Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0076

 

 

     2021 01 28                                                                           128/ШШ2021/0076

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ХХК /РД: *******/,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: У банк ХХК, эрх залгамжлагч Х банк ХХК /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 12 С дүүргийн * дүгээр хороо, С гудамж, У-н хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий 5100 м.кв газрын солбицол тогтоож, нийтийн эдэлбэр газрын байршил тогтоосон хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжийг, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дугаар захирамжийн мөн байршилд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж буй газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлага:

1.    Нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн тухайд

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээд шатны захиргааны байгууллагад буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр маргааны бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гомдлын хариуг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 02/831 тоот албан бичгээр өгсөн.

У ХХК нь Улаанбаатар хот, С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 тоот шийдвэртэй, 0000319243 дугаартай 4000 м.кв газрыг хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Нэхэмжлэгчийн нийслэлийн Газрын албатай 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ нь 15 жилийн хугацаатай бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газрыг эзэмших хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр олгогдсон гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бусдын эзэмших эрхтэй газрыг тогтоол гаргах замаар Нийтийн эдэлбэр газар болгож газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гаргалаа. Энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна.

Газрын тухай хуулиар газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллыг хуульчилсан. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг хамаарна гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэгэнт эзэмшүүлсэн газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарахааргүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөвхөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болох учиртай.

Нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээ, гэрээний хугацаа дуусаагүй, татан буугдаагүй, компанийн зүгээс газар эзэмших гэрээгээ цуцлах хүсэлт гаргаагүй, компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болоогүй, газрыг тусгай хэрэгцээнд аваагүй буюу хуульд заасан цуцлах, дуусгавар болгох үндэслэл үүсээгүй байхад хууль ёсоор эзэмшиж буй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох үр дагавартай захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хууль бус шинжтэй байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн Улаанбаатар хотын С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 тоот шийдвэртэй, 0000319243 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж буй газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Маргаан бүхий захиргааны акт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон агуулгатай тул уг маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь нарийвчилсан зохицуулалт бүхий Газрын тухай хуулийн дагуу явагдана. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасан. Нийслэлийн Засаг дарга тус захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй, үүгээр зогсохгүй гаргасан шийдвэрээ ч танилцуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно" гэж заасан. Мөн хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх аргуудыг хуульчилсан.

Үүнээс үзвэл маргаан бүхий захирамж нь хуульд заасны дагуу мэдэгдэх хүртэл нэхэмжлэгчийн хувьд хүчин төгөлдөр болох боломжгүй байна. Гэвч шүүхээс Нийслэлийн газрын албанаас нотлох баримт шаардах үед захиргааны байгууллагаас уг маргаан бүхий захирамжийг ирүүлсэн байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий захиргааны акттай 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр танилцсан. Уг үйл баримтыг захиргааны актыг мэдсэн хугацаа гэж үзэн энэхүү шаардлагаар нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тухайд

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хуулийн зорилтоос харахад захиргааны хэргийн шүүх "... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй билээ. Маргаан бүхий акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг болон холбогдох бусад хэсгүүдэд заасан газар эзэмших эрх, түүнтэй холбоотойгоор үүссэн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөхөд хүргэлээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй тухайд

У ХХК нь Улаанбаатар хот, С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 тоот шийдвэртэй, 0000319243 дугаартай 4000 м.кв газрыг хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан. Нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

Ингэхдээ захиргааны байгууллага нь хориглосон газрыг бусдад эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т зааснаар ....нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн атлаа, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг захирамждаа дурдсан байна. Үүнээс харвал маргаан бүхий актын нэг үндэслэл нь нөгөө үндэслэлээ үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхийн тулд хүчин төгөлдөр хууль ёсны шийдвэрийн үндсэн дээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Гэтэл газар эзэмших эрх олгосон шийдвэрийг олгосон үеэсээ хууль зөрчсөн, хүчингүй акт гэж үзсэн байна. Иймд маргаан бүхий акт нь логик зөрчилтэй, хамтатган хэрэглэх боломжгүй эсрэг тэсрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус акт байна.

Мөн маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон зориулалт нь Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн юм. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт ... амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг ... зэрэг газар хамаарна гэж заасан. Энэ нь маргаан бүхий газрын анхны зориулалтын хүрээнд түүнд нийцүүлэн нийтийн ашиг сонирхлыг дээдлэн хамгаалж, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй номер нэг асуудал болох замын түгжрэл, авто зогсоолын хомсдлыг бууруулах зорилгоор хийсэн үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчмуудыг баримталсан шийдвэр юм.

Уг газрыг эзэмших эрхтэй болсон цагаасаа бид одоог хүртэл дэд бүтэц, технологийн асуудлыг оновчтой шийдэх судалгааны ажлуудыг шат дараалалтай хийж, холбогдох төлбөр хураамжийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд энэ хугацаанд тус газар цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр ашиглагдсаар ирсэн нь газрын зориулалт болон нийтийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй болно.

Хариуцагч нь хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлгийн 11-36 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны нийтлэг журмуудыг зөрчсөн. Тухайлбал, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий акт гаргах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийг заавал оролцуулах ёстой байсан. Ийнхүү оролцуулснаар нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхүүдээ эдлэж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжтой болох юм.

Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй байсан. Гэтэл эдгээрээс аль ч ажиллагааг хийгээгүй буюу Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой хүлээсэн ямар ч үүргээ биелүүлээгүйгээс уг маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу хууль бус захиргааны акт болох үр дагавартай байна.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 1352 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нийтийн эдэлбэр газраар тогтоосон бөгөөд тус тогтоолд үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дугаартай Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасныг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хот тохижилтийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудаас хамтран хийсэн мэдэгдлийн үеэр олж мэдээд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2020 дугаартай гомдлыг гаргасан боловч хуулийн хугацаанд хариуг ирүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дугаартай Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

Нэмэгдүүлсэн шаардлагаа шүүхэд гаргах эрх нээгдсэн тухайд

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах гомдлыг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан хугацаанд гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай ямар нэгэн хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тухайд

Маргаан бүхий захиргааны акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарах бөгөөд нэхэмжпэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үр дагавар бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай тогтоолд үндэслэж гарсан, хууль бус захиргааны акт юм. Уг захиргааны акт нь нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг болон холбогдох бусад хэсгүүдэд заасан газар эзэмших эрх, түүнтэй холбоотойгоор үүссэн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчих үр дагавартай юм. Тухайлбал, нэхэмжпэгчийн газар эзэмших эрхийнхээ хүрээнд хариуцаж байсан арчлалт, тохижилтын ажлыг өөр этгээдэд хариуцуулахаар шийдвэрлэсэн нь тухайн газрын өнгө үзэмж, одоогийн тохижилтыг өөрчлөх, эвдэж, сүйтгэх бодит эрсдэлтэй бөгөөд ингэснээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүйгээр зөрчигдөх үр дагавартай байна.

Маргаан бүхий захиргааны акт хууль бус болох тухайд

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлснээр маргаан бүхий захиргааны акт хууль бус эсэхийг шүүхээс хянаж, тогтоодог тул ийнхүү нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэсэн мөчөөс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын бүтэц, зориулалт, түүний тохижуулалт, газар дээрх бүтээн байгуулалтыг аливаа байдлаар өөрчлөх, устгах, гэмтээхгүй байх учиртай.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1086 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам-ын 4.9.2.2-д "Шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар өргөдөл гомдол ирүүлсэн бол тухайн өргөдөл гомдлыг буцаана гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа тухайн асуудалтай холбоотойгоор шинээр ямар нэгэн шийдвэр гаргахгүй байж, эцэслэн шийдвэрлэгдэхийг хүлээх агуулгатай болно.

Нийслэлийн Засаг даргын хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан журмын Нийслэлийн Засаг дарга өөрөө төдийгүй тухайн нутаг дэвсгэрт орших нутгийн захиргааны нийт байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй.

Ийм байтал дээрх журмыг зөрчиж дээр дурдсан газрыг ашиглах, тохижуулах эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад гэрээ байгуулах замаар олгосон нь өөрийн гаргасан журмаа бүдүүлгээр зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Хариуцагч нь хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлгийн 11-36 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны нийтлэг журмуудыг зөрчсөн. Тухайлбал, нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий акт гаргах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийг заавал оролцуулах ёстой байсан. Ийнхүү оролцуулснаар нэхэмжпэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхүүдээ эдлэж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжтой болох юм.

Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй байсан. Гэтэл эдгээрээс аль ч ажиллагааг хийгээгүй буюу Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой хүлээсэн ямар ч үүргээ биелүүлээгүйгээс уг маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу хууль бус захиргааны акт" болох үр дагавартай байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дугаартай Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн компанид холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 сарын 24-ний А/1352 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 40.1.6 буюу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг дурдсан байна. Нөхцөл байдлыг харахад У ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар уг газрыг шилжүүлж авсан байдаг. Энэ 2 жилийн хугацаанд хууль тогтоогчийн зүгээс тухайн газар дээр төсөл хэрэгжүүлэх боломжийг олгосон. 2 жилийн хугацаа болоогүй байхад цуцлах мэдэгдэл ирүүлсэн нь цаашид хөрөнгө оруулахад эрсдэл үүссэн. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхнаасаа нийтийн эдэлбэр газар байсныг У банк ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тохижуулах ажил хийнэ гэсэн хэмээн бодит байдлыг мушгин гуйвуулж тайлбар хэлж байна. Хэрвээ нийгмийн тусын тулд ийм ажил хийж байгаа бол уг газрыг заавал эзэмшилд авах шаардлагагүй, одоо байгаа нийтийн эзэмшлийн талбайд тохижилт хийж болох байсан. Мөн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар У ХХК-д шилжүүлж, үүнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээр 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буюу 2 жилийн хугацаа болоогүй байхад газрын гэрчилгээг цуцлах мэдэгдэл ирүүлсэн учраас нэхэмжлэгч цаашид хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.

Захиргааны ерөнхий хуулийн 40.2, 48.2.2, Газрын тухай хуулийн 40.1.6, 61.1-д заасан үндэслэлүүдийг дурдсан боловч актын биелэлтүүд нь хоорондоо зөрчилдсөн яг аль үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаартай захирамж нь шийдвэр гаргах ажиллагааны тодорхой журмыг зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Нийслэлийн газрын албанаас 2018 онд 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр мэдэгдэл ирүүлж байсан. Энэ үед У ХХК шилжүүлж аваад 2 жил болоогүй байсан. Уг мэдэгдлийн хариуг хүргүүлэхдээ дизайн зураг гаргуулах болон бусад ажиллагаа хийгдэж байгаа, цаг хугацаа шаардлагатай байгаа талаар захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах талаар туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтийг хариу тайлбартаа дурдсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон акт нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48.3-д Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан. Үүнээс үзэхэд 2 жил дараалан ашиглаагүй гэдэг мэдэгдлийг ирүүлсэн. Уг мэдэгдлээс харахад У ХХК 2017 онд шилжүүлж авсан учраас 2 жил ашиглаагүй гэдэг нөхцөл байдал үүсээгүй байсан. Мэдэгдлийн агуулга болон бусад баримтаас харахад 2012 оноос хойш тооцож мэдэгдэл ирүүлсэн байсан учраас эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт дууссан үндэслэлээр газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн. Учир нь 2017 онд У ХХК газрыг шилжүүлж авснаас хойш дуудлага худалдааны анхны үнийг нөхөж төлөх, мөн газрын төлбөр нийт 71.600.00 төгрөгийг төлсөн. Захиргааны байгууллагын зүгээс мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүсгэчихээд 2014 онд хугацаа сунгасан, 2017 онд газар шилжүүлсэн үйлдэл нь газрын зориулалтыг өөрчлөх журмын 3.13-д гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй тохиолдолд хугацааг сунгахгүй байхаар заасан. Энэ бүгдийн дараа гэнэт хууль бус байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хууль зүйн нөхцөл байдлыг харахад хууль зүйн үндэслэл байхгүй байхад акт гаргасан нь захиргааны байгууллагын буруу байна. Яг аль үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

2020 оны 03 сарын 11-ний өдрийн А/344 дугаартай захирамжаар тухайн газарт тохижилт хийхээр болсон. Газрын эрхийг сэргээсэн тохиолдолд актын хүрээнд нийтийн эдэлбэр газрыг өөр арга хэмжээ авагдахын бол нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг буцаж сэргэхгүй байх үр дагавар үүсэх магадлалтай байна. Хүчингүй болгосон акттай салшгүй холбоотой учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Тохижилт буюу тухайн газрын дээд талын бүтцийг өөрчлөх агуулгатай захирамж байна. Манай талаас маргахгүй тохиолдолд дараа нь магадгүй нэхэмжлэгчийн эрх буцаж сэргэхгүй нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэдгээр нь гадагшаа чиглэсэн гэж үзэж байна.

2019 онд уг газар нийтийн эдэлбэрийн зориулалттай газар биш, хуулийн этгээдийн эзэмшлийн газар байсан. 2009 онд эзэмшүүлэхийг хориглосон газарт эзэмших эрх олгосон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа. Тухайн газарт одоогоор үйл ажиллагаа явуулаагүй. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. Эрх бүхий этгээдээр батлагдсан барилгын зураг төсөл, шийдвэр, техникийн нөхцөл байхгүй.

2019 оны 126 дугаар тогтоол ойлгомжтой тодорхой байна. Уг тогтоолоор нийтийн эдэлбэрээр тогтоох тухай асуудал нь төрийн эрх бүхий байгууллага буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр тогтооно гэдэг тодорхой байхад бусдын эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газарт авсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шууд бусдын эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газарт оруулснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.

Танилцуулгад мөн судалгаа авсан гэх боловч судалгаа гэсэн баримт нэмэгдэж ирээгүй. Өмнө нь тогтоогдсон 86 байршлаас судалгаа хийж үзэхэд зарим нь бусдын эзэмшил ашиглалтад орсон, хасагдаад 32 байршил болсон. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь хууль бус байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хувьд нийтийн эдэлбэр газраар тогтоосон арга хэмжээний үргэлжлэл гэж харахаар байна. Анх нийтийн эдэлбэрээр тогтоохдоо хууль зөрчиж тогтоосон. Эзэмшлийн бус болсон байгаа газар хүчингүй болгуулах акт гаргаж, уг актаа гаргахдаа захиргааны актын шаардлагыг хангаагүй. Үндэслэл нь тодорхойгүй ойлгомжгүй, хэрэглэж болохгүй шалтгааныг нь тайлбарлаж анхнаасаа хүчингүй байсан газар дээр зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэл яригдахгүй гэж үзэж байна. 2009 оны 114 дүгээр тогтоолын байршил нь кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, тогтоогдохгүй байгаа хүчин төгөлдөр гэдэг нь тодорхойгүй байна.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолын нэхэмжлэгчид хамаарах хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1352 дугаартай захирамж, 2020 оны А/344 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Энэ асуудал нь захиргааны байгууллагын хариуцлагын асуудал гэж үзэж байна. Анхнаасаа нийтийн эдэлбэр газар байсан гэдэг үндэслэлийг барьж маргаж байгааг ойлгохгүй байна. Захирамж, шийдвэр тогтоолоор баталгаажсан, тодорхой үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн шийдвэр байгаа хэрнээ журмыг зөрчиж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: У ХХК-ийн гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай 126 дугаартай тогтоолын нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч, хариу тайлбар гаргаж байна.

1. Маргаан бүхий 0.4 га газрыг эзэмших эрхийг анх Нийслэлийн Засаг дарга 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/493 дугаартай захирамжаар Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, У банкинд орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар олгосон бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаартай захирамжаар У банкны дээрх маргаан бүхий газрыг эзэмших эрхийг баталгаажуулж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар У банк" ХХК-ийн эзэмшиж байсан 4000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг У ББСБ ХХК-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч У ББСБ ХХК-д Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01-06/4131 дугаартай албан бичгээр тухайн байгууллага нь олгосон газрыг 2 жилээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ... тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/2885 дугаартай албан бичгээр Нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэр гаргаж өгөхийг хүссэн байна. Дээрх асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхийг дэмжин, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.М/-д үүрэг болгосон байна.

3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлээгүй 32 байршлыг нийтийн эдэлбэр газраар тогтоолгох саналыг гарган Нийслэлийн Засаг даргаар уламжпуулан Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн тул Тэргүүлэгчид 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлыг олонх нь дэмжсэн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 20.1.7 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсгийг баримтлан Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай 126 дугаартай тогтоолыг батлан гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: У ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1352 дугаар захирамж нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй тухайд:

Маргаан бүхий С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ю.Ц-н нэрэмжит талбай бүхий 0.4 га газарт газар доорх олон давхар гараж барьж, орчны тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлэх зориулалтаар 2012 онд У банк ХХК-д эзэмших эрх олгосон.

У банк ХХК тухайн газрын эзэмших эрхийг өөрийн охин компанид шилжүүлэх хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/91 дүгээр захирамжаар У ББСБ ХХК-д дээрхи зориулалтаар эзэмших эрх олгосон боловч зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжаар У ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Ийнхүү хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагаа эхэлсэн талаар Нийслэлийн Газрын албаны 2018 оны 9 дүгээр сарын 24-ний 01-06/4131 дүгээр албан бичгээр мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн.

У ХХК нь уг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авч тус компанийн 2018 оны 152/2018 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн ч газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид ямар нэг хохирол учраагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна.

Мөн уг захирамжийн 2 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай У ХХК-д мэдэгдэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02-06/46 дугаар албан бичгээр У ББСБ ХХК-д мэдэгдсэнээр уг захирамж хүчин төгөлдөр болсон.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасны дагуу Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргахаар заасны дагуу уг асуудлаар одоогоор захиргааны байгууллагад гомдол гаргаагүй. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажпын 10 өдрийн дотор шүүхэд хандахаар тусгайлан заасан тул дээрх хугацааг хэтрүүлэн шүүхэд хандсан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болон хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжтой тухайд:

Газар эзэмшигч Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөр төлөхөөс гадна газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах төслөө хэрэгжүүлээгүй тул Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэж, шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой тайлбар, санал, баримт ирүүлэх боломжтой талаар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01-06/4131 дүгээр албан бичгээр У ББСБ ХХК-д мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дагуу У ББСБ ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 152/2018 дугаар албан бичгээр тайлбар, санал ирүүсэн ба уг тайлбарт 2012 оноос хойш маргаан бүхий газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбар, баримт ирүүлээгүй болно.

Тухайн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор тогтоосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулахыг болон барилга, байгууламж барихыг хориглосон байршилд хамаарч байгаа ба уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр, уг маргаан бүхий газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн газарт мөн хамаарагдаж байгаа болно. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч ямар нэг байдлаар эзэмшиж, ашиглаж байгаагүй, нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж байгаа, цаашид ч нийтийн эдэлбэрийн зориулалтаар нийтээрээ эзэмшиж, ашиглах тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжийн улмаас У ХХК-д ямар нэг хохирол учраагүй, нийтийн ашиг сонирхол хамгаалагдаж байгаа, нөгөө талаар нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ю.Ц-н нэрэмжит талбай бүхий 0.4 га газарт газар доорх олон давхар гараж барьж, орчныг тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлэх зориулалтаар 2012 онд У банк ХХК-д эзэмших эрх олгож, 2017 оны А/91 дүгээр захирамжаар У ББСБ ХХК-д дээрх зориулалтаар эзэмших эрх олгосон боловч зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах үүргээ биелүүлээгүй тул нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Тухайн газар нь Улсын драмын эрдмийн театр байгуулагдсан цагаас хойш нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж байгаа бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэр газар болохыг батлгаажуулж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалахаар тогтоож, нийтийн эдэлбэр газруудыг бүртгэлжүүлэх, хамгаалах, зориулалтын дагуу тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай 2020 оны А/344 дүгээр захирамжийг батлан гаргаж нийтийн эдэлбэрийн газруудыг бүртгэх, цаашид тохижуулах, хамгаалах ажпыг зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг холбогдох дүүргийн Засаг дарга нар болон хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт үүрэг болгосон болно.

Энэхүү захирамжийн улмаас У ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй бөгөөд нийтийн ашиг сонирхол хамгаалагдаж байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийтийн эдэлбэр газрыг тогтооход Газрын алба тухайн байрлалаар нь тодруулсан. Иргэн аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлээгүй газраа нэрлэсэн бодож байна. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбай гэдгийг тогтоох байрлалд уг маргаан бүхий газар хамаарч байгаа. Нийтийн эзэмшлийн талбайд хамаарах төслийг хэрэгжүүлэх гэж байна гэж ойлгосон.

2018 оны 09 сард мэдэгдэл өгсөн тул сонсох ажиллагаа хийж тайлбар авсан. Тиймээс А/1352 захирамжийг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хугацаа өнгөрсний дараа гаргасан.

Тухайн нийтийн эзэмшлийн газарт ногоон байгууламж, зам талбайн тохижилтыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. гэв.

Гуравдагч этгээд Убанк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У банк нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр У ХХК-д 3,000,000 ам.долларын зээлийг олгосон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон маргаан бүхий газар болох 000319243 дугаартай гэрчилгээтэй, С дүүрэг * дүгээр хороонд байрлах нэгж талбарын 148002/0124 дугаартай, 4000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалуулсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухайгаа барьцаалагч болох У банканд огт мэдэгдээгүй, холбогдох тайлбар мэдүүлэг авч, Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийгээгүй.

Газрыг нийтийн эдэлбэрт авч, газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор У ХХК-д олгосон зээл нь барьцаагүй болох эрсдэлтэй бөгөөд энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1-т заасан шаардлагыг хангахгүй болох, барьцаалагч банканд санхүүгийн бодит сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймд Улаанбаатар хотын банк нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдийг дэмжиж байгаа бөгөөд хууль бусаар хүчингүй болгосон газар эзэмших эрхийг сэргээж, нийтийн эдэлбэрт газарт авсан тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо тус банкны барьцааны эрхийг давхар сэргээх байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тухайн эзэмших эрхтэй газрыг хэдээр үнэлэгдсэн талаар тооцоолол байхгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тогтоолын У ХХК-ийн эзэмшиж байсан С гудамж, У-ын хойд талын Ю.Ц-н хөшөө бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжийг болон нийтийн эдэлбэр газрыг хамгаалах арга хэмжээний тухай 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийн мөн талбайд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

Энэ маргаанд хамаарах С дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С гудамж, У хойд талын Ю.Ц-н хөшөө бүхий газрыг нэгж талбарын 18******* дугаартайгаар 4000 м.кв хэмжээгээр анх нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/493 дугаар захирамжаар нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон У банкинд орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар олгосон байх бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх замаар У банкинд уг газрыг эзэмшүүлж, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар У ББСБ ХХК-д шилжүүлсэн байдаг. Гэхдээ У ББСБ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хүчингүй болгосноор үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдөн У******* ХХК болсон байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоож, талбайн солбицлыг баталсан бөгөөд, үүнд маргаанд хамаарах С дүүргийн * дүгээр хорооны нутагт С гудамж, хойд талын Ю.Ц-н хөшөө бүхий талбай 5100 м.кв хэмжээгээр багтсан, улмаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжаар хориглосон газарт газар эзэмшүүлсэн нь хууль бус шийдвэр болсон, газар эзэмшигч нь газрыг 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжаар дээрх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрээр тогтоосон солбицол бүхий газруудыг хамгаалах, тохижуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн, үүнд С дүүргийн * дүгээр хорооны нутагт С гудамж, У хойд талын Ю.Ц-н хөшөө бүхий 5100 м.кв талбайн солбицол багтжээ.

Нэхэмжлэгч нь 2012 онд анх эзэмших эрх олгогдсон газрыг 2017 онд шилжүүлэн авсан, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байхад нийтийн эдэлбэрт авсан, газар эзэмшигчид урьдчилан мэдэгдээгүй, цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр ашиглагдсаар ирсэн нь нийтийн ашиг сонирхолд нийцэж байсан тул зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл үүсээгүй байсан гэх үндэслэлээр маргаж,

Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоолын үндэслэлээ тухайн нэгжийн Засаг даргын өргөн мэдүүлснээр өмнө нийтийн эдэлбэрээр тогтоогдсон газрыг нийтийн эдэлбэрээр тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж, нийслэлийн Засаг дарга захирамжийн үндэслэлээ 2009 онд тухайн газрыг нийтийн эдэлбэрт авч бусдын эзэмшилд олгох, барилга байгууламж барихыг хориглосон байхад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр төсөвт байгууллагын хэрэгцээнд олгосон нь, улмаар аж ахуйн нэгжийн эзэмшилд баталгаажуулсан нь хууль бус болсон тул газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалтаар болон газар эзэмшигч нь тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болсон гэж тайлбарлажээ.

Дээрх үйл баримтууд, хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарт үндэслэж нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэж шийдвэрлэлээ.

Нэг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тогтоолын У ХХК-ийн эзэмшиж байсан газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/2885 тоот албан бичгээр нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэрийн газрын байршил хэмжээг тогтоох асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж, тогтоолын төсөл, тогтоолын төсөлд санал авсан хуудас, Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолын төслийн буюу хэлэлцэх асуудлын танилцуулгыг хүргүүлсэн байдаг.[1][1]

Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийн энэхүү танилцуулгад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар нийт 86 байршилд эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон байхад, тогтоолууд хэрэгжээгүй, хяналт сул байснаас зарим байршилд тухайлбал С дүүрэгт У хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий 0.5 га талбайг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/91 дүгээр захирамжаар У ХХК-д эзэмшүүлсэн байгаа талаар зургаар танилцуулагдсан байдаг.[2][2]

Улмаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолоор нийтийн эзэмшлийн амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар С дүүргийн * дүгээр хорооны нутагт С гудамж, У хойд талын Ю.Ц-н хөшөө бүхий талбайг 5100 м.кв хэмжээгээр нийтийн эдэлбэрээр тогтоож талбайн солбицлыг баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д заасан Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцэж байна.

Тодруулбал нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоосон, үүнд С дүүрэгт 12 байршлыг тогтоосны нэг нь * дүгээр хороо, У хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий талбай 5300 м.кв хэмжээтэйгээр оржээ.

Хэдийгээр уг шийдвэрт нийтийн эзэмшилд тогтоосон газрыг солбицлоор заагаагүй ч байршлыг нэршлээр нь С дүүрэг * дүгээр хороо, У хойд талын Ю.Ц-н хөшөө бүхий 0.53 га хэмээн тодорхой заасан, мөн дээр дурдагдсан Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийн танилцуулгад эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон нийтийн эдэлбэр газарт тогтоол хэрэгжээгүй, хяналт сул байснаас С дүүрэгт У хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий 0.5 га талбайг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/91 дүгээр захирамжаар У ХХК-д эзэмшүүлсэн байгаа талаар байршлыг харуулсан зургаар танилцуулагдаж тусгагдсан байх тул 2009 оны 114 дүгээр тогтоолоор нийтийн эдэлбэрт авсан талбай нь 2019 онд дахин нийтийн эдэлбэрээр солбицлыг тогтоосон талбай мөн эсэхэд маргах үндэслэлгүй.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зургаас үзвэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэр газраар тогтоосон У хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий талбай 5100 м.кв газарт нэхэмжлэгчийн эзэмшилд байсан нэгж талбарын 18******* дугаартай 3940 м.кв газар бүхэлдээ давхцаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор болон 2019 оны 126 дугаар тогтоолоор С дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт У хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий талбайг нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь ийнхүү хуульд нийцжээ.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаар захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг үндэслэн С дүүргийн * хорооны нутаг дэвсгэрт У хойд талд нийтийн эдэлбэрийн Ю.Цэдэнбалын нэрэмжит хөшөө байрлах 4000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус шийдвэр болсон, газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгч У ХХК-ийн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Эрх бүхий этгээд 2009 онд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, явган зам талбайг бусдын эзэмшил, ашиглалтад олгохыг, барилга байгууламж барихыг хориглож нийтийн эдэлбэр газраар тогтоон байршлыг тодорхой заасан байхад нийтийн эдэлбэрээр тогтоогдсон зам талбай, ногоон байгууламж бүхий талбайг 2012 онд төсөвт байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх нэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар эзэмшүүлэх зохицуулалтыг барьж эзэмшилд олгосон нь, 2014 онд У банк ХХК-д эзэмшлүүлсэн нь, 2017 онд газар эзэмших эрх шилжүүлсэн нь газрын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан эерэг нөлөөлөл үзүүлсэн хууль бус актыг хүчингүй болгох нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэл мөн тогтоогдож байх тул энэ заалтыг захирамждаа баримталсан нь үндэслэлтэй байна.

У ХХК нь У банкнаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 3 сая ам.долларын зээл авч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээгээр энэ маргаанд хамаарах нэгж талбарын 18******* дугаартай 4000 м.кв эзэмших эрхтэй газрыг болон өөр 2 нэгж талбар бүхий /2400 м.кв, 700 м.кв/ эзэмших эрхтэй газрыг 3,027,238.96 ам.доллараар үнэлэн барьцаалж, газрын албанд бүртгүүлсэн байдаг.

            Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг буюу гэрчилгээгээр баталгаажсан эзэмших эрхийг барьцаалж болох ч уг барьцааны гэрээгээр хөрөнгө гэх агуулгаар газрыг барьцаалж, улмаар төрийн өмчийн газрыг үнэлж, барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлд тооцохоор заасан нь хуулийн энэ зохицуулалтад нийцэхгүй байна.

Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, холбогдох баримтуудыг хянаад хуульд нийцсэн тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх тухайн шатны Засаг даргад байгаа ч У банк-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр газар шилжүүлэх тухай тогтоолоор нийтийн эдэлбэрийн буюу нийтээр ашиглахаар тогтоосон төрийн өмчийн газрыг /8 байршилд/ банкны өмчлөл хэмээн У ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, хавсаргасан баримтыг хуульд нийцсэн гэж үзэж эрхийн гэрчилгээг шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, 3.1.9 нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно, 38 дугаар зүйлийн 38.1 газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно гэсэн заалтуудад нийцээгүй байна.

Нөгөө талаас У ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанаас үзвэл тус компани 2010 онд анх гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, хувьцаа эзэмшигчээр 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс У банк, 2017 оны 2 дугаар сарын 24-нөөс иргэн М.М, 2017 оны 9 дүгээр сарын 19-нөөс Сингапур улсад бүртгэлтэй H компани бүртгэгдсэн, хуулийн этгээдийн хэлбэрийн мэдээлэлд 2010 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани хэмээн бүртгэгдсэн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан газар эзэмшигчид тавигдах зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байх шаардлагыг хангахгүй байсныг дурдах нь зүйтэй.

Газар эзэмшигч нь 2018 оны 10 дугаар сарын 01-нд 152/2018 тоот албан бичгээр нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн тайлбартаа тухайн газарт орчны тохижилттой газар доорх олон давхар гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зураг төсөл гаргаж байгаа гэсэн байх хэдий ч одоог хүртэл орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын эскиз зураг төсөл батлуулаагүй, тухайн газарт ямарваа тохижилт, хөрөнгө оруулалт хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй байх тул зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгосныг буруутгахгүй.

Нэхэмжлэгч нь эзэмших эрх олгогдсон газрыг У банкинд 3 сая ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалснаас өөрөөр гэрээнд заасан зориулалт болох газар доор гараж барьж орчныг тохижуулан цэцэрлэгт хүрээлэн болгох талаар эрх бүхий этгээдээр зураг төсөл батлуулах, холбогдох зөвшөөрөл авах ажиллагааг огт хийгээгүйн дээр тухайн талбайд ямарваа тохижилтын ажил хийгээгүй, ийнхүү газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь ямарваа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргаагүй юм.

Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт холбогдох баримтаас үзвэл У банк ХХК нь өөрийн 100 хувийн эзэмшлийн хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн байх тул У банк ХХК 2012 онд анх төсөл хэрэгжүүлэхээр Нийслэлийн барилга хот байгуулалтын газартай хамтран эзэмшсэн үеэс ч, 2014 онд газар эзэмших эрхийг баталгаажуулсан үеэс ч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах хуулиар тогтоосон хугацааг тооцох боломжтой, У ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжиж, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулсан үеэс тооцсон ч 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үед газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх 2 жилийн хугацаа өнгөрсөн байжээ.

Иймд газар эзэмшүүлэхдээ захиргааны байгууллага хориглосон газарт газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээ олгосон нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, түүнчлэн газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн 2 үндэслэлийг хамт хэрэглэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг болон 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй, дээрх 2 үндэслэл нэг нэгнээ үгүйсгэсэн агуулгагүй байна.

Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 01-06/4131 тоот албан бичгээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэж байгааг газар эзэмшигчид урьдчилж мэдэгдэж, У ХХК 2018 оны 10 дугаар сарын 01-нд 152/2018 тоот албан бичгээр тайлбар хүргүүлсэн байдаг тул мэдэгдэх сонсох ажиллагаа хийсэн гэж үзнэ.

Гурав. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамжийн хавсралтын 12 С дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт У хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий 5100 м.кв талбай-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актын шинжийг агуулаагүй буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114, 2019 оны 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэр газраар тогтоогдсон С дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт У хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий талбай-г тухайн байршилд хамаарах нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дараа нийтийн эдэлбэрийн газрыг хамгаалах, тохижуулах арга хэмжээг хамтран ажиллах гэрээний дагуу зохион байгуулахаар шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд чиглэсэн сөрөг үр дагавар үүсгэхгүй, өөрөөр хэлбэл гадагш чиглэсэн байх актын шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй буюу ямарваа барилга байгууламж, тохижилтын ажил хийгээгүй, хөрөнгө оруулаагүй тул хохирлын асуудал яригдахгүйн дээр ийнхүү хөрөнгө оруулаагүй, тохижилтын ажил хийгээгүй атал нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийнхээ хүрээнд хариуцаж байсан арчлалт, тохижилтын ажлыг өөр этгээдэд хариуцуулахаар шийдвэрлэсэн нь тухайн газрын өнгө үзэмж, одоогийн тохижилтыг өөрчлөх, эвдэж, сүйтгэх бодит эрсдэлтэй бөгөөд ингэснээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүйгээр зөрчигдөх үр дагавартай гэж сэргэх боломжгүй үр дагавар үүсгэнэ гэсэн агуулгаар уг захирамжтай маргаж буй нь үндэслэлгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч У******* ХХК-ийн гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралт 12 С дүүрэг, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт У хойд талд Ю.Ц-н хөшөө бүхий 5100 м.кв газрын солбицол тогтоож, нийтийн эдэлбэр газрын байршил тогтоосон хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1352 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/344 дугаартай захирамжийн тухайн байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА