Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2148

 

 

 

 

 

 

 

 

 

О.Р, Д.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01741 дүгээр шийдвэртэй, О.Р, Д.Г нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ст холбогдох, газар болон үл хөдлөх хөрөнгийг Р.Саранчимэгт үнэ төлбөргүй бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрсдийн дундаа хамтран өмчилдөг Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-1 тоот хаягт орших Г-2203006444 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 700 м.кв, 3 тал газрыг 45 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт охин Р.Саранчимэгт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Бид 2009 онд тус газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн, хашаанд байгаа 45 м.кв байшинг Р.Саранчимэгийн том хүүтэй хамт барьсан ба бусдад худалдахгүй, зээ хүүхдүүдэд өвлүүлэн үлдээнэ гэж бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Дээд шүүхийн 001/XT2018/00150 дугаар тогтоол гарч, охин Р.Саранчимэг нь А.Ариунболдод худалдсан хэлцэл хийснийг тогтоож шийдвэрлэснийг бид мөн оны 5 дугаар сард мэдсэн. Өөрсдийн өв хөрөнгөө үр ачдаа өвлүүлэх, тэднийг аятай тухтай амьдрах орчноор хангахад нь зориулж бэлэглэсэн. Гэтэл охин Р.Саранчимэг дур мэдэн худалдаж, биднийг ноцтой гомдоож байгаа тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэжээ. Бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш 6 жил өнгөрсөн ч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ шаардах эрх үүсэх гэж заасан байх тул мэдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Иймд 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Р.Саранчимэгтэй байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. 2002 онд гэрээ хийх үед 45 м.кв  сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан, 2012 онд Р.Саранчимэгийн өмчлөлд бүртгэсэн байдаг болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, шилжүүлэн авсан газар болон хувийн сууцыг эцэг, эхийнхээ нэр дээр буцааж өгөхийг хүсэж байна. Манай аав болон миний хүү болох н.Тэмүүлэн нар нь хувийн сууцыг барьсан бөгөөд аав маань гал дээр гарсан зээдээ өгнө гэж барьсан. Ингээд хашаа, байшингаа бэлэглэлийн гэрээгээр надад 2012 онд шилжүүлэн өгсөн юм. Тухайн үед байшингийн гэрчилгээ гараагүй байсан учир гэрээн дээр газар л бичигдсэн. Хүн амьдардаггүй байх үед тогны мөнгө нь их гараад байсан учир би ажлынхаа хүнийг хашаандаа буулгасан. Тухайн үед А.Ариунболдын ээжийн бие тааруу байсан ба зуны халуунд гэрт халуудаад байна гэхээр нь байшингийн түлхүүрээ өгсөн. Үүнээс хойш хашаа, байшинг түрээслэн амьдарч байхдаа хашаанд хүн буулгаад байсан учир би А.Ариунболдоос айлын тоогоор барьцааны мөнгө авсан. А.Ариунболд нөхрийг маань нас барснаас хойш хашаа байшинг худалдан авсан гэж нэхэмжлэл гаргаж, УДШ А.Ариунболдын талд шийдвэр гарсан. Яаж ч бодсон тухайн үеийн зах зээлийн ханшаас доогуур үнээр хашаа, байшингаа худалдахгүй нь тодорхой байхад шүүх түүний талд шийдвэр гаргасан. Үүнээс болж ээжийн бие муудаж, амьд байгаа дээр хашаа, байшинг буцааж нэр дээр болгож өг гэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж, хашаа, байшинг эцэг, эхийн нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-01 тоот хаягт орших Г-2203006444 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 700 м.кв, 3 тал 9 420 000 төгрөгийн үнэ бүхий газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт Р.Саранчимэгт үнэ төлбөргүй бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай О.Р, Д.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь тухайн шүүх хуралдаанд миний бие хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүгч “өмнө нь яагаад өмгөөлөгч аваагүй юм, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юм бол өмгөөлөгч авч яах гэж байгаа юм, хурал хойшлуулах гэж байгааг чинь ойлгохгүй байна” гэх мэтээр надтай ширүүн харьцаж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Миний бие шүүгчийн туслахыг хуралдаан хийхгүй гэхээр нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй юм. Иймд шүүх миний өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн үйлдлийг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Р, Д.Г нар нь хариуцагч Р.Саранчимэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-01 тоот Г-2203006444 дугаар  өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 700 м.кв, 9 420 000 төгрөгийн үнэ бүхий газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт үнэ төлбөргүй бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүлээн зөвшөөрч бэлэглэлийн гэрээний зүйлийг буцаан шилжүүлнэ гэж тайлбарлажээ.

 

Талууд 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бэлэглэлийн гэрээ /хх6/ байгуулж, нэхэмжлэгч О.Р, Д.Г нар өөрийн охин Р.Саранчимэгт дээрх хаягт байрлах газрыг үнэ төлбөргүйгээр бэлэглэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас бэлэг хүлээн авагчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор өмчлөх эрх үүсэхээр тусгасан байна.

 

Шүүх тэдгээрийн хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагч Р.Саранчимэг нь газрын өмчлөгч болсон, уг гэрээнд хувийн сууцны талаар тусгагдаагүй боловч хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/00150 дугаар тогтоолоор /хх7-12/ хариуцагч нь тухайн газар болон 45 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхээ А.Ариунболдод шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээнд бэлэглэсэн зүйлийг захиран зарцуулахыг хориглож, хязгаарласан заалтгүй байгаа нь хариуцагч Р.Саранчимэг өөрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг бусдад худалдсан үйлдлийг бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох талаар зохицуулсан Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан нь бэлэглэлийн зүйлийг бэлэглэгч нарт буцаан шилжүүлэх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хариуцагчийн давж заалдах гомдол гаргажээ. Хуульд зааснаар талуудын мэтгэлцэх эрх нь шүүхийн өмнө харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хэргийн оролцогч нар өөрсдийн байр суурийг нотлох, няцаах хэлбэрээр илрэх учиртай. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд талууд харилцан мэтгэлцэх шаардлагагүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн хэргийн үйл баримтад дүгнэлт хийснээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнийг буруутгахгүй.

 

Хариуцагч Р.Саранчимэг нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах талаар хүсэлт хэлсэн байх боловч шүүх хуралдаан даргалагчаас энэ талаар тодруулахад “нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа учир хурлаа хийлгэе” гэсэн нь дээрх хүсэлтээ дэмжсэн гэж үзэхгүй. Түүнчлэн шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан байх тул хууль зүйн туслалцаа авах боломжит хугацаа олгосон, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хүрэлцэн ирэхийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр /1хх31-32/ мэдэгдсэн боловч “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг /1хх34/ ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д зааснаар нэхэмжлэгч нар “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргээ биелүүлээгүй нь тэдэнд шүүхийг эрх, үүрэг тайлбарлах, хэргийн материал танилцуулах зэргээр шүүхийн гүйцэтгэвэл зохих ажиллагааг хийгээгүй гэж буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдалд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 162 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА