Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 201/ШЦТ/029

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч Т.М,
улсын яллагч М.О, 
шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К,
шүүгдэгчид Х.А, М.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А, М.Т нарт холбогдох 201704000036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
    Шүүгдэгч М.Т: И овогт Мийн Т, 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай,  эрэгтэй,  яс үндэс казах, дээд боловсролтой, газарзүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийг хамт амьдардаг, Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *****. 
    Шүүгдэгч Х.А: М овогт Хын А, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг, Дэлүүн сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******.
    Шүүгдэгч Х.А, М.Т нарын холбогдсон хэргийн талаар: 
    Шүүгдэгч М.Т, Х.А нар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Хы өвлийн байшингийн хаалга болон махны амбаарын хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг аравч, 1 ширхэг эсгийн гэрийн хөмсөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 345000 төгрөгийн хохирол учруулсан, 
    Мөн өдөр буюу 2017 оны 01 сарын 19-ний шөнийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Мын гараашийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “Кен” маркийн цахилгаан хөрөө 2 ширхэг, өрөм 1 ширхэг, хуучны дөш 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 470000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан бүлэглэж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн 03 цагийн үед Өлгий сумын 6 багийн иргэн Хы амбаарт орж 2 аравч, 1 дөш хулгайлж авсан. Түүний дараа Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Х.Мын гараашинд ороод 1 дөш, 1 өрөм, 1 цахилгаан таслагчийг хулгайлж авсан. Дээрх эд зүйлийг хулгайлаад Өлгий сумын 6 дугаар багт байрлах хөдөө нүүгээд явсан эцгийнхээ гэрт аваачиж нуусан ба 9 цагт цагдаад баригдсан. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. 
- Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бид хоёр ярилцаж байгаад 12 цагийн үед Х.А манайд ирэхээр нь дагаж гарсан. Шөнийн 03:00 цагийн үед Хы махны амбаарыг нь эвдэлж ороход дөш байхгүй байсан. Тэгэхээр нь тэдний байшингийн үүдэнд байгаа байх гэж онгойлготол байхгүй байсан тул тэнд байсан 6 аравч зэрэг эд зүйлийг аваад явсан. Өдөр манайд ирэхэд Мын гэрт дөш байсныг анзаарч харсан. Тэр үед Мын дөшийг хулгайлахаар гараашны хаалганы жижиг хаалгыг эвдэлж ороод  дөш, 2 өрөм, цохигч зэрэг 2-3 эд зүйл аваад гарсан. Шөнийн 3-4 цагийн үед Мын гэрт хулгай хийж 05 цагийн үед гэртээ харьж  амарсан. Хохирлыг бүрэн төлж өгсөн. Хулгайн гэмт хэрэг нь хүн амьдралдаа хийж болохгүй зүйлийн нэг гэдгийг ойлголоо. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэв. 
- Мөн шүүх хуралдаанд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, хохирогч Х.М, Д.Ф нарыг байцаасан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Ж.Нурболыг байцаасан тэмдэглэл, гэрч А.Тилекберген, Х.Заманбек нарыг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч Х.А, М.Т нарын гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч М.Т, Х.А нар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Хы өвлийн байшингийн хаалга болон махны амбаарын хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг аравч, 1 ширхэг эсгийн гэрийн хөмсөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 345000 төгрөгийн хохирол учруулсан, 
    Мөн өдөр буюу 2017 оны 01 сарын 19-ний шөнийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Мын гараашийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “Кен” маркийн цахилгаан хөрөө 2 ширхэг, өрөм 1 ширхэг, хуучны дөш 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 470000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан бүлэглэж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 04-05 дугаар хуудас/, 
    - Хэргийн газар буюу хохирогч Ж.Хы байшин болон хулгайлсан аравч зэрэг эд зүйлүүдийг нуусан байсан газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-13 дугаар хуудас/, 
    - Хэргийн газар буюу хохирогч Х.Мын гарааш болон шүүгдэгч М.Т уг гараашаас хулгайлсан хөрөө, дөш зэрэг эд зүйлүүдийг нууж тавьсан байсан газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч М.Т, X.А нар хулгай хийх үедээ өмсөж явсан гэх гуталнуудыг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
    - Хэргийн газарт үзлэг хийх үед шүүгдэгч нараас хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийж хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан ********* улсын дугаартай Елентра маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/,
    - Хохирогч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 сарын 19-ний өглөө 10 цагийн үед боссон ба бие засах гэж явж байхад гараашийн хаалга эвдэрсэн байдалтай, онгорхой байхаар нь дотор нь орж үзэхэд 2 ширхэг цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, хуучны дөш зэрэг эд зүйл алдагдсан байсан тухай цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
    - Хохирогч Д.Фгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... өглөө эрт 06 цаг 30 минутын үед нөхөр маань боссон байсан ба байшингийн хаалга онгорхой үлдсэн байна. Шөнө хаагаагүй юм уу гэж надаас асууж, намайг сэрээгээд гадаа гараад явсан. Гаднаас нөхөр маань буцаж орж ирээд махны амбаарын хаалгыг эвдлээд явсан байна гэж орж ирсэн. Тэгээд би гэрт болон амбаарт хулгай орсон байна гэж бодоод нөхөр бид хоёр эд зүйлсийг бүртгэж эхлэхэд байшингийн үүдний амбаарт байсан 4 аравч, махны амбаарт байсан 2 аравч, нэг эсгий гэрийн хөмсөг байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
    - Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 50, 58 дугаар хуудас/,
    - Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр болон шүүгдэгч нараас хураан авсан гутлын мөрөнд мөр судлалын адилтгалын шинжилгээ хийхэд  М.Т, Х.А нараас хураан авсан гутлын улны мөртэй тохирсон талаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-68 дугаар хуудас/,
    - Шүүгдэгч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... дөшийг   өндөр үнээр авдаг гэдгийг интернетээс харж байсан. Т дөшийг хараад хоорондоо ярилцаж, дөшийг хулгайлахаар тохирч, ярилцаад явсан. Тэгээд хоёулаа шөнийн 00 цаг өнгөрч байхад Тийн гэрт өөрийнхөө Элентра маркийн машинтай очсон. Т хоёулаа уулзаж сууж байгаад 0.5 литрийн Ёрөөл нэртэй архийг машин дотор хувааж ууж сууж байгаад би манай ээжийн охин дүүгийн гэрт дөш байдаг гэж сонссон. Нөхөр Х гэдэг хүн хуучин махны машин, аравч, аккумулятор гэх мэт зүйлсийг байнга худалдан авдаг учраас дөш байж магадгүй. ... шөнийн 03 цаг болж байсан байх тээврийн хэрэгслээ сайжруулсан шороон замын зүүн талд үлдээж өөрсдөө хашаа давж орж ирээд махны амбаарын хаалгыг гараараа татахад хаалганы хүрээний мод нь хугарч хаалга онгойсон ба дотор орж үзэхэд дөш байхгүй байсан. Тэгээд гэрийн үүдний амбаарт байж магадгүй гэж бодоод гэрийн хаалга татахад хаалга дотроос нь түгжээтэй боловч хүчээр татаж эвдэлж онгойлгон орж үүдний амбаараас дөшийг хайсан боловч байхгүй байхаар нь уг өрөөнд байсан 4 ширхэг аравчийг аваад гарсан. Мөн махны амбаарт байсан 2 ширхэг аравч болон нэг ширхэг эсгий гэрийн хөмсгийг аваад машинд очиж суусан. Тэгээд Тийн гэрийн хажуу талын айлыг өдөр зүсэж байсан дөшийг авъя гэж ярилцаад яваад очсон. Дөшийг өдөр засвар хийдэг тээврийн хэрэгслийн гараашанд зүсэж байсан болохоор гараашийн явган хүний хаалгыг тэнд байсан нэг төмрөөр эвдэлж онгойлгоод дотор нь орж үзэхэд дөш байсан. Дөшийн хамт 2 ширхэг цахилгаан таслагч, 1 ширхэг өрөм зэргийг гараашийн том хаалгаар аваад гарсан. ... Т бид хоёр хамт хулгай хийсэн, хулгай хийх санааг хоёулаа гаргаж, санал нийлж хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 88-92 дугаар хуудас/,
    - Шүүгдэгч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хоёулаа хоорондоо ярилцаад Аын аавын баз болох Хы амбаарт шөнийн 03 цагийн үед очиж, хаалгыг эвдэлж онгойлгоод дотор нь орж үзэхэд ямар нэгэн дөш байхгүй байсан. Тэр үед А гэрийн үүдний амбаарт тавьсан байж магадгүй гэж гэрийн хаалгыг гаднаас татаж эвдэлж ороод үүдний амбаараас дөш хайсан боловч олдоогүй. Тэгээд амбаарт байсан 4 ширхэг аравчийг авч гараад махны амбаарт байсан 2 ширхэг аравч, 1 эсгийн гэрийн хөмсөг аваад явсан. Аийн аавын базын гэрээс дөш олдоогүй болохоор манай гэрийн хажууд хөрш оршин суудаг М гэдэг хүний өдөр зүсэж байсан дөшийг хулгайлахаар очсон. Дөшийг өдөр тээврийн хэрэгслийн гарааш дотор зүсэж байсан болохоор гарааш руу орж үзье гэж гараашийн хаалгыг тэнд байсан нэг урт төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь ороход дөш байсан. Тэгээд дөшийн хажууд байсан 2 ширхэг цахилгаан таслагч, 1 ширхэг өрөм зэргийг аваад гараашийн дотор талын хаалгыг онгойлгоод машинд ачсан. Хулгайлсан бүх эд зүйлийг Аийн гэрийн нэг муу амбаарт оруулж тавьсан ба дөшийг хашааны буланд блокоор халхалж тавьсан. Тэгээд А намайг гэрт хүргэж өгөх үед гараашаас авсан өрөм машин дотор үлдсэн байсныг хараад би авч буугаад манай гэрийн урд талд байдаг шинээр барьж буй амбаарын дээр нь шидэж хаячаад гэрт өглөөний 05 цагийн үед ороод амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.А, М.Т нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
    Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Иймд шүүгдэгч Х.А, М.Т нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрээс 50000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хуульд заасан баривчлах ялаар шийтгэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 
Шүүгдэгч нарт шүүхээс ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. 
Шүүгдэгч Х.А, М.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.А, М.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
    Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан иргэн Ж.Нурболын нэр дээр бүртгэлтэй ********* улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь шүүгдэгч Х.А мөн болох нь хэрэгт авагдсан Ж.Нурболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр техникийн хяналтын үзлэгт оруулж шинэ гэрчилгээ аваад Х.Аэд 600000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед 500000 төгрөг өгсөн. 100000 төгрөг үлдсэн байсан тул нэр дээр нь шилжүүлж өгөөгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. 
    Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ********* улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийг болон шүүгдэгч М.Тээс 50000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж улсын орлого болгох шийтгэх тогтоолын биелэлтийг хангах зорилгоор түүний өмчлөлийн *********** улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна.     
    Шүүгдэгч М.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, ******** дугаартай үндэсний гадаад паспорт 1 ширхэг, Х.Аийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, ****** дугаартай үндэсний гадаад паспорт 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Х.А, М.Т нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцлоо.
Шүүгдэгч Х.А, М.Т нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Хын А, И овогт Мийн Т нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
 - Шүүгдэгч М.Тийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, М.Т нарт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.А, М.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн Х.Аийн эзэмшил, өмчлөлийн 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй, ********* улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар 
    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ********* улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.Тийн өмчлөлийн *********** улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.
    7. М.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, ******** дугаартай үндэсний гадаад паспорт 1 ширхэг, Х.Аийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, ****** дугаартай үндэсний гадаад паспорт 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч Х.А, М.Т нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.А, М.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК