Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1058

 

 

 

 

 

 

      2020           8             20                                       2020/ДШМ/1058

 

 

                                             Э.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Буяндэлгэрийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Гт холбогдох эрүүгийн 2004000000061 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Э.Г, 1983 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 5 дугаар гудамжны 8 тоот оршин суух бүртгэлтэй боловч, одоо Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 32 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НЧ83041021/;

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ю.Ганбатын гээгдүүлсэн “Самсунг А10 Эс” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянга /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Э.Гт мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Буяндэлгэр бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж заасныг зөрчсөн өөрөөр хэлбэл Э.Гт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг “Шийтгэвэр”-ээр гаргасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж хуульчлан тогтоосон. Иймд Э.Гт холбогдох эрүүгийн 2004000000061 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай “Шийтгэвэр”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн заалтыг зөрчиж гарсан байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтэцийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 4 дэх хэсэгт “шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 5 дахь заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс гарах шийдвэр нь шийтгэвэр хэлбэртэй байна” гэж  тодорхой заажээ.

 

Гэтэл Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Гт холбогдох хэргийг шийдвэрлэж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан атлаа 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр /хх 104/ улсын яллагчид Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай “шийтгэвэр”-ийг гардуулсан байна.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийтгэх тогтоол гаргасан байх боловч тухайн тогтоолоо улсын яллагчид гардуулахдаа “шийтгэвэр” гэсэн хэлбэртэйгээр гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар   шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

Иймээс Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай шийтгэвэрийг тус тус хүчингүй болгож, прокурор Б.Буяндэлгэрийн эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг, шийтгэврийг хүчингүй болгож, Э.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН

 

   ШҮҮГЧ                                                    Д.МЯГМАРЖАВ

 

                             ШҮҮГЧ                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ