Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0645/з |
Дугаар | 221/МА2017/0111 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2017/0111
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Я.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, гуравдагч этгээд М.Нанчидын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Одончимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 982 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Я.Оюунбилэг, Э.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 981 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Оюунбилэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нарын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжийн М.Нанчидад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Наранбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжийн М.Нанчидад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар давж заалдах гомдолдоо: “...Э.Наранбаатар нь газар эзэмших хүсэлт гаргаж, эзэмших эрх авч, уг эрхийнхээ дагуу хашаалж кадастрын зураг хийлгүүлсэн. М.Нанчид нь өргөдөл хүсэлт гаргаагүй атлаа хавсралтад нэрээ оруулсан ба хаана нь мэдэгдэхгүй эрх авсан. Улмаар Э.Наранбаатарыг гадаад улсад байдаг, хашаа нь эзгүйг далимдуулан хашаанд нь орж фундамент цутгасан. Тэрээр хурал дээр хашааны дотор цутгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Кадастрын зураг хийлгэхдээ Э.Наранбаатарын кадастрын зургийг ашигласан. Э.Наранбаатарын кадастрын зургийн эргэлтийн цэгүүд нь 1 метрийн ч зөрүүгүй давхацсан.
Шүүх “нэхэмжлэгч Э.Наранбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Э.Наранбаатарын хашаалсан газарт Э.Наранбаатарын кадастрын зургийг ашиглан түүний эрхийг хүчингүй болгосон нь Э.Наранбаатарын эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсний учрыг ойлгохгүй байна.
Математик мэддэг, гадарладаг хүн магадлал гэдгийг мэднэ. Кадастрын зургийн эргэлтийн цэг Шарга морьтын зуслангийн бүх айлуудын хувьд давхцах магадлал саяд 1 хувь ч хүрэхгүй буюу ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, М.Нанчидын газар Шарга морьтын хаана ч байж болох ба заавал Э.Наранбаатарын хашаа, эргэлтийн цэгтэй давхцаж таарах тохиолдол байхгүй.
Шүүх хуралдаанд М.Нанчид яаж урт, өргөн байрлал нь давхацсан кадастрын зураг хийлгэсний учрыг олоогүй, шүүх ч учрыг нь олохыг хүсээгүй.
Шүүх “захиргааны байгууллага өргөдөл, хүсэлтгүй, оноосон газаргүй, тойм зураггүй газар олгох захирамж гаргаж болно. Уг захирамж болон бусдын кадастрын зургийг ашиглан газар эзэмшиж болно. Энэ тохиолдолд хашаалсан газар болон кадастрын зургаа ашиглуулсан этгээдийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй” гэсэн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмшигчид кадастрын зургаа газар дээр нь мэргэжлийн хүнийг байлцуулан эргэлтийн цэгийг тогтоолгодог эсэхийг тогтоолгохоор хэргийг буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчээс “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтод зуслангийн газар авч, 2004 онд байшингаа барьсан... Улмаар өөрийн ашиглаж байсан газраа 2 хувааж тал газрыг нь өөрийн хүргэн хүү Э.Наранбаатарын нэр дээр шилжүүлсэн ...гэтэл үл таних этгээдүүд манай хашаа дотор байшин барихаар хайрга асгаж, барилгын ажил эхэлсэн ...бидний хашаан дотор иргэн М.Нанчидад хууль бусаар газар олгосон байна. ...М.Нанчид нь уг газрыг эзэмшихээр өргөдлөө гаргаагүй атал Газрын албанаас М.Нанчидын нэрийг захирамжид оруулсан...” гэж, хариуцагчаас “маргаан бүхий газрыг иргэн М.Нанчидад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар 400 м.кв, 2008 оны 335 дугаар захирамжаар 389 м.кв газрыг тус тус 5-15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн... Э.Наранбаатарт мөн зусланд тус дүүргийн 2003 оны 131 дүгээр захирамжаар 400 м.кв, 2008 оны 260 дугаар захирамжаар 491 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн... газрын давхцал байгаа, ямар эрх нь зөрчигдсөн эсэх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой бус” гэж, гуравдагч этгээдээс “...М.Нанчид нь Газрын тухай хуульд заасан журмаар газар эзэмших хүсэлт гаргаж, газар эзэмших эрх авсан. ...гэтэл түүний эзэмшлийн газар дээр Э.Наранбаатар, Я.Оюунбилэг нарт давхардуулан газар эзэмших эрх олгосныг мэдээгүй...” гэж тус тус маргажээ.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.3-д “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд тус бүрт 400 м.кв газрыг эзэмшүүлж, гуравдагч этгээд М.Нанчидад 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 010407070 тоот гэрчилгээ[1], нэхэмжлэгч Э.Наранбаатарт 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 049920 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ[2]-г тус тус олгосон байна.
Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар олгосон газрыг кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүйн зэрэгцээ Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байна.
Мөн тухайн үед М.Нанчид нь маргаан бүхий актаар эзэмших эрхтэй болсон газраа эзэмшиж ашиглаагүй, мөн Э.Наранбаатарын эзэмшлийн газрын байршил, хил заагийг тодорхойлоогүй явснаас тэдгээрийн эзэмшсэн газар нь давхацсан, эсхүл зэрэгцээ эсэхийг тогтоох боломжгүй байжээ.
Харин М.Нанчид, Э.Наранбаатар нарын эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2008 онд гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар захирамжаар Э.Наранбаатарт 491 м.кв, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар М.Нанчидад 389 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу газрын мэдээллийн санд иргэн М.Нанчидын эзэмшиж буй газрыг 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 18643327509286 нэгж талбарын дугаарт[3], 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18643327508289 нэгж талбарын дугаарт тус тус бүртгэсэн байна.
Хэдийгээр газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн маргаж буй газрууд давхцаж байх боловч шүүхээс хийсэн 2 удаагийн маргаан бүхий газрын үзлэг, түүнд хавсаргасан фото зургуудаас үзэхэд нэхэмжлэгч Я.Оюунбилэг, Э.Наранбаатар нарын эзэмших эрх бүхий газар гуравдагч этгээд М.Нанчидын газартай бодит байдал дээр давхцаагүй, тодруулбал, нэхэмжлэгч нарын өөрийн хөрөнгөөр барьж, одоог хүртэл амьдарч байгаа зуслангийн байшин, түүнийг тойруулан хатгасан төмөр хашаа болон гуравдагч этгээдийн цутгасан байшингийн зэрэг байрлаж байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.
Дүгнэвэл, газрын мэдээллийн сангийн зургаас үл хамааран нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд бодит байдал дээр давхцаагүй, түүнчлэн хэрэгт авагдсан кадастрын зургууд дээрх цохолтуудыг тодруулахаар тухайн үед Газрын албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Э.Түвшинбаярыг гэрчээр асуухад “н.Хадбаатар уг цохолтыг хийсэн... би мэдэхгүй” гэх тайлбарыг өгснөөс үзвэл уг баримтуудад дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар тал
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал