| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0905/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/919 |
| Огноо | 2024-08-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Д.Агар /томилолтоор/,
хохирогч А.Ж-ын өмгөөлөгч М.Одбаяр,
шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403002990446 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д-ийн Ө, Монгол Улсын иргэн, 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт, *** гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ***.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс 83 дахь талд авагдсан болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг;
Хохирогчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан болон шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Сод-Монгол ШТС-н урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд тоёото приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, /4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”/, 12.3 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас тус замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд зам хөдлөн гарч байсан явган зорчигч А.Ж-ыг мөргөж биед нь “зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн зөрүүтэй олон тооны хэлтэрхий үүсгэсэн ил хугарал, баруун дунд чөмөгний дунд 1/3-ийн ташуу зөрүүтэй далд хугарал, баруун алга, тохой, ташаанд зулгаралт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-14 дэх тал),
- Хохирогч А.Ж-ын “...Би тэр өдрийн орой 22-23 цагийн орчимд циркийн хажууд Е-ы хамт байхдаа би 3 ширхэг 0,5 граммын лаазтай пиво уусан. Е хүний машин хүргэж өгөхөөр болоод хамтдаа таван шарын цаана Сод Монголын колонкийн хажууд машиныг нь хүргэж өгсөн. Тэгээд Е-ы хамт гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, *** тоотод очихоор такси барих гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагш зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. ...Е түрүүлээд замын цаана гарчихсан байсан. Би араас нь гарсан. Намайг зам гарах гэж байхад машин харагдаагүй тул зам хөндлөн гүйгээд гарах гэж байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байсан машин хурдтай ирээд мөргөсөн. Явган хүний гарц байгаа үгүйг хараагүй. ...Би зорчих хэсгийн хэддүгээр эгнээнд мөргүүлсэн эсэхээ мэдэхгүй байна. Намайг мөргүүлэхэд эд зүйл алга болж эвдрээгүй. Харин өмсөж явсан өмд, цамц урагдсан. Би гэмтлийн эмнэлэгт 12 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Одоо хэвтэрт байгаа. Цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дэх тал),
- Гэрч Б.Б-ын “...Би тэр өдрийн орой буюу 2024 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хорооллын модны 2-оос найз Ө-ын машин болох *** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн саарал өнгийн машинтай нь найз Д бид гурав хамт гараад таван шарын дараагийн буудал, Залуус хотхонд найз Д-г буулгасан. Ө бид хоёр баруунаас зүүн тийш явж байгаад Сод Монголын шатахуун түгээх станцын урд замд хүн мөргөчихсөн. Бид хоёрын явж байсан чиглэлд замын гэрэлтүүлэг муу байсан. Эсрэг урсгалын машинуудын гэрэл өөдөөс гялбаж байсан. Замын түгжрэл байгаагүй. Би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Ө-ын яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг анзаараагүй. Би тухайн үед гар утсаа оролдоод сууж байсан. Бид 2 хамгаалах бүс зүүсэн байсан. Тухайн зам 3 эгнээ байсан ба бид хоёр голын эгнээ буюу 2-р эгнээгээр явж байсан. Явган хүн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа буюу Сод Монгол ШТС талаасаа гарч ирсэн. Би утсаа оролдож байгаад зам руу харсан чинь миний зүүн талаас явган хүн гэнэт гараад ирэхээр нь Ө-т хандаж хүн гэж хэлэхэд Ө тоормос гишгээд зүүн гар тал руугаа дарсан. Тэгээд нөгөө хүнийг машиныхаа баруун урд талаараа мөргөсөн. Бид хоёр нэлээн хол яваад зогссон. Тухайн үедээ хэн хэн нь нэлээн балмагдсан байсан. Мөргүүлсэн хүн явган хүний зам дээр хэвтэж байсан. Хажууд нь хамт явж байсан гэмээр нэг эрэгтэй хүн зогсож байсан. Машин явж байхад гэрэл нь ойр дээрээ байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6363 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт 1. А.Ж-ын биед зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн зөрүүтэй олон тооны хэлтэрхий үүсгэсэн ил хугарал, баруун дунд чөмөгний дунд 1/3-ийн ташуу зөрүүтэй далд хугарал, баруун алга, тохой, ташаанд зулгаралт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн (хавтаст хэргийн 30-33 дахь тал) ,
- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“...Асуулт 1: Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх? Хариулт 1: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Тээврийн хэрэгслийн урд салхины шил баруун хэсэгтээ цацарч хагарсан, урд буфер хагарч цоорсон, урд салхины шилний баруун дээд бүхээгийн хэсэг хонхойсон, баруун урд крыло хонхойсон, баруун талын арыг харах толь хагарч байхгүй болсон, дуут дохио ажиллахгүй, бүртгэлийн дугаарын зүүн гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
...Асуулт 4: Эвдрэл гэмтэл нь шинэ хуучин аль болох? Хариулт 4: Урд салхины шил баруун хэсэгтээ цацарч хагарсан, урд буфер хагарч цоорсон, урд салхины шилний баруун дээд бүхээгний хэсэг хонхойсон, баруун урд крыло хонхойсон, баруун талын арыг харах толь хагарч байхгүй болсон зэрэг шинэ гэмтэл байна. Харин тээврийн хэрэгслийн зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, дуут дохио ажиллахгүй, бүртгэлийн дугаарын зүүн гэрлийн чийдэн асахгүй зэрэг нь хуучин эвдрэл, гэмтэл байх боломжтой...” гэсэн (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
- 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 875 дугаартай Мөрдөгчийн магадалгаад “...Магадалгаа: ...Toyota Prius 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. “...Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон. Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
...3. Явган зорчигч А-ын Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав.Явган зорчигчийн үүрэг 5.6. Явган зорчигч нь явган хүний буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна...” гэсэн (хавтаст хэргийн 51 дэх тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6363 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Ж-ын биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Сод-Монгол ШТС-н урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд тоёото приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, /4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”/, 12.3 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас тус замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд зам хөдлөн гарч байсан явган зорчигч А.Ж-ыг мөргөж биед нь “зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн зөрүүтэй олон тооны хэлтэрхий үүсгэсэн ил хугарал, баруун дунд чөмөгний дунд 1/3-ийн ташуу зөрүүтэй далд хугарал, баруун алга, тохой, ташаанд зулгаралт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ө-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болно.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч А.Ж-ын биед хүнд хохирол учирсан ба иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.
а. Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон бусад зардал:
Хавтаст хэргийн 57-66 дахь нийт 1,520,036 төгрөгийн баримт авагдсан ба талууд энэ талаар маргаагүй болно.
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтуудыг нэг бүрчлэн хянаж үзвэл 905,300; 447,000; 30,000; 96,000; 68,124; 18,900; 96,000; 6,000; 19,200; 7,700; 4,500; 24,600; 8,600; 13,250; 97,900 төгрөгийн буюу 1,843,344 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай эм, эмчилгээ, тээврийн зардлын зэрэг баримтууд байна. Харин үлдэх баримтууд нь хоол, ус, ундаа, чихэр жимс, тоглоом зэрэг хэрэгт хамааралгүй баримтууд авагдсан байна.
Хэрэгт авагдсан 1,520,036 төгрөгийн баримт дээр шинээр гаргаж өгсөн 1,843,344 төгрөгийн баримтыг нэмж үзэхэд нийт 3,363,380 төгрөг болж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эмчилгээний болон бусад зардалд нийт 3,365,000 төгрөгийг төлсөн баримт болон ГССҮТ-д хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн зардалд 600,000 төгрөг төлсөн баримтыг тус тус гаргаж өгсөн.
Үүнээс дүгнэвэл шүүгдэгч Д.Ө нь хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ болон бусад зардлыг төлж барагдуулсан байна.
б. Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд:
Улсын яллагчаас хохирогч А.Ж-ын сэтгэцэд учирсан хор уршгийг 4 дүгээр зэрэглэлээр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,840,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналыг гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч А.Ж-ын сэтгэцэд учирсан хор уршгийг 5 дугаар зэрэглэлээр тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 33,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтийг гаргасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь тавдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогч А.Ж нь тухайн жишиг зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэсэн.
Сэтгэцэд учирсан гэм хорын тавдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-аас 149.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогдсон.
Шүүхээс хохирогч А.Ж-д учирсан гэмтлийн байдал /хоёр хөл хугарсан, цаашид дахин хагалгаанд орох шаардлагатай/, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал /хохирогч А.Ж, шүүгдэгч Д.Ө нарын хэн аль замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн/, хохирогч А.Ж нь 39 настай, шүүгдэгч Д.Ө нь 20 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг тал бүрээс харгалзан үзэж хохирогч А.Ж-ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 30,360,000 төгрөгөөр тогтоов.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6 дахь заалтад “...шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл”-ыг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ...” гэж заасныг баримтлан хохирогч А.Ж-ын сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар тавдугаар зэрэглэлээр тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
в. Бусад хохирлын тухайд:
Хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч А.Ж нь 2024 оны 5, 6, 7 сарын цалингаа бүтэн авсан. Гэвч 2024 оны 08 сараас эхлэн цалингаа авах боломжгүй байдал үүсч байгаа тул сүүлийн 6 сарын цалингийн дундаж болох 2,037,553 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс...” гэж заасан ба хэрэгт хохирогч А.Ж-ын хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны улмаас хэдэн төгрөгийн тэтгэмж авсан талаарх баримт байхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх боломжгүй байна.
Иймд хохирогч А.Ж нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин хохирогчийн өмгөөллийн зардал 1,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын хавсралт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх тухай” журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр.” гэж заасан зардалд хохирогчийн өмгөөлөгчид төлөх 1,000,000 төгрөгийн зардал хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Ө нь А.Ж-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,844,960 төгрөгийг төлсөн талаар баримтыг гаргаж өгсөн тул тэрээр иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ө-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. ...Өмгөөлөгчийн зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой...” гэв.
.Хохирогчийн өмгөөлөгч “...Хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирч хоёр хөл нь хугарч, хэвтрийн байдалтай байгаа. Шүүгдэгчид хэдийгээр залуу хүүхэд боловч хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хохирол төлбөр төлөгдөхөд асуудал үүсэх тул хохирол төлбөр төлөх талаар үүрэг хүлээлгэхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Д.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүх хуралдааны өмнө өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн хохирогчид сэтгэл санааны хохирол тооцож өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй болно. Иймд шүүгдэгч Д.Ө-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), байнга оршин суугаа хаягийн бүртгэл (хавтаст хэргийн 87 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ө-ын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүнд хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Д.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүхэд шинээр гаргаж өгсөн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолтод “...Д.Ө нь ...Булган сумаас Ховд аймаг хооронд мал мах зөөвөрлөдөг нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ыг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 зааснаар шүүгдэгч Д.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ө нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ө-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ө-т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 тус тус зааснаар шүүгдэгч Д.Ө-аас 30,360,000 төгрөг гаргуулж, хохирогч А.Ж-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ө нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ж нь цаашид гаргах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР