэн нь хуульд нийцэхгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангасан тул бүртгэл хийсэн гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх байдлаар дутуу бүрдүүлж ирүүлсэн баримт бичгийг үндэслэн хийгдсэн 2007 оны дүрмийг бүртгэгдсэнээр Компанийн тухай /1999 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д зааснаар хүчин төгөлдөр болсон байх бөгөөд дээрх дүрмээр М ХХК-ийг үүсгэн байгуулагч 75 хувийн хувьцаа эзэмшигчээр Л.Н, 25 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.М нар бүртгэгдсэн, уг бүртгэлийн улмаас У ХХК нь хувьцаа эзэмшигч биш болж, Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн болон ТУЗ-ийн хуралдуулах, шийдвэр гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Дээрх хууль зөрчиж хийгдсэн бүртгэлийн улмаас У ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан М ХХК-ийн дүрмийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс дээрх үйл баримтыг буюу 2007 оны дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд Г.М-гийн 25 хувийн хувьцаа эзэмших эрхэд нөлөөлөхгүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй талаар тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Компанийн тухай /1999 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.3.2, 17.6, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2007 оны 01 дүгээр сарын 24-нд баталсан М ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН