Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2021/00867

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапит харш хороолол, 31 дүгээр байр, 01-06 тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогтой *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Нарстын адаг гэх газар оршин суух, регистрийн дугаар , овогтой *******д холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр *******гийн хамтаар 2019 оны 4 дүгээр сард хариуцагч нарт 61.000.000 төгрөг төлж, хариуцагч нараас эрх шилжүүлэх гэрээгээр ******* дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамж, 45-51 тоотод байрлах 7 айлын 4900 м.кв талбай бүхий газрыг худалдан авсан. ... Шүүхийн шийдвэрийн дагуу ******* дүүргийн Газрын алба эрх шилжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлэж, тус дүүргийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/163 тоот захирамжаар уг газрыг 15 жилийн хугацаатай миний бие болон нөхөр ******* нар эзэмшихээр болсон. Хариуцагч Тухайн хашаан дотор байрлах гэрийг захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн тул түр зуур байлгаж байгаач, маргаан дууссаны дараа гэрээ нүүлгэнэ гэсэн боловч өдий хүртэл гэрээ нүүлгээгүй. Тухайн газартаа бид 60.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бетон хашаа барьж, мод тарьж тохижуулсан. Тухайн газар дээрээ байшин барих гэхээр хариуцагчийн бариатай байгаа гэр саад болоод байгаа тул удаа дараа гэрээ нүүлгэхийг шаардсан боловч шаардлага биелүүлэхгүй чирэгдэл учруулж байна. Энэ асуудлаар тус дүүргийн Газрын албанд хандсан боловч Шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч ******* надад ******* дүүргийн Засаг даргын А/163 тоот захирамжаар эзэмшүүлсэн тус дүүргийн 32 дугаар хороо, Хайрхан гудамж, 45 тоот хаягт байрлах 1801602312 тоот нэгж талбарын дугаартай эзэмшлийн газарт хууль бусаар байрлаж буй хариуцагч *******гийн гэрийг албадан буулгаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар *******ийн нэхэмжлэлийг харьяалал зөрчиж, иргэний хэрэг үүсгэсэн. Миний ээж ******* 2018 онд Улаанбаатар хот руу шилжиж, ******* дүүргийн 32 дугаар хороонд амьдардаг болсон. Энэ нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05/81 тоот тодорхойлолт, ******* дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Иймд *******ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхийг хүсэж энэхүү тайлбарыг гаргав гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийн 12 дугаар талд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4825 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хэргийн 25 дугаар хуудаст авагдсан Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ дугаар 000090095, 26 дугаар хуудаст авагдсан нэгж талбарын 1801602312 дугаартай газрын кадастрын зураг, 27-28 дугаар хуудаст авагдсан 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01116-2020/07510 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 68 дугаар хуудаст авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн баримт, 70-71, 73 дугаар хуудаст авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс үзэхэд иргэн *******ийн эзэмшлийн Улаанбаатар хот, ******* дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 45 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий газрыг ******* нь худалдан авч, улмаар тухайн газрын гэрчилгээг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн Засаг даргын А/163 тоот захирамжийг үндэслэн ******* шилжүүлэн авсан, тухайн газарт хариуцагч *******гийн эзэмшлийн гэр байрлаж байгаа нь тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь газар чөлөөлүүлэх тухай хүсэлтийг ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч тухайн албанаас 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17/2140 дүгээр албан бичгээр хариу өгөхдөө шүүхэд хандан энэхүү асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэсэн гэж үзэж нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэсэн болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

Тэгэхээр ******* дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамж, 45 тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий газар нь иргэн *******ийн эзэмшилд шилжсэн бөгөөд тэрээр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар шударга эзэмшигч мөн байна.

Иймээс тэрээр өөрийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгож, уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар шүүхэд гаргахдаа Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу хүлээн аваагүй гэж үндэслэлээ тайлбарласан.

Гэвч хэрэгт авагдсан ******* дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тодорхойлолтод *******г тус хорооны Хайрханы 6-48 тоотод 2018-2020 он хүртэл амьдарч байсан гэж дурдсан байгаагаас үзэхэд тэрээр тухайн хаягт одоо оршин суудаггүй, өмнө нь амьдарч байсан. Мөн хэргийн 6, 11 дүгээр хуудаст ******* дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 892, 894 дүгээр тодорхойлолтуудаар ******* тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Түүнчлэн хэргийн 7 дугаар хуудаст авагдсан Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод ******* нь тус багийн Нарстын адаг гэх хаягт оршин суудаг гэсэн, хариуцагч талаас шүүх хуралдаанаас өмнө ирүүлсэн баримтад Иргэн ******* тухайн хаягтаа оршин суудаг байсан, одоо ******* дүүргийн 32 дугаар хороо руу шилжсэн гэх боловч яг ямар хаягт шилжин очсон талаарх мэдээлэл, баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүх хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авсан, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот, ******* дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 45 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1801602312 дугаартай, эзэмших эрхтэй газарт байрлах хариуцагч *******гийн гэрийг албадан буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот, ******* дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 45 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1801602312 дугаартай, эзэмших эрхтэй газарт байрлах хариуцагч *******гийн гэрийг албадан буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА