| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2024/0279/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/338 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Дэлгэрцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч О.Дэлгэрцэцэг,
хохирогч Д.А ,
шүүгдэгч М.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.овгийн М.Н д холбогдох эрүүгийн 2411000000324 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Б.овгийн М.Н , 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .. тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 550 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар .....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... худалдааны төвийн авто машины зогсоол дээр хохирогч Д.А тай маргалдаж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун гарын алганы шивнүүр ясны хугарал, баруун шилбэнд цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Түргэн зангаасаа боллоо...” гэв.
Хохирогч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч М.Н гийн өгсөн мэдүүлэг худлаа. Би “....” худалдааны төвийн үүдэнд машины төлбөр хураадаг ажил хийдэг юм. Зогсоол дээр бүтэн өдөр машинаа тавьсан ч, түр ороод гарсан ч гэсэн 500 төгрөг хураан авдаг. Тухайн өдөр би М.Н г зогсоолоос гарах гэж байхад зогсоолын мөнгөө өгөөрэй гэж хэлсэн чинь мөнгө байхгүй гэж хэлээд урагшилсан. Тэгэхээр нь би түүний машины цонхыг нь нүдсэн чинь машинаа унтраагаад буугаад ирсэн. Тэгээд мөнгөө өгөөч гэж хэлсэн чинь надтай зууралдаад улмаар би биеэрээ түүний машины толийг эвхсэн. Гэтэл машины толь эвдчихлээ гээд миний гарыг салаавчилж барьж байгаад хойшоо дарсаныг тухайн зогсоол дээр байсан портерын жолооч ирж хараад тухайн үйлдлийг зогсоогоод буцаад цаашаа явсан чинь М.Н үргэлжлүүлээд миний гарыг өөрийн гараараа салаавчилж байгаад намайг сөхөрч унатал дарсан. Би “Болиоч” гэж хэлээд орилсон боловч тавиагүй. Тэгээд би босч ирээд М.Н г өшиглөсөн. Гэтэл зөрүүлээд миний баруун хөлний шилбэ рүү 3-4 удаа гутлаараа өшиглөсөн. Энэ тухай зураг надад байгаа. Гэтэл шүүгдэгч М.Н өнөөдөр худал мэдүүлэг өгөөд байна...” гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн авто машины зогсоол дээр хохирогч Д.А тай маргалдаж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун гарын алганы шивнүүр ясны хугарал, баруун шилбэнд цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэж дүгнэв.
Дээрх үйл баримт нь:
Хохирогч Д.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Би 2022 оны 8 дугаар сараас хойш одоог хүртэл Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... худалдааны төвийн үүдний авто зогсоолын мөнгө хураагчийн ажлыг хийж байгаа юм. Манай худалдааны төвөөр автомашинтай зорчсон тээврийн хэрэгсэл бүрээс цаг үл хамаарч 500 төгрөгийн шимтгэл төлбөрийг авдаг юм. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад саарал өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслээр манай худалдааны төв рүү ороод буцаж гарч байгаа машинаас мөнгөө авах гэтэл тухайн машины жолооч өөдөөс би дөнгөж сая ороод хүн буулгачхаад гарч байна. Удаагүй юм чинь мөнгө өгөхгүй. Би яахаараа мөнгө төлөх ёстой юм гээд уурлаад урагшаагаа хөдлөөд явчих гээд байхаар нь би мөнгө чимхэж авдаг хавчаараараа жолоочийн арын хаалганы шилний ойролцоо 2-3 удаа зөөлөн тогшсон. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй жолооч шууд хөдлөөд явчихаар нь би машины футикнээсээ буугаад машин дээр нь очоод чи яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ гэсэн чинь би яахаараа мөнгө төлөх ёстой юм бэ гээд хэрэлдээд нөгөө эрэгтэй машинаасаа бууж ирээд гадуур хувцаснуудаасаа зууралдаад эхэлсэн ба би машиныг нь явуулахгүй гээд машин руу налаад зогссон байсан ба тэр үед хажуугаар өнгөрч явсан эрэгтэй машины жолооч ирээд бид хоёрыг салгасан ба салсныхаа дараа дахин хэрүүл маргаан хийгээд эхэлсэн бөгөөд тэр үед тухайн эрэгтэй шууд миний хоёр гарын хуруунуудыг салаавчилж барьж байгаад арагшаа дарчихсан ба миний баруун гарын дунд хуруу ядам хуруу хоёр маш их хөндүүрлээд эхэлсэн. Тэгээд дахиад би тухайн эрэгтэйн хөл рүү өшиглөсөн чинь эргүүлээд тухайн эрэгтэй миний баруун хөл рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний хөлийн шилбэ хэсэг хөндүүртэй байна. Би бусдад зодуулсны улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зарцуулсан эм тарианы мөнгө болон ажилдаа явж чадаагүй байгаа учраас ажлынхаа цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгийг буруутай этгээдээр гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1949 дугаартай: “...Хэсэг газрын үзлэг. Баруун шууны дунд хэсгээс сарвуу хүртэл гөлтгөнөн аравч Боолттой, гар сойсон, баруун шилбэний гадна дунд хэсэгт 4,5x3 см, доод хэсэгт 3x2 см сэтэй, хөх өнгийн, бүдэг цус хуралттай, зүүн өвдөгний гадна доод хэсгээр патрэхэд эмзэглэнэ гэнэ. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Дүрслэл оношилгооны хариунд: 2024.01.24- ний баруун шуу, сарвууны 2 Байрлалын рентген шинжилгээнд: Баруун алганы 4-р яс суурь хэсгээр зөрөөгүй хугаралтай гэжээ.
Д.А ын биед баруун гарын алганы шивнүүр ясны хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун гарын алганы шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шилбэний цус хуралт нь 2.6-д эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Хохирогч Д.А ын хохирол нэхэмжилсэн баримт “И” ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Д.А нь 1 сарын цалин болон эмчилгээний зардалд баримтаар 896.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.Н г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “..Би 2 сарын цалин нэхэмжилж байна...” гэх боловч энэ талаар холбогдох нотлох баримтгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэхгүй орхиж, хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.овгийн М.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН