Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1059

 

 

 

 

 

 

        2020            8            20                                       2020/ДШМ/1059 

 

 

Э.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч С.Давааравдан,

Тэнгэр даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, Э.Мөнх-Эрдэнэ

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Э.Ст холбогдох эрүүгийн 1807006420067 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Төгөө овгийн Э.С, 1995 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Худалдаа хөгжлийн банк”-нд ахлах теллер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 4-28 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УХ95020301/;

 

Шүүгдэгч Э.С нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 07-11 УББ улсын дугаартай AUDI-Q7 загварын тээврийн хэрэгслийг жолоодон туршилтын жолоодлого хийж явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг зөрчиж Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн засмал зам дээр 07-33 УБО улсын дугаартай AUDI-Q5 загварын тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, зам тээврийн осол гарган “Старчейс мотоспортс Монголиа” компанид 07-33 УБО улсын дугаартай AUDI-Q5 загварын тээврийн хэрэгслийн эвдрэлд 50.114.301 төгрөг, 07-11 УББ улсын дугаартай AUDI-Q7 загварын тээврийн хэрэгслийн эвдрэлд 71.796.543 төгрөг, нийт 121.910.844 төгрөгийн хохирол, зорчигч М.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.С нь “Улаанбаатар хотоос Төв аймаг орох маршруттай явсан. Эмчилгээний зардлын зарим нь эргэлзээтэй байгаа учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хариуцагч К.Жархынбек “...би хууль зүйн талаас нь судалж үзэхэд Эрүүл мэндийн яамны сайдын гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтанд багтаагүй байсан. Манай компаниас гэмтлийн эмнэлэгт албан ёсоор хүсэлт тавьж, хариу ирүүлэхийг хүссэн. Хариу ирүүлэхдээ хохирогч өөрийн хүсэлтээр гадаад улсад явж эмчлүүлэх хүсэлт гаргаж өгсөн тул эмнэлгээс комиссийн шийдвэр гарсан. Манай компанийн зүгээс Төгөлдөрт өгсөн 9.210.814 төгрөгийг тэрнээс 5.000.000 төгрөгийг О.Дөлгөөн хүлээн авсан. 2018 оны 11 дүгээр 29-ний өдөр Төгөлдөрийн “ХААН банк”-ны дансанд 4.210.814 төгрөгийг шилжүүлсэн”гэх, Иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ: “Осол гарсанаас хойш 1 жил гаруй хугацааны дараа хийсэн үнэлгээ ба даатгуулагч өөрөө гаргаж өгсөн үнэлгээ. “Старчейс мотоспорт Монголиа" ХХК нь өөрөө тухайн маркийн машинуудын сэлбэгийг Монголд оруулж ирэх албан ёсны эрхтэй байгууллага. ...Тухайн машинууд хаана байгаа ямар гэмтэл учирсан талаар хяналт тавих тал дээр хариулах боломжгүй байна.” гэх, Иргэний нэхэмжлэгч С.Сугардалайгийн “Э.С нь манай даатгуулагч болох “Старчейс мотоспортс Монголиа" компанийн 07-11 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа өөрийн буруутай үйлдлийн улмаас Эрхэмбилэгийн жолоодож явсан мөн манайд даатгалтай 07-33 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж 2 автомашинд нийт 129.924.707 төгрөгийн хохирол учруулсан байна. ...07-11 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 77.830.970 төгрөгийг, 07-33 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 52.840.737 төгрөг буюу нийт 129.924.707 төгрөгийн хохирлын мөнгийг бүрэн шилжүүлсэн.” гэх, Тээврийн Цагдаагийн албаны 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт “Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бөмбөрцөгтэй уулзвараас 4 дүгээр зөрлөг явах замд” /1хх 7-10/,

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, “Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах лакаторын цэргийн ангийн баруун талд урдаас хойш чиглэлтэй Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн аспалтан зам дээр байв. ...солбилцолын цэгийг үзэхэд 47.54358 Е107.24210 гэж зааж байв” гэх /1хх 16-18/, Налайх дүүргийн газрын албаны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19/376 тоот албан бичигт: “Танай ирүүлсэн 47.54358, 107.242100° солбилцолтой газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хамаарч байна” гэх, /1хх 15/, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “Garmin etrex-30 маркийн GPS багажаар кординат авахад 1\1:47°44.184 Е:107°13.815 гэж зааж” гэх 1хх-159 дүгээр хуудас/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 07/315 тоот албан бичигт: “Улаанбаатар хот Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байна” /1хх-61/ мөн өмгөөлөгч С.Давааравдан, Э.Намжилцэрэн нарын судласан шинжээчийн дүгнэлт гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэхэд 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн хэргийн газрын үзлэгээр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бөмбөрцөгтэй уулзвараас 4 дүгээр зөрлөг гэж тэмдэглэсэн, 2019 оны 2 дугаар сарын  28-ны өдрийн нөхөн үзлэгээр солбилцолын цэгийг үзэхэд 47.54358, Е107.24210, 2019-04-28 өдрийн давтан үзлэгээр координат цэг N:47°44.184 Е:107°13.815 өөрчлөгдөж Налайх дүүргийн газрын албаны 19/376 тоот албан бичгээр “Сэргэлэн сумын” харин Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 07/315 тоот албан бичгээр “Налайх дүүргийн нутаг”  гэж тодорхойлсон баримтуудаас үзэхэд гэмт хэрэг Төв аймаг буюу Налайхын нутаг дэвсгэрийн аль нь болох нь эргэлзээтэй байна, Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” мөн хуулийн 3-т “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний обьектын талаарх мэдээллийг тусгана” мөн хуулийн 27.6 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт 3-т “Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж. шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана” гэж заажээ.

Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр шинжилгээ хийлгэх тухайн мөрдөгчийн тогтоолд шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр бичигдээгүй, байхад “Мастер Үнэлгээ” ХХК “Захиалагч Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс” гэж дүгнэлт гарсан, мөн “Старчейс мотоспортс Монголиа” нь байгууллагын тээврийн хэрэгслийн эд ангийн үнэлгээг тус байгууллагын эвдэрсэн гэж гаргаж өгсөн баримтанд тулгуурлан үнэлгээ хийсэн ба “Мастер Үнэлгээ”-ний гаргасан үнэлгээнд “Тэнгэр” даатгалын байгууллага хяналт тавиад “оролцогчийн санал хүсэлтийг аваагүй шууд 129.924.707 төгрөгийг шилжүүлсэн нь эргэлзээтэй, мөн №15254505 дугаартай үнэлгээнд гүйцэтгэгчийг төлөөлөн С.Гарсүрэн, Ж.Отгонбаяр, Д.Жанжив гэсэн мөртлөө дүгнэлтэнд Д.Жанчивын гарын үсэг зурагдаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаас бусад гэмт хэргийг хэн хаана, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ зэргийг тогтоогоогүй тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Э.Сын ялыг шалгаагүй /1хх-124/, хохирогчийн хохирлын талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн өвчний түүх байхгүй. Интермед эмнэлгээр эмчлүүлсэн хохирлын баримтыг хавтаст хэрэгт хийж, хохирлын баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байх тул мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн шаардлагатай нийцэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Э.Ст холбогдохэрүүгийн хэргийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэлдээ: “...Анх хэрэг гарсан талаарх гомдол, мэдээллийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст ирүүлснийг хүлээн авч шалгаад гэмт хэрэг гарсан газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хамаарч байна гэж дүгнээд хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт харьяаллаар шилжүүлсэн. Төв аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийн газарт нөхөн үзлэг хийж гэмт хэрэг гарсан газрын цэг, кординатыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 07/315 дугаатай албан бичгийг үндэслэн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болохыг тогтоож хэргийг гэмт хэрэг гарсан газар болох Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн. Тухайн гэмт хэрэг гарсан газар болон түүнээс цааш 4 дүгээр зөрлөг гэх газрын орчимд үйлдэгдсэн зам тээврийн ослын хэрэгт Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн цөөнгүй тохиолдол байгаа бөгөөд Э.Сын урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөсөн гэх газар нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа нь эргэлзээгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдана” гэсэн хуулийн заалттай нийцэж байна. Түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг баримталж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ. 8.2-т Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана гэж хуульчилсан бөгөөд мөрдөгчийн тогтоолд шинжээчийн нэрийг заавал зааж өгөх шаардлагагүй байна. “Мастер үнэлгээ” ХХК-ны гаргасан үнэлгээнд “Тэнгэр” даатгалын байгууллага хяналт тавих үүрэгтэй эсэх, энэ нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж шүүх үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хууль зүйн боломжтой бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна. Хэдийгээр шүүгдэгч Э.С түүний өмгөөлөгч нар нь хохирогч М.Төгөлдөрийн эмчилгээний зарим зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалж нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэй баримтуудыг нотлох баримтаар тооцох, эс тооцох нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтыг цуглуулж бэхжүүлэх нь мөрдөгч, прокурорын үүрэг биш юм.

Шүүгчийн захирамжид шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт Э.Сыг урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэж тэмдэглэсэн нь шүүх түүнийг ял эдэлж байгаагүйд эргэлзээгүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч өөрөө урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн, буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг хангалттай шалгаж тогтоосон тул Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор С.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч С.Давааравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. ...” гэв.

Тэнгэр даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

 

Тэнгэр даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Э.Ст холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт буй баримтуудаас үзэхэд Тээврийн Цагдаагийн албаны 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон актад: “...2018 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бөмбөрцөгтэй уулзвараас 4 дүгээр зөрлөг явах замд тест жолоодлого хийж явсан Аудит Q7 маркийн 07-11 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Энхцаг овогтой С /УХ95020301/ нь урдаа явсан Ауди Q5 маркийн 07-33 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тээврийн хэрэгслүүд эвдэрч зорчигч Төгөлдөр гэмтсэн гэх дуудлагыг үндэслэн зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 12 цаг 10 минутад хийхэд /шүргэх, онхолдох, мөргөлдөх, дайрах, мөргөх гэх мэт/ хэлбэрээр гарчээ. 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 11 цаг 25 минутанд осол хэрэг гарсан нь үзлэгээр тогтоогдов. ...” /1хх 7-10/

 

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах лакаторын цэргийн ангийн баруун талд урдаас хойш чиглэлтэй Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн аспалтан зам дээр байв. Осол болсон гэх газрын байршилийг тогтоох зорилгоор OPS map 64s солбилцолын цэгийг үзэхэд 47.54358, Е107.24210 гэж зааж байв. ...” /1хх 16-18/,

 

Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07/315 тоот албан бичигт: “Танай ирүүлсэн албан бичгийн дагуу солбилцлыг зурагт оруулан шалгаж үзэхэд манай аймгийн хилийн цэсийн гадна, Улаанбаатар хот Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байна” /1хх 61/, харин Налайх дүүргийн газрын албаны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19/376 тоот  албан бичигт: “...Танай ирүүлсэн 47.54358, 107.242100° солбилцолтой газар ньТөв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хамаарч байна. ...” гэх, /1хх-15  албан тоотуудаас үзэхэд тухайн зам тээврийн осол нь” Налайх дүүргийн нутаг дэвсгэр” эсхүл “Төв аймаг нутаг дэвсгэрийн” аль нь болох нь эргэлзээтэй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” мөн хуулийн 3-т “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний обьектын талаарх мэдээллийг тусгана” мөн хуулийн 27.6 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт 3-т “Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж. шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана” гэж заажээ.

 

Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр шинжилгээ хийлгэх тухайн мөрдөгчийн тогтоолд шинжилгээний байгууллагыг заагаагүй байхад “Мастер Үнэлгээ” ХХК  ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй бөгөөд тус компани “Захиалагч Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс” гэж  бичиж дүгнэлт гаргажээ. /2хх 204-205/ мөн №15254505 дугаартай үнэлгээнд гүйцэтгэгчийг төлөөлөн С.Гарсүрэн, Ж.Отгонбаяр, Д.Жанжив гэсэн мөртлөө дүгнэлтэнд шинжээч Д.Жанчив гарын үсэг зураагүй байгаа нь шинжээчийн дүгнэлт бүрэн бүрэлдэхүүнтэй гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. /2хх 221-222/

 

Мөн “Старчейс мотоспортс Монголиа” нь байгууллагын тээврийн хэрэгслийн эд ангийн үнэлгээг тус байгууллагын эвдэрсэн гэж гаргаж өгсөн баримтанд тулгуурлан үнэлгээ хийсэн ба “Мастер Үнэлгээ”-ний гаргасан үнэлгээнд “Тэнгэр” даатгалын байгууллага хяналт тавиад “оролцогчийн санал хүсэлтийг аваагүй шууд 129.924.707 төгрөгийг шилжүүлсэн асуудлыг ч тодруулах нь зүйтэй.

 

Яллагдагч  Э.Сын ял шийтгэлтэй эсэхийг шалгахдаа Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл дүн шинжилгээний албанаас ял шийтгэлийн талаарх лавлагаа авч хэрэв ял шийтгэлтэй бол эрүүгийн хэргийн төв архиваас холбогдох шүүхийн шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй бөгөөд хэрэгт буй  ял шалгах хуудас /1хх 124/ гэсэн хуулбар маягт дээр эрх бүхий байгууллагын албан ёсны тэмдэг дарагдаагүйгээс гадна ялгүй гэж хэн, хаана бичсэн нь тодорхойгүй бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаас бусад гэмт хэргийг хэн, хаана, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ зэргийг тогтоогоогүй тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа тул шүүгдэгч Э.Ст холбогдох хэргийг прокурорт буцаан нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй.

  

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                     Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ

 

                         ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ