Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/01510

 

 

 

 

 

 

                                                                                              

 

 

 

             2021 оны  07 сарын 08 өдөр

   Дугаар 183/ШШ2021/01510

Улаанбаатар хот

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байрны******* тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, Шарнууд овогт Ордын ******** /рд:СИ***********/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, яармаг, 19 дүгээр гудамж,******* тоотод оршин суух,******* онд төрсөн,, эрэгтэй, Боржигон овогт Ганбатын ******** /рд:ШГ***********/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.********, хариуцагч Г.********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч О.******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.******** нь Г.********тэй 2010 онд танилцаж, 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин*******ыг төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч миний охин эцгээрээ овоглосон. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж хамт амьдрах боломжгүй болсон. Одоо охин******* нь миний асрамжид эрүүл энх, өсөн бойжиж байна. Иймд Г.********ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин*******д өгнө үү” гэв.

                       

          Хариуцагч Г.******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.********ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж болон тэтгэлгийн хэмжээний хувьд хуулийн дагуу тогтоосны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******** нь хариуцагч Г.********д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

 

Хавтаст хэрэгт, 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин*******ыг эцэг Г.********ээр овоглосон,******* дугаар  төрсний гэрчилгээ авагдсанаас үзвэл хүүхдийн эцгийг Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг, эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар захиргааны журмаар тогтоосон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр, эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Иймд талуудын харилцан тохиролцсоноор, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин*******ыг эх О.********ы асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.********ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Г.******** хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин******* /рд:*******/-ыг эх О.********ы асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг охин*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоож, эцэг Г.********ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.********, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.******** нарт тус тус даалгасугай. 

 

4.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ