Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2021/00510

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Таван богд групп-ийн төв байранд байрлах, улсын бүртгэлийн 9010001026, регистрийн ******* дугаартай, ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уулын Тахилт толгой гэх газар байрлах, улсын бүртгэлийн 1411011101, регистрийн ******* дугаартай, ******* ******* ******* ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9019021072, регистрийн дугаартай, - ХХК,

******* ******* ******* ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн ******* ******* ******* ХХК-ийн зарласан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 талбайд - ХХК-ийг түрээслэгчээр сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ь,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч , орчуулагч , гуравдагч этгээдийн өмгөөлөгч , гэрч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, аялал жуучлал, гадаад худалдаа, татваргүй барааны дэлгүүр ажиллуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийн зах зээлд хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг, үндэсний манлайлагч хувьцаат компани юм. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь татваргүй барааны дэлгүүр бөгөөд Улсын томоохон хилийн боомт болох Улаанбаатар төмөр замын төв буудал, Буянт-Ухаа нисэх онгоцны буудал, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомт зэрэг татваргүй барааны дэлгүүрийг тогтвортой ажиллуулж ирсэн. ******* ******* ******* ХХК нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжид талбай түрээслэгчээс санал авахаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С/С 316 дугаартай талбайд сонгон шалгаруулалт зарлаж, урилгыг Өдрийн сонин-оор дамжуулан заралсан. Уг урилгын дагуу түрээслэгчийн санал авах урилгыг худалдан авч, холбогдох компанийн баримт бичиг, үнийн саналыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. ******* ******* ******* ХХК-иас гаргасан урилгын 5 дугаар бүлгийн 8 дугаар зүйлд сонгон шалгаруулалтын дүнг 2019 оны 12 дугаар сард оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдээлэхээр заасан боловч сонгон шалгаруулалтын дүнг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулж, 2020 оны 1 дүгээр сард мэдээлнэ гэж урилгад заасан хугацаагаа хойшлуулсан талаарх мэдээллийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр [email protected] хаягаас ирүүлсэн. Тус компани нь сонгон шалгаруулалтын ярилцлагад 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр орсон боловч 3 хоногийн дараа буюу ******* ******* ******* ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр С/С 316 дугаар талбайд сонгон шалгаруулалтад тэнцээгүй талаарх и-мэйлийг ирүүлсэн. ******* ******* ******* ХХК нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй ил тод явуулаагүй, түрээслэгч сонгон шалгаруулах үйл явцыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байсан, оролцогч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн нь тодорхойгүй, ер нь оролцогчийг ямар шалгуур, дүрмээр дүгнэх нь тодорхойгүй, мөн сонгон шалгаруулах комисс болон ажлын хэсэггүй шалгаруулалтыг явуулсан. Мөн сонгон шалгаруулалтад ямар үндэслэлээр тэнцээгүй болох, сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалздаг зэрэг нь талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, шударга бус явагдсан гэж үзэж байна. Иймд ******* ******* ******* ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд тус компанийн 51 хувийг Жапан менежмент ХХК, 49 хувийг Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Улмаар ******* ******* ******* ХХК нь Улсын Үндэсний хөгжлийн газартай 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулсан. Тус концессын гэрээгээр олгосон эрхийн хүрээнд ******* ******* ******* ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын Зорчигч үйлчилгээний байгууламж болох терминал дахь зарим түрээсийн талбайд түрээслэгч сонгон шалгаруулах зорилгоор Түрээсийн санал хүлээн авах урилга-ын дагуу саналыг хүлээн авч, шалгаруулалт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 28 дугаар зүйл, Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам-ын 10, 17 дугаар зүйл болон Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах жишиг баримт бичиг, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг тус тус зөрчсөн байна гэжээ. С/С 316 дугаар бүхий талбайд үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ 8 компани ирүүлсэн бөгөөд нийт ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалуудыг үнэлж үзээд, үйл ажиллагаа, туршлага, борлуулалт, бүтээгдэхүүний төрөл, ажиллах хүч зэргийг үндэслэн сонгон шалгаруулахад -Аэрпорт ХХК шалгарсан. Одоогийн байдлаар тухайн компанитай түр гэрээ байгуулж, талбайн төлөвлөлт, засварын ажлыг эхлүүлээд байгаа. Сонгон шалгаруулалтын үр дүнд ******* ******* ******* ХХК-ийг шалгаруулаагүй гол үзүүлэлт нь бусад татваргүй барааны дэлгүүртэй харьцуулахад үйл ажиллагаа эрхэлсэн жил бага, барааны сонголт хангалтгүй, борлуулалт, ажиллах хүч муу байсан тул тус компанийг шалгуулахаас татгалзсан. Ингээд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтын үр дүнг оролцсон аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн. Иймд ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ... Концессын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1.2-т Концессын хугацааны туршид нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулах онцгой эрхтэй байна, 14 дүгээр зүйлийн 14.1-т Концесс эзэмшигч нь концессын хугацаанд өөрөө шууд, эсхүл гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах замаар концессын талбай болон концессын зүйлийн арилжааны аливаа боломжийг хууль тогтоомжийн хүрээнд ашиглах онцгой эрхтэй ба үүнд дараах арилжааны боломжууд багтана гээд 14.1.5-д Зорчигч терминалын барилгын концессын бус зүйл болох VIP лонжийн хэсгээс бусад хэсэгт жижиглэнгийн худалдаа, хоол хүнс болон уух зүйл /үүнд татваргүй бараа хамаарна/ борлуулах эрхийн түрээсийн талаар гэрээ байгуулах гэж заасан. ... Мөн сонгон шалгаруулалтын урилгад Сонгон шалгаруулалтын арга, үр дүн, сонгон шалгаруулалтын үр дүнг нийтэд мэдээлэхгүй бөгөөд үүнтэй холбоотой асуултад хариулахгүй болно гэж дурдсан тул нэхэмжлэгч талаас нээлттэй зарлахыг шаардсан шаардлагыг биелүүлэх боломжгүй. Нөгөө талаар, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын зорчигч терминалын барилга нь манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлгүй тул нэхэмжлэлд дурдсан холбогдох төрийн өмчийн хөрөнгийг түрээслэх дүрэм, журам, сонгон шалгаруулалтын жишиг журмыг бид мөрдөх шаардлагагүй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд - ХХК-ийн захирал шүүхэд гаргасан шаардлагадаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж буй ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт тус компани нь гуравдагч этгээдээр оролцох болсон тул Иргэний хэрэш шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүлийн 29.1, 29.2-т зааснаар дараах бие даасан шаардлага гаргаж байна. ******* ******* ******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 дугаар талбайд түрээслэгч сонгон шалгаруулахаар шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтын урилгад оролцох компаниудад тавигдах шаардлагад заасны дагуу тус компани уг сонгон шалгаруулалтад оролцож, улмаар шалгарсан. Ингээд бид ******* ******* ******* ХХК-тай түрээсийн урьдчилсан гэрээ байгуулж, бидний хооронд эрх, үүрэг үүссэнээр гэрээний дагуу ажиллаж, нийт 330.367.085 төгрөгийг зарцуулсан байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь уг сонгон шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, тус компанид давуу байдал бий болгож, шударга бус өрсөлдөөн бий болгож, хариуцагч компанитай хуйвалдсан мэтээр илт худал үндэслэл гаргаж, маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хэргийн материалд авагдсан сонгон шалгаруулалтын урилга буюу түүнд заасан сонгон шалгарлуулалтын журам, сонгон шалгаруулсан хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн этгээдүүдийн харьцуулалт зэрэг баримтаар тус компани нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-иас ажилласан жилийн туршлага, ажилтнуудын тоо, бусад улсад нийт 15 татваргүй барааны дэлгүүртэй, брендүүдтэй шууд гэрээтэй, тэдгээр брендүүдээс 3 сар тутам ажилчдад сургалт ордог, тээвэрлэлт, барааны менежмент сайн зэрэг давуу талаараа бусад өрсөлдөгч этгээдээс ялгарч сонгон шалгарсан юм. Мөн ******* ******* ******* ХХК нь Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор Улсын 49 хувь, Япон Улсын 51 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдсан Улсын хуулийн этгээд. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 568 дугаар тогтоолоор хариуцагч компанийг хувийн эрх зүйн хуулийн этгээд гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл болон Орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өөрийн өмчийг түрээслүүлэх журам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг, мөн газрын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэрэг нь хувийн эрх зүйн хуулийн этгээдэд хамааралгүй буюу сонгон шалгаруулалтад хэрэглэгдэх эрх зүйн баримт бичиг биш. Иймээс хувийн эрх зүйн хуулийн этгээд нь өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд сонгон шалгаруулалтаа шударгаар явуулж, -Аэрпорт ХХК-ийг сонгон шалгаруулсан тул ******* ******* ******* ХХК-ийн зарласан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 талбайд - ХХК-ийг түрээслэгчээр сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөр болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд - ХХК-д холбогдуулан ******* ******* ******* ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч болон хариуцагчид холбогдуулан ******* ******* ******* ХХК-ийн зарласан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 талбайд - ХХК-ийг түрээслэгчээр сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар компани хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх ба хариуцагч ******* ******* ******* ХХК нь Улсын Засгийн газартай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөлийг хэрэгжүүлэх концессын гэрээ[1], Компанийн дүрэм[2]-ийн Үйл ажиллагааны чиглэл хэсэгт тус тус зааснаар агаарын тээврийн туслах үйл ажиллагаа, хуурай замын тээврийн үйл ажиллагаа зэргээс гадна талбайн түрээсийн үйл ажиллагаа эрхэлж, концессын гэрээний 15 жилийн хугацаанд тус Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг жигдрүүлж, нисэх буудлын үйлчилгээний ноу-хау, олон улсын сайн туршлага, стандарт, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллах үүргийг хүлээжээ.

Концессын гэрээний 11.5.1, 11.5.4, 14.1.5-д[3] зааснаар ******* ******* ******* ХХК нь нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх болон нисэх буудлын бизнес эрхлэх зорилгоор хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдэд нийцүүлэн, худалдан авах ажиллагааны шаардлага, стандартыг хангаж байгаа, өрсөлдөхүйц үнэ санал болгосон дотоодын хуулийн этгээдүүдтэй тэргүүн ээлжинд гэрээ байгуулахыг эрмэлзэн ажиллах, зорчигч терминалын барилгын VIP лоунжийн хэсгээс бусад хэсэгт жижиглэнгийн худалдаа, хоол хүнс, татваргүй бараа борлуулах эрхийн түрээсийн талаар гэрээ байгуулах эрхийнхээ хүрээнд Улсад бүртгэлтэй, дотоодын хуулийн этгээдүүдийн саналыг авч, сонгон шалгаруулалтад оролцуулсан нь хууль болон концессын гэрээг зөрчөөгүй байна.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Тахилт толгой гэх газар байрлах Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч, үйлчилгээний байгууламжид бэлэг дурсгал, нийтийн хоол, үйлчилгээ зориулалтаар байр талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж, энэ тухай өдөр тутамын Өнөөдөр сонинд[4] нийтэлснээс үзэхэд сонгон шалгаруулалтыг тодорхой хэдхэн компанийн дунд зарлаагүй, нийтэд нээлттэй зарлаж, адил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон компаниуд хоорондоо өрсөлдөх боломжийг олгосон байх тул нэхэмжлэгчийн Сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулаагүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Уг сонгон шалгаруулалтын зарын дагуу сонгон шалгаруулалтын баримтыг нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-иас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* Улаанбаатар ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч компаниас шалгаруулалтыг 2020 оны 1 дүгээр сард багтаан явуулахаа, мөн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтад тэнцээгүй тухай мэдэгдэл и-мэйл[5] хаягаар дамжуулан ирүүлсэн талаар талууд маргаагүй.

Хэргийн 1 дүгээр хавтасны 89 дүгээр тал, 97-98, 99-111, 217 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулсан байх ба тухайн сонгон шалгаруулалтад буюу түрээсийн С/С 316 дугаар талбайд саналаа нийт 8 компани ирүүлснээс - ХХК, ******* ******* ******* ХК-ийг тус тус хоёрдугаар шалгаруулалтад оруулж, тэдний төлөөлөгч нартай 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр болон 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр уулзалт хийсэн тухай тэмдэглэл авагдсан, уг уулзалтын үр дүнд уг талбайг түрээслэгчээр - ХХК-ийг сонгон шалгаруулсан тухай 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Хурлын тэмдэглэл гэх баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч нь Сонгон шалгаруулалтыг 2020 оны 1 дүгээр сард багтаан явуулж хариу мэдэгдэнэ гэсэн атлаа 2 дугаар сард явуулж, тодорхойгүй шалтгаанаар хугацаагаа хойшлуулж байсан хэмээн маргаж байгаа боловч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч нар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр уулзалтад оролцохдоо энэ талаар гомдлоо тухайн үедээ гаргаагүй байна. Тэгэхээр заралсан хугацаандаа сонгон шалгаруулалтыг явуулаагүй талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас хугацаа хойшлогдсон талаарх мэдэгдлээ ирүүлж байжээ.

Мөн нэхэмжлэгч Оролцогч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн нь тодорхойгүй гэж маргах боловч хэргийн 2 дугаар хавтасны 133-160 дугаар талд авагдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын зорчигч терминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга-ын урилгын 12 дугаар хуудаст Талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргах заавар хэсгийн 3 дахь хэсэгт Санхүүгийн хувьд зохих чадвартай, тогтвортой удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг байх, өндөр чанарын бараа бүтээгдэхүүнээр үйлчилж, сайн чанарын үйлчилгээ үзүүлэх чадвартай, бизнесийн туршлагатай байх, шаардлагатай зөвшөөрөл, лиценз бүхий ажилтнуудыг авч ажиллуулах чадвартай байх, сүүлийн 2 жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага гэх мэт төрийн байгууллагуудаас үйл ажиллагааг нь зогсоох ноцтой мэдэгдэл хүлээн аваагүй байх, сүүлийн 2 жилд аливаа татвар, хураамж төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргаагүй байх бөгөөд орон нутаг, улсын чанартай татвар, хураамжийг төлсөн байх, хууль зөрчсөн аливаа үй л ажиллагаа явуулдаггүй байх, тухайн бизнесийн чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх гэж, мөн урилгын 14 дүгээр хуудсын 7 дахь хэсэгт Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичигт үндэслэн Түрээсийн талбайн худалдаа, үйлчилгээний чиглэл, зориулалтад нийцсэн байдал болон Бизнесийн туршлага-ын цогц үнэлгээнд тургуулаж, сонгон шалгаруулна хэмээн заасан байх ба хэргийн 1 дүгээр хавтасны 89 дүгээр талд авагдсан баримтад дээрх шалгуураар үнэлгээг гаргасан талаар дурджээ.

Мөн нэхэмжлэгч Сонгон шалгаруулалтыг сонгон шалгаруулах комисс, ажлын хэсэг байгуулахгүйгээр явуулсан, мөн тэмдэглэл-ээр шийдвэр гаргасан гэх үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан боловч энэ нь тухайн сонгон шалгаруулалт зарласан компанийн дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд үүнд шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй.

Тэмдэглэл[6]-д хуралд оролцсон ******* ******* ******* ХХК-ийн эрх бүхий этгээдүүд болон С/С 316 дугаар талбайг түрээсчлэгчээр - ХХК-ийг сонгосон талаар тус тус дурдсан байгаагаас үзэхэд тухайн маргаан бүхий талбай түрээслэгчийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гарсан байна. Түүнчлэн уралдаант, сонгон шалгаруулалтыг зарласан этгээд нь уг эрхийг хэнд олгохоо өөрөө шийдвэрлэх бөгөөд үүнд заавал шалгаруулах эрх бүхий комисс томилсон байхыг шаардахгүй, шалгаруулалтыг заралсан этгээд өөрөө сонгон шалгаруулсан байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулснаар ямар эрх зүйн үр дагаварт хүргэхийг хүссэн нь ойлгомжгүй, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тухайн сонгон шалгаруулалтыг хүчин төгөлдөрт тооцуулахаар гаргасан шаардлагыг шүүх хангасан тохиолдолд уг компанийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, хариуцагч нь С/С 316 дугаар талбайд сонгон шалгаруулалт явуулж, шаардлага хангасан гэж үзсэн компанийг сонгосноороо сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээдүүдийн ямар ч эрхийг зөрчөөгүй, мөн хохирол учруулаагүй байна.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2-т Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж, шалгарсан этгээдэд эрх олгохоор нийтэд зарласан хуулийн этгээд нь заралсан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн эрхийг олгох үүрэг хүлээх, мөн тухайн уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно гэж заасан.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас өөрийн компанийн үйл ажиллагааны зорилго болон дээрх хуульд заасны дагуу Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын зорчигч терминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга-ыг оролцогч нарт хүргүүлж, ямар болзол шаардлага хангасан этгээдийг түрээслэгчээр сонгон шалгаруулахаа тодорхой дурдсан байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2, 421.10 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар гэрээ байгуулах санал гаргасан тул уралдаант шалгаруулалт зарласан гэж үзэхгүй хэмээн маргасан боловч гэрээ байгуулах саналыг тодорхой, хэсэг бүлэг этгээдэд хандан гаргадаг, харин уралдаант шалгаруулалтыг нийтэд мэдээлж, хэн болоод хэдэн хүн мэдэх боломжтой байх нь тодорхойгүй байдаг.

Өөрөөр хэлбэл, уг хэргийн хувьд ******* ******* ******* ХХК нь өдөр тутамын сонинд уралдаант шалгаруулалтын зараа нийтэлж, болзол хангагдсан хэн ч тухайн шалгаруулалтад оролцох боломжийг олгосноороо Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд заасан Уралдаант шалгаруулалт заралсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэргийг зөрчсөн талаар дурдсан боловч энэхүү хууль болон журмууд нь хувийн эрх зүйн хуулийн этгээдэд хамааралгүй тул энэ тухай дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2, 421.10, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд - ХХК-д холбогдуулан гаргасан ******* ******* ******* ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч болон хариуцагчид холбогдуулан гаргасан ******* ******* ******* ХХК-ийн зарласан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 талбайд - ХХК-ийг түрээслэгчээр сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд - ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус тусын 70.200 төгрөг, нийт 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудад үндэслэн аль компани нь борлуулалтаараа илүү байсныг санхүүгийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах тухай хүсэлт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул уг хүсэлтийг хангахаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2021/03974 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2, 421.10, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд - ХХК-д холбогдуулан гаргасан ******* ******* ******* ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч болон хариуцагчид холбогдуулан гаргасан ******* ******* ******* ХХК-ийн зарласан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 талбайд - ХХК-ийг түрээслэгчээр сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2021/03974 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд - ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус тусын 70.200 төгрөг, нийт 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын Шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 140-197 дугаар тал,

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 112-139 дүгээр тал,

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 158, 162 дугаар тал,

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 17 дугаар тал,

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 15-16, 19 дүгээр тал,

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 217-218 дугаар тал, мөн 2 дугаар хавтасны 161 дүгээр тал,