Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2149

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/02634 дүгээр шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ОАЗДТГ, ХБ,БЗАнд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохирол 391 412 262 төгрөг гаргуулах,

ОАЗДТГ нь гэрээний торгуульд 25 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, ХБ,БЗАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Рэнцэнпил, хариуцагч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Орхон аймгийн Засаг дарга асан н.Зоригтой уулзаж олон жил баригдаж дуусаагүй Бурхан багшийн сэрэг дүрийг мэргэжлийн хүний зүгээс гардан хийж гүйцэтгэх талаар санал тавьсан. Ингээд 130 000 000 орчим төгрөгийн төсөв гаргахад өндөр байна гэсэн, үнээ хасаад 70 орчим сая төгрөг болгосон. Уг ажилд 2014 оны орон нутгийн төсөвт 100 000 000 төгрөг төсөвлөгдсөн, хоёр компанид тус бүр 50 000 000 төгрөгөөр хувааж ажлаа эхлүүлнэ гэсэн. Мөнгө дутахыг мэдэж байсан ч ажлаа хурдан эхлүүл гэсэн тул гэрээ хэлцэлгүй шууд эхэлж, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн архитекторч н.Адъяагийн зурсан зургийн дагуу Бурхан багшийн сэрэг дүрийн өнгөт металлын гагнуур, өнгөлгөө бэхэлгээний ажлыг эхэлж, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт барилга захиалагчийн албатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ ажил дээр хэд хэдэн компани ажиллаж байсан ба манай компанид анх гэрээнд тусгагдсан 50 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөг дутуу өгсөн. Архитектор н.Адъяагийн тооцоо зургийн дагуу өнгөлгөө, бэхэлгээ гагнуур, дээврийн дулаалга, ус тусгаарлагч, арматур хучилт, бадны бүслүүр зэрэг ажлуудыг төсөвчин н.Энхцэцэг 21 000 000 төгрөгөөр хийж, манай компанир хийж гүйцэтгүүлсэн атал нэг ч төгрөг манайд өгөөгүй. 2014 оны 10 дугаар сард эрх бүхий албан тушаалтнууд хуралдаж  гэрээг шинэчилж, мөнгийг 2015 оны төсөвт суулгаж нөхөн өгөхөөр шийдвэрлэж байсан. Хариуцагч нар гэрээний дагуу өгөх байсан 20 274 874 төгрөг болон 50 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөгийг дутуу өгснөөс гадна надад бараа материалын зардалд 101 768 888 төгрөг, ажлын хөлс 177 940 672 төгрөг, түрээс 18 000 000 төгрөг, татварт 93 702 702 төгрөг нийт 391 812 262 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ОАЗДТГ, түүний итгэмжлэгдсэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Бурхан багшийн сэрэг дүрийн гагнуур бэхэлгээ, өнгөлгөөний ажлыг хийх гэрээ байгуулсан. Гэрээний үнэ 50 000 000 төгрөг, хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хийх байсан. Гэтэл хугацаандаа дуусахгүй байсаар 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүрсэн. Иймд Орхон аймгийн Засаг даргын ажил зохицуулах тухай шийдвэрээр гэрээ цуцлагдсан. Засаг дарга хийсэн ажлын санхүүжилтийг тухай бүрт олгож, нийт 39 000 000 төгрөг шилжүүлсэн. Бурхны дээвэр, дулаалгаас ус дасаад хучилтын хавтангийн 20 000 000 төгрөгийн ажил хийсэн ч чанарын шаардлага хангаагүй, цементүүд бутарч байсан. Үүнд нөлөөлсөн ямар нэг гадны нөлөө байгаагүй, ажлыг хангалтгүй, дутуу хийсэн учир нэхэмжлэгч компанид танилцуулснаар өөр компаниар уг ажлыг дахиж гүйцэтгүүлсэн. Гэрээнд 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, гэрээний нөхцөлд тооцогдох эд зүйлүүд, заасан ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Иймд нэхэмжлэгчийн ур чадвар тутмаг болон саиериалын чанартай холбоотойгоор төсвөөс давсан зардал гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Хот байгуулалт барилга захиалагчийн алба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний тухай мэдэгдэл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тул гэрээ байгуулсан. Ямар ч ажилд урьдчилгаа санхүүжилт өгдөггүй байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллагыг дэмжих зорилгоор урьдчилгаа санхүүжилт орсны дараа ажил эхэлнэ гэсэн нөхцөлтэй байсан. Ажиллах явцад технологийн болон ямар нэг хүндрэл үүссэн байж болно. Гэвч ажил дуусгахгүй, хүйтний улирал болоход ажлаа завсарлаад дулааны улиралд эхлэх гэх мэт байдалтай байсан тул гэрээ цуцлах тухай саналыг аймгийн Засаг даргын Тамгын газарт явуулснаар захирамж гарсан. Ингэхдээ ажлын хэсэг байгуулаад, илтгэх хуудсаар улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулж, гэрээг нь цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Үлдэгдэл ажлыг Нью гранд цамхаг ХХК-иар хийж дуусгасан. Хормойтой холбох дээврийн ажил чанаргүй гарсан гэсэн дүгнэлт гарч байсан. Ажил 50 000 000 төгрөгт багтаж байгаа, тусдаа 20 000 000 төгрөгийн ажил үүрэг гүйцэтгүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ОАЗДТГ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “М” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээр 50 000 000 төгрөгийн ажлыг эхлүүлж, нийт 40 000 000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь Бурхан багшийн сэрэг дүрийн засварын ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн ба Барилгын тухай хуулийн 3, 12 дугаар зүйлд заасан барилга байгууламжийг барих, засварын ажил гүйцэтгэсэн байгууллага нь чанарын баталгааны хугацаа гурван жил байна гэж заасны дагуу баталгаат хугацаа өгөх үүрэгтэй. Гэрээний 4.7-д ажил дууссаны дараа талууд гэрээг дүгнэнэ гэсэн боловч ажлаа гүйцэтгэж дуусаагүй, чанаргүй гүйцэтгэсэн шалтгаанаар ажил хийгдээгүй тул гэрээний 5-д зааснаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн торгууль буюу саатуулсан хоног тутам 0,1 хувийн буюу 579 хоногийн 28 950 000 төгрөгнөөс Иргэний хуулийн 232 болон гэрээний 5.3-т заасан торгуулийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасны дагуу нийт 25 000 000 төгрөгийг нэхэхмжлэгчээс гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Уг шаардлагын зөвшөөрөхгүй. Хэдийгээр гэрээгээр 60 хоног гэсэн боловч хариуцагч нар цаг тухайд нь санхүүжилт өгөөгүй. Нэмэлт олон ажлууд гарч байсан ба хариуцагч байгууллагуудтай ярилцаж тохиролцон гэрээний хугацаанд ажил багтаж хийгдэхгүй болсон талаар хэн аль нь ойлгож мэдэж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Засаг дарга болон Орхон аймгийн Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас 30 274 874 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 361 137 388 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын 25 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга болон Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас 309 324 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс, 1 000 000 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас тус тус гаргуулж, Монголын хохирол үнэлгээчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 25 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүргийг тодорхой ойлгуулж өгөөгүй, шүүх хуралдааны ирцийн талаар тодорхой асуугаагүй, өмгөөлөгч оролцуулах эсэх талаар санал хүсэлтийг аваагүйгээс гадна, миний үйлчлүүлэгч ойлгохдоо Монгол Урлал судлалын академийн ерөнхийлөгч доктор Б.Гантулгаас гэрчийн мэдүүлэг авна гэж ойлгон шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг өгсөн боловч хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ тухай хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө шүүгчийн туслахад танилцуулсан боловч шүүх хуралдааны явцад танилцуулаагүй, энэ талаар тэмдэглэлд тусгаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХБ,БЗА давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээнд заасан ажлын дүн 50 000 000 төгрөг бөгөөд гэрээний тусгай нөхцлийн 13-д “гэрээт ажлын хугацаанд гэрээний үнэ үндэслэлгүйгээр өөрчлөгдөхгүй ба энэхүү гэрээгээр тохирсон үнэ эцсийн байна” гэж заасан. Ийнхүү тохирсон үнэ буюу 50 000 000 төгрөгт багтааж хийх ажлын төсвийг баталсан. Үүнд зургийн зохиогч Б.Адъяагийн ажлын зурагт үндэслэн тооцож ирүүлсэн ажлын тоо хэмжээгээр тодорхойлох Бурхан багшийн дотор талын гагнуур өнгөлгөөний ажлын нийт 29 725 126 төгрөгийн ажил, төсөвчин Л.Энхцэцэгийн боловсруулсан бэхэлгээний ажлын хэсэгт хамаарах бурханы суурийн бадтай холбох дээврийн засварт 20 274 874 төгрөгийн ажил гэсэн хоёр хэсгээс бүрдэж батлагдсан. Энэ хоёр ажлын төсөвт өртөг нийт 50 000 000 төгрөг. Гэтэл шүүх дээврийн ажлыг гэрээ байгуулаагүй тусдаа хийсэн ажил, уг ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг шаардахгүй гэж дүгнэж 20 274 874 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гэрээний дагуу 3 удаагийн гүйцэтгэлээр гэрээний үнийн 80 хувь хүртэл санхүүжилт өгч, авах явцад ажлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч гүйцэтгэлийг баталгаажуулсан нь гэрээний ажил мөн болохыг нотлох гүйцэтгэлийн баримт бичиг байгааг шүүх авч үзсэнгүй. Энэ нь ХБ,БЗА ОНӨҮГ-аас хянаж, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч баталгаажуулсан 3 удаагийн гүйцэтгэлийн баримт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогддог. Нэхэмжлэгч нь ажлаа дуусгаж комисст хүлээлгэн өгөөгүй чанаргүй хийж хаяж явсан, гэрээний үнийн 10 000 000 төгрөгийг дутуу шилжүүлсэн гэж шүүх дүгнэн уг мөнгийг нэхэмжлэгчид олгох болсон нь нотлох баримтыг дутуу үнэлж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч ОАЗДТГ болон тус аймгийн ХБ,БЗАнд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд нийт 391 412 262 төгрөг гаргуулах, хариуцагч ОАЗДТГ нь гэрээний торгуульд нийт 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийн дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь гэрчээр Б.Гантулгыг асуулгах хүсэлт /1хх66/ гаргасныг шүүх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар /1хх73/ хангаж шийдвэрлэсэн байна. 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс /1хх91/ үзвэл тухайн этгээдийг гэрчээр асуусан талаар тусгагдсан атал шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт бичигдээгүйг гэрчийн хувиар шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзэхэд эргэлзээтэй. Мөн түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан баримтгүй байгаа нь “...гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, ... гарын үсэг зуруулах” талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэсэн ажлын буюу бурхан багшийн сэрэг дүрийн өнгөт металлын хийн гагнуурын болон өнгөлгөөний ажлын олон улсын жишиг үнэ, гагнуур, бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэн, сэргээн засварлахад зарцуулсан эд материалын зардал, тээврийн зардал, бурханы суурийн бадтай холбох ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан зардлын тооцоог мэргэжлийн шинжээч томилж гаргуулах хүсэлт /1хх159/ гаргасныг, шүүх 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2018/03066 дугаартай захирамжаар хангаж /2хх165-166/, “Монголын хохирол үнэлгээчдийн холбоо”-г шинжээчээр томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Харин шинжээчээр томилогдсон “Монголын хохирол үнэлгээчдийн холбоо” нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилж /2хх170/, мэргэшсэн үнэлгээчин Ө.Эрдэнэбаяр, Д.Тэргүүнбаяр, Х.Калимат нар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тухайн обьекттой танилцаад дүгнэлт, түүнд холбогдох баримтыг /2хх177-187/ шүүхэд ирүүлсэн байна. Дүгнэлт гаргасан дээрх нэр бүхий шинжээч нарт хууль тайлбарлаж, эрх үүрэг танилцуулах, хүлээх хариуцлагын талаар урьдчилан сануулах ажиллагааг /2хх171-173/ “Монголын хохирол үнэлгээчдийн холбоо” гүйцэтгэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй буюу шинжээчээр оролцуулж болохгүй, харшлах шалтгаантай эсэхийг тодруулж, тэдгээрт эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулах ажиллагааг шүүх гүйцэтгэх үүрэгтэй гэсэн хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх үнэлгээчдийн мэргэжлийн ур чадвараас хамаарч тэдний гаргасан дүгнэлтийг хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт /3хх2,14/ удаа дараа гаргасныг, шүүх 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2018/04966 дугаартай шүүгчийн захирамжаар /3хх9/, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2018/05907 дугаартай шүүгчийн захирамжаар /3хх20/ Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжээч томилох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж хангахаас тус тус татгалзаж байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан тохиолдолд дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчийг томилохоор зохицуулсан. Хэрэв дахин шинжээч томилох шаардлагагүй, шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бол хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангасан байх ёстой.

Гэтэл шүүх шийдвэртээ “Монголын хохирол үнэлгээчдийн холбоо”-ны шинжээч нарын гаргасан дүгнэлтийг “Шүүх шинжилгээний тухай хуулийн шаардлага хангаагүй” гэх үндэслэл зааж үнэлэх боломжгүйг дурдсан атлаа хэргийн оролцогчоос гаргасан дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасан хэрэг үүсгэсэн шүүгчийн гүйцэтгэвэл зохих ажиллагаа, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүхээс бүрдүүлэх ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхээс гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон эсэх, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ОАЗДТГ болон тус аймгийн ХБ,БЗАнд холбогдуулан гаргасан байхад шүүх Орхон аймгийн Засаг даргад холбогдуулж хэргийг шийдвэрлэж хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон зөрчил гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/02634 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2018/15284 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хот байгуулалт, барилга, захиалагчийн алба давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг тус тус дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА