| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00151/И |
| Дугаар | 154/ШШ2021/00185 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 154/ШШ2021/00185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай суманд 1966 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 55 настай, Ховд аймгийн Алтай сумын А багт оршин суух, /РД: /, Хү овогт Б ын П гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт нэгдэлд 1982 оноос 1984 онд малчнаар ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж яваад 1987 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1987 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Алтай суманд шилжиж ирээд Алтайн хөгжил нэгдэлд мал малласан. Алтайн хөгжил нэгдэлд 1990 он дуустал 1 настай мал маллаж байсан. Иймд миний эдгээр жилүүдэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Б.П нь 1982 оны 07 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт нэгдэлд малчнаар, 1987 оны 06 сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1903 тоот Ховд аймгийн Алтай сумын 2 дугаар бригадын 1988-1989 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх архивын лавлагаа,
Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт нэгпдлийн зөвлөлийн 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 84 тоот Б.П г Баяннуур бригадад Баваасангийн хоньчноор томилсон тушаал,
1987 оны 09 сарын 24-ны өдрийн 78 дугаартай....Дорнод аймаг Халх гол сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын....Б.П д буцалтгүй тусламж олгож байсан тухай тогтоол
Гэрч Идэшийн Бадамхорлоогийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1971 оноос эхлэн Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Бор үзүүр бригадад малчнаар ажиллаж байсан . Б.П Дорнод аймгийн Халхголоос 1987 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Алтай суманд шилжин ирсэн. Тухайн үед сумаас гэр өгөөд гэр бүл болж байсан юм. Б.П нь Ховд аймгийн Алтай сумын Алтай хөгжил нэгдлийн 2 дугаар бригад буюу Бор үзүүр багт бог мал маллаж байсан. Б.П 800 орчим хурга, ишиг хариулж байсан. Алтайн хөгжил нэгдлийн даргаар Дамиран, багийн даргаар Өнөрөө, Баяраа нар ажиллаж байсан.
Б.П нь 1987 оноос 1994 оныг дуустал мал малласан. Нэгдэл 1990 онд бага хувьчлал болсон. Б.П одоо хуц ухна маллаж байна. Малчид 150 төгрөгний цалин авдаг байсан. Нэг хурга 1 төгрөг 20 мөнгөөр бодогддог байсан. Б.П нь мал маллахаас өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулу бэхжүүлсэн байх тул хүсэлт гаргагч Б.П г 1982 оны 07 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт нэгдэлд малчнаар, 1987 оны 06 сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хү овогт Б ын П г 1982 оны 07 сарын 16-ны өдрөөс 1984 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт нэгдэлд малчнаар, 1987 оны 06 сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.П гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ