Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2125

 

 

 

 

 

 

 

 

 

П.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэртэй, П.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, тус газрын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/6 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарим шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тус газар нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6/6 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус гаргаж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан. Улмаар 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээг “М” ХХК-тай байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлж, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчилж байгаад 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл АНУ-д амьдарч байгаа. Гэр бүлийн гишүүдийн нэг болох дүү П.Ганбат нь түүний зөвшөөрөлгүйгээр орон сууцны өмчлөлөөс хууль бусаар хасуулж, өөрөө цорын ганц өмчлөгч гэж бүртгүүлж гэрчилгээ авч, “М” ХХК-иас зээл авахдаа уг орон сууцыг барьцаалсан. П.Ганбат нь зээлийн үүргээ хугацаандаа төлөөгүй тул шүүхээс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэр гарч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс П.Б өмчлөх эрх зөрчигдсөнөө мэдэж,  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05239 тоот шийдвэрээр П.Быг орон сууцны хамтран өмчлөгчөөр буцаан тогтоосон. Харин орон сууцыг П.Бын зөвшөөрлөөр эзэмшиж байсан иргэдэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 3/20358 тоот мэдэгдэл гардуулж орон сууцыг чөлөөлөх, эс бөгөөс албадан чөлөөлөхийг сануулсан байсан. Уг мэдэгдэл хүргүүлснээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар болон П.Бын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар мэдсэн учир бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгчийн төлөөлөгч болохын хувьд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хандсан ч 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч цагтаа ирээгүй гэж нэхэмжлэлийг буцаасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь мэдэгдэх хуудсыг өгөх үе шат, аргатай холбоотой журмыг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шүүх мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэсэн нь шийдвэр гүйцэтгэгч эхний үе шат болгож мэдэгдэх хуудсыг үйлдээд аливаа этгээдтэй утсаар холбогдох, бусдаар хэл хүргүүлэх зэргээр өөрийн байгаа газраас дуудан ирүүлж байж мэдэгдэх хуудсыг гарт нь өгөх санаа. Хэрэв энэ үе шат боломжгүй бол шийдвэр гүйцэтгэгч дараагийн үе шат болгож мэдэгдэх хуудсыг тухайн этгээдэд гардуулж өгөх ёстой. Гардуулж өгөх арга нь шийдвэр гүйцэтгэгч уг этгээдийн байгаа газарт өөрөө очих эсвэл оршин суугаа газарт баталгаат шуудангаар хүргүүлэх явдал юм. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа байхгүй бол түүний хамт амьдардаг насанд хүрсэн хүн, сум, баг, хорооны Засаг даргад гардуулж өгч гарын үсэг зуруулна гэж зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг гарт нь гардуулж өгөх шаардлагатай чухал баримт юм. Боломжгүй бол баталгаат шуудангаар хүргүүлэх ёстой. Хүргүүлэх гэдэг нь аваачиж өгөх гэсэн агуулгатай, энэ нь гардуулан өгөх, хүлээлгэн өгөх гэсэнтэй ижил утгатай. Баталгаат шуудан бол захидлыг хүлээн авагчийн гарт нь атгуулсан эсэхийг хүргэлтийн кодын тусламжтай мэдэх боломжтой байдгаар энгийн шуудангаас ялгаатай. Дүгнэхэд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх гурван аргыг хуульд зааснаар хэрэглээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болдог, П.Б орон сууцны өмчлөгчийн хувьд уг орон сууцанд явагдах ажиллагаанд бие даасан тал болж оролцох боломжтой бөгөөд хуулийн 33.1-д заасан эрхтэй. А.Түвшинтулга би П.Боос надад олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 3 шатны шүүхэд төлөөлөн оролцсон. Энэ итгэмжлэл Иргэний хуулийн 7 дугаар бүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.1, 36.5, 38.1, 38.4-т заасан хэсгүүдээр зохицуулагдаж байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажиллагааны явцад А.Түвшинтулга намайг дуудан ирүүлж, гардуулан өгөх боломжтой байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Хэрэв намайг дуудсан бол би П.Бын эрх ашгийг хамгаалж, тухайн мэдэгдэх хуудаст дурдсан асуудлаар хариу санал өгч, улмаар П.Б нэхэмжлэл гаргахгүй, тус газар нь АНУ-д оршин сууж байгаа П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсад байгааг мэдсээр байж үүргээ биелүүлээгүй. Улмаар мэдэгдэх хуудсаа П.Бод баталгаат шуудангаар хүргүүлэх байсан. Хариуцагч нь ажиллагааныхаа талаар нийт 6 удаа мэдэгдэх хуудас Монгол шуудан ХК-иар RR6349341MN, RR006360775MN, RR006361387MN, RR006361926MN, RR006361838MN, RR006838910MN кодоор АНУ-д оршин суух П.Бод хүргүүлсэн гэх боловч эдгээр нь П.Бод огт хүргэгдээгүй. Хариуцагч нь мэдэгдэх хуудсаа П.Бын гарт гардуулан өгсөн эсэхийг кодоор шалгалгүйгээр дараагийн ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.7, Иргэний хуулийн 72.5-д заасан зохицуулалтууд нь хэн алиндаа хүргүүлэхээр хуулиар хугацаа заасан тохиолдолд хэрэглэх боломжтой. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 159 тоот тогтоолоор шинжээч томилж, шинжээч нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 77.000.000 төгрөгөөр тогтоосон албан бичгийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус газарт хүргүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т зааснаар дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 дахь өдөр баталгаат шууданд хийсэн нь хуулийн заалт зөрчсөн эс үйлдэхүй юм. Хуулиар тогтоосон өмчлөгчийн өмчлөх эрхээ хамгаалахтай холбоотой хугацааг баримтлаагүй, өмчлөгчийн эрхийг хангаагүй байж 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 6/6 дугаар тогтоолоор дуудлага худалдаа зарласан нь П.Бын гомдол гаргах эрхийг зөрчсөн үндэслэл мөн. Дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь орон сууцны хөрөнгийн үнэлгээг тогтоох, дуудлага худалдаа болон холбогдох гэрээ байгуулах хугацаанд шууд нөлөөлдөг баримт бичиг болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулиар нэхэмжлэгчид олгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг эдлүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.2.2, 176.1, Иргэний хуулийн 175.3 дахь хэсгийг зөрчиж мэдэгдэх хуудсыг хүлээн авсан эсэхийг нягталж шалгалгүйгээр нэгэнт битүүмжлэгдсэн орон сууц алга болохгүйг мэдсээр байж өмчлөгчийн хуульд заасан эрхийг зөрчиж дуудлага худалдааг яаруу сандруу гүйцэтгэж болхи алдаа гаргаснаар П.Б үнэлгээнд санал өгөх, дуудлага худалдаа явуулахыг зогсоох санал гаргах, дуудлага худалдаанд оролцох зэрэг эрхээ өөрөө болон төлөөлөгчөөр дамжуулж эдлэх боломжгүй болсон. П.Бын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхээ хамгаалах боломжийг хуульд заасан хугацааны хувьд зөрчсөн тул 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6/6 дугаартай тогтоол болон уг тогтоолын үр дагавар болсон 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй. Мөн албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77.17-д заасныг зөрчиж 3 биш 2 этгээд гарын үсэг зурсан. Эрхлэн хөтлөгч дуудлага худалдааг удирдаж байх үедээ тэмдэглэл давхар хөтлөх боломжгүй. Иймд “М”-ыг төлөөлж орсон н.Мөнх-Учралыг ялагч гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 197.24-т зааснаар хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул хариуцагчаас тус байгууллагатай хийсэн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр буцаан тогтоож өгнө үү. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “М”-тай гэрээ байгуулахдаа орон сууцны өмчлөгч болох нэхэмжлэгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй, Иргэний хуулийн 109.2-т заасан хэлбэрийг зөрчсөн тул эдгээр ажиллагааны үндсэн дээр 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгоно уу. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дээрх 4 төрлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаартай шийдвэрээр П.Ганбатаас 43 306 633 төгрөгийг гаргуулан “М”-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 134/01 тоот тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Ганбат нь саналаа 120 000 000 төгрөг гэж төлбөр авагч “М”-тай тохирсон. Энэ үнийн 70 хувиар тооцож 84 000 000 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдаа явуулах тухай өмчлөгч П.Ганбатад 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бичгээр мэдэгдсэн. Анхны дуудлага худалдаагаар эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13711 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5239 дугаар шийдвэрээр П.Быг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан. Иймд хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнийг дахин тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Ганбат, хамтран өмчлөгч П.Б нарт үнийн санал ирүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3/520, 3/519 тоот албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул дахин төлбөр төлөгч П.Ганбатад 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/8370 тоот албан бичгээр АНУ, Калифорни муж, Лос Анжелес хотын Өмнөд Ардмор гудамжны 401 дүгээр байрны 214 тоот, 90020 зип кодтой хаягаар, хамтран өмчлөгч П.Бод 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3/8371 тоот албан бичгээр АНУ, Иллинойс муж, Чикаго хотын Хойд Сполдинг гудамжны 3048 дугаар байрны 2 тоот хаягаар, олон улсын баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлд зааснаар тусгай мэдлэг шаардсан асуудлаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл талуудын хүсэлтээр шинжээчийг оролцуулж болдог тул мөн хуулийн 37.2.2-т заасны дагуу хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь хөрөнгийг 77 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч П.Ганбат, хамтран өмчлөгч П.Б нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний 70 хувиар тооцож, 53 900 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/15489, 3/15490 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох тухай мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 3/16382, 3/16383 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн болно. Хоёр дахь албадан дуудлага худалдааг тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцож, 38 500 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3/18710, 3/18711 тоот мэдэгдэл, тогтоолыг хүргүүлсэн. Хоёр дахь дуудлага худалдаанд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн 30 м.кв орон сууцыг 38 000 000 төгрөгөөс дуудсаныг төлбөр авагч “М” ялагч болж 41 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон. Ялагч “М” нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгийн үнийг бүрэн төлж өмчлөх эрхийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул П.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргэж болно, 20.4-т хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заажээ. Иймд АНУ дахь нэхэмжлэгчийн оршин суудаг хаягт баталгаат шуудангаар явуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр П.Б нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 3/8371 дугаартай үнийн санал авах тухай мэдэгдлийг хүлээн авсан байдаг тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээгүй гэдэг нь огт үндэслэлгүй. Мөн тэрээр П.Ганбатыг хариуцагчаар татан өмчлөлийн зүйлийн маргаан үүсгэн улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг маргаан дууссаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдана гэдгийг мэдэж байсан нь тодорхой юм. Тэрээр хариуцагчаас баталгаат шуудангаар явуулсан эхний хоёр мэдэгдлийг хүлээн авсан атлаа дараагийн мэдэгдлүүдийг хүлээж аваагүй, улмаар үүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зөрчил гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ ажиллагааг дахин удаашруулах зорилготой байна. Нэхэмжлэгч П.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш учраас ажиллагааны талаар нэг бүрчлэн мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 43.3-т зааснаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан тул өмчлөгч П.Бод тогтоолыг мэдэгдэх шаардлагагүй байсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг надад мэдэгдээгүй гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтулга нь П.Бын нэхэмжлэлтэй П.Ганбатад холбогдох иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэлтэй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд түүнийг төлөөлөх итгэмжлэл аваагүй тул түүнд ажиллагааны талаар мэдэгдэх хууль зүйн үндэслэлгүй. “М” нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг хууль ёсны гэдэгт итгэн албадан дуудлага худалдаанд оролцож, уг хөрөнгийг 41 000 000 төгрөгөөр худалдан авч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул “М” уг үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6/6 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 159 тоот тогтоолоор орон сууцанд зах зээлийн ханшаар үнэлгээг хийх шинжээчээр “Хөрөнгө Эстимэйт” XXК-ийг томилж, шинжээч орон сууцны үнэлгээг 77 000 000 төгрөгөөр тогтоосон албан бичгийг буцаан хүргүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтийг П.Бод мэдэгдэхээр 3/15490 тоотыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шуудангийн байгуулагад хүлээлгэж өгсөн боловч энэ мэдэгдэл тодорхойгүй шалтгаанаар П.Бод хүргэгдэлгүйгээр Монгол Улсад буцаж ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх “хүргүүлэх” гэдэг ойлголтыг “хүлээлгэн өгөх” гэсэн ойлголтоор сольж хэрэглэсэн бөгөөд үндэслэлээ хууль тогтоогч үзэл санаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт зааснaap илэрч байгаа гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурджээ. Нийтийн эрх зүйд эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэхийг хатуу хориглодог. Шууданд албан бичгийг өгснөөр П.Бод өгсөн гэж буруу дүгнэсэн. Хууль тогтоогчийн үзэл санааг олох эх сурвалжаа буруу сонгосон. Хууль тогтоогчийн үзэл санааг олохын тулд тухайн хуулийг батлахаар хэлэлцэж байх үеийн хуралдааны тэмдэглэлийг иш татах ёстой байдаг ч анхан шатны шүүх энэ ажиллагааг хийгээгүй байна. Харин оронд нь анхан шатны шүүх хууль тогтоогчийн үзэл санаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь заалтаар тодорхойлогдоно гэж дур мэдэн холбохыг оролдсон нь огт авцалдаагүй. Шүүх авцалдаагүй өөр хуулийг эсвэл авцалдаатай ч хуулийн заалтыг буруу хэрэглэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийн зөрчилд тооцогддог. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь заалтыг буруу хэрэглэсэн. Хариуцагч нь орон сууцны зах зээлийн үнэлгээг үйлдсэн шинжээчийн дүгнэлт бүхий мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар П.Бод заавал хүргүүлэх буюу гардуулан өгөх, хүлээлгэн өгөx ёстой ба үүнийгээ лавтай мэдсэний дараагаар орон сууцны албадан дуудлага худалдааг явуулах тухай хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй нь шинжээчийн үнэлгээг зөвшөөрөх эсэх, шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчиж, өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай тогтоол гаргасан нь хууль зөрчсөн ажиллагаа юм Хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай тогтоолыг П.Бод хүргүүлэхээр шууданд хийсэн боловч хүргэгдээгүй, тодорхой бусаар буцаж ирсэн. Хариуцагч П.Быг орон сууцны өмчлөгч учир дуудлага худалдаа болох тухай мэдээллийг хүргүүлээгүй, эрх нь зөрчигдсөн. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулаx ажиллагаа явагдсан, дуудлага худалдаанд хоёроос дээш хүн оролцоогүй тул орон сууц борлогдоогүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 тоот тогтоол нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон өмчлөх эрхээ хамгаалах үйлдэл хийх эрхийг зөрчсөн. 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай тогтоол үйлдэж, П.Бод илгээхээр шууданд хүлээлгэж өгсөн боловч түүнд хүргэгдээгүй бөгөөд хаана байгааг тогтоох боломжгүй нь нотлох баримтаар батлагдсан. Шүүх 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасантай ижилтгэн хуулийг буруу хэрэглэсэн. Энэ заалт нь агуулгын хувьд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасантай ижил бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа этгээдүүдэд ямар нэгэн баримт бичгийг хэн алиндаа хүргүүлэхийг хуулиар хугацаа заасан тохиолдолд хэрэглэхээр тусгагдсан. Хуульд хугацаа тусгайлан заагаагүй үүргийн хувьд дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь заалт хамаарахгүй. Дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ямар хугацаанд талуудад мэдэгдэх тухай хугацаа заагаагүй. Мэдэгдэх хуудсыг үйлдэгдсэнээс хойш хэзээ ч хамаагүй баталгаат шуудангаар талууд руу илгээх боломжтой. Түүнчлэн шүүх П.Быг 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын Хойд Сполдинг гудамжны 3048-р байранд оршин сууж байсан нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас П.Б руу илгээсэн мэдэгдэж хуудсуудаас буцаж иргээгүйнүүд нь хүргэгдсэн байх магадлалтай гэх агуулгатай зүйл шийдвэрийн үндэслэх хэсэгт дурджээ. RR006349341MN кодтой, орон сууцны зах зээлийн үнэлгээний санал авах тухай мэдэгдэх хуудас болон RR006360775MN кодтой, орон сууцны зах зээлийн үнэлгээний санал авах тухай мэдэгдэх хуудас шууданд хийгдсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй. RR006361387MN кодтой, шинжээчийн дүгнэлтийн тухай мэдэгдэх хуудас болон RR006361926MN кодтой, орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай мэдэгдэх хуудас зэрэг нь тодорхойгүйгээр буцаж ирсэн. RR006361838MN кодтой, орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай мэдэгдэх хуудас хаана байгаа нь тодорхойгүй. RR006838910MN кодтой, орон сууц хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлуулагдсан тухай мэдэгдэх хуудас хаяг нь тодорхойгүй гэж буцаж ирсэн ба тухайн хаягтаа байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Дээрх мэдэгдэх хуудсуудыг П.Бод хүргүүлэх үүргээ биелүүлээгээс шалтгаалж П.Бын шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрхүүдийг зөрчсөн байхад шүүх нухацтай авч хэлэлцээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 тоот тогтоолын үндсэн дээр албадан дуудлага худалдааны комисс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эрхлэн явуулсан Албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн маргаан бүхий орон сууцтай хэсгийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.7-д зааснаар 3 субьект буюу эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч нар дуудлага худалдаанд оролцож, тэмдэглэлд гарын үсэг зурах үүрэгтэй атал эрхлэн хөтлөгч, комиссын дарга гэсэн 2 субьект гарын үсэг зурж, тэмдэглэл хөтлөгч үсгээ зураагүй тул хуулийн шаардлага хангаагүй. Иймд “Мөнгөн Бүрэн” ББСБ-ын төлөөлөгчийг орон сууцанд явагдсан дуудлага худалдааны ялагчаар тодорсоныг нотлох боломжгүй. Хариуцагч нь “Мөнгөн Бүрэн” ББСБ-тай 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийсэн Албадан дуудлага худалдааны худалдах, худалдах авах 07/01 тоот гэрээ нь хуульд заасан журам зөрчсөн. Тодруулбал, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэx тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 47 дугааp зүйлийн 47.2.2 болон 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь заалт, 71 дүгээр зүйлийн 71.17 дахь заалт, 176 дугаар зүйлийн 176.1 дэх заалт болон Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Түүнчлэн хариуцагч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт заасныг хангасан эсэхээ нотолсон баримтыг өөрийн санаачлагаар шүүхэд гаргаж өгөөгүй нь үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн хуулийн 197 дугаар зүйлийн 197.24, 197.26, 197.25 дахь хэсгүүдэд заасан журам зөрчсөн дуудлага худалдаа хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан. “Мөнгөн Бүрэн” ББСБ-тай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаxдaa хуулийн хугацаа хэтрүүлcэн. Иргэний хуулийн хуулийн 197 дугаар зүйлийн 197.23-д ажиллагааг явуулж дуусаад тэмдэглэл үйлдсэнээс хойш хорь хоногийн дотор, эсхүл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурна гэсэн байхад 8 хоногоор хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 56-p зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна. Дээрх гэрээг байгуулахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээp зүйлийн 24.2-т заасан хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр аваагүй. Мөн Иргэний хуулийн 109 дүгээp зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нотариатын гэрчлэлтэй байх ёстой гэх шаардлагыг хангаагүй. Уг гэрээнд гарын үсэг зурсан н.Мөнх-Учрал тус байгууллагыг төлөөлөх эрхтэйг гэрчилсэн баримтыг хавсаргах хуулийн шаардлагыг биелүүлэгүй. Дээрхээс үзвэл тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлд хамаарч байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугааp сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах тухай дурджээ. Төлбөр төлөгч П.Ганбат 43 681 116 төгрөгийг төлбөр авагчид гаргуулах шийдвэр гарсан байхад тус алба орон сууцыг хууль бусаар борлуулж 41 000 000 төгрөг болсныг төлбөр төлөгчид шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан нь дээрх хуулийн заалтад зөрчилдсөн. Шүүх хэрэг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжаар буцаасан. Өмнөх хэрэгт хариуцагчаас гаргасан нотлох баримтыг хэрэгт хавсаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 07687 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжид заагдсан нотлох баримт шаардлага хангаагүй үндэслэлээр дахин шүүх хуралдааныг хойшлуулсан нь үндэслэлгүй. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Шүүх дээрх шүүх хуралдааныг нотлох баримтыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар хойшлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Нотлох баримттай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нарийвчлан заасан. Шүүгч шүүх хуралдааны явцад хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, хариуцагчийн өөрийгөө хамгаалж гаргасан нотлох баримтын шаардлага хангаагүй бичмэл баримтыг сайжруулж дахин шүүхэд гаргах давуу боломж олгосон. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу цуглуулж шүүхэд өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чанараа алдсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах, Иргэний хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж үйлдэгдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэ ж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

Нэхэмжлэгч П.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/6 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 6/58 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, хариуцагчаас “М” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч “М” ХХК хариуцагчийн татгалзал тайлбар үндэслэлтэй гэж дэмжин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцсон байна.

Хэргийн баримтаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэрт /1хх196-197/ зааснаар  төлбөр төлөгч П.Ганбат нь төлбөр авагч “М”-д төлөх 43 306 633 төгрөгийн үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч нь төлбөр төлөх хугацаа тогтоох, шийдвэр биелүүлэх мэдэгдэл /1хх199-209/ хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг /1хх212-213/ хуульд нийцүүлэн явуулсан байна.

Дээрх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Б нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 31 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05239 дугаар шийдвэрээр /1хх20-24/ түүнийг шударга эзэмшигч гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хүчин төгөлдөр болжээ.

Иймд хариуцагч байгууллага барьцааны хөрөнгө болох П.Ганбат, П.Б нарын өмчлөлийн дээрх орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч байгууллага барьцааны хөрөнгийн зах зээлийн үнийн талаар санал ирүүлэхийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр төлөгч П.Ганбатад 3/519 тоотоор /1хх89/ АНУ, Калифорни муж, Лос Анжелес хотын Өмнөд Ардмор гудамж 401 дүгээр байрны 214 тоот, 90020 зип кодтой хаягт, хамтран өмчлөгч П.Бод 3/520 тоотоор /1хх222, 223/ АНУ, Иллинойс муж, Чикаго хотын Хойд Сполдинг гудамж 3048 дугаар байрны 2 тоот хаягаар олон улсын баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд хариу ирүүлээгүйн улмаас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3/8370, 3/8371 тоотоор дээрх агуулга бүхий мэдэгдлийг олон улсын баталгаат /1хх228, 230/ шуудангаар дахин хүргүүлжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнийн санал ирүүлэх талаарх мэдэгдэл тус бүрт төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нар санал ирүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч тухайн эд хөрөнгийн хувьд өөрийн санаачилгаар зах зээлийн үнэ тогтоож дүгнэлт гаргуулах үндэслэл болох юм.

Иймд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан үндэслэлээр “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг шинжээчээр /1хх232/ томилсныг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар тухайн эд хөрөнгийн үнийн талаар санал ирүүлж, харилцан тохиролцох нөхцөл байдал үүсээгүй тул зах зээлийн ханшаар дүгнэлт гаргахыг  шинжээчид үүрэг болгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Эрх бүхий байгууллагаас томилогдсон шинжээч нь уг орон сууцны зах зээлийн үнийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 77 000 000 төгрөг болохыг тогтоож, энэ тухай тайланг хариуцагчид /1хх233-242/ ирүүлсэн байна.

Шинжээчийн үнэ тогтоосон үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77 000 000 төгрөгийн 70 хувиар тооцож, 53 900 000 төгрөгөөр тогтоохыг төлбөр төлөгч П.Ганбат, хамтран өмчлөгч П.Б нарт 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/15489, 3/15490 тоот албан бичгээр /1хх243-246/ дээр дурдсан хаягаар хүргүүлсэн. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 6/6 дугаар тогтоолоор /1хх 247/ анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар хугацааг тогтоож, энэ тухай мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 3/16382, 3/16383 тоот албан бичгээр мэдэгдэл /1хх248-250 2хх1/ хүргүүлсэн. Ийнхүү 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирүүлээгүй /2хх2-4/ үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Үүний дараа хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн үнэлгээний 50 хувиар тооцож, 38 500 000 төгрөгөөр тогтоож 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр болох тухай мэдэгдлийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3/18710, 3/18711 тоот албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт /2хх7-11/ хүргүүлсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тэдгээрийн оршин суух хаягаар, олон улсын баталгаат шуудангаар мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, мэдэгдэх хуудсыг гардан авбал зохих этгээдийг дуудан ирүүлэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 38 000 000 төгрөгөөр дуудсаныг төлбөр авагч “Мөнгөнбүрэн” ББСБ 41 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй /2хх2-4/ болж, улмаар 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээг /1хх18-19/ байгуулсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан албадан дуудлага худалдаа буюу үнэ хаялцуулах ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна. Түүнчлэн, хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05239 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч П.Быг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул түүнийг дахин нотлохгүй буюу нэхэмжлэгч П.Быг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй юм.

Хариуцагч худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр авагчид орон сууцыг шилжүүлж, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасантай нийцсэн тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгч буюу барьцааны хөрөнгийн хамтран өмчлөгч П.Бын эрх ашгийг хохироосон гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, хөндлөнгөөс оролцож, нотлох баримтыг өөрийн санаачилгаар бүрдүүлсэн гэж дурдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШЗ2018/04268 дугаартай захирамжаар буцаасан иргэний хэргээс нотлох баримт гаргуулах”-аар /1хх54/ хүсэлт ирүүлснийг шүүх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2018/07687 дугаартай /1хх52-53/ шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Тухайн захирамжид заагдсан нотлох баримтуудыг /1хх62-137/ хэрэгт ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүйн улмаас талуудад нотлох баримт цуглуулах бүрдүүлэх боломжит хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан /1хх190-191/ байна.

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2018/07687 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу хэрэгт хавсаргасан нотлох баримтууд /1хх62-137/ нь шаардлага хангаагүй буюу уншигдах боломжгүй байжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг буюу хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр шаардан авах эрхтэй юм. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулсан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих үйл баримтыг зөв тогтоохын тулд шүүхийн эрх хэмжээнд гүйцэтгэсэн ажиллагаа зөв явагджээ. Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн санаачилгаар дур мэдэн нотлох баримт бүрдүүлж, талуудын эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд П.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА