| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2024/0326/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/351 |
| Огноо | 2024-04-29 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/351
2024 04 29 2024/ШЦТ/351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч А.Эрдэнэмөнх нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Б т холбогдох эрүүгийн 2411003820372 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод .. дүүргийн Цагдаагийн газрын авто эргүүлийн М.Г, эргүүлийн цагдаа, жолооч Т.Б нарыг албан үүргээ гүйцэтгэх явцад нь буюу цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авч хэргийн газарт очиж өөрийг нь эрүүлжүүлэн саатуулахаар авч явах гэхэд нь хүч хэрэглэж биед нь халдсан, хувцас хэрэглэлийг урж, гэмтээн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь албан үүргээ гүйцэтгэж байсан .. дүүргийн Цагдаагийн газрын авто эргүүлийн М.Г, эргүүлийн цагдаа, жолооч Т.Б нарын эсрэг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдсан, хувцас хэрэглэлийг урж, гэмтээн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
Хохирогч М.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 20 цагаас 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 09 цаг хүртэл дэд ахлагч Т.Б ийн хамт согоот-113 чиглэл буюу Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороонууд дээр авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2024 оны 1 дүгээр сарын 8-ний шөнийн 02 цаг 47 минутын үед Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .... тоотод хүүхдээ зодоод байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу тус тоотод очсон. Тухайн айл руу явж ороход эхнэр, нөхөр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Тэгсэн эхнэр болох Э аас юу болсон талаар тодруулж асуухад манай нөхөр Б.Б гэгч нь өөрийн төрсөн хүү А ыг гар утас авч шидлээ гэх шалтгаанаар алгадсан гэж надаа хэлсэн. Тэгээд би Б.Б т хууль ёсны шаардлага тавьж та хувцсаа өмсчих явъя гэж хэлсэн. Тэгсэн Б.Б нь миний хэлсэн үгэнд ороод гадуур хувцсаа өмсөөд гарах гэж байтал эхнэр болох Э нь Б.Б лүү дайрч хэл амаар доромжилж би чамаас сална, арчаагүй эр гэж хэлсэн. Тэгсэн Б.Б өнөөх алгадсан гэх А ыг тэврээд орон дээрээ суусан. Би Б.Б т хандаад та хүүхдээ тавьчих, явъя гэхэд юу ч дугарахгүй суугаад байхаар нь би А гэх хүүг аваад цаад талд нь тавьж байх хооронд Б.Б гэнэт босож ирээд миний нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохиж авсан. Tэp үед би хэсэг манараад толгой эргээд хамтрагч болох Т.Б ийг дуудсан. Т.Б ирээд Б.Б ийг надаас салгасан. Тэгсэн Т.Б ийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэл үзүүлээд зодох гээд байсан ба Т.Б түүнтэй ноцолдоод цаана байх орон дээр түүнийг дараад унасан. Тэгэнгүүт нь би гаваа гэрнээс нь гаргаж ирээд түүний хоёр гарыг ард нь гавласан. Б.Б нь намайг зодох үедээ миний дэслэгч мөрдсийг хоёуланг нь гараараа татаж ханзалж урсан. Түүний дараа Б.Б ийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Хохирогч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би болсон хэргийн талаар өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. 2024 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 20 цагаас 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 09 цаг хүртэл дэслэгч М.Гийн хамт согоот-113 чиглэл буюу Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороонууд дээр авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 2024 оны 1 дүгээр сарын 8-ны шөнийн 02 цаг 47 минутын үед Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .... тоотод хүүхдээ зодоод байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу тухайн айл руу явах замдаа дуудлага өгсөн хүн рүү залгахад дуудаж байгаад утсаа салгасан бөгөөд гэрийн хаягийг нь хайж олоод очиход 4 залуу, 1 эмэгтэй, бага насны 2 хүүхэд нэг нь алгадуулсан байдалтай чих нь улайсан байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Б.Б гэх залуу би хүүхдээ алгадсан юм гэж хэлэхэд эхнэр Э нь хүүхдээ цохиж зодсон наад хүнээ аваад яв гээд орилоод байсан. Тэгээд Б.Б гэх залууг авч явах гэхэд би өмгөөлөгчөө дуудна явахгүй гэсэн байдалтай эсэргүүцэл үзүүлээд бага насны нэг охин тэвэрч суучхаад тавихгүй байхаар нь хүүхдийг нь салгаж аваад Б.Б гэх залуу руу эргэж харахад миний баруун шанаа хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Б.Б гэх залууг гавлах гээд зууралдаж байхад эргүүлийн офицер М.Гийн хоёр мөрдөс болон миний баруун мөрдөс болон өвлийн хүрэмний бүч хэсгийг ханзалсан. Тэгээд Б.Б гэх залууг гэрээс нь авч гараад машинд суулгахад орилсон байдалтай байхаар нь эрүүлжүүлэх саатуулах төв байранд ирж согтолтын зэргийг үзэхэд 1.86 байсан болохоор нь эрүүлжүүлэх саатуулах төв байрны эмчид үзүүлэн албадан саатуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Гэрч Б.Н н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 20 цагийн үед манай найз Б.Б нь 88..... дугаараас над руу яриад манай гэрт хүрээд ир гэхээр нь би Б.Б ийн гэрт 20 цаг 30 минутын үед очсон. Б.Б ийн гэрт очиход Б.Б , Б.Б ийн эхнэр болон 4 хүүхэд нь А , Д нар байсан. Тэгээд хоол хийж идээд 0,75 литрийн хараа гэх бичиглэлтэй архинаас 5 шилийг хувааж уусан. Тэгээд орой 23 цагийн үед манай найз Б.Б нь эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаад цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн алба хаагчид ирэхэд Б.Б дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчтай маргалдан цохисон. Хаашаа цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Б.Б нь 4 настай эрэгтэй хүүхдээ нэг алгадсан. Тэгээд тэрнээс болж хэрэлдэж маргалдан цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Гэрч А.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр манай нөхөр Б.Б нь 3 найзынхаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан, тэгээд манай хүүхдүүд манай нөхрийн Ай фоне 11 про загварын гар утасны дэлгэцийг тоглож байгаад хагалсан. Тэгээд утас эвдлээд хагалчихлаа гээд хүүхдүүд рүү уурлаж байгаад А ыг зүүн хацар хэсэгт 2 удаа алгадсан. Тэгээд хүүхэд цохихоор нь би нөхөртөө уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаагийн алба хаагчид ирээд аваад явсан А ын зүүн хацар хэсэгт 1, баруун хацар хэсэгт 1 удаа алгадсан. Одоо манай хүүхдэд зовуурь байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр би ах болон 4 дүүгийн хамт тоглож байгаад ороо засаад унтсан. Тэгээд манай ах Т надад аавынхаа утсыг аваад ир гэхээр нь ахдаа утсыг нь өгөхөд манай ах Т аавын утасны дэлгэц хагарсан байна гэж хэлэхэд аав сэрээд утсаа хараад утасны дэлгэц хагалаад хаячихсан байна гээд уурлаад миний зүүн мөр хэсэгт нэг удаа цохиод байж байхад манай ах Т нь аавд А хагалсан гаж хэлэхэд дүү чинь яаж хагалдаг юм гэж байж байгаад А луу уурлаад чих мөр лүү гараараа цохисон. Тэгээд аав дүүг цохиход ээж аавд уурлаад муудалцсан. Тэгээд байж байгаад 2 цагдаа ах орж ирээд юу болсон талаар асуухад манай ээж утасны дэлгэц хагалсан гээд хүүхдээ зодсон гэхэд цагдаа ах манай аавыг хувцсаа өмсөө явъя гэхэд би явахгүй энэ хүүхнийг аваад яв гээд ээж рүү заагаад байсан, тэгээд цагдаа ах аавыг авч явах гээд гараас нь барихад аав та нар намайг барахгүй шүү амжихгүй шүү гээд өндөр цагдаа ахын нүүр рүү цохиод, хувцаснаас нь татаад байсан, мөн намхан цагдаа ахыг бас цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Д ХХК-ны 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЧД2-24-51 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 43-45 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч М.Г нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх12/, хохирогч Т.Б нар нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх17/ гэх тул шүүгдэгч Б.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөрт хохирогч Т.Б т 4500 төгрөг, хохирогч М.Гт 4500 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдав.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН