Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 183/2018/1842/и |
Дугаар | 2126 |
Огноо | 2018-10-12 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2126
О.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01842 дугаар шийдвэртэй, О.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2 удаа зээл авахдаа өөрийн эцгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэгт байрлах орон сууц болон өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 хороо, 31 байр, 14 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанд тавьсан. Гэр бүлийн санхүүгийн байдал доройтсоны улмаас зээлийг буцаан төлж чадахгүй, хугацаа хэтэрсэн ба банкны ажилтан 2016 оны 3 дугаар сард надад “Таны зээлийг хаах шаардлагатай байна, та өөрийн байрыг манай банкны нэр дээр шилжүүлж өгөөд дараа нь буцаагаад орон сууцны зээл болгоод авчих. Тэгэх юм бол аавын чинь байрыг чөлөөлж өгъе” гэсэн. Үүний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг банкинд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Хариуцагч надтай тохирсон ёсоор миний эцгийн байрыг чөлөөлж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 92825 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, буцааж надад байрыг минь шилжүүлж өгсөн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70 000 000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар, 15 жилийн хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн барьцаанд мөн л дээрх 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан ч гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад банкны ажилтан “Та урд өмнө байраа манайд шилжүүлж байсны дагуу дахиад шилжүүлчих, бид байрыг түр шилжүүлэн авч, одоо байгаа зээлийг чинь хаагаад, 20 жилийн хугацаатай, 8 хувийн зээл болгоод өгье, танд ашигтай, урт хугацаатай, бага хүүтэй, та буцаагаад байраа авчихна" гэсэн. Миний бие өмнө банктай дээрх байдлаар тохиролцож зээл авч байсан, банкны ажилтан хүү буурч, хугацаа урт болно гэсэн тул 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэтэл банк тохиролцооноосоо буцаж, байрыг зарсан тул суллаж өг гэж шаардсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2158 тоот гэрээг үнэн санаанаасаа буюу банкинд бүрмөсөн худалдах зорилгоор хийгээгүй ба буцааж авна гэж төөрөлдсөн, банк ч надад тэгж итгүүлсэн тул гэрээ байгуулсан. 2158 тоот гэрээ нь 79 900 000 төгрөгөөр хийгдсэн боловч хүлээлгэн өгөөгүй, тухайн мөнгөөр зээлийг хаасан гүйлгээг миний зөвшөөрлөөр хийгээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.2-д заасныг тус тус зөрчсөн. Иймд Атай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2158 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 4 хороо, 31 дүгээр байрны 14 тоот, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г нь “А” ХХК-тай харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2825 тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж, Ү-2204019891 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцаа 100 000 000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэлд дурьдсан шахаж шаардсан, хууран мэхэлсэн, хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу банк Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үнийг шилжүүлж, 109, 110 дугаар зүйлд зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авснаар өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон. О.Г нь уг маргаан бүхий байрны эзэмшил ашиглалтыг шилжүүлж өгөхгүй, гэрээний үүргээ зөрчиж удсан тул банк гэрээг үндэслэн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж О.Г нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 101/ШШ2018/00416 тоот захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийг удирдлага болгон гаргасан. Иймд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар О.Г нь уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан “А” ХХК болон О.Г нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 2158 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 31 дүгээр байр, 14 тоот, улсын бүртгэлийн Ү-2204019891 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч О.Гын өмчлөлд буцаан шилжүүлэхийг “А” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг зааснаар үнэлгээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Тухайлбал, шүүхийн шийдвэрт “...хариуцагч гэрээний дагуу орон сууцны төлбөрийг ямар хэлбэрээр шилжүүлснээ нотлохгүй байна” гэжээ. Хэрэгт худалдах, худалдан авах гэрээ авагдсан ба гэрээний 7 дугаар зүйлд “Нэмэлт нөхцөл: Төлбөр тооцоо дууссан” гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны гэрээний үнэ болох 79 900 000 төгрөгийг худалдан авагч болох банкны зүгээс гэрээ байгуулагдсан өдөр бүрэн төлж барагдуулсан бөгөөд үүнийг худалдагч О.Гын зүгээс бүрэн хүлээн зөвшөөрч, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл шүүх тухайн гэрээний заалт тус бүрийг шинжлэн судлахгүйгээр хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Худалдах, худалдан авах гэрээнд төлбөр төлөхтэй холбоотой зохицуулалт байхгүй бөгөөд харин төлбөр тооцоо дууссан тухай заасан байхад шүүх хариуцагч талыг хэрхэн төлбөр шилжүүлснээ нотлоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримтаас хэт зөрүүтэй байна.
Мөн шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг хууль зөрчсөн бол хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан ба худалдан авагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заасныг тус тус зөрчжээ” гэжээ. Худалдан авагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг төлөөгүй гэж бодоход Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн нөхцөлд орохгүй. Харин гэрээ цуцлах, гэрээг хүчингүй болгох нөхцөлд илүү хамаатай байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгтэй хамт хэрэглэсэн хууль хэрэглээний алдаа болсон. Нэхэмжлэгчийн зээлийг хаахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамааралгүй заалт юм. Хэрэв О.Г нь банкийг хууль зөрчиж төлбөр тооцоо гүйцэтгэсэн гэж үзвэл энэ тухайгаа тусдаа гомдол гаргаж шийдвэрлүүлэх болохоос энэ нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Шүүхийн шийдвэрт “Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь банкны зээл хариуцсан ажилтан зээлийн хүүг буулгаж, хугацааг уртасгаж өгнө гэсэнд итгэж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснээс банкинд худалдах зорилгоор хийгээгүй гэж тайлбарлаж байгааг ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлтэй...” гэжээ. Худалдах, худалдан авах гэрээний аль ч заалтад тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдагч буцаан худалдан авах талаар дурдаагүй. Энэ тухай хүсэл зоригийн илэрхийлэл ч байхгүй. Гэтэл шүүх ямар нотлох баримтыг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 2158 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өөрийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 31 дүгээр байрны 14 тоот орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Г нь 2014 онд хоёр удаа зээл авсан, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож хоёр орон сууц барьцаалсан, гэрээний төлбөрт нийт 68 999 999 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэг үүссэн байсан. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлдүүлэгч талын хүсэлтээр өөрийн өмчлөлийн буюу барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 31 дүгээр байрны 14 тоот, 70.84 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг тус банкны өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр /хх13/ зээлийн үлдэгдэл төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ТАБ/29 тоот шийдвэрээр хаасан нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга /хх6-10/ гэх баримт, талуудын тайлбараар тогтоогджээ.
Талууд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах” 2825 дугаартай гэрээгээр /хх11/ нэхэмжлэгч нь уг орон сууцыг 100 000 000 төгрөгөөр “А” ХХК-иас худалдан авах, төлбөр тооцоо дууссан талаар тохиролцож, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч О.Г бүртгэгдэж 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 000524444 дугаарын гэрчилгээ /хх29/ олгогдсон. Нэхэмжлэгч мөн өдрөө дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж хариуцагч “А” ХХК-иас 70 000 000 төгрөгийг 15 жилийн хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй зээл авахаар тохиролцож, зээлийн болон барьцааны гэрээ /хх14-25/ байгуулсан байна.
Дээрх зээлийн төлбөрт нэхэмжлэгч нийт 79 786 862 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талууд “Орон сууц худалдах, худалдан авах” 2158 дугаартай гэрээ /хх28/ байгуулж, үүгээр нэхэмжлэгч О.Г нь “А” ХХК-д барьцааны зүйл болох орон сууцыг 79 900 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, банк нь түүний төлбөр тооцоог 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хаасан талаар зээлийн дансны хуулга гэх баримтад /хх27/ тэмдэглэгдсэн байна.
Талууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин орон сууц худалдах, худалдан авах сүүлийн гэрээг нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн зүйлийг бодитойгоор худалдах хүсэл зориг байгаагүй, өмнөх тохиролцооны адил зээлийн хүү буурч, гэрээний хугацаа урт болно гэж төөрөгдсөн, зээлийг үүргийг хаах зөвшөөрөл өгөөгүй, орон сууцыг захиран зарцуулах эрх олгоогүй гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан бүхий харилцаанд хамаарах эрх зүйн үндэслэлийг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд барьцааны зүйл болох орон сууцыг бодитойгоор худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг баримт бичгийн хамт өмчлөлд нь шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүрэг үүсдэг.
Зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтыг харьцуулан үзвэл “А” ХХК нь худалдах худалдан авах гэрээнд заасан 79 900 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг худалдагч тал буюу О.Год шилжүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Хэрэв дээрх үнийг зээлийн гэрээний үүрэгт тооцсон гэж үзэж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар үүргийг хангуулахтай холбоотой харилцаанд хамаарах хууль зөрчсөнд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, талууд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, улмаар тухайн эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулахыг үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд энэ нь шүүхийн бус журам юм. Харин үүрэг гүйцэтгүүлэгч хүссэн тохиолдолд барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан худалдах бөгөөд үүнийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар зохицуулах учиртай. Хэргийн үйл баримтаар хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүх талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т, түүний эрх зүйн үр дагаварыг шийдвэрлэж, гэрээний зүйл буюу орон сууцыг худалдагчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг худалдан авагч “А” ХХК-д даалгасан нь хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцэж байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг тухайлан баримтлаагүй байх боловч энэ нь уг шийдвэрийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй.
Түүнлэн хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/00416 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй тул нэхэмжлэгч ийнхүү шаардлага гаргах эрхтэй бөгөөд үүгээр хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар няцаагдаж байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Т.ТУЯА