Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/403  

 

      2024        05            15                                2024/ШЦТ/403      

 

                        

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн,

Улсын яллагч: Г.Булаг-Ундрал ,

Хохирогч: Б.Б ,

Шүүгдэгч: Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Г т холбогдох эрүүгийн 2311 01910 1479 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Х овогт Б.Г , /РД: …./, Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. тоотод орших суух хаягтай, Баянзүрх дүүргийн ... хороо, .... тоотод оршин суух, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г  нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны орцны 1 давхарт байрлуулсан байсан хар хөх өнгийн унадаг дугуйны түгжээг эвдэн нууцаар, хууль бусаар хулгайлан авч яван 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2311 01910 1479 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

            Хохирогч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт: Чингэлтэй дүүргийн ... хороо ... тоотод оршин суугч Б.Б  миний том хүү Д  нь 29 инчийн “Wolf” брэндийн одтой, хамелиан, хар хөх өнгийн, 9 араатай шингэн диск тормостой, цутгамал хөнгөн цагаан материал бүхий цоожтой байсан унадаг дугуйгаа 2023.09.15-ны өдөр 15 цаг орчимд гэрийнхээ орцон дотроос алдаж, тухайн өдрөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гарган, тайлбар, мэдуүлэг өгч зээлийн гэрээ болон дугуйны бодит үнэлгээтэй холбоотой нотлох баримтуудаа байцаагчид хүлээлгэн өгсөн. Мөн бид өөрсдөө хулгай гарсан 37-р байрны 1 давхарт байрлах гадна хяналтын камерыг шүүлгэх гэсэн боловч СӨХ хариуцсан хүн Чингэлтэй дүургийн цагдаагаас хяналтын камерыг салгаж авч явсан тул боломжгүй талаар мэдэгдсэн, ойр орчмын 10 гаруй камерыг шүүлгэхээр аж ахуйн нэгжүүдэд хандахад боломжгүй гээд шүүж өгөх газар олдоогүй, ингээд цагдаагаас 1 дэхэд ажлын өдөр холбогдох арга хэмжээ авна гэсэн тул хяналтын камерын бичлэг устахаас өмнө эхнэр Ш.Г ийн хамт хагас сайн өдөр буюу 2023.09.16-ны өдөр “Найман шарга” вальют арилжааны төв рүү гарах гарцан дээрх аж ахуйн нэгжийн камерыг төлбөртэй гуйж, шүүлгэн бичлэгийг хуулбарлан, бүлэглэн хулгай хийсэн 3 этгээдийн Б.Г, З 2-ыг Бөмбөгөр худалдааны төвөөс маргааш нь олж, ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн. Уг унадаг дугуйг миний эхнэр Ш.Г нь 2023.05.25-ны өдөр “Г” ББСБ-аас дугуйны үндсэн үнэ 850000 төгрөг, сарын 3 хувийн хүүтэй жилийн хугацаатай, зээлийн хүүд 163082, нийт 1.013.082 төгрөгийг 12 сарын хугацаанд төлөхөөр лизингийн гэрээ байгуулж худалдан авсан бөгөөд 3 сарын төлбөр 258000 төгрөгийг төлж 755082 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байхад Б.Г /РД:...../, Болормөнх, З  /РД:.../ гэх 3 иргэн үгсэн хуйвалдаж, бүлэглэн хулгайлсан. Мөрдөн байцаагч, ахмад Г.Т  нь тэд бусдад дамжуулан зарсан тул олох боломжгүй талаар бүүр сүүлд мэдэгдсэн. Б.Б  би 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн гомдолдоо дугуйны шинж чанар, нэр, хэмжээ зэрэг тодорхой мэдээллүүдийг тусгасан. Мөн дугуйгаа 850.000 төгрөгөөр авсан гэж мэдүүлэг өгсөн боловч эхнэр Ш.Г ийн лизингээр худалдан авсан зээлийн гэрээний бодит хохирол нь 1.013.082 төгрөг бөгөөд хулгайд алдсанаас хойш үлдэгдэл 755082 төгрөгийг хуваарийн дагуу сар бүр цалингаасаа төлж ирсэн. Гэтэл ЧД-ийн цагдаагийн мөрдөгч, ахмад Г.Т  нь хариуцсан ажилдаа маш хариуцлагагүй хандаж, шинжээч томилох 2023 оны 09 дүгээр сарын 15-ны мөрдөгчийн тогтоолдоо хохирогчоос гомдол болон мэдүүлэгтээ тодорхой тусгаж өгсөн дугуйны марк загвар, хэмжээ, материалын талаар ямарч тодорхой мэдээлэл бичихгүи, “унадаг дугуй” гэсэн ганц үгээр тодорхойлж дүгнэлт гаргуулахаар мэргэжлиин байгүуллагад хүргүүлсэн байна. Энэ нь шинжээчийн эах зээлиин бодит Үнэлгээг гаргахад сөргөөр нөлөөлж, бидэнд учирсан бодит хохирлыг маш доогуур буюу 460.000 төгрөгийн үнэлгээ гаргахад хүргэсэнд маш гомдолтой байна. Мөрдөгч Г.Т  нь Мөрдөгчийн тогтоолдоо ямар загварын хэдэн инчийн ар дугуйны үнэлгээ хийлгэх тодорхой мэдээлэл бичээгүигээс /Хавтаст хэргиин 29 хуудас хөрөнгийн үнэлгээний тооцоо хуудасны Тодорхойлолт хэсэгт волф 2023,06 сар, авсан /загвар, хэмжээ тодорхойгүй тул тодорхойгүй нөхцөлөөр тооцов гэснээс цагдаагаас хохирогчийн гаргаж өгсөн бодит мэдээллийн дагуу унэлгээг гаргуулаагүй нь тогтоогдож байна/ “Д" ХХК-ийн үнэлгээний тайланд үнэлж байгаа хөрөнгийн чанар байдлын тодорхойлох боломжгүй, ижил төрлийн хөрөнгийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг гаргахдаа 400-600 гэсэн 2 үнэлгээтэй дугуйны дунджаар тооцсон /гэтэл энэ 2 үнэлгээтэй дугуй нь ямар загварын, ямар хэмжээтэй, гадаад үзэмж нь хэр байсан нь тодорхойгүй/, 2006-2023 оны хооронд зарагдаж байсан дугуйны дундаж үнийг 2023 онд үйлдвэрлэсэн, шинэ загварын, шинэ дугуйны үнэлгээтэй дүйцүүлж, харьцуулсан зэрэг хөрөнгийн бодит үнэлгээг гаргахад сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйлийг үүсгэсэн байна. Мөн уг дугуйг хулгайд алдсан ч 2024 оны 05 дугаар сарын 24 хүртэл миний эхнэр Ш.Г  нь зээлийн гэрээний дагуу нийт 1.013.082 төгрөгийн үлдэгдэл 755082 төгрөгийг сар бүр төлсөөр байтал, бодит хохиролыг 450000 төгрөгөөр тооцсон нь яагаад ч шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн мөрдөн байцаагч Г.Т  нь ажилдаа ямар ч сэтгэлгүй хандаж, биднийг хэргийн явцын талаар огт мэдээлэл өгөөгүй, шинжээч томилох тогтоол, "Д"ХХК-ийн 2023 09 21-ны хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан талаар 53 хоногийн дараа буюу 2023 оны 11 сарын 07-ны өдөр мөрдөгч, дэслэгч Базарсад утсаар ярихад нь мэдэж, 2023 оны 11 дүгээр сарын 08 ны өдрийн 10:20 цагт цагт Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очиж танилцсан. Дээрх бух нотлох баримтаас харахад уг унадаг дугуйг хулгайд алдсанаас хойш 755082 төгрөгийг нэмж төлсөн байхад яагаад ч 450,0 төгрөгийн бодит хохирол гарах үндэслэлгүй байна. төрийн байгууллагын буруутай, ажлаа дутуу хийдэг, сэтгэлтгүй хандсанаас болж иргэн би маш их чирэгдэж Чингэлтэй дүүргийн прокурорын газар луу 3 удаа, шуух хуралд оролцохоор 4 удаа өнөөдрийг хүртэл нийт 7 удаа ажлаа цалгардуулж, ирж очих бурт таксины үйлчилгээнд нийт 53000 төгрөгийг ур хуухдийнхээ идэх хоолны мөнгөнөөс хумслан, хохирсон дээрээ нэмж хохирсоор, хэрэг бүрэн шийдвэрлэгдэх хуртэл хохирол өшөө нэмэгдсээр байна. Иймд иргэн надад учирсан бодит хохиролын үнэлгээг үнэн зөвөөр тооцуулж, буруутай этгээдээр гаргуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хохирогч Б.Б ийн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагаас 17 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн ..  дугаар хорооны нутаг дэвсгэрт ... байрны 1 давхарт хар хөх өнгийн унадаг дугуйгаа цоожил үлдээгээд гэртэй ороод байж байгаад 17 цагийн орчимд гарч ирээд дугуйгаа авах гэсэн чинь алга болсон байсан. Би унадаг дугуйгаа 2023 оны 05 дугаар сард 860.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний дугуй “Wolf гэсэн хар хөх өнгийн бичлэгтэй 29 инчийн дугуй байсан..." гэх мэдүүлэг, (хх-ийн 11 дүгээр хуудас)

            Гэрч Э.Н “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны орой 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Н худалдааны хажуу талд байрлах ..дугаар байрны хажуу талд Б.Г ийн хамт архи ууж байхдаа согтсон байсан ба нэг ухаан ороод сэрсэн чинь Б.Г  миний урд талд хар хөх өнгийн унадаг дугуй түрээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 17 дугаар хуудас)

            Гэрч Г.С “...Би Б.Г тэй ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Харин Б.Г  нь одоогоос 2-3 жилийн өмнө Бөмбөгөр дээр ирээд архи уугаад яваад байдаг байсан ба зүс таньдаг байж байгаад нэг удаа хамт архи ууж байсан. Надад үзүүлсэн бичлэг дээр байгаа хүнийг би танин энэ манай бөмбөгөр худалдааны төв дээр хааяа архи уугаад байдаг Б. Г антөмөр дугу й түрээд явж байна. Ардаас нь жоохон бор хочтой Н дагаад явж байна. Би Б.Г ийг алхаа гишгээ, биеийн өндөр болон жоохон бортой хамт явж байгаагаар нь таньж байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 18 дугаар хуудас)

            2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г.С таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 20-22 дугаар хуудас)

            2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 35-38 дугаар хуудас)

            Д ХХК-ний 2023 'оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 830 дугаартай Шинжээчийн дүгнэлт /Унадаг дугуй 440.000 төгрөгөөр үнэлсэн/ (хх-ийн 28-29 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Г  нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны орцны 1 давхарт байрлуулсан байсан хар хөх өнгийн унадаг дугуйны түгжээг эвдэн нууцаар, хууль бусаар хулгайлан авч яван 440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Б.Б ийн мэдүүлэг, (хх-ийн 11 дүгээр хуудас), Гэрч Э.Н мэдүүлэг, (хх-ийн 17 дугаар хуудас), Гэрч Г.Сарантуяагийн мэдүүлэг, (хх-ийн 18 дугаар хуудас), 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г.С таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 20-22 дугаар хуудас), 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 35-38 дугаар хуудас), Д ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 830 дугаартай Шинжээчийн дүгнэлт /Унадаг дугуй 440.000 төгрөгөөр үнэлсэн/ (хх-ийн 28-29 дүгээр хуудас) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Г ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г  нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Г  нь шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.Б ийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 1.013.082 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Г ийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Г өөс нийт 1.013.082 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадглах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

 шүүгдэгч Б.Г  нь  2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эхлэн 9 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд нь оруулан тооцов.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Х овогт Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

  5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй болохыг дурдсугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Г өөс нийт 1.013.082 төгрөг гаргуулан  хохирогч Б.Б т олгосугай.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь  2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эхлэн 9 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ХАЛИУН