| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/01530/И |
| Дугаар | 183/ШШ2021/01497 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2021/01497
2021 оны 07 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2021/01497 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 27,******* хаягт байрлах, **** ХХК /рд:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо,******* тоотод оршин суух, Хотгойд овогт Дугаржавын **** /рд:УЗ*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 073 200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2030087 тоот зээлийн гэрээг Д.****той байгуулж, 1 800 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч Д.**** нь зээлээ хугацаанд нь төлөхөө илэрхийлэн ******УБП улсын дугаартай АНR102004814 арлын дугаартай Toyota Estima маркийн автомашиныг барьцаалж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг **** ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн 2030087 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч Д.**** нь зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх бөгөөд ийнхүү биелүүлээгүй тохиолдолд үл маргах журмаар автомашинаа хураалган байгууллагын зогсоолд байршуулахаа илэрхийлсэн нөхцөл нь хангагдаагүй байх тул зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөг, зээлийн хүү 421 800 төгрөг, алданги 851 400 төгрөг, нийт 3 073 200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.**** шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Д.**** нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Батжинбат Ирээдүй ХХК-д Toyota Estima маркийн ******УБП улсын дугаартай автомашинаа барьцаанд тавьж, 1 500 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн графикийн дагуу төлж явсан бөгөөд эрхэлж буй бизнес нь зогсонги байдалд орсны улмаас зээлийг төлөх боломжгүй болсон. Зээлээ хэдэн сар төлөөгүй бөгөөд хүү, алдангиа 2020 оны 3 дугаар сараас эхлэн төлөх болсон. **** ХХК нь хүү, алданги тооцож явсаар байгаад үлдэгдэл 520 000 төгрөг дээр ахин хүү, алданги тооцож, гарцаагүй байдалд оруулан 2020 оны 12 дугаар сард 1 800 000 төгрөг болж машинаа хураалгах дээрээ тулж аргагүй байдалд орсны улмаас 1 800 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл мөнгөө хаагаад, машины нэрээ шилжүүлье гэж захирал, менежер гээд холбогдох хүмүүс рүү ярьсан боловч ахиад л хүү, алданги нэмэгдсэн гэж хариу өгсөн. Иймд **** ХХК-ийн нэхэмжилсэн 3 042 000 төгрөгийг өгөх боломжгүй бөгөөд өмнөх зээлийн гэрээний дагуу 1 800 000 төгрөгийг төлж барагдуулах боломжтой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчид зээлийн мөнгийг бодитойгоор шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2030083 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч талд мөнгө олгогдоогүй. Нэхэмжлэгч байгууллага нь мөнгө олгосон мэт баримтыг үйлдсэн байх боловч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орлого, зарлагын ордер гэсэн баримт дээр 1 860 458,3 төгрөг гэсэн байдлаар тооцоо хийгдсэн байдаг. Энэхүү тооцоо нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү, алдангийг нэмэгдүүлэн тооцоод 60 000 төгрөг авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Энэ мөнгийг нийлүүлээд тэгшилсэн байдлаар 1 860 000 төгрөг гэж гэрээг байгуулсан боловч тус өдөр зээлдэгчид ийм хэмжээний мөнгө шилжиж ирээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээг цааш сунгаад явах боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг бөгөөд гэрээгээр барьцааны хөрөнгийг барьцаалах ёстой атал 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 1 085 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Зээлдэгч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алдангийг төлөх үүрэгтэй ч 2019 оны 11 сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдаад, 2019 оны 12 сарын 23-ны өдөр 170 000 төгрөг, 2020 оны 01 сарын 24-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 02 сарын 26-ны өдөр 175 000 төгрөг, 2020 оны 8 сарын 01-ний өдөр 170 000, 2020 оны 9 сарын 9-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 10 сарын 08-ны өдөр 170 000 төгрөгийг төлснөөс үзвэл 60 000 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд энэ гэрээ хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй. Би тооцоог гаргаад үзэхэд, 1 025 000 төгрөгөөс холбогдох үндсэн төлбөрүүд тухайн үедээ хасагдаж байх ёстой байгаад байна. Иймд хуулийн дагуу, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу холбогдох хуульд заасны дагуу үндсэн төлбөр, хүү, алдангийг тооцоолог төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч Д.****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөг, зээлийн хүү 421 800 төгрөг, алданги 851 400 төгрөг, нийт 3 073 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2030087 тоот зээлийн гэрээг Д.****той байгуулж, 1 800 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч Д.**** нь зээлээ хугацаанд нь төлөхөө илэрхийлэн ******УБП улсын дугаартай АНR102004814 арлын дугаартай Toyota Estima маркийн автомашиныг барьцаалж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг **** ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн 2030087 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч Д.**** нь зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөг, зээлийн хүү 421 800 төгрөг, алданги 851 400 төгрөг, нийт 3 073 200 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.
Хэргийн баримт, талуудын тайлбараар, **** ХХК, Д.**** нарын хооронд анх 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 190430 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, дээрх гэрээгээр 1 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд өмнөх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2030087 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1 800 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Estima hybrid маркийн **** УБП улсын дугаартай автомашиныг **** ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэлд хавсаргасан **** хувийн хэргийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй талаар тусгагдсан байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2030083 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч талд мөнгө олгогдоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Дээрх гэрээний дагуу 2019 оны 12 сарын 23-ны өдөр 170 000 төгрөг, 2020 оны 01 сарын 24-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 02 сарын 26-ны өдөр 175 000 төгрөг, 2020 оны 8 сарын 01-ний өдөр 170 000, 2020 оны 9 сарын 9-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 10 сарын 08-ны өдөр 170 000 төгрөгийг төлсөн атал 60 000 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд энэ гэрээ хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй бөгөөд харин 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу холбогдох хуульд заасны дагуу үндсэн төлбөр, хүү, алдангийг тооцоолог төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний зүйл болсон 1 800 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэж өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, өмнөх зээлийг дуусгавар болгохоор дээрх гэрээ байгуулсан болохоо тайлбараараа нотолсон тул тус гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, хэргийн баримтаар хариуцагчийн өмнөх зээлийн үлдэгдэл 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар, үндсэн зээлийн үлдэгдэл 1 200 300 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 180 080 төгрөг, алданги 480 098 төгрөг болох нь тогтоогдох бөгөөд хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 170 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 175 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 170 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 170 000 төгрөг нийт 1 025 000 төгрөгийг төлсөн байдал, хариуцагчийн үлдэгдэл зээлийн төлбөрт тооцогдох хүү, алдангийг тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 1 205 150 төгрөг, хүүгийн үлдэгдэл 459 751 төгрөг байна.
Иймд хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу, хуульд заасан хэмжээгээр төлбөр төлөх талаар маргаагүй тул хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 1 205 150 төгрөг, үндсэн хүү 459 751 төгрөг нийт 1 664 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 408 299 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41 588 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.****оос зээлийн гэрээний үүрэгт 1 664 901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 408 299 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41 588 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ