| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2019/03272/И |
| Дугаар | 001/ХТ2025/00040 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2025/00040
“АҮ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/04152 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/02195 дугаар магадлалтай,
“АҮ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Т.Э, Б.Х нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.У
Зээлийн гэрээний үүрэгт 132,178,098 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,
2019.04.10-ны өдрийн “ АҮ” ХЗХ болон Т.Э нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ, Б.Х-с Т.Э-д олгосон итгэмжлэлийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.У-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Э.У, түүний өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“АҮ” ХЗХ нь Т.Э, Б.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 132,178,098 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийг, Э.У нь 2019.04.10-ны өдрийн “ АҮ” ХЗХ болон Т.Э нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ, Б.Х-с Т.Э-д олгосон итгэмжлэлийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлага тус тус гаргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/04152 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******0 дугаартай, *** дүүрэг ** хороо ** байр ** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, гурван өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Э-с зээлийн гэрээний үүрэгт 132,168,098 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “АҮ” ХЗХ-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасныг баримтлан 2019.04.10-ны өдөр Б.Х-с Т.Э-д олгосон итгэмжлэл, 2019.04.10-ны өдрийн №1904/09 дугаартай “АҮ” ХЗХ болон Т.Э нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 265,150 төгрөг, хариуцагч Б.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 265,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “АҮ” ХЗХ-нд олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,350 /70,200+70,200+407,950/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 274,175 төгрөг, хариуцагч Б.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 274,175 төгрөгийг тус тус гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.У-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/02195 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/04152 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Э-с зээлийн гэрээний үүрэгт 132,178,098 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АҮ” ХЗХ-д олгосугай гэж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Э нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд *** дүүрэг ** хороо ** байр ** тоот хаягт байрлах Ү-*******0 тоот улсын бүртгэлийн дугаартай *** м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н газарт даалгасугай” гэж,
2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, уг заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т тус тус заасан үндэслэлгүй тул Э.У-н гаргасан 2019.04.10-ны өдөр “АҮ” ХЗХ, Т.Э нарын байгуулсан барьцааны гэрээ, 2019.04.10-ны өдөр Б.Х-с Т.Э-д олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,111,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 818,790 төгрөг, хариуцагч Б.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “АҮ” ХЗХ-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж,
4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т зааснаар гомдол гаргаж байна.
4.1.Давж заалдах шатны шүүх зөвхөн барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийсэн ба итгэмжлэл хүчин төгөлдөр эсэхийг дүгнээгүй нь алдаа болсон. Бие даасан шаардлагын үндэслэл бол “гэмт хэрэг үйлдэж буюу хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба итгэмжлэлийг олгосон”. Тиймээс уг үндэслэлээр итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлж, түүний үндсэн дээр шууд хамааралтайгаар хийгдсэн барьцааны гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус гэж тус тусдаа үндэслэл зааж тодорхойлсон. Анхан шатны шүүх үндэслэл тус бүрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх “Нэг нь нөгөөгөөсөө шууд хамааралтай” 2 үндэслэлийн эхний үндэслэл болсон шаардлагад дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл бие даасан шаардлагаас “Итгэмжлэл хүчин төгөлдөр бус” гэх үндэслэл, шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан. ... түүнчлэн давж заалдах шатны шүүх дээрх 2 агуулгыг хольж тайлбарлаж, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан шаардлагын үндэслэлд байхгүй үндэслэлээр, төөрөгдсөн байдлаар дүгнэлт хийсэн. Хэрэгт цугларсан ямар нотлох баримтыг үндэслэсэн гэдгийг дурдаагүй.
4.2.Магадлалын үндэслэлд дурдсан Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан хуулийн зохицуулалтууд нь бүхэлдээ гэмт хэрэг үйлдэж хийгдсэн харилцаанд бус иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх онцлогтой зохицуулалтууд байна. Энэ нөхцөл байдлыг ялгаж зөв жишиг тогтоож өгнө үү. Учир нь, дээрх нөхцөл байдалд иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх зарчмаар бүхэлд нь хуулийг тайлбарлан хэрэглэх тохиолдолд гэмт хэргийн хохирогч шүүхээр хохирсон эрхээ хамгаалуулж чадахгүй ноцтой үр дагаварт хүрч, шүүхийн шийдвэрээр нэмж хохирох асуудал үүснэ.
Тухайлбал, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан “буруу ташаа” гэх ойлголтоор иргэний эрх зүйн хүрээнд тодорхойлогдсон агуулга байгаа болохоос биш “гэмт хэрэг үйлдэгдсэн” нөхцөл байдал, агуулгыг тодорхойлоогүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ агуулгыг хэтрүүлэн тайлбарлаж байгаа нь гэмт хэргийн үйлдэл, үр дагаврыг үндэслэлгүйгээр зөвтгөж хамгаалсан хуульд нийцэх үр дагаврыг үүсгэж байна. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон байхад энэ зохицуулалтыг хүчээр холбож тайлбарласан. Уг зохицуулалт нь маргаан бүхий тохиолдолд хэрэглэгдэх нөхцөл биш юм. Түүнчлэн “АҮ” ХЗХ нь зээлийг Т.Э хэрэглээгүй, Б.Х авч байгааг мэдэж байсан болох нь эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.У-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.06-ны өдрийн 001/ШХТ2025/00148 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй.
7.Нэхэмжлэгч “АҮ” ХЗХ нь хариуцагч Т.Э, Б.Х нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэтэрсэн хугацааны зээлийн хүүг нэмэгдүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагаа 70,698,082 төгрөгөөр ихэсгэж, үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 68,481,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,696,350 төгрөг нийт 132,178,098 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.У нь “АҮ” ХЗХ болон Т.Э нарын байгуулсан 2019.04.10-ны өдрийн барьцааны гэрээ, 2019.04.10-ны өдөр Б.Х-с Т.Э-д олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч Т.Э нэхэмжлэлийг маргаагүй бол хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн хувийг 2023.08.25-ны өдөр гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй байна.
8.Анхан шатны шүүх хариуцагч Т.Э-с зээлийн гэрээний үүрэгт 132,168,098 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АҮ” ХЗХ-д олгож, харин барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Б.Х-с Т.Э-д олгосон итгэмжлэл, 2019.04.10-ны өдрийн “АҮ” ХЗХ болон Т.Э нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх зээлийн үүргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж, харин барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн, барьцааны зүйлээс үүргийг хангуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...Б.Х нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн тул нэхэмжлэгч “АҮ” ХЗХ нь түүнийг өмчлөгч гэж үзсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг зөрчөөгүй, “АҮ” ХЗХ нь Б.Х-г иргэн Э.У-г хуурч мэхлэх замаар тухайн орон сууцны өмчлөгч болсон гэдгийг мэдэж байсан, аль эсхүл мэдэх ёстой байсан буюу шударгаар хандаагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул барьцаалагчийг бүртгэлийн үнэн зөв байдалд итгэсэн гэж үзнэ..., Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7-д зааснаар нэхэмжлэгч нь шударга барьцаалагч учир барьцааны гэрээний дагуу үүргийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
9.Хоёр шатны шүүх зээлийн гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч Т.Э-н биелүүлэх үүргийн тухайд хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн бол барьцааны эрх үүссэн үүргийн харилцаанд хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсний улмаас зөрүүтэй шийдвэр гаргасан, энэ талаарх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэхээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийдвэрлэжээ.
10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн зохицуулалтууд нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон байна.
Хариуцагч Т.Э 2019.04.10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлж авсан боловч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 68,481,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,696,350 төгрөг, нийт 132,178,098 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй, хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
11.Барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-*******0 дугаартай, *** дүүрэг ** хороо ** байр ** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, гурван өрөө орон сууц Б.Х-н өмчлөлийн зүйл байсан байх ба Б.Х нь орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг Т.Э-д 2019.04.10-ны өдөр итгэмжлэлээр олгосон, Т.Э нь орон сууцыг барьцаалан “АҮ” ХЗХ-той 2019.04.10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан баримт хэрэгт авагджээ.
Гэвч дээрх орон сууц нь гуравдагч этгээд Э.У-н өмчлөлийн эд хөрөнгө байсан байх ба хариуцагч Б.Х өөрийн өмчлөлд шилжүүлэхдээ гэмт хэрэг үйлдэх замаар шилжүүлж авсан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.22-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.15-ны өдрийн 69 дүгээр магадлалаар тус тус тогтоогдсон байна. Шүүхийн шийтгэх тогтоолоос үзвэл, Э.У нь 2019.04.02-ны өдөр Б.Х-д орон сууцаа 85,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч, Б.Х нь 33,000,000 төгрөгийг түүний зээлд шилжүүлж, улмаар үлдэх төлбөрөө төлөх байсан боловч төлөөгүй, өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулмагц 2019.04.10-ны өдөр Т.Э-д итгэмжлэл олгож, Т.Э нь орон сууцыг барьцаалан “АҮ” ХЗХ-той 2019.04.10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.
Энэ үйл баримтаас үзвэл барьцааны зүйл өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэрэгсэл болж чадсан эсэх, улмаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал маргааны зүйл болсон байна.
11.1.Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэх замаар өмчлөх эрхийг олж авсан тул Б.Х-с Т.Э-д олгосон итгэмжлэл, үүний үндсэн дээр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж эсрэг шийдвэр гаргахдаа “... Б.Х нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч “АҮ” ХЗХ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар өмчлөгч гэж тооцох эрхтэй, Хадгаламж, зээлийн хоршоо нь Б.Х Э.У-г хуурч мэхлэх замаар тухайн орон сууцны өмчлөгч болсон гэдгийг мэдэж байсан, аль эсхүл мэдэх ёстой байсан буюу шударгаар хандаагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул барьцаалагчийг бүртгэлийн үнэн зөв байдалд итгэсэн, барьцааны эрх шударгаар үүссэн...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
11.2.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог бөгөөд эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол, эсхүл мөнгө, мэдүүлгийн үнэт цааснаас бусад эд хөрөнгө нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол өмнөх өмчлөгчийн хувьд дээрх таамаг үйлчлэхгүй болохыг хуулийн 91.2.1, 91.2.2-т заасан. Иргэний хуулийн 91 дүгээр 91.1 дэх хэсэг нь хөдлөх хөрөнгөд шууд хамааралтай боловч эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэлээр баталгаажсан, мөн эд хөрөнгөө өөрийн хүсэл зоригоос гадуур алдах тохиолдол хамаарахгүй гэж зохицуулснаараа хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2-т заасан хэм хэмжээ нь хөдлөх эсхүл үл хөдлөх хөрөнгийн аль алинд ч үйлчлэхээр хуульчилсан байна.
Гуравдагч этгээд Э.У нь орон сууцны өмчлөх эрхээ гэмт хэргийн замаар Б.Х-д алдсан үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ тохиолдолд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалт үйлчлэх боломжгүй гэж үзэв. Учир нь Э.У нь эд хөрөнгөө захиран зарцуулах үйлдлийг өөрийн хүсэл зоригоор хийсэн бөгөөд Б.Х-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр 33,000,000 төгрөгийг хүлээн авсан, үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураараа Б.Х-н өмчлөлд шилжүүлэн бүртгүүлжээ. Энэ үйл баримтаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ өмчлөгч өмчлөх эрхээ өөрийн хүсэл зоригоос гадуур алдсан гэж үзэх боломжгүй.
Хуульд заасан “өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах (гээгдүүлэх, хулгайд алдах гэх мэт) үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол” гэх урьдчилсан нөхцөл нь өмчлөгчийн аливаа хүсэл зоригийн илэрхийлэл огт байгаагүй, өөрөөс нь хамаарахгүй, өөрт нь мэдэгдэхгүйгээр эд хөрөнгө, өмчлөх эрхийг нь шилжүүлж хохироосон байх тохиолдол юм.
Өөрөөр хэлбэл, эд хөрөнгөө алдсанд өөрөө буруугүй хэдий ч өмчлөгчийн тодорхой хүсэл зориг байсан бол Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан хэм хэмжээ хамаарахгүй.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан нь бүртгэлийн ач холбогдол, өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эрхийг хамгаалсан хэм хэмжээ юм. Үүнээс гадна өмчлөгч этгээд гэмт хэргийн улмаас эд хөрөнгөө алдсан бол хүсэл зориг огт байгаагүй тохиолдлыг л хамааруулах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан зарчмын хүрээнд ийнхүү тайлбарлагдана.
Иймд гуравдагч этгээд Э.У нь орон сууцаа худалдах хүсэл зоригийн үүднээс Б.Х-тай гэрээ байгуулсан, өмчлөх эрхээ шилжүүлсэн тул түүний эрх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2.2, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар хамгаалагдах учиргүй, энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.17-ны өдрийн 184/ШШ2022/00545 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Э.У-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч улсын эрхийн бүртгэлийн Ү-*******0 дугаартай, *** дүүрэг ** хороо ** байр ** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.У-н нэр дээр шилжүүлж өгөхөөр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Э.У-н нэр дээр шилжсэний дараа Э.У нь Б.Х-д урьдчилгаа төлбөрийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг захирамжийн дагуу Э.У нь өмчлөгч болж болох боловч орон сууцанд ногдуулсан барьцааны үүрэг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 172.7-д зааснаар хэвээр байхыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
11.3.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заасан бөгөөд “АҮ” ХЗХ нь шударга барьцаалагч байна.
“АҮ” ХЗХ нь Б.Х тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, түүний Т.Э-д олгосон итгэмжлэлд тус тус үндэслэн барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны байх зарчимд нийцсэн, магадлалд хууль зүйн дүгнэлтийг тодорхой тусгажээ.
Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/02195 дугаар магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Э.У-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.07-ны өдөр төлсөн нийт 140,400 төгрөгийг (70,200+70,200) улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН