| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/02727/И |
| Дугаар | 001/ХТ2025/00035 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2025/00035
М-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/04353 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/02017 дугаар магадлалтай,
Б-д холбогдох
17,551,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч болон түүний өмгөөлөгч Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С , хариуцагч Б , хариуцагчийн өмгөөлөгч Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М нь хариуцагч Б-д холбогдуулан 17,551,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/04353 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б аас 1,081,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,469,128 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аас улсын тэмдэгтийн хураамжид 30,516 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/02017 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/04353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...1,081,920” гэснийг “...14,881,920” гэж, “...16,469,128” гэснийг “...2,669,128” гэж, 2 дахь заалтын “...30,516” гэснийг “...232,360” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч болон түүний өмгөөлөгч Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7 дугаарт “нэхэмжлэгч нь 2023.12.29-ний өдрөөс 2024.02.05-ны өдрийг хүртэлх хугацааны 14 удаагийн шилжүүлгийн мөнгийг хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр буцаан гаргуулахаар шаардаж байх боловч анх ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн хүсэл зориг тодорхойгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өөрийн данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна, зохигчдын тайлбараар М , Б нар 2022 оны 7 сараас 2023.10.15 өдрийг хүртэлх хугацаанд БНСУ-д, 2023.12.27-2024.02.10-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад хамт амьдарч байсан буюу эр, эмийн хувийн харилцаатай байсан болох нь тогтоогдож байна. Тэдний хоорондын хувийн харилцааны хүрээнд хариуцагчийн данс руу шилжүүлсэн хамтын амьдралын хэрэглээ амьжиргааны зардалд хэн нь хэдэн төгрөг зарцуулсан талаар зохигчдын хэн аль нь баримтаар нотолж чадаагүй тул тэдний хооронд ямар нэгэн үүрэг үүссэн гэж үзэхээргүй байх ба нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхгүй” гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хариуцагчаас мөнгө гаргуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн. Зохигчдын хоорондын харилцааг хамтын амьдралтай байсан. Үүнээс үүдэлтэй амьжиргааны зардал, хэрэглээнд зориулагдсан байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүхийн Магадлалын хянавал хэсгийн 4 дүгээрт “Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2023.02.07-ны өдрөөс 2023.02.05-ны өдрийг хүртэлх хугацааны 14 удаагийн шилжүүлгийн мөнгийг хариуцагчид ямар зорилгоор шилжүүлсэн хүсэл зориг тодорхойгүй буюу хариуцагч мөнгийг аваад буцаан төлнө гэж тохирсон үйл баримт тогтоогдохгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь хэрэгт авагдсан мөнгөн хөрөнгийн гүйлгээний баримтуудыг талуудын хамтын амьдралтай байсан цаг хугацаа болон талуудын тайлбартай дүгнэвэл тусдаа амьдарсан 2023.10.15-аас 2023.12.27 ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй. Тодруулбал, хамтын амьдралтай байх хугацаанд ахуйн хэрэглээний зардалд зарцуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” Иймд нэхэмжлэгчийн 2023.11.08-нд 2,200,000 төгрөг, 400,000 төгрөг, 202.11.13-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023.12.02-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023.12.19-ний өдөр 100,000 төгрөг, 2023.12.26-нд 400,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг шилжүүлснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж байгаа нь анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засаагүйн дээр хууль хэрэглээн дээр дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хамтын амьдралтай байсан гэж дүгнэсэн атлаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж мөнгө гаргуулсан.
Магадлалын хянавал хэсгийн 4, 4.1 дэх заалтын дүгнэлт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7, 8 дах заалтуудын дүгнэлтүүд нь хууль хэрэглээ болоод хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөр өөрөөр зөрүүтэй дүгнэсэн. Дээрх 2 шатны шүүхийн дүгнэлтээс харвал нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран амьдарсан энэ талаар анхан шатны шүүх дүгнэсэн, хариуцагч хамт амьдрахгүй харилцаагаа дуусгасан болохоор мөнгө нэхэмжилсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна, мөнгө шилжүүлэхдээ анх ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн хүсэл зориг тодорхойгүй, хариуцагч мөнгийг аваад нэхэмжлэгчид буцаан төлнө гэж тохирсон үйл баримт байхгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч юуны өмнө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 17,551,048 төгрөг нь хэдэн удаагийн гүйлгээгээр ямар зорилгоор, юунд зарцуулахаар, ямар хүсэл зорилгоор хариуцагч руу шилжүүлээд байгаа ба хэдэн төгрөгийг ямар хугацаагаар буцаан авах нөхцөлтэйгөөр тохиролцсон, мөн хэдэн төгрөгийг хамтын амьдралтай байх хугацааны хэрэглээ, хэдэн төгрөг нь хариуцагчийн дансыг ашиглаад шилжүүлээд байгаа талаар нэхэмжлэгч нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа талаар давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж, маргаанд хамаарах хуулийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг засаагүйн дээр нэмж мөнгө гаргуулж, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж маргаанд хамаарах хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн гаргасан дээрх гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.22-ны өдрийн 210/МА2024/02017 дугаар магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч болон түүний өмгөөлөгч Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.01.21-ний өдрийн 001/ШХТ2025/00084 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч М нь хариуцагч Б-д холбогдуулан 17,551,048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагчийн данс руу шилжүүлсэн 16,468,228 төгрөг, гадаад валют солиулсан мөнгөний үлдэгдэл 1,082,820 төгрөг, нийт 17,551,048 төгрөг гаргуулна. Учир нь, Солонгост ажиллаж байхдаа хариуцагчтай 2022 оны 7 сард танилцаж, 9 сараас хамт амьдарч, гэр бүл болно гэсэн итгэл үнэмшилтэй байсан, түүнийг нутаг буцсаны дараа араас нь очсон, ...2024 оны 2 сард хүүхдийнхээ аавтай хамт амьдарч байгааг мэдсэн, ...өөрийгөө өрх толгойлсон ээж, нөхрөөсөө салсан гэж худлаа хэлж, итгэлийг нь ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн тул өгсөн мөнгийг буцаан шаардана.” гэжээ.
Хариуцагч Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “...хамт амьдарч байсан нь үнэн боловч санхүүгээ тусдаа барьдаг байсан, ...нэхэмжлэгчээс мөнгө гуйж байгаагүй, өөрөө ажил эрхэлдэг байсан, ...нэхэмжлэгчид мөнгө буцаан төлөх үүрэггүй, мөнгө шилжүүлэхдээ бие биенийхээ дансыг ашигладаг байсан ч тухай бүрд нь шилжүүлсэн, ямар нэгэн өр төлбөрийн үлдэгдэл байхгүй.” гэсэн тайлбар гаргасан байна.
7. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,081,920 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч нь 2023.12.29-ний өдөр 6550 ам.доллар болон 2,600,000 воныг солиулж, нийт 31,576,820 төгрөгийг Б-ын дансанд шилжүүлсэн, хариуцагч нь 6 удаагийн гүйлгээ хийж, 1,081,920 төгрөгийг дутуу шилжүүлсэн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь 2023.02.07-ны өдрөөс 2024.02.05-ны өдрийг хүртэлх хугацааны 14 удаагийн шилжүүлгийн мөнгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр буцаан гаргуулахаар шаардаж байх боловч хариуцагч нь мөнгийг аваад нэхэмжлэгчид буцаан өгнө гэж тохирсон үйл баримт тогтоогдохгүй. Талууд 2022 оны 7 сараас 2023.10.15-ны өдрийг хүртэл БНСУ-д, 2023.12.27-ны өдрөөс 2024.02.10-ны өдрийг хүртэл Монгол Улсад хамт амьдарч, хувийн харилцаатай байсан үедээ хариуцагчийн данс руу шилжүүлсэн мөнгөнөөс хамтын амьдралын хэрэглээ, амьжиргааны зардалд хэн нь хэдэн төгрөг зарцуулсан талаар зохигчдын хэн аль нь баримтаар нотолж чадаагүй тул тэдний хооронд ямар нэгэн үүрэг үүссэн гэж үзэхээргүй, нэхэмжлэгчийг шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхгүй” гэсэн дүгнэлт хийсэн.
8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, гомдлын зарим хэсгийг хангахдаа “...хэрэгт авагдсан мөнгөн хөрөнгийн гүйлгээний баримтуудыг талуудын хамтын амьдралтай байсан хугацаа болон тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдний тусдаа амьдарсан 2023.10.15-ны өдрөөс 2023.12.27-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй. Тодруулбал, энэ мөнгөн хөрөнгийг талуудын хамтын амьдралтай байх хугацаанд ахуйн хэрэглээний зардалд зарцуулагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч нь дурдсан хугацаанд автомашин худалдан авахад нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь 2023.11.08-ны өдөр 2,200,000 төгрөг, 400,000 төгрөг, 2023.11.13-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023.12.02-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023.12.19-ний өдөр 100,000 төгрөг, 2023.12.26-ны өдөр 400,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг шилжүүлснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Харин анхан шатны шүүх хариуцагч 1,081,920 төгрөгийг дутуу шилжүүлсэн гэж дүгнэсэн шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй” гэж дүгнээд анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн вон, ам.доллар солиулсны зөрүү 1,081,920 төгрөг дээр нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 13,800,000 төгрөгийг нэмж, нийт 14,881,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
9. Хариуцагч болон түүний өмгөөлөгч Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
10. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2022 оны 09 сараас 2023 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд БНСУ-д, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад хамт амьдарч, хувийн харилцаатай байсан, БНСУ-аас хариуцагч Б нь 2023.10.15-ны өдөр, нэхэмжлэгч М нь 2023.12.27-ны өдөр тус тус Монгол Улсад ирсэн болох нь тогтоогдсон, энэ тухайд талууд маргаагүй.
11. Нэхэмжлэгч М нь Төрийн банк дахь өөрийн ... тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,200,000 төгрөг, 400,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 250,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч Б-ын ХААН банк дахь ... тоот дансанд, мөн ХААН банкны ... тоот данс руу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг төрсөн өдрийн мэнд хүргэе охиноос нь гэсэн гүйлгээний утгатай, ... тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөгийг хаалга машин гэсэн гүйлгээний утгатай, ... тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөгийг машин засвар гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Хариуцагч эдгээр баримтыг үгүйсгээгүй.
12. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв байна. Харин маргааны үйл баримтад ялгаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөр хэмжээгээр хангасан байна.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг мөнгө шилжүүлсэн хүсэл зориг тодорхойгүй, хариуцагч нь мөнгийг буцаан өгнө гэж тохирсон үйл баримт тогтоогдохгүй, М, Б нар хамт амьдарч байсан буюу хувийн дотно харилцаатай байсан болох нь тогтоогдож байна. Хувийн харилцаатай үедээ харилцан мөнгө шилжүүлсэн, хамтын амьдралын хэрэглээ, амьжиргааны зардалд зарцуулж байсан талаар тайлбарлах боловч хэн нь хэдэн төгрөг зарцуулсан талаараа баримтаар нотолж чадаагүй тул үүрэг үүссэн гэж үзэхгүй гэсэн агуулгаар тодорхойлсон. Харин давж заалдах шатны шүүх “...хэрэгт авагдсан мөнгөн хөрөнгийн гүйлгээний баримтуудыг талуудын хамтын амьдралтай байсан хугацаа болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдний тусдаа амьдарсан 2023.10.15-ны өдрөөс 2023.12.27-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй. Тодруулбал, энэ мөнгөн хөрөнгийг талуудын хамтын амьдралтай байх хугацаанд ахуйн хэрэглээний зардалд зарцуулагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж ялгаатай дүгнэсэн.
14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 13,800,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, талууд гадаад улсад болон эх орондоо хамт амьдарч, хувийн дотно харилцаатай байсан болон энэ харилцаа хариуцагчаас хамаарч өөрчлөгдсөн зэрэг маргаанд хамаарах чухал үйл баримт, хүсэл зоригийн илэрхийллийг үндэслэн нэхэмжлэгчээс тэдний тусдаа амьдарч байх үед шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаардах эрхийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “...шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хариуцагчаас мөнгө гаргуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, маргаанд хамаарах хуулийг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засаагүйн дээр нэмж мөнгө гаргуулж, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж маргаанд хамаарах хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/02017 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 232,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД