| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/03928/И |
| Дугаар | 183/ШШ2021/02036 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2021/02036
| 2021 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2021/02036 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... дүүрэг, ....дүгээр хороо, .......... хотхон, ............. байр .......... тоот хаягт оршин суух С.Г/РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ......... дүүрэг, .......... дүгээр хороо, ......... хэсэг, соёмбо хотхон ... байр.. .тоот хаягт оршин суух Жовогтой Ч.Г /РД:У/-д холбогдох
Орон сууцны үнэ 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны ** дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.*****ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг ** дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцыг 2007 онд өөрийн найз одоогийн хариуцагч Ч.**д түр эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Ч.** нь миний орон сууцыг Б.**т худалдчихсан байна. Энэ талаар Б.** нэхэмжлэл гаргаж Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх 2020 оны 5 сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэлэ. Иймд Ч.**ас орон сууцны үнэ 25 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.***** нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгч байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн найз, одоогийн хариуцагч Б.** нь Сэлэнгэ аймагт Газар тариалангийн ажлаар ирэхэд байр нь сул байсан тул түр байлгасан. Б.** нь Сэлэнгэ аймгаас яваад Хариуцагч Б.** нь байрны эзэн С.*****оос зөвшөөрөл авалгүйгээр санаатайгаар худалдсан учир уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч Б.** нь Ц.** учирсан хохирол 25 000 000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1, 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Байрыг худалдаж авсан гэх Ц.** нь хаалгаа тайлахгүй байгаа учраас шинжээч хөрөнгийн үнэлгээ хийх боломжгүй болсон. Б.***** нь Ц.** болон түүний төлөөлөгч н.*** нартай огт уулзаж байгаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй. Б.***** нь С.**ас байрны үнэ гэж нэг ч төгрөг аваагүй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжисөн тул байрны үнийг зах зээлийн ханшаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Ч.**гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг ** дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцыг 2002 онд 1 000 000 төгрөгөөр үнэлж, Ч.** нь С.*****оос тухайн үед гурилын үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт нийт 17 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Энэ талаар дүгнэсэн хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Мөн 18 жилийн дараа нэхэмжлэл гаргаж шаардсан нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардсан гэж нэхэмжлэлээ гаргасан байхад өмгөөлөгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, С.*****ыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсээр байхад ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэснийг хэтрүүлсэн гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.***** хариуцагч Ч.**д холбогдуулан орон сууцны үнэ 25 000 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.***** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг ** дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцыг 2007 онд өөрийн найз одоогийн хариуцагч Ч.**д түр эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Ч.** нь миний орон сууцыг Б.**т худалдаж, надад мэдэгдэлгүй хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжисөн тул байрны үнийг зах зээлийн ханшаар гаргуулна. гэж тайлбар гаргажээ.
Хариуцагч тал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг ** дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцыг 2002 онд 1 000 000 төгрөгөөр үнэлж, Ч.** нь С.*****оос тухайн үед гурилын үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт нийт 17 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Энэ талаар дүгнэсэн хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Мөн 18 жилийн дараа нэхэмжлэл гаргаж шаардсан нь үндэслэлгүй. гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.***** нь иргэн Б.**т холбогдуулан 2015 оны 12 сарын 07-ны өдөр Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч Б.** нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ тухай бүртгэл хийлгэхийг бүртгэлийн байгууллагад даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1751 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11 тал/
Үүний дараа иргэн Б.** нь С.*****, Ч.** нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг ** дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг С.*****ын өмчлөлөөс Б.**ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан байх ба 2020 оны 05 сарын 14-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 228 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба уг тогтоол хүчинтөгөлдөр болсон байна./хх-ийн 5-13/
Дээрх тогтоолын үндэслэлд хариуцагчаар оролцсон Ч.**, С.***** нар Ч.** нь 2002 онд маргаж буй орон сууцыг С.*****оос худалдаж авсан гэж, М.***** нь орон сууцыг худалдаагүй, түр суулгаж байсан гэж мэтгэлцжээ. гэж, мөн хариуцагч С.***** нь орон сууцыг бусдад худалдаагүй, Ч.**д орон сууцыг түр эзэмшүүлж байсан гэх тайлбар, үндэслэлээ нотлоогүй гэж, харин Ч.**гын ...С.*****оос гурилын үйлдвэрийг худалдаж авахдаа орон сууцыг хамтад нь худалдаж авсан, тухайн үед болон орон сууцыг Б.**т худалдсны дараа бичиг баримтыг шилжүүлж өгөхийг шаардахад дүүд байгаа дараа шилжүүлье, ...олдохгүй байна, дүүгийн эхнэр нь салахдаа шатаасан гэнэ, хүлээж бай... гэж хэлж байсан гэх тайлбар хэрэгт цугларсан гэрч Д.****, Ч.****, В.****, С.**** нарын мэдүүлэг, орон сууцны гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр С.***** нь үл хөдлөх эд өмчлөх эрхийн гэрчилгээг дахин шинээр гаргуулж авсан үйл баримтаар тус тус нотлогдсон байна. гэж дүгнэжээ.
Түүнчлэн маргаан бүхий байрны өмчлөгчөөр Б.**ыг тогтоохдоо С.*****, Ч.** нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн, худалдагч С.***** нь уг орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч Ч.**д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. гэж дүгнэсэн байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд С.*****, Ч.** нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч С.***** нь гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, энэ талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарч байна.
Харин нэхэмжлэгч С.***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ ...Миний бие өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг ** дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцыг 2007 онд өөрийн найз одоогийн хариуцагч Ч.**д түр эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Ч.** нь миний орон сууцыг Б.**т худалдчихсан байна. гэсэн үндэслэлээр гаргасан нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай тохирохгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч С.***** нь харицагч Ч.**ас худалдах-худалдах авах гэрээний үүргийг гэрээ байгуулагдсан 2002 оноос хойш 18 жилийн хугацаанд яагаад шаардаагүй, түүнчлэн шаардаж байсан бол энэ талаарх эрхээ хэрэгжүүлснээ баримтаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч С.*****ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1,75.2.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*****ын хариуцагч Ч.**ас орон сууцны үнэ 25 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ