Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 142

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Ц.Сүрэн,

Хохирогч П.Мягмарчөдөр,

Шүүгдэгч /хохирогч/ И.Цэнгэлмаа, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

Шүүгдэгч /хохирогч/ Д.Рэнцэнханд, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Шүүгдэгч Э.Ганцолмон, түүний өмгөөлөгч Р.Түвшинбат,

Шүүгдэгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Шүүгдэгч Ч.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Мааньш овогт Батжаргалын Баяржаргал, Аш авгад овогт Чимэддоржийн Отгонбаяр, Оргодой овогт Энхболдын Ганцолмон нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Мааньш овогт Батжаргалын Баяржаргал, Цэдээ овогт Идэшийн Цэнгэлмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, Мухардаан овогт Дамдинжавын Рэнцэнхандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012449 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, Улз оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 21-688 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй Мааньш овогт, Батжаргалын Баяржаргал /РД: ЖА87012673/

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Аш авгад овогт Чимэддоржийн Отгонбаяр /РД:ЖВ88112215/

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан Оргодой овогт Энхболдын Ганцолмон /РД: ЖВ93112417/

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 21-688 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Цэдээ овогт Идэшийн Цэнгэлмаа /РД:ПК75112504/

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр хотхоны 1-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мухардаан овогт Дамдинжавын Рэнцэнханд /РД: ЖВ71052209/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Ганцолмон /ялтай байх хугацаандаа/, Ч.Отгонбаяр, Б.Баяржаргал нар нь согтуурсан үедээ үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Мягмарчөдөрийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хоолойг нь боож Самсунг А-5 маркийн гар утас, бор өнгийн арьсан түрүүчтэй биет 230.000 /хоёр зуун гучин мянган/ төгрөгийг дээрэмдэн авч, 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Баяржаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хотхоны 1-3 тоотод яллагдагч И.Цэнгэлмаа, Д.Рэнцэнханд нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байхад нь салгах нэрийдлээр И.Цэнгэлмаагийн толгойн тус газар нь сандлаар цохиж, бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч И.Цэнгэлмаа нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хотхоны 1-3 тоотод Д.Рэнцэнхандыг хамтран амьдрагч Б.Баяржаргалтай хардсаны улмаас маргалдан харилцан хоорондоо зодолдож Д.Рэнцэнхандын бие махбодид нь дух, баруун шанаа, баруун нүдний зовхи, баруун хацар, дээд доод уруул, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун талын завьжинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч Д.Рэнцэнханд нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хотхоны 1-3 тоотод И.Цэнгэлмаа нь хамтран амьдрагч Б.Баяржаргалыг хардалтын улмаас, маргалдан харилцан хоорондоо зодолдохдоо И.Цэнгэлмаагийн биед нь баруун гарын 2 дугаар хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд:

I. Шүүгдэгч Э.Ганцолмон, Ч.Отгонбаяр, Б.Баяржаргал нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж иргэн П.Мягмарчөдөрийн хоолойг нь боож эд хөрөнгийг дээрэмдэж 760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал, 

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 5х/

2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-ийн 6-8х/

 

3.Хохирогч П.Мягмарчөдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Нуурын 2-1б тоотод байдаг найз Гантулгынд 15 цагийн орчим байх очиж ...6-уулаа 0,5 литрийн 4 шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд тухайн өдрийн орой 21 цагийн орчим би Гантулгынхаас гараад ...дүү Содбаяр руу утсаар яриад “ах нь Баянхошуунд төв зам дагаад алхаж байя, чи хүрээд ир” гэхэд Содбаяр Баянбүрд дээр явж байна машинтайгаа очоод авъя гэж хэлсэн юм. Тухайн үед би ганцаараа Баянхошууны 112-н буудал дээр байдаг ХААН банкны АТМ-аас данснаасаа мөнгө авах гэхэд тэр АТМ нь ажиллахгүй картыг минь буцаагаад гаргаад байсан юм. Тэгээд болохгүй болохоор нь мөнгө авахаа больчихоод эргэхэд тэр АТМ-н хажууханд үл таних 25-28 орчим насны гэмээр нэг дэх нь цагаан эрээн өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, барзгардуу, шар царайтай 165 см орчим өндөртэй залуу, 2 дахь нь хар куртиктай 170-172 см орчим өндөртэй залуу, 3 дахь нь нөгөө хоёроосоо өндөр ойролцоогоор 175-178 см орчим өндөртэй мөн хар бараан куртиктэй нийт 3 залуу над дээр ирээд цагаан эрээн цамцтай залуу нь надад “ах хүү тамхи байна уу” гэхээр нь би түүнд “ахад нь тамхи байхгүй” гэж хэлчихээд явах гэхэд тэр залуу дахиад “ах хүү тамхилчих л даа” гэхээр нь би уурлаад “алга байна гээд байхад чинь яах гээд байгаа юм” гэж хэлчихээд тэд нарыг орхиод зам дагаад алхаж байхад нөгөө 3 залуу миний араас дагаж байснаа хурдаа нэмж миний урд гараад явж байснаа эргэж ирээд цагаан эрээн цамцтай залуу нь мөн л надаас “тамхи байна уу” гэхээр нь би тэр үед эхнэртэйгээ утсаар яриад явж байсан тул тэд нарын асуултанд хариулаагүй хажуугаар нь зөрөөд Баянхошууны Хөтөлийн өргөн гудамж гэдэг газар нь явж байхад миний араас дээрх 3 залуугийн хамгийн өндөр залуу нь зүүн гараараа хүзүүдэж өөр рүүгээ шахаад хоолой боож байхад тэр гурвын хар куртиктэй залуу нь миний гартаа барьсан байсан Самсунг А-5 загварын гар утсыг гарнаас мулт татаж авснаа миний баруун хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөх үед араас хоолой боож байсан залуу намайг тавьсан. Тэгээд тэд нар Хөтөлийн өргөн гудамж руу чиглээд явахаар нь би тэд нарын араас “ахын дүү нар утас өгчих л дөө” гэхэд хар куртиктэй дундаж нуруутай залуу нь “хэн чиний утсыг авсан юм” гэж байснаа хамгийн өндөр залуу нь миний хоолойг боогоод нөгөө 2 нь миний хоёр талаас гар барьж тэндэхийн гудамж руу чирж оруулсан. Үүний дараа дундаж нуруутай хар куртиктэй залуу миний энгэрийн халаасанд байсан Тимберланд гэсэн бичигтэй, дундуураа шар оруулгатай, бор өнгийн түрийвчтэй 230.000 төгрөг, миний иргэний үнэмлэх, Худалдаа хөгжлийн банкны карт зэргийг авчихаад надтай ноцолдож байхад тэндэхийн нэг хашаанаас 2 залуу гарч ирээд “пизда нар чинь зодолдоод байх юм” гэсэн зүйл ярьчихаад буцаад орчихсон. Би хашаанаас гарч ирсэн хүмүүс рүү орилох гэсэн боловч араас хоолой боож байсан болохоор ерөөсөө дуугарч чадаагүй. Тэгээд хашаанаас 2 залуу гарч ирээд буцаад орсон чинь нөгөө 3 залуу намайг дахин гудамжны гүн рүү чирж нэг сагсны шийтний талбайн ертөнцийн зүгээр урд талд нь байрлах блокон хашааны буланд авчраад цагаан эрээн цамцтай залуу нь нөгөө 2-тоо “наадахаа нэг мөсөн боогоод унагачих” гэхэд миний араас боож байсан залуу боолтоо улам чангалаад байсан. Тэр үед би хэрвээ намайг ухаан алдаад уначих юм бол явчих байх гээд биеэ суллаад доошоо суусан чинь тэр 3 намайг орхиод авто зам чиглээд гүйж байснаа гудамжны үзүүр эргээд л алга болсон. ...Би Самсунг А-5 загварын цагаан дэлгэцтэй, хар хөх өнгийн мэдрэгчтэй гар утсаа 2016 оны 7 дугаар сард 500.000 төгрөгөөр худалдан авсан. Харин арьсан түрийвчээ 2012 онд бэлгэнд авч байсан ба 30.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би өдөр 15 цагийн орчим Гантулгынд очоод 20 цагийн орчим байх харих гээд гараад явж байхад Гантулга араас залгаад нэг юм аваад ирээч гэхээр нь би Ханын материалын эцсээс данснаасаа 250.000 төгрөг аваад 20 мянган төгрөгөөр архи, ундаа зэргийг аваад үлдсэн 230.000 төгрөгийг түрийвчиндээ хийсэн байсан. Би Гантулгынхаас гарч ирээд данснаасаа дахин 20 мянган төгрөг аваад 250 мянга болгоод дүүдээ өгөх гэж байсан юм. Гэтэл Баянхошууны 112-н буудлын АТМ ажиллахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-42х/

Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэчихээд гэртээ харих гээд орой Баянхошууны 112-н автобусны буудлын хажуу дахь дэлгүүрийн АТМ-ээс мөнгө авах гэж байхад АТМ ажиллахгүй болохоор нь картаа утасны гэрийн ар талд нь хийгээд дүү рүүгээ залгаад “ахыгаа ирээд авчих зам дагуу алхаж байя” гэж хэлчихээд эхнэртэйгээ утсаар яриад явж байхад Б.Баяржаргал ирээд “ах хүү тамхилчих” гэсэн би “тамхи байхгүй” гээд цааш зам дагуу алхаж явсан. Б.Баяржаргал дахиад “ах хүү тамхилчих” гэсэн. Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр, Э.Ганцолмон нар хойно үлдсэнээ гүйцээд урд алхаж байснаа дахиад буцаж ирээд Б.Баяржаргал “ах хүү тамхилчих” гэхээр нь “би чамд тамхи байхгүй гээд байхад яах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд автобусны буудал өнгөрөөд явж байхад хойноос ирээд татсан, гараас утас унахад гар утсыг минь авахаар нь “ахын дүү нар зүгээр байгаарай, утсаа өгчих” гэсэн чинь энэ 3 өргөн гудамж руу орчихоод “хүрээд ир” гэхээр нь би очсон. Булангийн айлаас 3 айлын ойролцоо очоод “утсыг чинь аваагүй” гэхээр нь “авсныг чинь мэдэж байна утас гараад ир” гэсэн. Э.Ганцолмон куртикны захаас хоолой бооход 2 залуу “хашааны үүдэнд зодолдохоо боль явцгаа” гэж хэлсэн. Намайг чирж аваад Э.Ганцолмонтой зууралдаж байхад хэн нь мэдэхгүй нэг нь халааснаас хэтэвч аваад явсан. Нэг нь намайг “боочих” гэж хэлэхээр нь би ухаан алдсан юм шиг болох юм бол намайг орхиод явах юм байна гэж бодоод зууралдаж байхдаа гараа сул орхисон чинь намайг орхиод явсан. Энэ 3 булан эргээд алга болсон. Би зам дээр гараад такси зогсоогоод утсаар нь яриад дүүгээ дуудсан. Гар утсаа буцааж авсан. Хохиролд нэг нь 95.000 төгрөг нийт 285.000 төгрөг авсан. Одоо нэхэмжилж байгаа зүйл болон гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

           4.Иргэний нэхэмжлэгч С.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мөнгөн үйлс нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг юм. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр намайг барьцаалан зээлдүүлэх газраа ажиллуулж байхад 15 цагийн орчим байх Цолмон гэх залуу орж ирээд “гар утсаа тавих гэсэн юм, хэдээр авах уу” гэхээр нь би түүнд “гар утас авна” гэхэд тэр залуу өөрийнхөө иргэний үнэмлэхээр Самсунг А-5 загварын гар утсыг 120.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьчихаад явсан. Надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй. ...Надад учирсан 120.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44-45 х/

 

5.Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Самсунг А-5 загварын хөх өнгийн гар утас” /1хх-ийн 20, 23х/

 

6.Эд зүйлийн үнэлгээнд: /1хх-ийн 122х/

  • Самсунг А5 загварын гар утас 500.000 төгрөг,
  • Эрэгтэй арьсан түрийвч 30.000 төгрөг, нийт 530.000 төгрөг гэжээ.

 

            7.Гэрч П.Содбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өдрийн 14 цагийн орчим байх би Мягмарчөдөр ахтай хамт явж байгаад Мягмарчөдөр ахыг Баянхошуунд нэг айлд хүргэж өгчихөөд түүний хар өнгийн Соната-6 загварын машиныг аваад ажлаа амжуулахаар явсан юм. Тухайн өдрийн орой 22 цаг өнгөрч байсан байх Мягмарчөдөр ах над руу өөрийнхөө 88072730 дугаараас яриад “би архи уучихлаа, ирээд аваач, би зам руу дөхөөд байж байя” гэсэн юм. Би тэр өдөр нилээн гудамж сүлжиж байгаад нэг айлд Мягмарчөдөр ахыг хүргэсэн болохоор хэрхэн тэр айлд очихоо мэдэхгүй байсан тул Мягмарчөдөр ах бид 2 зам дээр уулзахаар ярьсан ба би Гандан дээр явж байхдаа Мягмарчөдөр ахтай ярихад Мягмарчөдөр ах “би зам дагаад уруудаад алхаж байна шүү” гэсэн юм. Тэгээд би зам дагаад Мягмарчөдөр ахыг хараад явсан боловч байгаагүй ба өдөр нь түүнийг хүргэсэн гудамж орчим ирээд Мягмарчөдөр ах руу залгасан боловч утас нь дуудаж байгаад холбогдохоо больчихсон. Удалгүй Мягмарчөдөр ах өөр нэг дугаараас яриад “би хамаг юмаа алдчихлаа, би зам дагуу байна, би таксины хүний утсаар ярьж байна” гэхээр нь би түүнийг очиж авсан. Тухайн үед Мягмарчөдөр ахад зодуулсан гэх шинж тэмдэг байгаагүй боловч надад хэлэхдээ “зам дагаад алхаж байхад 3 залуу намайг гудамж руу авч ороод хоолой боож хамаг юмыг маань аваад явчихлаа” гэсэн ба бид 2 цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46х/

 

            8.Гэрч П.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би одоо өдрийг нь санахгүй байна, 2016 оны 10 дугаар сарын эхээр 3, 4-ний үед л байх Ганцолмон над руу утсаар яриад уулзсан ба Ганцолмон нь “та утас авах уу, надад Самсунг маркийн гар утас байгаа, дүү нь Баянхошууны Хөтөлд байдаг караокед барьцаанд тавьсан байгаа” гэхээр нь би Ганцолмонтой хамт Баянхошууны Хөтөлд байдаг караокед нь очиж гар утсыг нь 35.500 төгрөгөөр барьцаанаас нь аваад Ганцолмонд 20.000 төгрөг өгсөн юм. Тэгээд би тэндээсээ Ганцолмон гэх залуугаас салаад явсан. Тэрнээс хойш би дээрх хүмүүстэй уулзаагүй. Ганцолмонгийн зарсан гар утас нь Самсунг А5 загварын гар утас байсан. Ингээд би сүүлд мөнгөний хэрэг гараад Ганцолмонгоос авсан гар утсаа 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөдөө Аж Ахуйн яамны орчим байдаг ломбарданд 120.000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49х/

 

            9.Гэрч И.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын сүүлээр байх Баяржаргал гэртээ ирэхгүй хоногоор алга болчихоод өөрийнхөө утаснаас яриад “би найзындаа байна, Отгонбаяр, Ганцолмон нар баригдсан, би гэртээ очиж болохгүй байна, очвол баларна, Отгонбаяр, Ганцолмон бид 3 явж байгаад Ганцолмон нэг хүнийг боож унагаад, Отгонбаяр халаасыг нь ухаж гар утсыг нь авчихсан, тэгээд би тэр хүнийг сэгсэрч сэрээсэн. Бид 3 тэр авсан утсаа бааранд тавиад архи авч уусан гэсэн зүйл яриад байсан. Мөн Баяржаргал нь “би зугтлаа, Өмнөговь, эсвэл нутаг явна” гээд яриад байсан. ...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баяржаргал, Ганцолмон, Отгонбаяр гэх хүмүүстэй гэрээр халамцуу байдалтай орж ирээд буцаад гараад явсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53х/

 

            10.Гэрч И.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын эхээр байсан санагдаж байна, ойролцоогоор 10 сарын 2-3-ны үед л байх намайг гэртээ байж байгаад орой 22 цагийн орчим байх гарч бие засчихаад хашааны хаалгаа түгжих гэж байхад манай хашааны үүдэнд л хүмүүс пижигнээд зодолдоод байх шиг болохоор нь би хашааныхаа хаалгаараа шагайгаад харахад 4 залуу манай хашааны хаалганы хажууханд зогсож байсан ба тэр 4-н нэг нь өөр нэг залуугийнхаа урдаас нь заамдаад хашаа руу шахаад хоолойг нь боогоод зогсож байсан, харин нөгөө хоёр нь хажууд нь зүгээр зогсож байснаа намайг хараад болиулах гэж байгаа юм шиг болсноо нөгөө боолгуулаад хашаанд шахуулсан байсан залууг хоёр талаас нь чирээд 4-үүлээ манай гудамжны гүн рүү чиглээд явж байгаа харагдсан. Тухайн үед би тэд нарыг нэгийгээ таньдаг хүмүүс л хоорондоо муудалцаад байгаа юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63х/

 

11.Шүүгдэгч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 10 дугаар сарын эхээр байх, одоо өдрийг нь тодорхой сайн санахгүй байна, нутгийн дүү нар болох Ганцолмон, Отгонбаяр нартай хамт 0,75 литрийн 2 шил архи уучихаад дараа нь Баянхошууны Жанцан дээр очоод найз Даваасүрэнгийнд очиж дахин Даваасүрэн, Ганцолмон, Отгонбаяр нартай хамт 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд л би цааш нь юу болсныг сайн санахгүй байгаа юм. Бид нар Даваасүрэнгийнхээс гараад явж байхад Ганцолмон байх “энд нэг хүн байна” гэсэн зүйл ярьж байсныг бүдэг санаж байна, цааш нь болсныг юу ч санахгүй байна. ...Миний санаж байгаагаар Ганцолмон нэг гар утас авсан гэж ярьж байсан. ...Тухайн үед би саарал, цэнхэр өнгө хосолсон алаг өнгийн даавуун цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн байсан. Харин Отгонбаяр, Ганцолмон нар хоёулаа л хар өнгийн куртиктай байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103, 120х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай найзын гэрт Ч.Отгонбаяр, Э.Ганцолмон бид 3 очоод 2 шил архи уусан. Манай найзын гэрээс гарч яваад Баянхошууны 112-н автобусны буудлын цаана хохирогч П.Мягмарчөдөртэй таарч би тамхи асуугаад жаахан маргахад Э.Ганцолмон, Ч.Отгонбаяр хоёр боль гээд бид 3 цаашаа явцгаасан. Э.Ганцолмон эхэлж караоке руу орсон. Ч.Отгонбаяр бид хоёр караокены гадаа тамхилж байхад Э.Ганцолмон бид хоёрыг караокед ороод ир гээд дуудсан. Караокед орсон чинь 1 шил архи, 3 пиво авсныг нь уучхаад манай гэрт очоод амарцгаасан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

12.Шүүгдэгч Э.Ганцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 02 билүү 03-ны өдөр байсан санагдаж байна, би нутгийн ах Баяржаргал, Отгонбаяр нартай хамт Баяржаргалын найз Даваасүрэнгийнд буюу Баянхошууны Жанцан дээр ирж Баяржаргал, Отгонбаяр, Даваасүрэн бид дөрөв 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи авч уучихаад Баяржаргал, Отгонбаяр бид 3 орой 22 цагийн орчим байх Даваасүрэнгийнхээс гараад Баяржаргалынх руу зам дагаад алхаж байсан юм. Тэгтэл бид 3-ыг Жанцангаас зурагт чиглэл рүү зам дагаад алхаж байхад Отгонбаяр бие засна гээд ард үлдсэн. Тухайн үед Баяржаргал бид 2-ыг Отгонбаяраас түрүүлээд алхаж байхад бидэнтэй үл таних 35-36 орчим насны ах утсаар яриад зөрсөн юм. Тэгээд удаагүй Отгонбаяр араас ирээд дээрх бидэнтэй зөрсөн хүнтэй муудалцсан гэж байсан юм. Отгонбаяр дээрх утсаар ярьж байсан хүнээс нэг юм асуухад нөгөөх нь өөдөөс нь “хуц” гэсэн гэж байсан. Би одоо тодорхой санахгүй байна, ямар ч байсан тиймэрхүү утгатай зүйл яриад араас ирж байсан юм. Тэгээд Баяржаргал, Отгонбаяр бид 3 Баянхошууны 112-н автобусны буудал дээр ирж байхад Отгонбаяр “нөгөөх чинь араас ирж байна, яах гээд байгаа юм, ямар ч байсан харж байя” гээд өмнө нь муудалцсан гээд байсан хүнээ харчихаад хэлсэн юм. Ингээд тэр хүн бид 3-ын хажуугаар гараад өнгөрөхөд Баяржаргал тэр залууг дуудаад “чи манай найзтай хэрэлдлээ, муудлаа” гэсэн зүйл яриад маргаж байхад нь би тэр хүний араас хувцасных нь захнаас татаж унагаахад тэр хүний утас нь газар унасан ба Баяржаргал тэр утсыг нь шүүрч аваад гудамж руу ороод зугтахаар нь Отгонбаяр бид 2 түүний араас дагаад гүйсэн юм. Тухайн үед бид 3 дээрх утсыг нь авсан хүнээсээ нуугдаад гудамжинд ороод байж байхад дээрх хүн бидний араас хүрээд ирэхэд нь Баяржаргал ах мөн л нөгөө хүнийг өөдөөс тосож очоод л юм яриад байсан, гэхдээ юу яриад байсныг нь мэдээгүй. Баяржаргал ах тэр танихгүй хүнтэй юм яриад бид нар ирэх үед Отгонбаяр өөдөөс нь очоод дээрх танихгүй хүнтэй “чи над руу ингээд л амжихгүй шүү” гэсэн зүйл яриад л маргаад байхаар нь би тэд нарыг болиулаад танихгүй залуугийн хүзүүг нь гараараа ороож чирээд явж байхдаа замдаа би нэг зүйлд бүдрээд тэр хүнтэй хамт уначихаад босоод Баяржаргал, Отгонбаяр нартай тэндээс явсан. Харин дээрх танихгүй залуу газар хэвтэж байснаа босоод замаас такси бариад яваад өгсөн. Миний мэдэхээр бид 3 тэр хүнээс цагаан өнгийн мэдрэгчтэй гар утсыг нь л авсан. Тэгээд тэр утсыг нь Баянхошууны Хөтөлд байдаг караокед 35.000 төгрөгийн барьцаанд тавьчихаад явсан. Би лав тэр хүнээс түрийвчтэй мөнгө аваагүй. Би тэр хүнийг Баяржаргалтай муудахаар нь татаж унагахад тэр хүн гар утсаа унагасан ба тэрийг нь Баяржаргал авсан юм. Сүүлд бид 3-ыг караокед ороход хэн нь ч мөнгөтэй байгаагүй. Харин дээрх хүнээс авсан утсаа барьцаанд тавьсан юм. ...Баяржаргал, Отгонбаяр бид 3 дээрх хүнийг утсаараа яриад явж байхаар нь “утсыг нь авах уу” гэж ярилцсан юм. Баяржаргал эхлээд утсыг нь авах уу гэж хэлэхэд Отгонбаяр тэгье гэж дэмжсэн, гэхдээ тухайн үедээ Баяржаргал “за яах юм” шал дэмий байхаа гээд явж байснаа буцаад “ер нь утсыг нь авчихъя” гээд тэр хүнтэй муудсан юм. Тэгэхээр нь би тэр залуугийн араас татаж унагасан...” /1хх-ийн 105-106, 111-112х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Баяржаргал ахын найзынд Б.Баяржаргал ах, найз нь, Ч.Отгонбаяр ах бид 4 архи уусан. Б.Баяржаргал ах, Ч.Отгонбаяр ах бид 3 Б.Баяржаргал ахын гэрт очиж амрахаар явцгаасан. Баянхошууны 112-н автобусны буудлын өргөн гудамжид хохирогч П.Мягмарчөдөр ахтай таараад Б.Баяржаргал ах тамхи асуусан. П.Мягмарчөдөр, Б.Баяржаргал ах хоёр маргалдаж байхад нь би П.Мягмарчөдөр ахыг араас нь татаж унагаахад гар утас унахаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд бид 3 хөтлийн буудлын ойролцоо би түрүүлж караокед орж утсаа барьцаанд тавиад 1 шил архи, 3 шил пиво авч уучхаад Б.Баяржаргал ахын гэрт бид 3 очиж амарцгаасан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            13.Шүүгдэгч Ч.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ганцолмон, Баяржаргал бид гурав Баяржаргалын найзынх нь гэрт очоод хоол цай уугаад Ерөөл нэртэй 0,75 литрийн нэг шил архи худалдаж аваад хувааж уусан. Баяржаргал, Ганцолмон бид гурав тэр танихгүй айлаас бүрэнхий болсон байхад гарсан. Баяржаргал, Ганцолмон бид гурав Баянхошууны засмал зам дагуу байрлах явган хүний замаар алхаж байсан чинь урд талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 170-175 см орчим өндөртэй туранхайдуу биетэй, эрэгтэй гар утсаа гартаа барьсан байдалтай алхаж байсан. Ганцолмон нь Баяржаргал бид хоёрт хандаж “энэ архи уусан хүний гар утсыг нь аваад барьцаанд тавьж архи ууя” гээд байсан. Ганцолмон тэр хүний араас очоод хоолойг нь боож газар унагасан. Тэгэхээр нь Баяржаргал бид хоёр араас нь очоод би хохирогч П.Мягмарчөдөрийн /цагдаагийн байгууллагад ирээд нэрийг нь мэдсэн/ гарыг нь бариад харин Баяржаргал гарт нь байсан Самсунг загварын гар утсыг аваад зугтаасан. Тэгэхээр нь Ганцолмон бид хоёр Баяржаргалын араас нь хохирогч Мягмарчөдөрийг газар унагаасан хэвээр нь үлдээгээд явсан. Баяржаргал, Ганцолмон бид гурав хохирогчоос дээрэмдэж авсан Самсунг загварын гар утсыг аваад даашаа өгсөөд засмал замынхаа зүүн гар талд байдаг нэрийг нь мэдэхгүй караокед ороод Ерөөлт нэртэй 0,75 литрийн архи, нэрийг нь мэдэхгүй лаазтай пиво, ундааны тооцоонд дээрэмдсэн гар утсаа барьцаалсан. Караокеноос гараад Ганцолмон бид хоёр Сансарт байдаг найз Ханхүүгийн гэрт очихоор явсан. Харин Баяржаргал гэртээ харина гээд таксинд суугаад явсан. ...Хохирогч Мягмарчөдөрийн халааснаас түрийвчтэй 230.000 төгрөгийг аваагүй, харин гарт нь байсан гар утсыг нь л дээрэмдсэн... ...Тэр өдрийн маргааш нь манай нутгийн хуурай ах Цолмон гэх хүнийг би гайгүй утас барьцаанд байгаа та барьцаанаас нь чөлөөлж аваад надад 15.000 төгрөг өгчих гэж хэлээд Цолмонгоос зөрүү мөнгө авсан... ...Би бол хар өнгийн зузаавтар куртиктэй байсан. Харин Ганцолмон, Баяржаргал нарыг ямар хувцастай байсныг санахгүй байна. ...Би 170 см өндөртэй, Баяржаргалаас арай өндөр. Харин Ганцолмон Баяржаргал бид 2-оос өндөр, бид 3 дундаас хамгийн өндөр нь байгаа юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 108-109, 114-115, 119х/

  Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э.Ганцолмон, Б.Баяржаргал ирээд Б.Баяржаргалын найзын гэрт очиж архи ууя гээд хамт явсан. Баяржаргалын найзынд архиа ууж дуусгаад Б.Баяржаргалын гэрт очиж амрахаар явж байхад Э.Ганцолмон согтуу ах явж байна утсыг нь авъя гэхээр нь би боль хэрэгт орох гээ юу гэж хэлсэн. Тэгтэл намайг хөнгөнөөр бие засаж байхад Э.Ганцолмон зугтаарай гэсэн. Би гүйгээд очтол нэг ах газар суусан миний утсыг аваад ир гээд орилоод байсан. Тэгсэн Э.Ганцолмон гар утсыг нь авчихсан байсан. Караокед 1 шил архи, 3 пиво авч уучхаад Б.Баяржаргалын гэрт очиж амарцгаасан” /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

 

II. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хотхоны 1-3 тоотод:

шүүгдэгч И.Цэнгэлмаа нь иргэн Д.Рэнцэнхандыг хамтран амьдрагч Б.Баяржаргалтайгаа хардсаны улмаас харилцан барицалдаж зууралдах явцдаа нүүрийг нь самардах, цохих зэргээр бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, харин шүүгдэгч Д.Рэнцэнханд нь И.Цэнгэлмааг сандлаар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Баяржаргал нь И.Цэнгэлмаа, Д.Рэнцэнханд нарыг  маргалдаж, улмаар  харилцан зодолдох явцад нь салгах нэрийдлээр И.Цэнгэлмаагийн толгойн тус газар нь сандлаар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

1.Хохирогч И.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баяржаргалтай 2012 оны 12 сард танилцаж хамтран амьдарч эхэлсэн ба бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Баяржаргал бид 2-ын дундаас нэг охин төрсөн ба охин 9 сартай. 2016 оны 11 сарын 13-ны өдөр надтай хамт машинд засвар хийж хамт байж байгаад 1 шил 0,5 литрийн Ерөөл архи ганцаараа уучихаад орой 18 цагийн үед миний халаасанд байсан 6.000 төгрөгийг аваад дэлгүүр орчихоод ирье гээд гараад явсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь гайхаад хүлээгээд байсан ба Баяржаргал согтохоороо гарч яваад такси барьж ирээд таксины жолоочтой маргалдаад надаас мөнгө нэхүүлээд байдаг болохоор нь би өөрөө тосъё гэж бодоод 22 цагийн үед би хажуу талынхаа айлын Алтанхуяг гэдэг залууг гуйж машинаа бариулаад гэрээсээ гараад доошоо дэлгүүр орсон чинь хаалттай байсан. Тэгээд Баяржаргалын утас холбогдохоо больчихсон. Тэгэхээр нь би цаашаа яваад Баяржаргалын найз Морхооныд Сансарт гэрийнх нь гадаа очоод Морхооны утас руу нь залгасан чинь манайд ирээгүй, би унтаж байна гэхээр нь Нямаа гээд найз руу нь залгасан чинь Баянзүрхийн товчоон дээр байгаа биз дээ, тэнд байгаад байдаг болсон байна лээ гэхээр нь Баянзүрх дүүргийн товчоо руу Рэнцэнхандын гэрт очоод хаалгыг нь нүдтэл Баяржаргал цээж нүцгэн доогуураа дан дотуур өмдтэйгээ хаалга тайлж өгсөн. Тэгэхээр нь би Баяржаргалын хажуугаар орж цаана нь хэн байгааг нь харах гэтэл Баяржаргал намайг мөрнөөс татаад оруулахгүй байхаар нь би нүүрийг нь маажаад уурлаж дэлгүүр энд байдаг болчихсон юм уу гээд цааш дотогшоо ортол газар бадушкин дээр нэг хүн хэвтэж байхаар нь очоод хөнжлийг нь татаад татахдаа үстэй нь хамт татсан ба хөнжил дотор Рэнцэнханд нүцгэн хэвтэж байсан. Тэгсэн чинь Рэнцэнханд миний үснээс зулгаагаад хохь чинь, нөхрөө татаж чадаагүй, чамайг одоо алчихъя гээд намайг татаж унагаахад би жижиг модон сандал дээр унаж сандал бутарч унасан ба Баяржаргал салгасан. Тэгтэл Рэнцэнханд дахиж миний үснээс зулгаагаад унагаасан ба тэр үед Рэнцэнхандын охин Баярцэцэг миний нуруу руу цохиод үсний араас зулгаагаад баруун гарны алганы ар талаас хазсан. Рэнцэнханд намайг бадушкин дээр доороо оруулж дараад үснээс зулгааж гараараа хоолой боож байхад нь Алтанхуяг орж ирж салгасан. Тэгтэл Рэнцэнханд эвдэрсэн жижиг модон сандалны модоор миний баруун гар луу цохисон ба Баяржаргал миний шилэн хүзүү рүү цохисон. Тэгээд би Баяржаргалд уурлаж чи надаар 4 жил хувцаслуулсан гэж хэрэлдэж байгаад Баяржаргал амьдарлаа бодно гээд намайг дагаад гэр лүүгээ явсан. ...Баяржаргал миний шилэн хүзүү рүү эвдэрсэн модон сандлын хөлөөр цохиж нэг удаа алгадсан... ...Би өөрийгөө хамгаалж Рэнцэнхандын үснээс харилцан зулгаасан, хоолой бооход нь завьж руу нь гараа хийж түлхсэн. Мөн шанаа чихнээс нь зулгааж үсээ тавиулах гээд оролдсон... Би эмчилгээний зардалд 461.000 төгрөг зарцуулсан. Би тархи толгойгоо бариулсан 40.000 төгрөгний баримтнаас бусад нь бол байгаа. Энэ мөнгөө л нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 179-181, 235-236,  2хх-ийн 11х/

      Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Рэнцэнхандтай зодолдож байхад миний гарны шилбүүр яс хугарч, толгой тархи доргисон. Одоо гомдол санал байхгүй. Баяржаргал намайг хаалгаар ороход алгадсан, Д.Рэнцэнханд бид хоёрыг салгах гэж байгаад шилэн хүзүү рүү санамсаргүй цохисон. Одоо сайн дураар эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

          2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15671 тоот дүгнэлтэд:

         а/ И.Цэнгэлмаагийн биед баруун гарын 2-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

         б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

         г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1хх-ийн 190х/

 

        3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 67 тоот дүгнэлтэд:

          а/ И.Цэнгэлмаагийн биед учирсан баруун гарын 2-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү, цээжинд үүссэн зулгаралт хүзүүнд үүссэн цус хуралт гэмтлүүд нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамраарагдахгүй.

         б/ Дээрх гэмтэл тус бүрдээ хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ гэжээ. /1хх-ийн 247х/

 

4.Хохирогч Д.Рэнцэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найзуудтайгаа уулзаж гадуур явж байгаад 2-3 шил архи 5-уулаа хувааж уучихаад орой 20 цагийн үед гэртээ хариад унтаж байтал 22 цагийн үед манай гэрт миний хуурай дүү болох Баяржаргал нилээн согтуу 1 шил 0,5 литрийн архи барьчихсан орж ирсэн. Тэгээд манай гэрт авчирсан архиныхаа талыг нь уучихаад талыг нь үлдээгээд миний хажуугаар ороод тусдаа хөнжилд унтсан. Учир нь Баяржаргал буцаад гэр лүүгээ биеэ авч явах чадваргүй согтсон байсан болохоор хоноод яв гээд унтуулсан. Ингээд унтаж байхад манай гэрийн хаалгыг эрэгтэй хүн нүдээд байхаар нь би босох гэж байгаад айгаад Баяржаргалыг дуудаж босгоод хаалга онгойлгуулсан чинь Цэнгэлмаа нэг үл таних залуутай хамт ирсэн ба Цэнгэлмаа манай гэрт орж ирээд Баяржаргалыг цохиод хажуугаар нь гэр лүү дайрч орж ирээд миний хэвтэж байсан орон дээр ирж намайг хүүхдийн гутлаар цохиж зодсон. Тэгээд надтай ноцолдож байгаад буцаж Баяржаргалтай зууралдаад ноцолдож байгаад 60 литрийн савтай усыг татаж асгачихаар нь би Цэнгэлмаад чи айлд ирчихээд аятайхан хэл амаараа учраа олчих гэсэн чинь Цэнгэлмаа би хэнийг баярлуулах ёстой юм, та 2-ыг баярлуулна гэж бодоо юу гээд буцаж над руу ирээд миний үснээс зулгаагаад дарахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгааж бид 2 бие биенээ харилцан үсдэлцэж дээр доороо орсон. Энэ үед манай охин Баярцэцэг салгах гээд Цэнгэлмааг татаад дийлэхгүй болохоороо Цэнгэлмаагийн гарын ар талаас хазсан боловч Цэнгэлмаа гараа тавихгүй байсан. Тэгтэл Баяржаргал ирээд Цэнгэлмаа бид хоёрыг боль гээд Цэнгэлмааг татаж салгаад явъя гээд хувцсаа өмсөх гэсэн чинь Цэнгэлмаа Баяржаргалд чи миний авч өгсөн хувцсыг тайл гээд бүх хувцсыг нь тайлуулаад хувцсыг гаргаж шидэхээр нь би гэртээ байсан Баяржаргалын хувцсыг гаргаж өгсөн чинь Цэнгэлмаа Баяржаргалын гутал куртикийг нь оруулж ирж өгөөд өмсүүлээд аваад гарсан ба гарахдаа Цэнгэлмаа би танай хүүхдүүдийн амьдралыг буснуулна гэж хэлээд гарсан. Цэнгэлмаа миний үснээс зулгаахад зөрүүлээд үснээс нь зулгааж бид 2 зодолдсон. Мөн Цэнгэлмаа Баяржаргалтай ноцолдсон хэл амаар доромжилсон... ...Цэнгэлмаа миний завьж руу гараа хийж завж урсан, мөн нүүрэнд зулгарсан маажигдсан шарх үүсгэсэн... ...Надад учирсан гэмтлүүд Цэнгэлмаад гутлаар цохиулснаас болон үсдэлцэж, зууралдаж байхад л үүссэн. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 183-184, 237х, 2хх-ийн 12х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр И.Цэнгэлмаа бид хоёр маажилцсан. Одоо эвлэрсэн, хохирол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 15680 тоот дүгнэлтэд:

а/ Д.Рэнцэнхандын биед дух, баруун шанаа, баруун нүдний зовхи, баруун хацар, дээд доод уруул, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун талын завьжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1хх-ийн 192х/

 

6.Шүүгдэгч И.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Баяржаргалыг хайж яваад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны цаад талд Рэнцэнхандын гэрт байсан. Намайг очиход Баяржаргал цээж нүцгэн дан дотуур өмдтэй байсан ба Рэнцэнханд нь орондоо нүцгэн хэвтэж байсан. Намайг очиход Рэнцэнханд Баяржаргал нар архи уусан байдалтай согтуу, нүцгэн байсанд нь миний уур хүрсэн. Уг нь би тухайн үед Рэнцэнхандыг гэж бодоогүй, өөр хүнтэй байгаа байх гэж бодоод хөнжлийг нь сөхөхөд Рэнцэнханд байсан. Рэнцэнханд эхлээд миний үснээс зулгааж зодооныг эхлүүлсэн. Ингээд Рэнцэнханд бид хоёр харилцан зодолдсон ба биднийг зодолдож байхад Рэнцэнхандын охин Цэцэгээ миний ар нуруунаас цохиод байсан. Мөн Баяржаргал намайг алгадаж сандлын хөлөөр шилэн хүзүү рүү цохисон. ...Би өөрийгөө хамгаалж Рэнцэнхандын үснээс харилцан зулгаасан. Хоолой нь бооход нь завьж руу нь гараа хийж түлхсэн. Мөн шанаа чихнээс нь зулгааж үсээ тавиулах гэж оролдсон ба би Рэнцэнхандад чи миний үснээс тавьбал би чиний чихийг тавья гэж хэлж байсан. Би Рэнцэнхандын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 200-201 х, 2 хх-ийн 25 х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой Б.Баяржаргал автомашиндаа засвар хийж байгаад дэлгүүр ороод ирье гээд гараад явсан. Тэгээд ирэхгүй удаад, гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Хөрш айлын Алтанхуяг гэх залууг гуйгаад автомашинаа бариулаад ... Д.Рэнцэнханд эгчийн гэр рүү очсон. Д.Рэнцэнхандын гэрийн хаалгыг тогшоод байхад хаалгаа тайлахгүй болохоор нь хамт явсан Алтанхуяагаар Д.Рэнцэнхандын цонхоор нь Д.Рэнцэнханд эгчээ гээд дуудуулсан. Тэгтэл Б.Баяржаргал миний өөдөс дотуур өмдтэйгээ нүцгэн гарч ирэхээр нь гэрт орох гэтэл оруулахгүй түлхсэн. Тэгэхээр нь дотор хаалганаас нь татаж ороод харсан чинь Д.Рэнцэнханд хөнжил дотор хэвтэж байсан. Би Д.Рэнцэнхандыг хөнжилтэй нь цуг үсдээд босгосон. Д.Рэнцэнханд босч ирэхдээ Б.Баяржаргалын цамцыг өмсөөд босоод ирсэн. Б.Баяржаргал, Д.Рэнцэнханд хоёр нэг орон дотор байсан нь үнэн. Д.Рэнцэнханд бид хоёр харилцан зууралдаж байхад гарны шилбүүр яс хугарсан. Бид хоёр зууралдаж байхдаа сандал хагалсан байсан. Б.Баяржаргал хагарсан сандлыг булааж авахдаа миний шилэн хүзүүг цохисон нь сүртэй зүйл болоогүй. Баяржаргал, Рэнцэнханд нарт  гомдол санал байхгүй сайн дураар эвлэрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

7.Шүүгдэгч Д.Рэнцэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ унтаж байхад хуурай дүү Баяржаргал манай гэрт нилээн согтсон байдалтай 1 шил 0,5 литрийн архи барьж орж ирээд түүнийхээ талыг нь уучихаад унтсан. Энэ үед 23 цаг өнгөрч байхад болов уу Баяржаргалын эхнэр Цэнгэлмаа манай гэрт нэг үл таних залуугийн хамт ирээд Баяржаргал бид хоёрыг хараад Баяржаргал бид хоёр луу дайрч Баяржаргалын нүүрийг маажиж түүнтэй ноцолдож байгаад над руу дайрч миний үснээс зулгааж үсдэж дарахаар нь би зөрүүлж Цэнгэлмаагийн үснээс зулгааж бид хоёр харилцан зодолдсон ба би Цэнгэлмааг нэг удаа алгадсан. Энэ үед миний охин Баярцэцэг нь Цэнгэлмаагийн гарнаас хазсан байгаа. Цэнгэлмаа манайд дайрч орж ирээд хүүхдийн гутал авч намайг цохисон, миний завьж руу гараа хийж, завьж урсан. Мөн нүүрэнд зулгарсан, маажигдсан шарх үүсгэсэн. ...Би Цэнгэлмааг үсдсэн, алгадсан, хоолой руу нь түлхэж унагаасан. Би Цэнгэлмаагийн нүүр аманд ямар нэг гэмтэл учруулж гоо сайханд нь халдаагүй, харин Цэнгэлмаа миний нүүр амыг маажсан. Би Цэнгэлмаагийн хэлээд байгаа шиг сандлаар түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Магадгүй бид зууралдаад унаж босож байхад Цэнгэлмаа гараа гэмтээсэн байж магадгүй. Цэнгэлмаа Баяржаргалыг надтай хардаж ийм зүйл болсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 202-203 х, 2 хх-ийн 23 х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гадуур жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ ойролцоогоор 20 цаг өнгөрч байхад ирсэн. Б.Баяржаргал манай гэрт 22 цаг өнгөрч байхад ирсэн. Б.Баяржаргалын авчирсан архинаас нь би уугаагүй Б.Баяржаргал авчирсан архиныхаа талыг нь уугаад тасраад унтчихсан. Ойролцоогоор 24 цаг болох гэж байхад И.Цэнгэлмаа ирээд хаалга тогшихоор нь би босож онгойлгож өгөөгүй. Б.Баяржаргал босож хаалга онгойлгосон. Тэгээд И.Цэнгэлмаа, түүнтэй хамт явсан хүн хоёр гэрт орж ирсэн. Б.Баяржаргал, И.Цэнгэлмаа хоёр үүдэнд муудалцсаар гэрт орж ирсэн. Хардалтын улмаас И.Цэнгэлмаа бид 2 муудалцаж, орон дээр дээр доороо орж зууралдсан. Би И.Цэнгэлмааг нэг алгадсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл уусан байсан. Одоо бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

8.Шүүгдэгч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би И.Цэнгэлмаатай 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа ба бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Бидний дундаас охин Энэрэл 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би гэртээ эхнэр Цэнгэлмаа охин Энэрэл нарын хамт байж байгаад би ганцаараа 0,5 литрийн Хараа архи уусан. Тэгээд би 20 цаг өнгөрч байхад И.Цэнгэлмаад хүнтэй уулзлаа гэж хэлээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо руу Рэнцэнханд эгчийнд очсон. Намайг Рэнцэнханд эгчийнд очиход Рэнцэнханд эгч 2 хүүхэдтэйгээ 3-уулаа гэртээ байж байсан. Рэнцэнханд эгчээс мөнгө аваад өөрт байсан мөнгөө нэмээд дахиад 1 шил 0,5 литрийн Хараа архи авч би ганцаараа уугаад талд нь оруулаад байж байтал Рэнцэнханд эгчийн хаалгыг хүн нүдээд байхаар нь би очоод онгойлготол И.Цэнгэлмаа орж ирээд над руу дайрч газар байсан миний ууж байсан архийг аваад над руу шидэхэд нь би оногдолгүй архи хана онож хагарсан ба Рэнцэнханд эгчийн гэрт байсан 60 литрийн савтай усыг түлхэж унагаагаад асгасан. Тэгээд Цэнгэлмаа Рэнцэнханд эгчийг орондоо хэвтэж байхад шууд очоод Рэнцэнханд эгч рүү дайрч түүнтэй үсдэлцэж зодолдсон. Энэ үед Рэнцэнханд эгчийн охин Баярцэцэг ээжийгээ салгаж авах гэж тэр 2-ын дундуур орсон. Мөн И.Цэнгэлмаатай хамт ирсэн жолоочтой хамт би салгах  гэж оролдсон. Ингээд Рэнцэнханд эгч Цэнгэлмаа 2 зодолдож байгаад салаад Цэнгэлмаа миний хувцсыг тайлуулаад миний хувцсыг аваад би Рэнцэнханд эгчийнхээс хувцас авч өмсөөд Цэнгэлмаатай хамт гэртээ харьсан. ...Цэнгэлмаа гэртээ очоод аль гарыг нь санахгүй байна, нэг гар нь өвдөөд байна гээд хавдчихсан байсан. ...Би Цэнгэлмаад огт гар хүрээгүй. Цэнгэлмаа Рэнцэнханд эгчтэй л муудалцаж зодолдсон. Энэ үед нь Хуягаа, Баярцэцэг бид 3 салгах гэж дундуур нь орж байсан. Тэрнээс надад Цэнгэлмааг зодож цохисон зүйл байхгүй. Би тэд нарыг салгахад Цэнгэлмаа Рэнцэнханд эгч рүү надтай явалдсан гэсэн утгатай зүйл яриад л дайраад байсан ба Рэнцэнханд эгч ч гэсэн Цэнгэлмааг зөрүүлж үсдээд л ноцолдоод байсан. Миний хувьд биед үүссэн сүртэй гэмтэл гэх зүйл байхгүй. Би цагдаад шалгуулахгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх зүйл байхгүй. ...Тэнд байсан хүмүүс бүгд л болсон зүйлийг сайн харсан байх. Би Цэнгэлмаад гар хүрээгүй. Цэнгэлмаа л харин нар руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  205-206х, 2хх-ийн 3-4, 27х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэртээ автомашинаа засаж байхдаа ганцаараа нэг шил архи уусан. Авсан архиа ууж дуусаад И.Цэнгэлмаагаас 6.000 төгрөг аваад дахиад нэг шил архи авч Д.Рэнцэнханд руу залгатал ажилгүй гэртээ амарч байна гэхээр нь тэдний гэрт авсан нэг шил аваад очоод уусан. Архиа уугаад байж байтал И.Цэнгэлмаа орж ирээд Д.Рэнцэнханд, И.Цэнгэлмаа хоёр үсдэлцсэн. Би тухайн үед тасарсан байсан. Сандраад тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна. И.Цэнгэлмаа, Д.Рэнцэнханд хоёрыг салгаад гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.

            Тухайлбал, дээрэмдэх гэмт хэргийн тухайд: хохирогч П.Мягмарчөдөр нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ өөрийг нь 3 хүн дээрэмдсэн буюу Б.Баяржаргал нь “ах хүү тамхилчих” гэх мэтээр ирж өдөөн хоргоосон, Э.Ганцолмон араас нь боосон, гар утас авсан, Ч.Отгонбаяр  нь хажуунаас  өшиглөсөн, түрийвчтэй 230.000 төгрөгийг авсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримт болох хохирогчийн гар утсыг ломбарднаас  хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 20, 23х/, хохирогчийг боолгуулсан байдалтай зогсож байхыг харсан гэрч И.Золзаяагийн мэдүүлэг /1хх-ийн 63х/, 250.000 төгрөг авсан тухай дансны хуулга /1хх-ийн 34х/ болон бусад гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсоноос гадна шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар  нь бүлэглэн тухайн хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийн болон өөр хоорондын үйлдлийн оролцоог харилцан нотолж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.

            Харин шүүгдэгч нар анхнаасаа гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй, хохирогчтой дайралдсан даруйдаа түүнийг дээрэмдэхээр үйлдлээрээ нэгдсэнийг бүлэглэж гүйцэтгэсэн гэж үзнэ.

            Мөн шүүгдэгч нар нь хохирогчийн гар утсыг авсан, түрийвчтэй бэлэн мөнгө аваагүй, байгаагүй гэх мэтээр мэдүүлдэг боловч хохирогч нь тухайн өдөр гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө буюу 20:21 минутад 250.000 төгрөг авсан, мөнгөтэй байсан болох нь Хаан банкны дансны хуулга,  мөрдөн байцаагчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байх тул хохирогчийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл нотолгоогүй байна.

 

            Бусдын биемахбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн тухайд: И.Цэнгэлмаа нь өөрийн хамтран амьдрагч Б.Баяржаргалыг Д.Рэнцэнхандын гэрт хагас нүцгэн байдалтай байхыг харан хардаж улмаар энэ байдалд Д.Рэнцэнхандыг илтэд буруутган түүн рүү дайрч харилцан зодолдсоноор И.Цэнгэлмаа нь Д.Рэнцэнхандад хөнгөн гэмтэл, Д.Рэнцэнханд нь И.Цэнгэлмаад хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан, Б.Баяржаргал нь  И.Цэнгэлмаа, Д.Рэнцэнханд нарыг салгах нэрийдлээр И.Цэнгэлмааг алгадах, хугарсан сандлын хэсгээр хүзүүн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогдсон байна. Уг хэрэг нь хувийн сэдэлттэй буюу тодруулбал, хардалтаас үүдэлтэйгээр үйлдэгджээ.

            Иймд шүүгдэгч Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр, Э.Ганцолмон нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Баяржаргал, И.Цэнгэлмаа нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Рэнцэнхандыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Шүүгдэгч Э.Ганцолмон нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Дорнод аймгийн сум дундын шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалсан /1хх-ийн 153-156х/,

            2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан /1хх-ийн 157-160х/ боловч энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэнээр ялгүйд тооцох хугацаа тасарсан байх тул Э.Ганцолмонг ялтай гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр, И.Цэнгэлмаа, Д.Рэнцэнханд нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 141, 142, 209, 211х/-аар тогтоогдож байна.

 

   Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч П.Мягмарчөдөрт гэмт хэргийн улмаас 760.000 төгрөгийн хохирол учирсанаас Самсунг А-5 загварын гар утсыг хохирогч П.Мягмарчөдөрт хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 23х/-ээр тогтоогдсон, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргаж өгсөн дансны хуулгаар Б.Баяржаргал нь 95.000 төгрөг, Ч.Отгонбаяр нь 95.350 төгрөг, Э.Ганцолмон нь 95.500 төгрөг, нийт 285.850 төгрөгийг хохирогч П.Мягмарчөдөрт хүлээлгэн өгсөн, түүнчлэн иргэний нэхэмжлэгч С.Отгонтөгсөд 120.000 төгрөгийн хохирол учирсанаас дээрх нэр бүхий шүүгдэгч тус бүрээс 40.000 төгрөгийг С.Отгонтөгсөд шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн тухай дансны хуулга, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт зэрэг баримтууд авагдсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөр барагдсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр, Э.Ганцолмон нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч И.Цэнгэлмаа нь  мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 405.600  төгрөгийг  шүүгдэгч Б.Баяржаргал, Д.Рэнцэнханд нараас нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт уг нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэх зүйлгүй гэх, хохирогч Д.Рэнцэнханд нь  шүүгдэгч И.Цэнгэлмаагаас хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч И.Цэнгэлмаа, Б.Баяржаргал, Д.Рэнцэнханд нарыг мөн  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр нар нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, дэглэмийг нь хөнгөрүүлэх, мөн шүүгдэгч Э.Ганцолмонгийн хувьд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /ар гэрийн гачигдалтай байдал/ зэргийг харгалзан дэглэмийг нь хөнгөрүүлэн шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Рэнцэнханд нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж, хохирогч Д.Рэнцэнханд нь шүүгдэгч И.Цэнгэлмаатай, хохирогч И.Цэнгэлмаа нь шүүгдэгч Б.Баяржаргалтай сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, эвлэрлийн гэрээг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Б.Баяржаргал, И.Цэнгэлмаа нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт холбогдох Эрүүгин хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хэргийг “хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ч.Отгонбаяр, Э.Ганцолмон  нар нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 172 хоног, шүүгдэгч Б.Баяржаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл нийт 149 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцов. /1хх-ийн 65-66, 71-72, 77-78, 81, 86-87, 90-91, 94, 101, 166-167,  2хх-ийн 21, 47-48, 67, 76-77х/

           Энэ хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр, Э.Ганцолмон нарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Рэнцэнхандыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Баяржаргал, И.Цэнгэлмаа нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Цэнгэлмаа, Б.Баяржаргал нарт холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганцолмонд эд хөрөнгө хураахгүйгээр 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рэнцэнхандыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганцолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /таван/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаяр, Б.Баяржаргал нарт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял, шүүгдэгч Э.Ганцолмонд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Рэнцэнхандад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаяр, Э.Ганцолмон нарын цагдан хоригдсон 172 хоног, шүүгдэгч Б.Баяржаргалын цагдан хоригдсон 149 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

7.  Э.Ганцолмон, Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр, Д.Рэнцэнханд, И.Цэнгэлмаа нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Рэнцэнхандад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ганцолмон, Б.Баяржаргал, Ч.Отгонбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Рэнцэнханд, И.Цэнгэлмаа нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                   ШҮҮГЧИД :                                   Г.ГАНБААТАР

 

 

                                                                                                         Б.ДАШДОНДОВ