Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2147

 

 

 

 

 

 

 

 

 

О.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 183/ШШ2018/01882 дугаар шийдвэртэй, О.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хд холбогдох, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүд 2 919 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н би 2002 оноос тус сургуульд багш, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж ирсэн. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нь 2018 оны 2, 3-р сард удаа дараа өрөөндөө дуудан "... ажлыг өөр хүнд өгнө, дээрээс шахаад байна, албан бичгээр чиглэл ирүүлээд байна" гэж хэлсэн. Миний хувьд зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлсэн. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр утсаар залган тушаал гаргалаа гэхэд нь зөвшөөрөхгүй гэдгээ дахин хэлээд очиж уулзахад дараагийн хүндээ ажлаа хүлээлгээд өгчих гэсэн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар "Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирсоноор дуусгавар болгоно" гэснийг үндэслэсэн. Гэтэл бид ямар нэгэн ярьж тохирсон зүйл байхгүй, зөвшөөрөхгүй тухайгаа тодорхой хэлж ойлгуулсан байтал үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой. Иймд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сард тухайн сургуулийн менежерүүдийн үр дүнгийн гэрээг дүгнэх, 2018 оны хүний нөөцийн талаар шийдвэр гаргахтай холбогдуулан ажлын хариуцлага, үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, менежерийн хамт олноо нэгтгэх ур чадвар, ажилдаа хандах хандлага, манлайллыг үүрэг, оролцоо зэргээр хамт олны санал асуулга явуулсан. Агроэкологийн сургуулийн хамт олноос О.Н маш муу гэсэн үнэлгээтэй байсан. Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга О.Нтэй уулзаж ярилцаад, Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирлын ажил санал болгосныг хүлээн зөвшөөрч, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирлын үүрэгт ажлаа дуусгавар болгохоор тохирсныг албажуулж Б/58 дугаар тушаал гарсан. О.Н Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирлаар ажиллахаар шилжихдээ өөрийн хэрэглэж байсан эд зүйлсээ авч явъя гэсэн хүсэлт гаргасныг ХААИС-ийн захирал хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар халах нь тухайн хүний нэр хүндийн асуудал яригдана гэсэн байдлаар хандаж, О.Нтэй харилцан тохиролцож, өөр ажилд шилжихээ хүлээн зөвшөөрсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирал нь ТҮМБ-8-3 гэсэн албан тушаалын зэрэглэлтэй тул Агроэкологийн сургуулийн захирлын албан тушаалын зэрэглэлтэй адил албан тушаал юм. Өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өнөөдрийг хүртэл тухайн албан тушаалд ажиллаж, цалинг авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэп зааснаар тохиролцсон гэдэг нь харагдаж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Нг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 1 028 522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 890 678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 29 234 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх миний хуулиар олгосон эрхийг хязгаарлан, гомдол гаргах эрхийг олголгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслээ тодруулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар цалингийн зөрүү гэж нэхэмжилсэн байхад цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Хд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 дугаар Ажлаас чөлөөлөх, ажлуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү  гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх тушаал гарснаас хойш нэхэмжлэгч ямар цалин орлоготой ажил эрхэлж байсныг тогтоохын тулд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар авах шаардлагатай гэж үзэж, шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гаргасан байна. /хх137/

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих үйл баримтыг зөв тогтоохын тулд шүүхийн эрх хэмжээнд хийгдсэн дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцэх боловч дээрх захирамжид гомдол гаргах эрхийг хэргийн оролцогчдод олгоогүй нь буруу гэж үзнэ. Шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх136,140/ үзвэл нотлох баримт гаргуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж гаргаснаас хойш 10 минутын дараа дахин шүүх хуралдааныг эхлүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн үндэслэлээр гаргасан захирамжид талууд гомдол гаргах эрх нь зөрчигджээ.

Шүүх дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт болох “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг /1хх139/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, О.Нгийн цалингийн зөрүүд 1 028 522 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь хариуцагч тал тухайн баримттай танилцаж, тайлбар болон түүнд холбогдох нотлох баримт гаргах боломжийг олгоогүй буюу шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй юм.

Дээрх нотлох баримтыг гаргаж өгсөнтэй холбоотойгоор талууд “санал, хүсэлтгүй” гэж шүүгчийн асуултад хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд /1хх141/ тусгагдсан байх боловч энэ нь хуульд зааснаар хэргийн оролцогчоос тухайн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 99 435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА