Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2124

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01544 дүгээр шийдвэртэй, “Н” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, Д.Ж нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2 284 867 900 төгрөг гаргуулах, төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө, барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Н” ХЗХ нь “Т” ХХК-д холбогдуулан зээл  1 950 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 279 994 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 844 400 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 29 500 төгрөг, нийт 2 284 867 900 төгрөг гаргуулах, Зээлийн гэрээний 3.1.12, Барьцааны гэрээний 2.1,5.1-д заасны дагуу Тендерийн ажлын гүйцэтгэлийн хөлс 2 900 000 000 төгрөгийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан юм.

 

Нэхэмжлэл гаргах, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх явцад, хариуцагч “Т” ХХК нь Зээлийн гэрээний 3.1.14-т заасан ...гэрээний 3.1.12-т заасны дагуу санхүүжилтээр орж ирсэн орлогыг шууд зээлийн төлбөрт төлнө гэсэн үүргээ зөрчиж, барьцаалагч нарт мэдэгдэхгүйгээр худал ташаа мэдээлэл өгч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төсөвт суугдсан мөнгийг бүхэлд нь шилжүүлэн авч, 2 хоногт 1 700 000 000 төгрөгийг захиран зарцуулсан нь тогтоогдсон. Энэ нь зээлдүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн бөгөөд зээл эргэн төлөгдөх баталгаа 10 хувьд ч хүрэхгүй барьцаа хөрөнгө энэ хэмжээгээр багассан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/Ш32018/04837 дугаартай шүүгчийн захирамжаар “Т” ХХК-ийн Чингис хаан банк дахь нэрийн дансанд байршсан 1 003 210 635 төгрөгөөс 492 997 437 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд битүүмжилсэн.

“Т” ХХК нь тендерийн үйл ажиллагааг явуулахдаа өөрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй, бусдын хөрөнгийг барьцаалж санхүүжилт авч байсан зэргээс төлбөрийн чадваргүй байж болохоор байна. Иймээс “Т” ХХК-ийн нуугдмал хөрөнгийг тогтоож, битүүмжлэх хүсэлтийг тус шүүхэд гаргасан байгаа. Мөн “Т” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сум, Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах эдэлбэр газар бүхий Үл хөдлөхийн Ү2005000427 болон Ү2102000198 тоот гэрчилгээтэй 2 ширхэг зоорь, 2 хэсэг газрыг БГ201710028862, БГ201710029027 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан. Уг хөрөнгө нь дахин үнэлгээ хийсэн ч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөрийн 10 хувийг хангаж чадахгүй ба эдгээр хөрөнгийн өмчлөгч өөр этгээд учир тэд ч хохирч байгаа талаар гомдол мэдүүлж байгаа.

Нэхэмжлэгч нь зээлдэгчийн нийтийн эрх ашигт зориулагдсан ажил үйлчилгээ үзүүлж байгаа, мөн баталгаа нь төсөвөөс санхүүжилт хийгдсэн мөнгөн хөрөнгө хүлээгдэж байгаа зэргийг харгалзан их хэмжээний зээл олгосон. Уг зээлийг олгоогүй бол “Т” ХХК нь 2014 онд олж авсан тендерийн эрхийн хугацаа дуусгавар болж дахин сэргээх боломжгүй, тендерт өрсөлдөх найдваргүй этгээд болох байсан. “Т” ХХК-ийн захирал Д.Ж зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээхээр хувийн батлан даалт гаргаж ХБДГ201710028862, ХБДГ201710029027 тоот батлан даалтын гэрээ байгуулсан юм.

Нэгэнт барьцаа хөрөнгийн хэмжээ батлан даагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 70 хувь нь хорогдсон, үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй болсон тул батлан даагчаар төлбөрийн үлдэгдлийг нөхөх хариуцлагыг хариуцагч “Т” ХХК-ийн өмнөөс хүлээлгэх, нөхцөл байдал үүсч байна. Иймд захирал Д.Жыг хариуцагчаар татах, түүний хөрөнгийг тогтоож, битүүмжлэх хүсэлт гаргасан ба Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийи 460.1-д зааснаар “Т” ХХК-ийн төлж чадаагүй төлбөрийн үлдэгдлийг түүний нэр хөрөнгөөс гаргуулах, ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар “Т” ХХК-иас төлбөрийг гаргуулахдаа, барьцаалуулсан хөрөнгийг эхний ээлжинд, дараагийн ээлжинд шүүгчийн захирамжийн дагуу тогтоосон тус компанийн хөрөнгийг, эцэст нь батлан даагч буюу Д.Жы нэр хөрөнгөөр гаргуулах дараалалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Төсөвт суугдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хүрэлцэхгүй тохиолдолд Д.Жы батлан даалтын гэрээ болон хариуцагчаар татагдсан хуульд болон гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 143 тоот гэрээний дагуу тус яамнаас холбогдох төлбөрийг манай компанийн Чингис хаан банк дахь нэрийн дансанд шилжүүлэх ёстой байсан боловч Хас банкны дансаар шилжүүлсэн байсныг бид тухайн үед мэдээгүй байсан. Ингээд тус яамнаас төлбөр шилжүүлэгдсэн талаар мэдээд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 813 190 000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 500 000 000 төгрөгийг тус тус барьцааны гэрээний дагуу барьцаа байршуулах данс болох Чингис хаан банкны дансны зээлийн төлөлтөд зориулж шилжүүлж байсан. Гэтэл “Н” ХЗХ-ны зүгээс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан эрүүгийн журмаар Д.Ж намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах болсон.

Миний бие яамнаас төлбөр шилжүүлэхээс хэд хоногийн өмнө зарим ажлын явц удаашралтай байснаас “Н” ХЗХ-д зээлийн гэрээг сунгах хүсэлт тавихад ХЗХ-оос эхний байдлаар гэрээг сунгах талаар нааштай хариу ирүүлж, хүсэлтээ албан ёсоор гаргаж шийдвэрлүүлэх болсон. Нэгэнт гэрээг сунгах асуудал яриа хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдсэн байсан тул 6 сараар зээлийн гэрээний хугацааг сунгуулах гэснээс биш нэхэмжлэгчийн тайлбарлаж, гүтгээд байгаа шиг залилах, хууран мэхлэх, нэхэмжлэгчийг хохироох санаа зорилго огт байгаагүй. Үүнийг нэхэмжлэгчийн гомдлыг эрүүгийн журмаар шалгахдаа тогтоож Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 146 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж үзээд эрүүгийн хэргийг хаасан. Эрүүгийн журмаар гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс анхнаасаа харьяалал зөрчин хүлээн авч, гомдол гаргасан даруйд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах, эрүүгийн хариуцлагаар далайлгаж дарамт шахалт үзүүлэх зорилгоор хууль хяналтын байгууллага дахь өөрсдийн нөлөө, танил талаа ашигласан хууль бус үйлдлийг гаргаж байсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ч дарамт шахалт үзүүлж данс, хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авахуулж, ихэд хууртагдаж хохирсон мэт тайлбар гаргаж, тооцоогүй, үндэслэлгүй төлбөрийг нэмж нэхэмжилсэн. Барьцааны гэрээний дагуу барьцааны дансанд 1 003 210 635 төгрөгийг шилжүүлэн байршуулсан, нийт 791 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, уг үнэлгээг гэрээгээр тодорхойлж тогтоосон, барьцаа хөрөнгийн өмчлөгчдийн болон бусад мэдээлэлтэй холбоотой баримт бичгийг гэрээ байгуулах үед гаргаж өгсөн. Гэтэл барьцаа хөрөнгө нь өөр хүний өмчлөлийнх байхад өмчлөгчдийг утсаар дарамталснаас өмчлөгчид барьцаа хөрөнгийн талаар маргаан гаргасан, мөн хөрөнгийн үнэлгээ бага гэх мэтээр өөрсдийн гэрээгээр тохиролцсон байр сууринаас ухарч үндэслэлгүй зүйл нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас бүгд 1 978 020 249 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 306 847 651 төгрөг болон төсөвт суугдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “Т” ХХК-иас үл хөдлөх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт зааснаар хариуцагч нь шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Д.Жаас төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 652 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10 048 051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно, энэ зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны 201710028862 тоот зээлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны 201710029027 тоот зээлийн гэрээ тус бүрийн 2.6-д хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан хүү, түүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцсон заалтуудыг хэрэглэгдэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлээс 306 847 651 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хохирлоо.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож төсөвт суугдсан байсан 2 900 000 000 төгрөг буюу “Нийтийн зориулалттай Орон сууцны ...Цахилгаан шатны нийлүүлэлт, Угсарч суурилуулах ажил гүйцэтгэх тухай” тендерийг, түүний гүйцэтгэлийн ажлын хөлс, орлогыг зээлдэгчийн банк дахь дансыг хязгаарлах замаар БГ201710028862, 201710029027 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан нь зээлдэгчийн туслалцаатай гүйцэтгэгдэх ирээдүйд орж ирэх орлого байсан. Тендерийн ажлыг Барилга хот байгуулалтын яам 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүрэн хүлээж авснаар төсөвт суугдсан 2.9 тэрбум төгрөг зээлдэгчийн хөрөнгө болсон нь зээлдэгч өөрийн дансанд шилжүүлэн авснаар нотлогддог. Үлдэх хэсэг нь чанарын баталгаа болж Яамны ...дансанд үлдсэн. Ийм байхад төсөвт суугдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжийг алдагдуулж хохироосон. Хариуцагч Д.Жы хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргаж, үндэслэлийг тодорхой тайлбарласан байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангасангүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Н” ХЗХ нь хариуцагч “Т” ХХК, хамтран хариуцагч тус компанийн захирал Д.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 950 000 000 төгрөг, хүү 279 994 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 844 400 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 29 500 төгрөг, нийт 2 284 867 000 төгрөг гаргуулах, энэхүү үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгө, батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“Н” ХЗХ нь анхан шатны шүүх хуралдааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас татгалзаж /1хх243/, шүүх Иргэний хэрэг шүүхэд хяннан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль болон талуудын эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ20171002886 дугаартай зээлийн гэрээ /1хх12-14/ байгуулж, “Т” ХХК нь эргэлтийн хөрөнгө буюу “Нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл, засварын цех /Улаанбаатар/ төсөл арга хэмжээний багц-2 Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажил”-д зориулж 1 750 000 000 төгрөгийг 30 хоногт 3.98 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүү, түүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. Хариуцагч “Т” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон үйл ажиллагаа, борлуулалтын бэлэн болон бэлэн бус харилцах дансны орлого барьцаалж БГ201710028862 тоот барьцааны гэрээ /1хх33-34/, зоорийн зориулалттай Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн 1200 м.кв, 0.88 га газар, зоорь, Орхон аймгийн Жаргалант суманд байрлах 2454 м.кв, 7200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж БГ201710028862 дугаартай барьцааны гэрээ /1хх35-36/, хариуцагч Д.Ж нь зээлдэгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх баталгаа гаргаж, ХБДГ201710028862 дугаартай гэрээ /1хх31/ тус бүрийг байгуулсан байна.

 

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ201710029027 дугаартай зээлийн гэрээгээр /1хх15-17/ тус компани эргэлтийн хөрөнгө буюу “Нийтийн зориулалттай сууцны шинэчлэл, засварын цех /Улаанбаатар/ төсөл арга хэмжээний багц-2 Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажлын тээвэр, НӨАТ, гаалийн зардал”-д зориулан 200 000 000 төгрөгийг 3.98 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, үүргээ биелүүлэхгүй бол хугацаа хэтэрсэн өдрөөс зээлийн хүү, түүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний үүргийг хангах баталгаа болгон “Т” ХХК-ийн үйл ажиллагаа, борлуулалтын бэлэн болон бэлэн бус харилцах дансны орлогыг /1хх37-38/ барьцаалж БГ201710029027 дугаартай барьцааны гэрээг байгуулж, хариуцагч Д.Ж нь зээлийн батлан даалтыг өөрийн хөрөнгөөр гаргаж, зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлөх баталгаа гаргаж ХБДГ201710029027 дугаартай гэрээг /1хх32/ тус тус байгуулсан ба эдгээр үйл баримтад талууд маргаагүй байна.

 

Зээлдүүлэгчийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээгээр тохирсон 1 750 000 000 төгрөгийн төлбөрийг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 200 000 000 төгрөгийг тус тус зээлдэгчид шилжүүлсэн нь хэрэгт авагдсан шилжүүлгийн маягт /1хх 22,23/, зээлийн дансны хуулгаар /1хх18-21/ тогтоогдсон болохыг шүүх бичгийн нотлох баримтад үндэслэн дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зээлдүүлэгч нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, улмаар зээлдэгчээс зээлдүүлэгчид зээлийг буцаан төлсөн мөнгөн төлбөрийн тооцоог үндэслэлтэй гаргасан байна.

 

Харин зээлийн гэрээ тус бүрийг хугацаатай байгуулсан ба хэтэрсэн хугацааны хүүг шууд заагаагүй тул хариуцагчаас зөвхөн зээлийн гэрээнд хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаас 1 977 990 749 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 306 847 651 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй болжээ.

 

Хэрэгт авагдсан ЗГ20171002886, ЗГ20171002886 дугаартай зээлийн гэрээний 2.6-д зээлдэгч гэрээний 2.1.3-д заасан хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөнд тооцох, хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүү, уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. Энэ нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тодорхой мөнгөн дүн илэрхийлээгүй боловч ямар хугацаанд, хэдий хэмжээгээр, хэрхэн тооцохыг тодорхой заасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр зээлдүүлэгчийн өмнө үүрэг үүсэх учиртай.

 

Түүнчлэн, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зохицуулсан. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хуримтлагдсан хүү 279 994 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 853 651 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч “Т” ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 306 847 651 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагаас төсөвт суугдсан мөнгөн хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч “Тотрус союк” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн БГ20170028862 дугаартай барьцааны гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн БГ201710029027 дугаартай барьцааны гэрээ тус бүрээр “Нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл, засварын цех /Улаанбаатар/ төсөл арга хэмжээний багц-2 Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажлын үйл ажиллагаа, борлуулалтын бэлэн болон бэлэн бус харилцах дансны орлого”-ыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

 

Дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болох талаар Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан тул нэхэмжлэгч ийнхүү “төсөвт суугдсан мөнгөн хөрөнгө”-өөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх БГ201710028862 дугаар барьцааны гэрээгээр 2 900 000 000 төгрөгийн, БГ201710029027 дугаар барьцааны гэрээгээр 355 000 000 төгрөгийн санхүүжилт буюу үйл ажиллагаа, борлуулалтын орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой заасан байхад шүүх орлогын хэмжээг шууд тусгаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн барьцаатай холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа барьцааны гэрээнд заасан үйл ажиллагаа борлуулалтын орлогыг барьцаалсан хэсгийг “төсөвт суугдсан мөнгөн орлого” гэж  тодорхойлсон боловч утга агуулгын хувьд ижил ойлголт гэж үзнэ.

 

Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн 834 дугаартай захирамжаар /1хх22-23/ нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2018/10301 дугаартай /1хх38-39/ захирамжаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс гомдлыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцэхээс татгалзах боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгч талын шууд буруутай үйл ажиллагаа байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Н ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 2 284 867 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5, 5 дахь заалтыг 6 гэж тус тус дугаарлан,

2 дахь заалтаар “Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар “Н” ХЗХ болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн БГ20170028862 дугаартай барьцааны гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн БГ201710029027 дугаартай барьцааны гэрээ тус бүрт заасан санхүүжилт буюу үйл ажиллагаа, борлуулалтын орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж,

5 дахь заалтын “...хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10 048 051 төгрөгийг гаргуулан” гэснийг “...хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11 652 490 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 692 189 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА