өв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Центрпойнт төвд байрлах, улсын бүртгэлийн 9011107102, регистрийн 2740257 дугаартай, Бурхан халдун групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баян сумын 2 дугаар багт оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар НВ73011131, Захчин овогтой А.Болдбаатарт холбогдох,
Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үрэгдүүлж, дутаасан малын үнэ нийт 32.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа, хариуцагч А.Болдбаатар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бурхан халдун групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн малчнаар ажиллаж байсан А.Болдбаатар нь ажиллах хугацаандаа хариуцан маллаж байсан адуу малаа дутаан үрэгдүүлж, улмаар адуу малаа шамшигдуулан, компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Малчин А.Болдбаатар нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллахдаа 83 тооны адуунаас бүдүүн морьд, сувай гүү нийлсэн 23 тооны адууг үрэгдүүлж дутаасан. Мөн 6 үхэр, 34 хонь, 12 ямаанаас өнөөдрийг хүртэл нэг ч мал буцаан өгөхгүй байгаа бөгөөд үхэр, хонь, ямааны хохирлыг орон нутгийн зах зээлийн ханшаар бид тооцон нэхэмжилж байна. Үүнд: Үнээ 2, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг, шүдлэн 2, нэг бүрийн үнэ 700.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг, бяруу 2, нэг бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг, эм хонь /хургатай/ 34, нэг бүрийн үнэ 120.000 төгрөг, нийт 4.080.000 төгрөг, эм ямаа 12, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг. Өөрөөр хэлбэл, А.Болдбаатараас 6 үхэр, 34 хонь, 12 ямааны хохиролд 9.680.000 төгрөг, мөн дутаасан 23 тооны адууны хохиролд 23.000.000 төгрөг, нийт 32.680.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч А.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ компанид 2018 оны 7 дугаар сараас эхлэн малчнаар ажилласан нь үнэн бөгөөд надад цувуулж увуулан байж 2018 оны 11 сард нийт 83 тооны адуу бүрдүүлж өгсөн. Энэ хугацаанд 7 тооны адууг захирал өөрөө Хөвсгөл аймаг руу 1 морь, Дархан-Уул аймаг руу 4 морь, идшинд 1 морь, өөрийн ах Даш гэдэг хүнд 1 морь, ингээд 7 адууг өөрсдөө бусдад өгч, идшиндээ хэрэглэсэн. 2019 оны 3 дугаар сарын 21-22-ны өдөр хүчтэй цасан шуурга болсон ба тэр үеэр 14 тооны адууг алдсан, хайгаад олоогүй. Үүнийгээ хариуцан ажиллаж байсан Д.Эрдэнэбаатарт хэлж мэдэгдсэн. Харин үхэр, хонь, ямаа зэргийг би өөрөө хүлээн аваагүй, эхнэрт маань авчраад орхисон байсан. Гэвч би тухайн үхэр, хонь, ямааг нь малласан ба мөн захирлын зөвшөөрлөөр Өгч явуул гэсэн хүмүүст нь өгдөг байсан. Нийт 42 хонь өгснөөс 8 хонийг бусдад өгүүлсэн. Ингээд 2019 оны 6 дугаар сард болсон үерийн улмаас 20 хонь, 10 ямааг алдсан. Одоо надад 4 хонь, 2 ямаа байгаа. Өөрсдөө надаас ирж уулзаад эдгээр хонь, ямаагаа аваагүй байгаа. Үхрийн хувьд 6 үхэр байснаас 4 нь шуурганд үрэгдсэн. 2 үхэр үлдсэнийг Төмөрчөдөр гэдэг малчинд нь хүлээлгэн өгсөн. Үлдсэн 62 тооны адуу Төмөрчөдөр гээд малчинд хүлээлгэн өгсөн. Мал үхэж үрэгдэх, алга болох тоолонд би хариуцан ажиллаж байсан Д.Эрдэнэбаатарт үзүүлж, танилцуулж байсан. Мал үхэж үрэгдсэн тухай би бичгээр баримт үйлдээгүй, энэ тухай надаас өөрсдөө шаардаагүй. Би Д.Эрдэнэбаатарт малын сэг зэмийг нь үзүүлж байсан. Шуурганд 14 тооны адуу алга болсныг хэлсэн, тэрээр энэ тухай мэдэж байсан. Одоо надад үлдсэн 4 хонь, 2 ямааг хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа ба бусад нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бурхан халдун групп ХХК нь хариуцагч А.Болдбаатарт холбогдуулан Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үрэгдүүлж, дутаасан малын үнэ нийт 32.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Бурхан халдун групп ХХК болон иргэн А.Болдбаатар нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба хэргийн 14 дүгээр хуудаст авагдсан Мал хүлээлгэн өгсөн тухай акт болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Эрдэнэбаатар нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Бурхан халдун групп ХХК-иас нийт 76 тооны адуу, 6 тооны үхэр, 34 тооны хонь, 12 тооны ямаа тус тус хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна.
Дээрх хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т Малчны буруугаас болж хорогдсон мал, төлийг малчин өөрийн хувийн малаар нөхөн төлөх болон цалингаас нь малын үнийг суутган авч компанийг хохиролгүй болгоно гэж зааснаас үзэхэд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.3-т заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагджээ.
Гэтэл уг хөдөлмөрийн гэрээ байгуулж, мал хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэгдэхээс өмнө буюу 2019 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө болсон хүчтэй цасан шуурганы үеэр 12 тооны Тогоруу ногоон азрага адуу болон 2 адуу, нийт 14 тооны адуу алдагдсан талаар тухайн үедээ гэрч Д.Эрдэнэбаатар мэдэж байсан байх бөгөөд тэрээр эрэн хайх зардалд тодорхой хэмжээний хөрөнгө шилжүүлсэн ажээ.
Үүнээс дүгнэхэд талуудын хооронд Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдахаас өмнө Хүлээлгэн өгсөн гэх 14 тооны адуу алдагдсан байсан бөгөөд тухайн адууны төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж тус тус заажээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 23 тооны адуу үрэгдүүлж дутаасан, 6 үхэр, 34 хонь, 12 ямааг өнөөдрийг хүртэл хугацаанд буцаан өгөөгүй хэмээн тодорхойлсон, хариуцагч нь Компанийн удирдлагын өгсөн үүргийн дагуу Өг гэсэн хүмүүст нь адуу, хонь, ямаа өгдөг байсан, үүнээс гадна 14 тооны адуу 2019 оны 3 дугаар сард алдагдаж, 20 тооны хонь, 10 тооны ямаа нь 2019 оны 6 дугаар сарын үеэр үерт орж үхсэн, сэг зэмийг нь Д.Эрдэнэбаатарт харуулж танилцуулсан, одоо 4 хонь, 2 ямаа үлдсэн. Нэхэмжлэгч компаниас хэн ч ирж хүлээн аваагүй гэх тайлбар гаргасан ба үүнээс үзэхэд бодит байдал дээр яг хичнээн тооны ямар ямар мал хэзээ, хэрхэн үрэгдсэн болох нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцох бөгөөд нэхэмжлэгч Бурхан халдун групп ХХК-ийн эзэмшилд нийт хичнээн тооны, ямар ямар мал бүртгэлтэй байсан болох, уг малаас хичээн тооны мал үрэгдсэн, устсан талаарх тайлан, тооцооны баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэхүү хорогдлыг тооцоолох боломжгүй байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, А.Болдбаатараас үлдсэн хичнээн малыг авч Төмөрчөдөр гэх малчинд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй байх тул хариуцагч Д.Болдбаатараас Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үрэгдүүлж, дутаасан малын үнэ нийт 32.680.000 төгрөг гаргуулах боломжгүй гэж үзэв.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.4, 136 дугаар зүйлийн 136.1, 136.3-т заасныг баримтлан хариуцагч А.Болдбаатараас Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үрэгдүүлж, дутаасан малын үнэ нийт 32.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бурхан халдун групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Бурхан халдун групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.4, 136 дугаар зүйлийн 136.1, 136.3-т заасныг баримтлан хариуцагч А.Болдбаатараас Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үрэгдүүлж, дутаасан малын үнэ нийт 32.680.000 /гучин хоёр сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бурхан халдун групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Бурхан халдун групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.350 /гурван зуун хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА