| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0296/Э/225/2024/0006 |
| Дугаар | 2024/ШЦТ/307 |
| Огноо | 2024-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.В-т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь үргэлжилсэн үйлдлээр,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-16Б тоотод оршин суух Л.Б-гийн гэрээс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хөөрөг, зөөврийн компьютер хулгайлан авч, 3,950,000 төгрөгийн,
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 17-03 тоотод оршин суух Г.О-ийн гэрээс мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, 3,220,000 төгрөгийн, нэр бүхий 2 хохирогчид нийт 7,170,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-16 Б тоотод оршин суух Л.Бгийн гэрээс хөөрөг, зөөврийн компьютер хулгайлан авч, 3,950,000 төгрөгийн,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 17-03 тоотод оршин суух Г.О-ийн гэрээс мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, 3,220,000 төгрөгийн, нэр бүхий 2 хохирогчид нийт 7,170,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г-ын өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Б-гийн өгсөн: “...Манай гэрийнхэн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 09:00 цагт ажилдаа явах гээд гарцгаасан. Тэгээд гадуур явж байгаад 17 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс аваад манайхан гэртээ ирцгээсэн. Тухайн үед бол манайд хулгай орсон энэ тэрийг анзаараагүй. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагийн үед нөүтбүүкээ ашиглах гээд үзтэл нөүтбүүк байсан шаргал өнгийн модон тавилга дотроо байхгүй байсан. Ингээд манайхаас эд зүйл алдагдсан гэдгийг мэдсэн. Тэгээд гэрийн эд зүйлсээ бүртгэж шалгаж үзэхэд манай хойморын зурагтны суурьтай, шилэн хаалгатай тавилган дотор ил байсан хөөрөг алга болсон байсан. Бид нар өчигдөр өглөө гэрээс гарахад бол эд зүйлс алдагдаагүй, нөүтбүүк хөөрөг зэрэг маань байсан. .. Манайд 2022 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Н.В гээд хүн манайд байсан нөхрийн хамаатны Самданлхүндэв гэдэг хүнтэй уулзахаар ирсэн. Би тэр Н.В гэдэг хүнийг өмнө харж байгаагүй, тэр хүн манайд ирээд Самдан ахтай хамт архи ууж байгаад явсан. Тэр хүн шорон оронгоор явж байсан гэсэн юм яриад байсан. Тэр хүнийг сэжиглэж байна. Алдагдсан нөтбүүкээ 2018 онд нэг сая төгрөгөөр авч байсан. Тэр нөүтбүүк нь Dell брэндийн, I5 маркийн нөтбүүк байсан. Одоо бол тийм нөүтбүүк худалдаж авахад зах зээлийн ханшаар шинэ нь гурван сая төгрөг, хуучин ашиглаж байсан нөүтбүүк нь 2,500,000 төгрөгийн ханштай байсан. Тэгэхээр би 2,500,000 төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан хөөрөг маань манай нөхрийн удам дамжсан хөөрөг төгрөгөөр байсан. Тэр хөөрөг нь одоо 4 дэх үе дээрээ манай нөхөрт ирсэн. Тэр хуван толгойтой, дунд гарын, гар хийцийн цагаан хаш хөөрөг байсан. Тэр хөөргийг бол одоо 20,000,000 төгрөгөөр үнэлнэ .. Хулгайд алдсан эд зүйлүүдээ эргүүлж авсан зүйл байхгүй. Гомдолтой байна. Алдсан зүйлүүдээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 23, 25-р хуудас),
Гэрч С.Д өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагт манайхан гэрээсээ гараад гадуур явж байгаад би өдөр 14 цагт гэртээ хальт ороод буцаад гарсан. Тэгэхдээ бол манайд хулгай орсон, эд зүйл алдагдсан талаар анзаараагүй. Тэгээд орой 17 цагийн үед бид нар гэртээ ирцгээсэн. ...өнөөдөр нөүтбүүк ашиглах гэтэл алга болсон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж, үзэж шалгахад зурагтны тавиуртай тавилга дээр байсан хөөрөг алга болсон байсан. ... Өнөөдөр гадуураа тойрч үзэж шалгахад манай байшингийн баруун талын цонхны тушаа хашаа түшүүлээд нэг хар төмөр тавьсан байна лээ. Тэр төмөр уг нь манай байшингийн дээд давхарт байсан юм. Алдагдсан нөүтбүүкийг хэзээ хэдэн төгрөгөөр авсан талаар манай эхнэр сайн мэдэж байгаа. Хөөрөг бол манай ээжийн талаас удам дамжиж ирсэн, гар хийцийн, хуван толгойтой, дунд гарын цагаан хаш хөөрөг байсан. Би бол тэр хөөргийг хараад шууд танина. Тэр хөөрөг нь хутгаар зорж хийсэн болохоор хийцээрээ андашгүй байгаа. Манайд хөдөөнөөс нагац ах Самданлхүндэв ирсэн байсан юм. Тэр ахын танил Н.В гэдэг хүн манайд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө ирээд Самдан ахтай архи ууж байгаад унтсан. Тэгээд унтаж байгаад өглөө сэрэхэд явчихсан байсан. .. Тэр хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 27 дугаар хуудас),
Гэрч Ж.Б өгсөн: “...Тухайн өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Г.Втой Мөрөн сумын 8 дугаар баг 4 зам дээр таарсан ба Г.В согтуу би бас согтуу байсан. Тухайн өдөр Г.В нөүтбүүк барьсан зарна гэж хэлж байсан. Би Г.Воос “хэний юм бэ” гэхэд “манай дүүгийн юм” гэж хэлсэн. Тэгээд ямар ч байсан тухайн нөүтбүүкийг зарсан. Хэнд хаана зарсан талаар санахгүй байна. Би нэлээн согтуу байсан. ...Хөөрөгний талаар надад яриагүй. Нөүтбүүк зарна манай дуүгийн нөүтбүүк гэж хэлж байсан. Би согтуу бараг тасарсан байдалтай байсан учир зарим зүйлээ санахгүй байна. Мөн би Г.Вын авч явсан нөүтбүүкийг зарсан зүйл байхгүй. Г.В өөрөө зарсан. Би Г.Вын хамтаар ямар нэгэн айлаар очоогүй.Тухайн үед би Г.Воос “ямар учиртай юм бэ, хулгайн зүйл биш биздээ” гэхэд “хулгайн юм биш, дүүгийн юм” гэж хэлж байсан. Харин сүүлд нь хулгайн юм байсан гэдгийг нь Г.Воос өөрөөс нь мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 34-35-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9782 дугаартай “...Үнэлэгдэж буй Dell брендийн 15 маркийн нөүтбүүк, хуван толгойтой, дунд гарын, гар хийцийн хаш хөөрөгний зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 3,950,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 39-41-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх- ийн 113-115-р хуудас),
Хохирогч Г.Оийн өгсөн: “...Гэртээ би хүү Ө.Рын хамтаар байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 40 минутын үед гэрээ цоожлоод өөрийн хүү Ө.Рыг сургуульд нь хүргэж өгөөд өөрөө ажил руугаа явсан. Энэ орой хүү бид хоёр миний төрсөн эгч Мөрөн сумын 13 дугаар хороонд байдаг Г.О гэрт очиж хоносон. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 50 минутын үед Мөрөн сумын 11 дүгээр хороонд байх гэртээ иртэл манай байшингийн урд талын цонх онгорхой байсан. Би онгорхой байсан цонхоор гэр доторх эд зүйлсээ хартал эд зүйлс замбараагүй гаргаж хаясан байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Орчин цагийн /хэмжээг нь мэдэхгүй байна/ 2 ширхэг мөнгөн аяга, манай эмээ ИчинН.Вын оюу шигтгээтэй 2 ширхэг 1 хос алтан ээмэг, миний нарийн монетон хүзүүний гинж 1 ширхэг, өрөөсөн 2 ширхэг монетон ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан .. Тухайн үед хоёр мөнгөн аяга, нэг хос алтан ээмэг, нэг ширхэг монетон гинж, нэг хос монетон ээмэг зэрэг эд зүйлүүд алдагдсан. Алдсан мөнгөн аяганы тухайд гэвэл нэг ширхэг нь орчин цагийн мөнгө аяга байсан. Үүнийг үнэлгээний байгууллагаас 630,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нөгөө алдсан мөнгөн аяганы тухайд гэвэл дээр үеийн мөнгөн аяга байгаа юм. Би энэ дээр үеийн мөнгөн аягыг үнэлж мэдэхгүй байгаад байгаа юм. Хэлбэр хийцийн тухайд гэвэл дунд гарын цул мөнгө аяга байсан янз бүрийн хээ угалз байхгүй аяга байсан. Би энэ аягыг 450,000 төгрөгөөр үнэлж байгаа. Зураг хөргийг нь үзүүлье гэхээр яг үзүүлэх зураг бол надад байхгүй байгаад байгаа юм. ..Одоо ганцхан дээр үеийн мөнгөн аягыг л үнэлүүлнэ. . .Гомдолтой байна. Алдсан зүйлүүдээ олж авмаар байна..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 120-121, 2- хх-ийн 31-р хуудас),
Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-023/7931 дугаартай “...Үнэлэгдэж буй эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2,940,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 128-130-р хуудас),
Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9781 дугаартай “...Үнэлэгдэж буй дээр үеийн мөнгөн аяганы зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 280,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 32-34-р хуудас),
Шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна. ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед согтуу байсан болохоор хэнд юу зарсан гэдгээ санахгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69, 139-р тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.Г нь үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-16Б тоотод оршин суух Л.Бгийн гэрээс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хөөрөг, зөөврийн компьютер хулгайлан авч, 3,950,000 төгрөгийн,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 17-03 тоотод оршин суух Г.Оийн гэрээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, 3,220,000 төгрөгийн, нэр бүхий 2 хохирогчид нийт 7,170,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Г болон түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Бгийн өгсөн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 23, 25-р хуудас), гэрч С.Даваадоржийн мэдүүлэг (1-р хх-ийн 27 дугаар хуудас), гэрч Ж.Баярсайханы мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 34-35-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9782 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 39-41-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх- ийн 113-115-р хуудас), хохирогч Г.Оийн өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Оийн дахин өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 120-121, 2- хх-ийн 31-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-023/7931 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 128-130-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9781 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 32-34-р хуудас), шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч С.Г нь үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-16Б тоотод оршин суух Л.Бгийн гэрээс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хөөрөг, зөөврийн компьютер хулгайлан авч, 3,950,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 17-03 тоотод оршин суух Г.Оийн гэрээс мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, 3,220,000 төгрөгийн, нэр бүхий 2 хохирогчид нийт 7,170,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч С.Гын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч С.Г нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч С.Г нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.Гын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Г нь хохирогч Л.Бгийн орон байранд хууль бусаар нэвтэрч хөөрөг, зөөврийн компьютер хулгайлан авч, 3,950,000 төгрөгийн, хохирогч Г.Оийн орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, 3,220,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв юм. Харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаан зүйлчилнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Гыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Л.Бд 3,950,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9782 дугаартай дүгнэлтээр, хохирогч Г.Од 3,220,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-023/7931 дугаартай гэх дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9781 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Г нь хохирогч Л.Бгийн гэрээс хөөрөг, зөөврийн компьютер хулгайлан авч, 3,950,000 төгрөгийн, хохирогч Г.Оийн гэрээс мөнгөн аяга, ээмэг, гинжийг хулгайлан авч, 3,220,000 төгрөгийн, нэр бүхий 2 хохирогчид нийт 7,170,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд хохирогч нар нь “.. гомдолтой алдагдсан эд зүйлээ гаргуулж авна..” гэх тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гаргасан, шүүгдэгч С.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгч С.Гоос 3,950,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бд, 3,220,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Од тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Гыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг. Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, ... нэвтэрч” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч С.Гын 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай ...нэвтэрч” гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “..шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Энэ ял дээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1539 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 1 жил 10 сар 15 хоногийн үлдэгдэл ялтай. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамж гарсан боловч хорих ангид хүлээлгэн өгсөн тэмдэглэл нь 11 дүгээр сарын 16-ны өдөр байгаа ба энэ хугацаанаас өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг тооцоход нийт 263 хоног хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцуулах, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй..” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулахаа сайн дураараа илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 263 хоног цагдан хоригдсон хоногийг хорих ялд оруулан тооцуулах. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялд нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Г Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 10 (арав) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1539 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 10 (арав) сар 15 (арван тав) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Гын нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил 4 (дөрөв) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 263 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Гоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Г -ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1539 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 10 (арав) сар 15 (арван тав) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Гын нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил 4 (дөрөв) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 4 (дөрөв) жил 4 (дөрөв) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 263 (хоёр зуун жаран гурав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Г-с 3,950,000 (гурван сая есөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д, 3,220,000 (гурван сая хоёр зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.О-д тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН