| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/00907/И |
| Дугаар | 183/ШШ2021/01939 |
| Огноо | 2021-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2021/01939
2021 оны 09 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/01939 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х холбогдох,
********** дугаар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, түүний өмгөөлөгч /ШТЭҮД-0/, хариуцагч Б.*******, гэрч, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, *** байрны ***тоот хаягт оршин суух, Бүрэн овогт *******н ******* /рд:ТА*******/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би танил Б.*******тай уулзаж үүрэн холбооны ******** ХХК дахь өөрийн эзэмшлийн ********** дугаарыг барьцаалан 10 000 000 төгрөгийг зээлэхээр, барьцааны зүйл болох ********** дугаарыг хариуцагчийн нэр дээр шилжүүлж, миний бие тус дугаараа ашиглах бөгөөд 10 000 000 төгрөгийг төлмөгц дугаар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр амаар тохиролцож, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дээрх дугаарыг хариуцагч Б.*******ы компани болох ***** ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Барьцааны зүйлийг хариуцагчид шилжүүлснээс хойш ********** дугаарыг би ашиглаж байсан учир сар бүрийн төлбөрийг ******** ХХК-д төлж байсан. Аман гэрээгээр тохиролцсоны дагуу зээлсэн 10 000 000 төгрөгийг хариуцагчид төлж, өр төлбөрийн үлдэгдэлгүй болоод өөрийн эзэмшлийн дугаарыг буцаан авахаар шаардахад намайг 20 000 000 төгрөг өгөөд дугаараа ав гэсэн шаардлага тавьсан. Нэгэнт төлбөрөө төлсөн учраас уг шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн боловч тус дугаарын сим картыг хааж, хариуцагч Б.******* өөрөө ашиглах болсон. Энэхүү дугаар нь үүрэн холбооны ******** ХХК-ийн өмч боловч эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээ нь 70 000 000 төгрөгөөс 80 000 000 төгрөг байдаг. Хариуцагч Б.******* өнөөдрийг хүртэл ********** дугаарыг миний эзэмшилд буцаан шилжүүлэлгүй намайг хохироосоор байна. Зээл авсан маань 2012, 2013 оны асуудал тул би анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дугаараа хэнд, хэрхэн шилжүүлснээ санахгүй байсан бөгөөд Мобиком ХХК-ийн теллерээс дугаар шилжүүлсэн тухай лавлагааг асуутал ***** ХХК-аас Б.******* гэдэг хүн рүү шилжсэн байна гэсэн. Харин дэлгэрэнгүй лавлагаа Мобиком ХХК-аас ирсний дараа хартал би дугаараа хоёр, гурван газар барьцаанд дамжуулж барьцаалсан, ***** ХХК-аас ********* ХХК руу шилжүүлээд, ********* ХХК-аас Н.******* руу, Н.*******гаас Б.******* руу гээд дамжуулж шилжүүлсэн байсан. Энэ талаараа сайн санахгүй байсан учраас нэхэмжлэлдээ алдаатай бичсэн. Би 2012 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Н.*******гаас 10 000 000 төгрөг зээлж дугаараа барьцаалж, энэ зээлээ хаахын тулд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.*******аас 10 000 000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэй зээлж, дугаараа Б.*******ы нэр дээр шилжүүлсэн. Сар бүр зээлийн төлөлтөд 600 000 төгрөг төлж байсан, дунд нь нэг, хоёр сар тасалдаж байсан ч 2015 оны дуустал мөнгө төлсөн, ерөнхийдөө би зээлсэн мөнгөө төлж дуусгасан гэж үзэж байгаа. Ингээд төлбөр төлөгдсөн гэж үзээд дугаараа буцааж авъя гэтэл Б.******* намайг 20 000 000 төгрөг өгөөд аваарай гэсэн, би 20 000 000 төгрөг өгч чадаагүй учир 2016 оны 7 дугаар сард дугаарыг хаалгасан. Энэ хугацааг хүртэл би дугаараа өөрөө ашиглаж байсан. Би 20 000 000 төгрөгийг өгөхөөр мөнгөтэй болох гээд харж байгаад хугацаа алдсан, мөн хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул шүүхэд хандаж чадалгүй өдийг хүрсэн. Б.******* тус дугаарыг надаас биш Н.*******гаас шилжүүлж авсан учир А.******* гэдэг хүнээс энэ дугаарыг аваагүй гэж тайлбарлаж байна. Хэрвээ Б.******* тэр дугаарыг Н.*******гаас худалдаж авсан юм бол яагаад би 2-3 жил дугаараа бариад, зээлийн хүү төлж байсан юм бэ. Б.******* надад хэзээ ч барьцаагүйгээр мөнгө зээлэх хүн биш, учир нь намайг танихгүй. Харин тэр н.Отгончимэг гэдэг хүн нь Б.*******ы захирал байсан, одоо талийгаач болсон, бид найзууд, хамтарч ажилладаг байсан нь үнэн. Би тухайн үед бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг байсан, н.Отгончимэг манай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Тэгээд эргэлтийн мөнгө хэрэгтэй болох үед дугаараа барьцаалдаг байсан. Тэгээд н.Отгончимэг миний таньдаг мөнгө зээлдэг хүн байдаг, би ч гэсэн мөнгө зээлдэг гэж Б.*******ыг танилцуулаад мөнгө зээлээд дугаараа шилжүүлж байсан. Түүнээс биш надад ямар нэгэн барьцаагүйгээр мөнгө өгөөгүй. Тэгвэл мөнгө зээлээд мөнгөө буцааж авч чадаагүй байсан юм бол яагаад шүүхэд нэхэмжлэл гаргалгүйгээр өнөөдрийг хүртэл явж байдаг билээ. Тиймээс хариуцагчийн тайлбар бодит байдалтай нийцэхгүй байна, А.*******ээс төлбөрөө авчихсан байж нэмээд мөнгө нэхээд энэ хүний дугаарыг өгөхгүй, анхны хэлэлцэж тохирсон гэрээний үүргээ биелүүлэхгүй яваад байгаа гэдэг нь харагдаж байна. Иймд би Б.*******д тодорхой хэмжээгээр мөнгө төлсөөр зээлсэн 10 000 000 төгрөгөө бүрэн төлж дуусгасан тул тус ********** дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү”
Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...А.******* нь 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ********** дугаарыг ***** ХХК-д шилжүүлсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн бөгөөд уг компанийн талаар би огт мэдэхгүй. Мөн А.******* нь миний хамт ажилладаг байсан н.Отгончимэг гэдэг хүнтэй найзууд байсан бөгөөд уг хүнээр дамжуулан надаас 2013 оны 12 дугаар сард 15 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлөөгүй бөгөөд 2 удаа цагдаад энэ талаар өргөдөл өгч байсан. Тухайн дугаарыг би 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.******* гэдэг хүнээс тусад нь 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Зээлийн гэрээ үүссэн байгаа нь тэр дугаартай холбоогүй, тусдаа асуудал. Надад А.******* сар бүр 600 000 төгрөг өгч байсан нь үнэн. Гэхдээ тэр мөнгийг надад 4 бил үү 5 удаа л өгсөн санагдаж байна. А.******* нь надад уг дугаарыг өөр хүнд алдах гээд байна, чи түр авч бай, бид хятадуудтай хамтарч бизнес хийх гэж байгаа, өөр олон ч ажлууд хийх гэж байгаа, тэр ажлыг бүтэх хүртэл дугаарыг түр худалдаж аваад өөрийн нэр дээр байлгаж байгаач, ажил бүтээд мөнгөтэй болчихвол чамаас буцаагаад авчихъя гэж гуйж байсан учраас дугаарыг худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд А.******* энэ дугаараар би хятадуудтай бизнес хийх гээд харьчихсан байгаа, хөрөнгө оруулалт, замын тендерт оролцож байгаа гэх мэт яриад дугаараа өөрөө барьж байсан. Би дараа нь зээлсэн 15 000 000 төгрөгөө аваад, дугаараа хаалгаад өөрөө эзэмшилдээ шилжүүлнэ гэж бодож байсан. Надад А.*******т 15 000 000 төгрөг өгсөн баримт байхгүй, харилцан тохиролцоод явсан. Энэ 15 000 000 төгрөг бол тусдаа асуудал. Би сайн ойлгохгүй л байна. Би энэ Б.******* гэдэг хүнийг угаасаа танихгүй учраас бид ямар нэгэн хэлцэл хийгээгүй, тэр дугаар Б.*******гийн нэр дээр байсан учраас л би энэ хүнээс авсан гэж хэлээд байгаа юм. А.******* энэ дугаарыг зарах гэж байгаа гэж хэлээд намайг дагуулж очоод би мөнгийг нь өгөөд дугаарыг шилжүүлж авсан. Буцаан төлсөн гэх мөнгөний тухайд, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А.*******ээс 2 352 000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь нэхэмжлэгч А.******* биш. Мобиком ХХК-д ажилладаг мөн ******* гэдэг нэртэй миний нэг танил маань над руу мөн мөнгө шилжүүлж байсан. Адилхан нэртэй болохоор түүнтэй андуурч хольж солих магадлалтай байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэв.
Гэрч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “2012 оны зун надаас А.*******ээр дамжуулан 12 сая төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж, мөнгийг тэр дугаарын нэр дээрх компанид шилжүүлэн өгч, дугаарыг зээлийн барьцааны баталгаа болгон тухайн компани нь албан бичгээр Мобиком ХХК-д хандан миний нэр дээр шилжүүлэн өгч байсан. Дугаарыг А.******* өөрөө барьж байсан. Тэгээд энэ дугаар миний нэр дээр жил гаруй болсон, сар бүр хүү төлөгдөөд явж байсан боловч надад мөнгөний хэрэг гараад би зээлсэн мөнгөө нэхтэл 2013 оны өвөл байсан байхаа, 2 залуу ирээд Улаанбаатар зочид буудлын хажуу талын Мобиком ХХК-ын салбар дээр очиж дугаарын нэрийг шилжүүлсэн. Н.******* гэж хүн бэлнээр 10 000 000 төгрөгийг надад бэлнээр өгч би дугаар шилжүүлэх гарын үсгээ зурчхаад л яваад өгсөн. Би 10 000 000 төгрөг зээлсэн байсан бөгөөд зээлийн хүүгээ сар бүрд нь авч байсан бөгөөд зээлсэн мөнгөө л буцааж авах зорилготой байсан. Харин би тэр өдөр Б.******* гэдэг хүнээс ямар нэгэн мөнгө аваагүй, зөвхөн гарын үсэг зурсан, би мөнгөө буцааж авч байгаа учир барьцаагаа өөр хүнд шилжүүлж байна л гэж ойлгосон. Түүнээс биш би Б.*******тай тохиролцож дугаар худалдсан, бидний хооронд ямар нэгэн наймаа хийгдсэн зүйл байгаагүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан ********** дугаар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ”...би ********** дугаарыг эзэмших эрхээ Б.*******тай байгуулсан зээлийн барьцаанд түүний нэр дээр шилжүүлсэн, зээлийн төлбөрийг төлж дуусгаснаар барьцааны гэрээ дуусгавар болсон тул буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж тайлбарласан,
хариуцагч “...А.******* нь ...надаас 2013 оны 12 дугаар сард 15 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Харин тухайн дугаарыг би 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.******* гэдэг хүнээс 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Зээлийн гэрээ үүссэн байгаа нь тэр дугаартай холбоогүй, тусдаа асуудал. Надад А.******* 4-5 удаа сард 600 000 төгрөг өгсөн нь үнэн. А.******* нь надад “...дугаараа өөр хүнд алдах гээд байна, чи түр авч бай, бид хятадуудтай хамтарч бизнес хийх гэж байгаа, өөр олон ч ажлууд хийх гэж байгаа, тэр ажлыг бүтэх хүртэл дугаарыг түр худалдаж аваад өөрийн нэр дээр байлгаж байгаач, ажил бүтээд мөнгөтэй болчихвол чамаас буцаагаад авчихъя гэж гуйсан учир худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн, А.******* өөрөө гуйгаад дугаараа барьж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, “Цахилгаан холбооны дугаар олгох журам”-ын 1.3.2-т “дугаар эзэмшигч гэж Монгол улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаанд ашиглахаар Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулсан хуулийн этгээд”-ийг дугаар эзэмшигч гэж тодорхойлсон байх бөгөөд дээрх зохицуулалтын дагуу ********** дугаарын эзэмшигч нь ******** ХХК байх боловч А.******* гэрээний үндсэн дээр 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс тус дугаарыг эзэмшиж эхэлсэн байх тул дээрх эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь уг эрхийнхээ хүрээнд ********** дугаарын эзэмших эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор, барьцаа хэлбэрээр 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ***** ХХК-д, 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ********* ХХК-д, 2012 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Н.******* нарт шилжүүлсэн, дээрх хугацаанд тус дугаарыг өөрөө ашиглаж байсан үйл баримт тогтоогддог.
Улмаар А.******* нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Н.*******д төлөх зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг Б.*******аас зээлж, мөн өдрөө Н.*******д хүлээлгэн өгч, Н.******* нь А.*******ийн зөвшөөрлөөр түүний ********** дугаарын эзэмших эрхийг Б.*******д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ******** ХХК-аас ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4/2876 тоот албан бичгийн хавсралтаар тус тус тогтоогдох тул хариуцагчийн “...уг дугаарыг Н.*******гаас худалдаж авсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч А.******* нь “...хариуцагч Б.*******аас 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан, сар бүр зээлийн хүүд 600 000 төгрөг төлж байсан” гэж тайлбарласан, нэхэмжлэгчийн тус тайлбар гэрч Н.*******гийн мэдүүлгээр нотлогдсон, харин хариуцагч Б.******* “...А.*******т 15 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн, 4-5 удаагийн зээлийн хүүгийн төлөлт хийсэн” гэж тайлбар гаргасан, үүнийгээ нотлоогүй.
Дээрх тайлбар, баримтаар шүүх, хариуцагч Б.******* 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаагүйгээр А.*******т зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг амаар байгуулсан, мөн бичгээр байгуулаагүй боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийг тохирч үүрэн телефоны дараа төлбөрт үйлчилгээний гэрээг Н.*******гаас Б.*******д шилжүүлснээр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна гэж дүгнэв.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаар зээлдэгч буюу А.*******т зээлийн мөнгөн хөрөнгийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг үүссэн бол зээлдүүлэгч Б.******* зээлийн гэрээний үүрэг дуусгавар болмогц Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ...барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно, 160.3-т ...барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар ********** дугаарыг эзэмших эрхийг А.*******т буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 600 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 600 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 600 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 600 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 600 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 600 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 600 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн гүйлгээний өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 500 000 төгрөг нийт 5 900 000 төгрөгийг төлөлт хийж байснаас үзвэл нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар төлбөр гүйцэтгэсэн, хүү тооцох талаарх хэлцэл энэ хугацааг хүртэл бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ийнхүү 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй тул энэ өдрөөс Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрх Б.*******д, хариуцагч Б.******* 2016 оны 7 дугаар сард маргаан бүхий ********** дугаарыг ашиглах эрхийг өөртөө шилжүүлж авсан тул тус дугаарыг буцаан шилжүүлэхийг шаардах эрх мөн хугацаанаас А.*******т тус тус үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч Б.*******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг дүгнүүлж, зээлийн барьцаа хэлбэрээр шилжүүлсэн өөрийн ********** дугаарыг эзэмших эрх зөрчигдсөн талаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан шаардлага гаргах эрхтэй боловч түүний энэхүү эрхээ хэрэгжүүлэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар 2019 оны 7 дугаар сард, хариуцагч Б.*******ы зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус тус дууссан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******аас барьцааны гэрээний үүргийг шаардах эрхтэй боловч талуудын хэн алины шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Маргаан бүхий ********** дугаарын эзэмших шүүхэд нэхэмжлэл гаргах үе буюу 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хариуцагч Б.*******ы эзэмшилд байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн хамаарал бүхий этгээд болох Түдэвринчингийн Дулмаагийн эзэмшилд шилжсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан ********** дугаар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.*******д даалгах тухай нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ