Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0064

 

2021 01 25                                                                               128/ШШ2021/0064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овгийн Н.Г /РД:********/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Б/456 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/456 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн тул урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлд хандан 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад намайг дуудаж, тайлбар авсан ба тушаал хууль зүйн хувьд үндэслэл муутай гарсан тул хүчингүй болгочих юм байна гэсэн ойлголтыг надад төрүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний 01/1584 тоот албан бичгийг 09 дүгээр сарын 03-нд хүлээн авахад ... Татварын ерөнхий газрын даргад Б/456 дугаар тушаалыг дахин хянан үзэж, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг мэдэгдсэн байсан.

Тэгэхээр нь Татварын ерөнхий газрын даргад хандан тушаалаа хянан үзэж, ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү" гэсэн хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 07-нд гаргасан. Гэвч Татварын ерөнхий газрын дарга нь тушаалаа хянан үзсэн хариугаа Төрийн албаны зөвлөлд өгөөгүй, миний өргөдлийг шийдвэрлэсэнгүй. Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрийг хүлээн авснаас хойш шүүхэд хандах хугацаа өнөөдрөөр дуусч байх тул Үндсэн хуульд заасан ажлаа чөлөөтэй сонгох эрхээ сэргээлгэхээр тушаалыг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 39 дүгээр зүйлийн 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах-ыг хориглосон заалтыг зөрчсөн үндэслэлээр 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан төрийн албанаас халах шийтгэл ногдуулахдаа үйл баримтад буруу дүгнэлт хийснээр, холбогдох зааптыг буруу тайлбарлаж, дараах байдлаар хэрэглэсэн,

1.1.  Тушаалд хууль бус илтгэх хуудас үйлдэж гэсэн байна. Тухайн илтгэх хуудас нь хэлбэрийн хувьд хуульд нийцэж байгаа тул хууль бус гэдэг нь үндэслэлгүй юм. Харин уншиж танилцаагүй байхдаа буюу агуулгыг нь мэдэхгүйгээр гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.

1.2.  Тушаалд албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн байна. Гэвч илтгэх хуудсанд гарын үсэг зурах эрх байцаагчид холбогдох хуулиар олгогдсон тул албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй юм.

2. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6.1-ийг тушаалд эш татсан байна. Гэвч зөрчлийн шинж байдлыг шапгаагүй, цаашид ажиллуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаагүй байхад халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд мөн журмын 3.4-т заасан аль ч тохиолдол тухайн нөхцөлд хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл журмын холбогдох заалтыг зөрчиж тушаал гаргасан байна.

3. Гарсан сахилгын зөрчилд холбогдуулан ногдуулсан шийтгэл хүндэдсэн тул ажлаас халсан шийтгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.4-т заасан зарчмыг болон 3.2-т заасан журмыг тус тус захиргаа баримтлаагүй болно.

Иймд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/456 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: хяналт шалгалт хийх томилолт авснаа мэдсэн. А ХХК-тай уулзаж байгаагүй. Томилолтын хугацаандаа багтаж акт, илтгэх хуудас бичих ёстой байсан. Олон томилолт ирдэг учраас хугацаандаа хийж амждаггүй учраас сунгалт хийх ёстой байсан. Татварын улсын байцаагчаар 10 жил орчим ажилласан. Хяналт шалгалтын байцаагчаар 2019 оноос ажиллаж эхэлсэн. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: 2020 оны 07 сарын 10-ны өдрийн тушаалыг 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч Н.Г нь илтгэх хуудсанд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ уг илтгэх хуудсанд гарын үсэг зурахад хамт ажилладаг байцаагч гуйгаад байхаар нь зурсан. гэдэг. Бодит байдал дээр тухайн мэдээллийн санд байгаа баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг шалгаагүй байж гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Зөрчлийн шинжийг шалгаж тогтоогоогүй байхдаа төрийн албаны хууль тогтоомжийн дагуу шалгах ажиллагааг явуулаагүй. Түүнчлэн холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагчийн зүгээс илтгэх хуудас хүчинтэй байхад нэхэмжлэгч Н.Г-г ажлаас халсан. Сүүлд 2020 оны 11 сарын 17-ны өдөр илтгэх хуудсыг хүчингүй болгосон. Илтгэх хуудсанд ямар нэгэн борлуулалт хийгдээгүй гэдэг асуудал огт бичигдээгүй, татварын тухай хуулийг зөрчсөн зөрчил байхгүй гэж бичсэн байна. Хариуцагч борлуулалт хийгдсэн байтал энэ талаар бичээгүй нь зөрчил гэж тайлбарласан байдаг. Гэтэл борлуулалттай холбоотой асуудал огт бичигдээгүй. Тухайн компаниуд өөрсдийнхөө орлого, зарлага, үйл ажиллагаагаа тайлагнасан. Энэхүү тайлагнаж байгаа үйлдлийг зөрчил гэж үзэн илтгэх хуудас бичих боломжгүй. Тиймээс зөрчил гэж үзэх боломжгүй бөгөөд үүнийг зөрчил гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна. Н.Г-т уг илтгэх хуудсанд гарын үсэг зурах эрх хуулийн дагуу олгогдсон. Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж тайлбарладаг, ийм учраас хуулийг буруу тайлбарласан гэсэн үндэслэлээр, нөгөө талаас зөрчилд шийтгэл хүндэдсэн гэж маргаж, нэхэмжлэл гаргасан.

Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан бол надад тайлбар байхгүй. Харин Н.Г-т холбогдох зөрчлийг шалгахдаа Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран тогтоосон журамд заасны дагуу шалгаагүй. Мөн Н.Г нь хуурамч баримт бичиг үйлдсэн бол илтгэх хуудсыг хүчингүй болгож байгаа нь уг илтгэх хуудас хууль ёсны байсан гэдгийг илтгэж байна. Ямар нэг эрх зүйн үр дагаваргүй актад хариуцлага тооцсон байна. Татварын албанаас гаргасан тушаал хүндэдсэн, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүй шийдвэр гаргасан. Ажлын үнэлгээний тайлангаас харахад доод тал нь 84 оноотой Б үнэлгээтэй байсан. Үүнээс харахад өөрт оноосон ажлаа хийсэн гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.Г-н нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийг төлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.  Хууль бус илтгэх хуудас үйлдсэн тухайд: Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлд татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичгийг заасан. Энэ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.4-т татварын хяналт шалгалтаар татварын хууль тогтоомж зөрчөөгүй нь тогтоогдвол илтгэх хуудас үйлдэх бөгөөд түүнд шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах гэж заасан.

А ХХК /РД:*******/-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх томилолтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр татварын улсын байцаагч Н.Г, Д.А нарт олгож, шалгалтыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгасан. Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд А ХХК нь 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын 341,185,000.0 мянган төгрөгийн борлуулалт, 246,631,138.81 төгрөгийн худалдан авалт, нийт 571,816,138.8 төгрөгийн үнийн дүн бүхий 680 ширхэг мэдээлэл, 7 ширхэг гаалийн мэдээлэл байна. Үүнд:

Ө ХХК /РД:*******/-д 2019.10.25-ны өдөр 49,790,000.0 төгрөгийн, 2019.10.22-ны өдөр 72,727,272.3 төгрөгийн, 2019.11.30-ны өдөр 56,972,993.64 төгрөгийн, 2019.12.20-ны өдөр 36,561,430.91 төгрөгийн, 2019.12.25-ны өдөр 66,315,620.91 төгрөгийн, Э ХХК /РД:*******/-д 2019.12.31-ний өдөр 61,818,181.82 төгрөгийн борлуулалт хийсэн ба эдгээр ажил гүйлгээг тус компаниуд нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайландаа тусгаж баталгаажуулсан байтал 2016-2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нар нь хөндлөнгийн мэдээлэл, борлуулалтын орлого байхгүй, зөрчил илрээгүй гэж дүгнэн илтгэх хуудас бичиж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/457 тоот тушаал гарах үндэслэл болсон.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн илтгэх хуудас-ыг А ХХК-д танилцуулаагүй байгаа нь тухайн илтгэх хуудаснаас харагдаж байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хүний нөөц, сургалтын хэлтэст гаргасан тайлбартаа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр татварын улсын байцаагч Д.А-тай хамтран А ХХК-д хяналт шалгалт хийх томилолт гарсан байсан. Миний бие хяналт шалгалт хийх томилолтоор олгогдсон хугацаанд тухайн аж ахуйн нэгжтэй уулзаж байгаагүй болно. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус компанид илтгэх хуудас гарч байгаа тухай татварын улсын байцаагч Д.А надад мэдэгдэхэд хяналт, шалгалтад оролцоогүй, санхүүгийн баримт хүлээн аваагүй байхад гарын үсэг зурах боломжгүй, зурахгүй гэдгээ хэлсэн. гэсэн тайлбарыг ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл албан тушаал өөрчлөгдсөний дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр илтгэх хуудаст гарын үсэг зурсан мөн хяналт шалгалтын томилолт үүссэн байхад хариуцсан ажлаа хийж гүйцэтгээгүй, хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн санхүүгийн баримттай танилцаагүй зэрэг нь албан тушаалын тодорхойлтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй атлаа ажлаа бүрэн хийсэн мэтээр илтгэх хуудаст гарын үсэг зурсан.

2. Апбаны эрх мэдлээ хэтрүүлсэн тухайд: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгаас Хувь хүний татварын тасагт шилжүүлсэн, мөн энэ тушаалын 1 дэх хэсэгт ... 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсүгэй ... гэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхад илтгэх хуудас дээр гарын үсэг зурсан нь өөрөө албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болно.

3. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан тус журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал буюу Татварын ерөнхий газрын татварын хяналт, арга зүйн газрын шалган зааварчлах ажлын удирдамжийн дагуу хийсэн ажлын тайлан, ажлын хэсгийн саналыг тус тус баримталсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан тушаал өөрчлөгдсөний дараа буюу 2020 оны 07 сарын 06-ны өдөр илтгэх хуудсанд гарын үсэг зурсан, мөн хяналт шалгалтын томилолт үүссэн байхад хариуцсан ажлаа хийж гүйцэтгээгүй, хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн санхүүгийн баримт бичигтэй танилцаагүй зэрэг нь маш том зөрчил гэж үзэж байна. Татварын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй атлаа ажлаа бүрэн хийсэн мэтээр, зөрчил илрээгүй мэтээр илтгэх хуудас үйлдэж гарын үсэг зурсан байдаг. Тухайн эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад тус компанитай холбоотой илтгэх хуудсанд гарын үсэг зурсан нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.

2020 оны 03 сарын 30-ны өдөр томилолтын хугацаа дууссан. Томилолтын хугацаа дууссан байхад илтгэх хуудас үйлдсэн, гарын үсэг зурсан. Хяналт шалгалтын томилолтын хугацаандаа буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөө багтааж акт, дүгнэлт, илтгэх хуудас аль нэгийг бичиж гарын үсэг зурах ёстой байсан.

Татварын улсын байцаагч н.А, Н.Г нар А ХХК-ийг шалгах байсан ч шалгаагүй, хөндлөнгийн мэдээллийн санд борлуулалтын орлого байсаар байтал түүнийг нягтлахгүйгээр илтгэх хуудас бичсэн үйлдэл нь татвар төлөгчид татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгож байна. Энэ нь зөрчил байна гэж үзсэн. Хөндлөнгийн мэдээллээр 7 ширхэг гаалийн мэдүүлэг, мөн 680 ширхэг мэдээлэл зэрэг байсан. Энэ талаар хариу тайлбар дээр тодорхой дурдсан байгаа.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 сарын 10-ны өдрийн А/137 дугаар тушаалаар илтгэх хуудсыг нь хүчингүй болгож тус компанид дахин хянан шалгалт хийх тушаал гарсан байгаа. 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хяналт шалгалтыг зогсоосон байгаа тул хяналт шалгалт хийгдээгүй байна. татвар төлөгч тайлагнах ёстой байтал тайлагнаагүй. Татварын улсын байцаагч хяналт шалгалтаар хөндлөнгийн мэдээллийг ашиглаж татварын акт үйлдэх ёстой байтал зөрчилгүй гэж үзэж илтгэх хуудас үйлдэж байгаа нь хууль бус гэж үзсэн. Н.Г гарын үсэг зурснаас харахад хяналт шалгалтыг хийсэн гэж харагдаж байна. Гэвч шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс харахад хяналт шалгалтыг хийгээгүй, н.А байцаагчийг гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Татварын улсын байцаагч татварын хяналт шалгалт хийх журмаар татвар төлөгчтэй холбоотой бүх мэдээллийг үзсэний үндсэн дээр зөрчилд тооцох эсэхийг шийдвэрлэх эрхтэй. Гэвч Н.Г нь эдгээр нөхцөл байдлыг шалгахгүйгээр татвар төлөгчид татвараас зайлсхийх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн нь гэм буруутай үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Г нь түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Б/456 дугаар тушаалыг хууль буруу хэрэглэсэн, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчсөн, гаргасан зөрчилд шийтгэл хүндэдсэн гэх үндэслэлүүд дурдаж тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/456 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, Татварын ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.2-т заасныг баримтлан албаны эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус илтгэх хуудас үйлдэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн татварын улсын байцаагч Н.Г-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Н.Г нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасагт татварын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар тус хэлтсийн Хувь хүний татварын тасагт татварын улсын байцаагчаар томилогдсон бөгөөд хяналт шалгалт хариуцсан татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаанд нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр татварын улсын байцаагч Д.А-н хамт А ХХК /РД:*******/-ийн 2016-2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх 25200100007 дугаартай татварын хяналт шалгалтын томилолт 10 хоногийн хугацаатай олгогджээ.

Хяналт шалгалт хийхээр хамт томилогдсон татварын улсын байцаагч Д. нь А ХХК-д дээрх томилолтын дагуу хяналт шалгалтыг хийсэн гэх бөгөөд татварын хяналт шалгалтаар зөрчил илрээгүй, хөндлөнгийн мэдээлэл байхгүй үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр илтгэх хуудас бичиж, Хяналт шалгалтын тасгийн дарга илтгэх хуудастай танилцаж томилолтыг хаасан байдаг бөгөөд илтгэх хуудаст нэхэмжлэгч Н.Г гарын үсэг зурсан байдаг.

Татварын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай шалган зааварчлах ажлын удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн 2019, 2020 онд хийсэн татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны дагуу үйлдсэн шийтгэлийн хуудас, илтгэх хуудас, дүгнэлт, татварын актыг судалж, хууль зүйн үндэслэлийг шалгаж, энэ шалгалтаар татварын улсын байцаагч нар 25200100007 тоот томилолтын дагуу хяналт шалгалт хийгдсэн А ХХК /РД:*******/ хяналт шалгалтад хамрах 2016-2019 онуудад татварын ногдол үүсэх үйл ажиллагаа явуулсныг нотлох хөндлөнгийн мэдээллүүд байхад хөндлөнгийн мэдээлэл байхгүй, зөрчил илрээгүй гэж илтгэх хуудас үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд татварын улсын байцаагч нар өөр нэгжид томилогдсон өдрөө илтгэх хуудас бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н илтгэх хуудсыг танилцаж томилолтыг хаасан нь тогтоогдсон байна. Дээр дурдсан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар тус хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н болон хяналт шалгалтын татварын улсын байцаагч Д.А, Н.Г нар өөр нэгжид томилогдсон байдаг ч мөн өдрөөр огноолон дээрх илтгэх хуудсыг үйлдсэн, дараа өдөр нь тасгийн дарга илтгэх хуудсыг танилцаж баталгаажуулжээ.

Түүнчлэн шалган зааварчлах ажлын хэсгийн шалгалтаар татварын улсын байцаагч Н.Г, Д. нар нь хяналт шалгалт хийх томилолтын дагуу татварын хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан хяналт шалгалтын зохих ажиллагааг хийж гүйцэтгээгүй буюу албан үүргээ гүйцэтгээгүй атал зөрчил илрээгүй, борлуулалтын орлого байхгүй, тус компанитай холбоотой хөндлөнгийн мэдээлэл байхгүй гэж үндэслэлгүйгээр татварын ногдуулалт, төлөлтийн аливаа зөрчил үүсээгүй тохиолдолд бичигдэх татварын улсын байцаагчийн илтгэх хуудас гэх эрх зүйн баримт бичиг үйлдсэн, гарын үсэг зурсан болох нь шалган туслах ажлын танилцуулга, ажлын хэсгийн санал, шалгалтын явцад албан хаагчийн бичгээр гаргасан тайлбараар тогтоогджээ.

Шалган зааварчлах ажлын хэсэг тус компанитай холбоотой борлуулалт, худалдан авалт бүхий хөндлөнгийн мэдээлэл байгаа-г дурьдаад татварын хяналт шалгалтыг дахин хийх шаардлагатай болохыг, мөн татварын улсын байцаагч Н.Г, Д.А болон илтгэх хуудсыг танилцаж томилолтыг баталсан Хяналт шалгалтын тасгийн дарга Д.Нг нарыг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хүрээнд албан үүргээ гүйцэтгээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалаас чөлөөлж өөр нэгжид томилсон шийдвэр гарч танилцуулагдсан байхад албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн зэргээр албан тушаалын чиг үүргээ биелүүлж ажиллах улмаар төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хангахгүй гэж дүгнэж, хариуцлага тооцуулах саналыг хүргүүлж, улмаар Татварын ерөнхий газрын даргын тушаалаар эдгээр албан хаагчдыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Тодруулбал эдгээр албан хаагчийг албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хууль зүйн үндэслэлгүй илтгэх хуудас үйлдсэн зөрчлөөс гадна өөр нэгжид томилогдсоны дараа өмнөх албан тушаалд ажиллаж байх үед олгогдсон томилолтын дагуу илтгэх хуудас бичиж, томилолтыг хаасан зөрчил гаргасан, энэ нь албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн зөрчил гэж үзсэн байдаг.

Нэхэмжлэгч Н.Г-н тухайд тэрээр тухайн томилолтын дагуу хяналт шалгалтын ажиллагаа огт хийгээгүй, тодруулбал татвар төлөгчтэй уулзалт ярилцлага хийгээгүй, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн баримтуудыг цуглуулаагүй, шалгаагүй, хөндлөнгийн мэдээллийг танилцаагүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнийгээ ачаалал их, хяналт шалгалтын тасагт ороод удаагүй гэх шалтгаанаар тайлбарлаж, илтгэх хуудсыг өөрөө үйлдээгүй, хамт томилолт олгогдсон татварын улсын байцаагч Д.А-н шаардсанаар сүүлд 7 дугаар сарын 06-нд илтгэх хуудаст нөхөж гарын үсэг зурсан тул өөрт нь ногдуулсан шийтгэлийг хүндэдсэн гэж маргажээ.

Хяналт шалгалт хариуцсан татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалт хийх томилолт авсан бол албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээс гадна Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10.1, 41.10.2, 41.10.3-т зааснаар татвар төлөгч, түүний харилцагч этгээдийг дуудан ирүүлж, тайлбар авах, татвар төлөгчийн татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар лавлагаа гаргуулан авах, хөндлөнгийн мэдээллийг шалгах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр олгогдсон томилолтын дагуу ямар ч ажиллагаа гүйцэтгээгүй, ийнхүү татварын хяналт шалгалт хийгээгүй атал татварын ногдуулалт, төлөлтийн аливаа зөрчил үүсээгүй тохиолдолд бичигдэх татварын улсын байцаагчийн илтгэх хуудас гэх эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурсан нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.4-т татварын хяналт шалгалтаар татварын хууль тогтоомж зөрчөөгүй нь тогтоогдвол илтгэх хуудас үйлдэх бөгөөд түүнд шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах гэж заасныг зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг, эдгээрийг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан мөн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохоор заасан. Тухайлбал 37.1.2-т төрийн жинхэнэ албан хаагч нь хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.1-д өргөсөн тангарагтаа үнэнч байж хууль дээдлэн сахин биелүүлэх, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах нийтлэг үүрэг хүлээх бөгөөд 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах-ыг хориглож, 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар 48 дугаар зүйлийн 48.1.3-т тус тус байна.

Татварын ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.2-т албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхээр заажээ.

Татварын алба нь татварын хяналт шалгалт, татварын ногдуулалт, хураалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн мэдээллийн санд холбогдох байгууллагуудаас мэдээлэл цуглуулж ашигладаг ба тухайлбал татвар төлөгчийн экспорт, импортын мэдээллийг гаалийн байгууллагаас хөндлөнгийн мэдээллийн санд цуглуулдаг бөгөөд хөндлөнгийн мэдээлэлд татварын хяналт шалгалт хийхээр томилолт бичигдсэн А ХХК хяналт шалгалтад хамаарах хугацаанд импортоор бараа оруулсан, өөрөөр хэлбэл тодорхой үйл ажиллагаа явуулсан байхад татварын улсын байцаагч Д.А, Н.Г нар хөндлөнгийн мэдээлэл байхгүй гэх үндэслэлээр илтгэх хуудас бичжээ. Энэ илтгэх хуудсыг хууль тогтоомжийн хүрээнд татварын хяналт шалгалтыг хийгээгүй, илтгэх хуудсыг үндэслэлгүй үйлдсэн шинэ нөхцөл байдал хөндлөнгийн мэдээллээр тогтоогдсон гэж үзээд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А167 дугаар тушаалаар хүчингүй болгож, тухайн татвар төлөгчид татварын хяналт шалгалтыг дахин хийхээр болсон байдаг, илтгэх хуудсыг хэрхэх нь, дахин хийх татварын хяналт шалгалтаар татварын ногдуулалт, төлөлтөд зөрчил илрэх эсэх нь албаны чиг үүргээ нэгэнт хэрэгжүүлээгүй албан хаагчийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын томилолт үүссэн байхад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо биелүүлээгүй, хяналт шалгалт хийгээгүй, хяналт шалгалтад хамрагдах аж ахуйн нэгжийн санхүүгийн баримт, хөндлөнгийн мэдээллийг шалгаагүй нь, түүнчлэн ийнхүү хяналт шалгалт хийгээгүй атал хяналт шалгалтаар зөрчил илрээгүй мэтээр хууль бус илтгэх хуудас үйлдсэн буюу илтгэх хуудаст гарын үсэг зурсан, ингэхдээ албан тушаал өөрчлөгдсөний дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр илтгэх хуудаст гарын үсэг зурсан нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус илтгэх хуудас үйлдэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн гэж сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болжээ.

Нэхэмжлэгч нь би томилолтын дагуу хяналт шалгалтыг хийгээгүй, илтгэх хуудсыг үйлдээгүй, Д.А байцаагчийн шаардсанаар илтгэх хуудаст 2020 оны 7 дугаар сарын 06-нд гарын үсэг зурсан гэж маргаж байгаа ч хяналт шалгалтын татварын улсын байцаагч нь хяналт шалгалт хийх томилолт олгогдсон хугацаанд татварын хяналт шалгалтыг хуульд заасны дагуу хийж, холбогдох шийдвэрийг гаргаж, түүнийгээ гарын үсгээр баталгаажуулах үүрэгтэй бөгөөд гарын үсэг зурсныг уг актыг үйлдээгүй гэж, уг актын хууль зүйн үндэслэлийг хариуцах хариуцлагаас чөлөөлөхгүй.

Ийнхүү албаны эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус илтгэх хуудас үйлдэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн, албаны чиг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор татварын улсын байцаагчид болон Хяналт шалгалтын тасгийн даргын гаргасан энэ зөрчлийг албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан хяналт шалгалтын томилолтын дагуу А ХХК-д хяналт шалгалт явуулах үедээ татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд татвар төлөгчтэй холбоотой 2019 онд НӨАТ-ын 341,185,000 төгрөгийн борлуулалт, 246,631,138 төгрөгийн худалдан авалтын мэдээлэл бүртгэгдсэн байгааг мэдсээр байж тус компанид давуу байдал үүсгэн хөндлөнгийн мэдээлэл борлуулалтын орлого байхгүй, зөрчил илрээгүй гэж дүгнэн илтгэх хуудас бичиж давуу байдал үүсгэн татвараас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болон ямар шийтгэл ногдуулах гэж буй талаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, албан хаагчаас бичгээр тайлбар авсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг албан хаагчид танилцуулж, энэ талаар баримт үйлдсэн байх тул тогтоогдсон зөрчил, түүнд ногдуулах шийтгэлийн талаар тайлбар гаргах, шийдвэрт гомдол гаргах эрхээр хангасан гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, Татварын ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Г-н Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Б/456 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ХАЛИУНА