Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02084

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02084

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .Д.Д

 

Хариуцагч: НШШГГ 

 

18291119/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 18291119/04 тоот эд хөрөнгө хураах тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Б хариуцагчийн төлөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхийн 1357 дугаар шийдвэрээр Б.Б болон надаас 50 468 250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд * дүүрэг, * хороо, * байр, *тоот хаягт байрлах 44.06 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019.02.15-ны өдөр албадан дуудлага худалдаагаар 51 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Дээрх хөрөнгө нь миний хүү Б.Б бид хоёрын дундын өмч бөгөөд 1357 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт зөвхөн Б.Бэгзсүрэнгээс 50 468 250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Д.*************** би уг зээлийн гэрээний тал биш тул гэрээний үүргийг хариуцах үүрэггүй атал миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж, бидний дундын хөрөнгөнөөс надад ногдох хэсгийг хууль бусаар хураан авсанд гомдолтой байна. Түүнчлэн төлбөр авагч Д.Г. нь төлбөр төлөгч Б.Б ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг нь дурдах нь зүйтэй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 18291119/0* тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 18291119/0/ тоот эд хөрөнгө хураах тогтоол, орон сууцыг албадан худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 5 сарын 30-ны өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 сарын 15-ны өдрийн 1835 дугаар магадлалаар Б.Бэ 50 608 250 төгрөгийг гаргуулж Д.Г олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Б өмчлөлийн * дүүргийн * дугаар хороо, * хотхон, * гудамж, *дүгээр байр, *тоотод байрлах Ү-2206* улсын бүртгэлийн дугаартай, 44.06 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн хэлтсээс тодруулахад 2017 оны 4 сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнд бүртгэгдсэн тухай хариу ирүүлсэн тухай 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 18291119/0* тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 18291119/0* тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нараас барьцаалан хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу авахад * дүүрэг, * дугаар хороо, * хотхон,* гудамж, * дугаар байр,*тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206* дугаарт бүртгэлтэй орон сууцыг 69 300 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Д.Г хүлээн зөвшөөрөөгүй тул тус газраас 2018 оны 12 сарын 21-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний * ХХК-иар тогтоолгоход үнэлгээг тогтоож тайланг 2019 оны 1 сарын 04-ний өдөр ирүүлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэ болох 69 300 000 төгрөгийн 70 хувь буюу 46 291 350 төгрөгөөр 2018 оны 2 сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 50 хувь буюу 33 065 250 төгрөгөөр 2018 оны 3 сарын 16-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 55 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Д.Д, Б.Б нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 18291119/* тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 18291119/* тоот эд хөрөнгө хураах тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01357 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б 50 060 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 020 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Төлбөр төлөгч Б.Б 50 060 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн боловч сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ажиллагааг төлбөр төлөгч Б.Б эс зөвшөөрч, 2021 оны 2 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/* дүгээр шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 1197 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 600 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх-ийн 64-66, 68-69/

 

Дээрх хүчинтөгөлдөр шийдвэрийн үндэслэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Б.Б, хамтран өмчлөгч Д.Д, төлбөр авагч Д.Г нар анхны дуудлага худалдааны доод үнийн талаар тохиролцоогүйгээс шинжээч томилсон, ...гэж, ...хэргийн баримтаас үзвэл, үнэлгээ тогтоосон ажиллагаанаас хойш анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдаж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон нь тогтоогдсон, эдгээр ажиллагааны талаар нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй байна гэж дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Дээрх хөрөнгө нь миний хүү Б.Б бид хоёрын дундын өмч бөгөөд 1357 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт зөвхөн Б.Б 50 468 250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Д.Д би уг зээлийн гэрээний тал биш тул гэрээний үүргийг хариуцах үүрэггүй атал миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж, бидний дундын хөрөнгөнөөс надад ногдох хэсгийг хууль бусаар хураан авсанд гомдолтой байна... гэж тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Тус хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна. гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Д нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч байх ба уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2018 оны 12 сарын 14-ний өдрөөс оролцож, уг ажиллагаанд бичгээр тайлбар хүсэлтээ өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Б.Б нь дээрх дуудлага худалдаануудыг хүчингүй болгуулах талаар хариуцагч байгууллагад гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 1 сарын 14-ний өдрийн 21/01/01 дугаар хариу дугаар мэдэгдэх хуудас, 2021 оны 3 сарын 03-ны өдрийн 21/03/07 дугаар гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 сарын 23-ны өдрийн 04/620 дугаар албан бичгээр хариу өгсөн байх ба ...шүүхийн шийдвэрт заасан барьцааны үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 2 сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар борлуулсан нь хууль зөрчөөгүй ...байна. гэсэн хариуг өгсөн байна.

Үүний дараа 2021 оны 3 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нар нь тус үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлж өгсөн байх ба энэ талаарх тэмдэглэл хавтаст хэргийн 85-р талд авагдсан, мөн 2021.03.29-ний өдрийн 21/04/* дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба талууд эдгээр асуудлаар маргаагүй байна./хх-ийн 93/

 

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө тухайн орон сууцыг чөлөөлөн өр төлбөртөө шилжүүлснээр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байх ба үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагчийн ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан 18291119/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 18291119/04 тоот эд хөрөнгө хураах тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.***************, Б.Бэгзсүрэн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Бэгзсүрэн, Д.*************** нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ