Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 030

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, 
орчуулагч А.Еркегүл, 
улсын яллагч М.Фарида,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр,
Шүүгдэгч Х.Багланбек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
 Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санырау овогт Хажмуханы Багланбект холбогдох эрүүгийн 201704000047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х.Багланбек: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Санырау овогт Хажмуханы Багланбек, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БЮ91100735. 
Шүүгдэгч Х.Багланбекийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Багланбек нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Ахханатын бильярд тоглоомын газарт буюу орон байранд цонхоор дамжин хууль бусаар нэвтэрч “bolion” гэсэн бичигтэй, 220, 380 вт хүчин чадалтай гагнуурын аппарат, “Кеn” маркийн таслагч /цахилгаан хөрөө/ багаж болон 20м урттай цахилгааны кабель утсыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
- Шүүгдэгч Х.Багланбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр байх хэдний өдөр байсныг тодорхой санахгүй байна, мөнгөний хэрэг болоод Өлгий сумын 10 дугаар багт байрлалтай гадна талд ямар нэгэн хаяг байхгүй бильярд тоглоомын газрын ард талын цонхыг хагалж дотор нь орж, урд өмнө бильярд тоглож байхад харж үзэж байсан гагнуурын аппарат, цахилгаан /жижиг хөрөө/ таслагч багаж хоёрын цахилгаан кабель утасны хамт хулгайлж аваад гудамжинд хэвтэж байсан шуудайнд хийгээд бильярдын ард талд орхиж зам дээр гарч хүн амьтан байгаа эсэхийг шалгах гэж гарсан үед зам дагуу манай хөрш айлын залуу болох М.Назар явж байхад нь тааралдсан. Тэгээд М.Назарт нэг юм өргөлцөөд гэрт хүргэж өгөөч гэж гуйсан үед М.Назар надад за тэгье гэж хэлсэн. М.Назарт би наана байж бай гэж тааралдсан газарт үлдээж өөрөө гүйж бильярдны тоглоомын ард талд байгаа шуудайнд хийж тавьсан эд зүйлийг авч гарч ирсэн. Шуудайн нэг талыг М.Назар өргөлцөж манай гэрийн хүргэж өгөөд М.Назар өөрийнхөө гэр лүү яваад өгсөн. Би хулгайлсан эд зүйлсийг хашаанд байгаа Зил-130 маркийн машины бүхээг дотор нуучихаад гэрт ороод амарсан байсан. Шуудайнд хийсэн эд зүйлсийг өргөж манай гэр лүү ирж байх замдаа М.Назар надаас энэ юу бэ, хаанаас авсан бэ гэж асуухад би зүгээр төмөр байгаа, миний өөрийн эд зүйл байна гэж хэлсэн. Тэгээд М.Назар надаас дахин юм тодруулж асуугаагүй, би ч гэсэн илүү ямар нэгэн зүйл хэлээгүй, хулгай хийж явж байгаа талаар ч хэлээгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэн миний буруу, би буруугаа зуун хувь хүлээж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Х.Ахханатаас уучлалт гуйсан. Хохирогч ч гэсэн намайг уучилсан юм. Тийм учраас надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 48-53 дугаар хуудас/, 
- Шүүгдэгч Х.Багланбекийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 21–ний өдрийн Домбырагийн хажууд байрлах бильярд тоглодог газраас гагнуурын аппарат, таслагч хоёрыг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч байна. Дээрх эд зүйлсийг нууж байгаад эзэнд нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 
- Хохирогч Х.Ахханатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 380, 220 вольт гаргадаг зөөврийн гагнуурын аппарат, мөн “Ken” маркийн жижиг таслагч /хөрөө/, гагнуурын аппарат болон таслагч тус бүрт 20 метрийн урттай нийт 40 метрийн цахилгааны 220 вольтын 2.2-ын зэс утас /кабель/ зэрэг эд зүйл хулгайд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр алдагдсан. Гагнуурын аппаратыг 2016 оны 08 дугаар сарын 15-ны үед БНХАУ-д очиж 200.000 төгрөгөөр худалдаж авсан ба одоо зах дээр 250.000-300.000 төгрөг гэсэн хоёр өөр үнэ ханштай байгаа. Би өөрөө цахилгаанчин мэргэжилтэй хүн учраас сайн мэдэж байна. 250.000 төгрөгийн аппарат нь болохоор хөнгөн цагаан голтой байдаг, 300.000 төгрөгийн аппарат нь болохоор зэс голтой байдгаараа ялгаатай байдаг. Миний аппарат бол зэс голтой нь байгаа. Зэс голтой аппаратын чанар, хүчин чадал нь өндөр байдаг. Таслагчийг 2016 оны 06 дугаар сард “Ах дам” захаас 80.000 төгрөгөөр худалдаж авсан, 40 метрийн цахилгаан утсыг 1 метрийг 2000 төгрөгөөр бодож нийт 800000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
    - Гэрч М.Назарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Х.Багланбекийн гэр нь манай гэрийн хажууд байдаг, нэг ёсонд хөрш айл гэсэн үг. Олон жил хамт нэг газар оршин суудаг учраас сайн танина. Гэхдээ төрөл садангийн холбоо, дотны найз нөхдийн холбоо байхгүй. Зүгээр танил юм. Миний бие 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр байх өдрийн яг тодорхой санахгүй байна. Аймгийн төвд хэсэг найз нартаа уулзаж, гадаа машин дотор сууж байгаад 10 ширхэг лаазтай шар айраг уусан. Тэгээд би явган гэр лүүгээ явж байх замдаа буюу домбортой хөшөөний уулзварын харалдаа ирсэн үедээ манай хөрш залуу болох Х.Багланбек тааралдаж, надад нэг юм өргөлцөөд гэр хүргэлцээд өгөөч гэж гуйхаар нь би за гэж хэлсэн. Тэгээд Х.Багланбек надад байж бай гэж хэлээд өөрөө бильярд тоглоомын газрын араар ороод нэг шуудайтай зүйл өргөж авч гарч ирээд энийг өргөлцөөд гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би шуудайн нэг талаас барьж уг зүйлсийг Х.Багланбекийн гэрийн гадаа хүртэл хүргэж өгөөд гэр лүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/, 
    - Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, 
- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
    - Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35, 40 дугаар хуудас/, 
- Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, 
- Шүүгдэгч Х.Багланбекийн ээж Х.Айгүлийн талаарх 2 ширхэг тодорхойлолт, 
    - Төлбөрийн талаарх баримт /хх-ийн 54 дүгээр хуудас/, 
    - Хохирогч Х.Ахханаттай утсаар холбогдож авсан тайлбар, 
    - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч Х.Багланбек нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Ахханатын бильярд тоглоомын газарт цонхыг нь хагалж орон “Ken” маркийн цахилгаан хөрөө, “Bolion” гэсэн бичигтэй цахилгаан гагнуурын аппарат, 20 м урттай цахилгааны кабель утсыг хулгайлж хохирогч Х.Ахханатад нийт 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Багланбекийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, хохирогч Х.Ахханатын мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч М.Назарын мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч Х.Багланбект холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатай уг гэмт хэргийг үйлдэж, бусдын өмчлөх эрхэнд халдсан байна.
Шүүгдэгч Х.Багланбект ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөрийг  төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус тал бүрээс нь харгалзан үзлээ. 
Шүүх шүүгдэгч Х.Багланбекийн өмчлөлийн, өөрт нь байгаа, битүүмжлэгдсэн “Nokia c1” маркийн 35000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хурааж, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. 
Хулгайлагдсан эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралд өгсөн мэдүүлэг, хохирогчийг шүүх хуралд утсаар дуудахад өгсөн тайлбар зэргийг үндэслэн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 
Харин хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд байгаа баримт нь мөрдөн байцаагчийн тэмдэглэл, хэрэгт хавсаргах, хураан авах тогтоолоор баталгаажаагүй, нотариатаар батлуулаагүй байх тул үнэлэх боломжгүй юм. 
    Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв. 
Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Х.Багланбекийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, энгийн гадаад паспорт зэргийг тус тус өөрт нь буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр нь шүүх хуралдааны үед: “... Улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг багасгаж, 1 жилийн хорих ял болгоод, энэ 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж мэтгэлцэв. 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн ялын санкц нь хорих ял оногдуулах тохиолдолд хоёроос таван жил хүртэл хугацаатай байдаг ба мөн хуулийн ерөнхий ангийн 551.1-д зааснаар доод тал нь 1 жил 4 сар 1 хоногоор хөнгөрүүлж ял оногдуулах боломжтой байдаг. 
Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж хорих ялаар шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэмт буруугаа ухамсарлаж  байгаа, түүний хувийн байдал, гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, бусдад төлөх төлбөргүй, ял хөнгөрүүлэх нөцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн заримыг хүлээн авч, тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзуулахаар шийдвэрлэж байгаа болохыг дурдаж байна. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна. 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Санырау овогт Хажмуханы Багланбекийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Багланбекийн “Nokia c1” маркийн гар утсыг хурааж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Багланбект оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3-т зааснаар шүүгдэгч Х.Багланбекийн өмчлөлийн “Nokia c1” маркийн 35000 төгрөгийн үнэтэй гар утсыг хурааж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 
5. Шүүгдэгч Х.Багланбек нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
6. Шүүгдэгч Х.Багланбекийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, энгийн гадаад паспорт зэргийг тус тус өөрт нь буцаан олгосугай. 
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Х.Багланбект оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Багланбект урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өрдөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ