| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2024/0326/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/350 |
| Огноо | 2024-04-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/350
2024 04 29 2024/ШЦТ/350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Г.Гармаа,
шүүгдэгч, хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,
шүүгдэгч, хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч Ц.Нямдорж нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Д.Б ,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Ц.М нарт холбогдох эрүүгийн 2311020520158 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Ц овгийн Ц.М , 1988 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, М-д гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .... тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нь 2017 оны 12 дугаар барын 27-ны өдөр 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар .....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг Т рестораны 1 давхрын лоунж болон Т рестораны гадна үүдэн хэсэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.М-тай маргалдаж улмаар хохирогч Ц.М ын нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, түүнийг унахад нь нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөж Ц.М ын эрүүл мэндэд баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, эвэрлэгийн урагдал, болорын мултрал, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ц.М нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т рестораны 1 давхрын лоунж болон Т рестораны гадна үүдэн хэсэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б тай маргалдаж улмаар хохирогч Д.Б ын нүүрэн хэсэгт нь гараараа олон удаа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн хацар, зүүн гарын дунд хуруунд шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т рестораны 1 давхрын лоунж болон Т рестораны гадна үүдэн шүүгдэгч Д.Б , Ц.М нар нь хоорондоо маргалдан Д.Б нь Ц.М ын нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, түүнийг унахад нь нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол,
шүүгдэгч Ц.М нь Д.Б ын нүүрэн хэсэгт нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч, хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргахгүй, хохирлын төлж барагдуулсан. Миний хувьд Ц.М аас нэхэмжилсэн зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яаралтай эмчилгээний зардлаа төлүүлэх хэрэгтэй байна. Ажил байхгүй маш хүнд байгаа. Гэмтлийн улмаас ажлаа хүлээлгэж өгсөн. Хамгийн бага зардал нь Хятад улс байгаа. Бидний тооцоолсноор 35 сая орчим төгрөг болж байгаа боловч баримт авахаар хичээсэн. Өөрсдийн хэмжээнд боломжоороо авсан баримт энэ байна. Хос эрхтэн гэдэг бол Д роо бүрэн ажиллаж байж бүтэн болдог...” гэв.
Дээрх үйлд баримт нь:
Хохирогч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би М-д зураглаачаар ажилладаг юм. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний орой Баасан гарагт манай ажлынхан танилцах үдэшлэгийг Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо Т рестораны 1 давхрын зааланд 18 цагаас зохион байгуулсан. Үдэшлэгт би орой 18 цаг 30 минутын үед очсон бөгөөд манай ажлын газрын М, хүний нөөц зэргээс нийт 10 гаруй хүн очсон байсан. Манай ажилд шинээр орсон хоёр хүн байсан нэг нь Ц.М гэх маркетинг, гадаад харилцаа хариуцсан залуу байсан. Тэгээд ууж идэж байгаад зарим нь явцгаасан байсан, 22 цагийн үед байх би гаднаас тамхи татчихаад орж ирэхэд манайхан ширээнд суучихсан Ц.М чанга чанга дуугараад хэвлэхийн ажилтан М гэх залуутай маргалдаад байхаар нь би Ц.М ыг “Миний хөгшин яах гээд байгаа юм, жаахан хүүхэдтэй” гэхэд “чи намайг хөгшөөн гэлээ, би энэ ажилд чинь гуйж ажиллаагүй шүү” гээд надтай эргээд маргаад эхлэхээр нь “за нэг нутаг усны хүмүүс байж яах гэсэн юм бэ? болъё” гэхэд босож ирээд намайг тэврэх маягтай доош нь мушгиад дарахаар нь би нэг гараа мөрөн дээр нь тавьсан байж байгаад болъё гээд салаад ширээний хоёр талаар салсан. Манайхан ч явахаар болоод бужигнаж байхад Ц.М агсраад намайг дуудаад байхаар нь би за за зүгээр гээд Ц.М ын байсан заалны баруун урд талын хэсэгт очоод хамт суухад над руу юм яриад л орилоод агсарч байгаад нүдний шилээ аваад босож ирээд нүүр рүү гараараа цохисон, манай ажлын газрын хүмүүс ирээд салгаад би ариун цэврийн өрөө рүү явсан. Миний зүүн шанаа язраад, хавдаад цус гарсан байсан угаачхаад гарч ирэхэд Ц.М рестораны гадаа үүдэнд ажлын 3-4 хүмүүстэй зогсож байсан би очоод Ц.М ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод би шатаар доошоо буусан. Шатны доор зогсож байхад Ц.М ирээд хоёулаа маргалдаад дахиад намайг 2-3 удаа цохих үйлдэл хийгээд дайрахаар нь би зөрүүлээд барьж аваад ард нь гараад өргөөд давуулаад шидсэн. Ц.М бөгс хэсгээрээ унасан байсан би өшиглөх гэсэн онохгүй хий өшиглөж байгаад дээр нь унасан байхад манай ажлын Д ирээд салгах шиг болсон. Тэгээд намайг цааш нь авч яваад салцгаасан. Би Ц.М аас өөр хүнтэй зодолдоогүй бид хоёр нэг нэгнийхээ биед халдаж, зодолдсон. Миний зүүн шанаа хэсэгт язарсан, зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн гарын дунд хурууны арьс язарсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Ц.М ын ярьж байгаагаар нүдний хагалгаанд орсон гэж ярьж байсан. Өрөөсөн нүдээ аньсан байсан. Би Ц.М ыг Т рестораны үүдэнд зогсож байхад нь нэг удаа л нүүр рүү нь цохисон, дараа нь шатны доор над руу дайраад байхаар нь ард гарч байгаад хойш өргөж шидсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
Хохирогч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай ажлын газрынхан ахмад ажилтнуудаа хүлээж авсан, би 8 дугаар сарын 15-ны өдөр ажилд шинээр орсон бөгөөд өөр шинээр орсон даргын туслахын хамт орой ажлын хамт олонтойгоо танилцах уулзалт хийхээр болоод Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо Т рестораны нэг давхрын лоунжид 18 цаг өнгөрч байхад орсон. Инженер Д нягтлан У , хүний нөөцийн О, Д.Б, Д гэх харилцааны ажилтан зэрэг хүмүүс ирсэн байсан. Зарим хүмүүсийнх нь нэрийг нь мэдэхгүй байна 15-20 хүн ирсэн байсан. Өдөр үйл ажиллагааны юм зөөх зэрэг асуудлаас болоод инженер Д д би шаардлага тавьсан. Лоунжид суугаад ууж идэцгээж байгаад Д-д би хандаж шаардлага тавиад ажлын цаг бол ажлын цагаа, ажлын бус цагаар бол хамаагүй ээ, чи миний тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй байна, ийм тийм гээд тайлбарлаад яриад сууж байхад Д.Б хажуугаас намайг чи хүүхэдтэй юу яриад байгаа юм, дарга зан гаргаад гэх зүйл яриад надтай согтуурхаад маргалдаж эхлэхээр нь би зайл гэж хэлсэн. Тэгээд муудалцаад чи би дээрээ тулаад барьцалдаж аваад салсан. Д.Б ариун цэврийн өрөө орж ирээд надтай юм яръя гээд лоунжийн урд хэсэгт өөд өөдөөсөө харж сууж байгаад өмнөх яриа үргэлжлээд маргалдаад барьцалдаж аваад би сууж байгаад өндийж босоод 2-3 удаа цохиход 2 цохилт нь оноогүй нэг цохилт нь хальт шүргээд шанаа нь зулгарсан байсан, салаад би гадаа гараад Т рестораны үүдэнд тамхи татаад зогсож байхад Д.Б араас гарч ирээд шууд миний нүүр рүү гараараа цохиод “..за ингээд адилхан шүү пизда минь гэж хэлсэн..” би цохиулаад нүд харанхуйлаад өөдөөс нь яаж байгаа пизда минь гээд шат руу буугаад бид хоёр дахиж барьцалдаж аваад би унасан миний нүүр рүү өшиглөөд Д.Б цаашаа явсан, дахиж зодолдоогүй салцгаасан... Миний баруун нүд гэмтсэн, нүднээс их цус гарсан. Тухайн үед би харааны нүдний шилтэй байсан болохоор шил хагараад нүд рүү орсон. Тухайн үед гэмтлийн эмнэлэг дээр очоод 2-3 оёдол тавиад, томографын зураг авхуулаад миний нүдийг үзээд сохрох нь байна хурдан нэгдүгээр эмнэлэг ор гээд нэгдүгээр эмнэлэгт ирээд нүдний хагалгаанд яаралтайгаар орох гэсэн боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор өглөө хүрээд ир, хараа орох магадлал чинь 5 хувь гэж хэлсэн. Маргааш өглөө нь 3-4 цаг нүдний хагалгаанд орсон. 15-16 оёдол тавиад гурван сарын дараа тухайн оёдол нь ямар байхаас шалтгаалж хараа орох эсэх нь шийдэгдэнэ гэж хэлсэн. Одоо нүдээ нээхэд нулимс гоожоод, гэрэл харагдана, хөдөлгөөн харагдахад бүрсийсэн зүйл л харагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Гэрч Б.У гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай ажлын газрынхан ахмад ажилтнуудаа хүлээж авсан, орой ажлын хамт олон танилцах уулзалт хийхээр болоод Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо Т рестораны нэг давхрын лоунжид 18 цаг өнгөрч байхад орсон. Эхлээд ороход 10 орчим хүн байсан. Тэгээд нэлээн ууж сууж байхад М болон Ц.М ахтай ажилтай холбоотой асуудлаар маргалдаад байсан болохоор бид хэд болиулсан. Маргалдаж байхад нь дундаас нь Д.Б ах орж ирээд одоо больчихоо битгий ингээд янз бүр болоод бай гэхэд нь Ц.М ах Д.Б ыг хүзүүдэж авахад нь бид хэд хоёр талаас нь татаад болиулаад байж байхад Ц.М Д.Б ыг дуудаад хоёулаа эр хүн шиг ярилцъя гээд цаашаа цуг нэг ширээнд хамт суусан. Гэгээд бид хэд гайгүй байлгүй гээд араас нь хараад байж байсан чинь тэр хоёр хамт суугаад нэг их удалгүй Ц.М Д.Б ыг цохиж авахаар нь бид хэд Д.Б ыг аваад нойл руу орсон. Нойлоос Д.Б түрүүлээд гарахад би хэсэг байж байгаад гадаа гарсан чинь тэр хоёр зодолдсон бололтой байсан. Намайг гарахад Ц.М шатан дээр цаашаа хараад сууж байхад нь би хажуугаар нь цаашаа явсан. Д.Б цаашаа түрүүлээд явсан байсан. Намайг гадаа нэлээн зайтай байж байхад Ц.М ыг цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 12645 дугаар “...Д.Б ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн хацар, зүүн гарын дунд хуруунд шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимын салстын цус харвалт, зүүн хацар, зүүн гарын дунд хурууны шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуяны цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1039 дугаартай нэмэлт шинжээч “...Ц.М ын биед баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, эвэрлэгийн урагдал, болорын мултрал, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
Хохирогч Ц.М ын өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн №18730#18730 дугаартай хуудасны хуулбарууд /хавтаст хэргийн 33-76 дахь тал/,
2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн Т рестораны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-83 дахь тал/,
2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Хохирогч Ц.М ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0675821 дугаартай акт /хавтаст хэргийн 138 дахь тал/,
Хохирогч Ц.М ын амбулаторид эмчлүүлэгчийн картын хуулбар, Нийслэлийн Анагаах ухааны их сургуулийн харьяа Бээжингийн тунрэн эмнэлгийн Ц.М ын шинжилгээний хариу /хавтаст хэргийн 139-151 дэх тал/,
Хохирогч Ц.М ын Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод очиж эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын тухай баримтууд /хавтаст хэргийн 152-185 дахь тал/,
Шүүгдэгч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар дахин өгсөн: “...Би Ц.М ыг Т рестораны үүдэнд зогсож байхад зүүн гараараа нүүр хэсэг рүү нь цохисон ер нь шанаа хэрэг рүү нь гараараа нэг удаа цохисон, дараа нь шатны доор над руу дайраад байхаар нь ард гарч байгаад хойш өргөж шидсэн...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-103 дахь тал/,
Шүүгдэгч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар дахин өгсөн: “...Миний биед Д.Б аас өөр хүн халдаж зодоогүй, бид хоёр л хоорондоо зодолдсон. Тухайн үед Д лав байсан, дотор байхад ер нь бүгд л байсан. Д.Б ын шанаа нь зулгарсан цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-122 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б , Ц.М нар нь гэм буруугийн талаар, тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ц.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Д.Б ыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.М ыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Д.Б , Ц.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Ц.М нь эмчилгээний зардалд баримтаар 9.036.035 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Б нь төлсөн, хохирогч Д.Б нь “...нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Д.Б , Ц.М нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Солонгос Улсын Католиз Их Сургуулийн Корей Их сургуулийн Сөүл Гэгээн Мариягийн эмнэлгийн эмчилгээний зардлын тооцооны хуудас гаргасан өгсөн боловч уг баримтыг үндэслэн цаашид гаргах эмчилгээний зардлыг тооцоолох боломжгүй болохыг дурдав.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, цаашид дахин эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б , Ц.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П Д.Б , Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц овгийн Ц.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ад оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жил, шүүгдэгч Ц.М д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.М д эмчилгээний зардалд 9.036.035 /есөн сая гучин зургаан мянга гучин тав/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б , Ц.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б , Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН