| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 142/2022/00690/И |
| Дугаар | 001/ХТ2024/00299 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2024/00299
“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00884 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00992 дугаар магадлалтай,
“О ” ХХК, “ОТ ” ХХК, “К ” ХХК, Д , Б нарт холбогдох
“О” ХХК-аас баталгааны гэрээний үүрэгт 612,296,030 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг баталгаа болон барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл,
үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72,023,210 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, өмгөөлөгч Г , хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , М , өмгөөлөгч Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Г ” ХК нь “О ” ХХК, “ОТ ” ХХК, “К ” ХХК, Д , Б нарт холбогдуулан “О ” ХХК-аас баталгааны гэрээний үүрэгт 612,296,030 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг баталгаа болон барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72,023,210 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00884 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 457 дугаар зүйлийн 457.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “О ” ХХК болон “ОТ ” ХХК, “К ” ХХК, Д , Б нарт холбогдуулан гаргасан “О ” ХХК-аас баталгааны гэрээний үүрэгт 612,296,030.11 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаанд бариулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэгч “Г” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г ” ХК-д холбогдуулан гаргасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72,023,210 төгрөг гаргуулах тухай” хариуцагч “О” ХХК-ийн сөpөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,289,631 төгрөгийг, хариуцагч “О ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,067 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00992 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00884 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-аас 612,296,030 төгрөг гаргуулж “Г” ХК-д олгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Г” ХК-аас 72,023,210 төгрөг гаргуулах тухай “О” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар “ОТ” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ... байрны урд байрлах, 1.596 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Г багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Г багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д, Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоотод байрлах, 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “ОТ” ХХК-ийн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд Хан уулын ... нэртэй газрын 6,5 га талбай бүхий аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх, “О ” ХХК-ийн өмчлөлийн, гэрээний хавсралтад дурдсан 74 төрлийн машин, тоног төхөөрөмж, “К” ХХК-ийн өмчлөлийн, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот барьцааны гэрээний хавсралтад дурдсан 103 төрлийн машин, тоног төхөөрөмж “ОТ” ХХК-ийн эзэмшлийн “Г” ХХК-ийн 100 хувь хувьцаа, Д-ын эзэмшлийн “ОТХ” ХХК-ийн 100 хувь хувьцаа, “ОТ” ХХК-ийн 100 хувь хувьцаа, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот “Гэрээний орлого барьцаалах гэрээ”-ээр “О” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан ... тоот “Оюутолгойгоос Гашуун сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх” гэрээний орлогыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай”, тогтоох хэсгийн 3 дахь заалт болгон “Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулснаар үүрэг дуусгавар болохгүй бол батлан даагч Д, “ОТ” ХХК-аас баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн “3” дахь заалтыг “4” гэж дугаарлан “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,289,631 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн “4” дэх заалтыг “5” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.10-ны өдрийн 210/МА2024/00992 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4.1. ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”
Анхан ба давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451.1 ба 457.1-г тус тус үндэслэн банкны баталгаанд хүү авах боломжгүй гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Харин давж заалдах шатны шүүх банкны баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 457.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн ба банк гэрээний үүргээ гүйцэтгэсэн учраас хүү авах эрхтэй гэж шийдвэрлэжээ. Банк санхүүгийн мэргэжлийн зуучлагч этгээд болохын хувьд хуулиар тогтоосон нөхцөл, журмын дагуу зээл олгож зээлийн хүү авах эрхтэй. Энэ хэргийн тохиолдолд зээл олгоогүй боловч баталгааны бүхий л хугацаанд баталгааны үнийн дүнгээс хүү авахаар гэрээнд тусгасан нь хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн “хүү авах” заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хэсэгчлэн хүчин төгөлдөр бус байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Харин давж заалдах шатны шүүх “хүү олгох” шийдвэр гаргахдаа ямар нэгэн хуулийн үндэслэл дурдаагүй, хариуцагч талын үндэслэлийг үгүйсгээгүй байдаг. Иргэний хуулийн 457 дугаар зүйлд “банкны баталгааны гэрээ”-г зохицуулсан бөгөөд хүү авах тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй байна. Зээлийн гэрээ байгуулсан нөхцөлд хүү авах боломжтой, гэхдээ зээл олгогдоогүй бол хүү авах боломжгүй байдаг. Баталгаа нь олгогдоогүй зээлтэй адил шинжтэй учраас хүү тооцох шалтгаан үндэслэл байхгүй юм. Банк банкны баталгаа гаргахдаа үйлчилгээний нэг удаагийн шимтгэл авах боломжтой /хариуцагч тал 11,8 сая төг шимтгэл төлсөн/, харин баталгааны хугацаагаар хүү тооцож авахыг хуулиар зөвшөөрөөгүй. Хэрэв баталгаа гаргуулагч үүргээ зөрчиж, банк уг үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гүйцэтгэсэн нөхцөлд хүү тооцож авах боломжтой. Энэ хэргийн хувьд ийм нөхцөл үүсээгүй ба энэ талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байдаг. УДШ-ээс банкны баталгааны гэрээнд “хүү авах” заалт тусгаж болох эсэх асуудлаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоож, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах нь зохистой юм.
4.2. ИХШХШТХ-ийн 172.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой”
Иргэний хуулийн 231.1.3-т зааснаар банкны баталгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг төрлийн арга мөн. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга, түүнийг тохиролцсон гэрээ нь үндсэн үүрэг хүчинтэй үед хүчинтэй, дуусгавар болсон үед дуусгавар болдог дагалдах шинжтэй үүрэг. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах, дуусгавар болох тохиолдолд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан банкны баталгаа нэгэн адил цуцлагдах, дуусгавар болох ёстой. Давж заалдах шатны шүүх банкны баталгааны гэрээг хүчинтэй гэж үзсэн боловч үндсэн гэрээ цуцлагдсанаар банкны баталгаа дуусгавар болох хууль зүйн үр дагаврыг огт анхаарч үзээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсгийн 6.1 ба 6.2-т “О” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан тухай нотлох баримтыг шүүгчийн захирамжаар гаргуулж авсан тухай дурдсан. “О” ХХК-ийн 2018.08.14-ний өдөр “О” ХХК-д хүргүүлсэн албан бичигт гэрээ цуцлагдсан тухай дурдсанаас үзэхэд банкны баталгаа ч мөн энэ хугацаанд цуцлагдсан байна. Хэрэв банкны баталгаагаар хүү авч болно гэж үзэхэд, хүү төлөх хугацааг 2015.09.28-ны өдрөөс 2018.08.14-ний өдөр хүртэл тооцохоор байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “банкны баталгаа”-ны дагалдах шинжийг огт анхаарч үзэлгүйгээр 2022.03.24-ний өдөр хүртэл тооцож гаргасан нь илт хууль бус болжээ. Банкны баталгааны хүүг үндсэн үүрэг хүчинтэй байсан 2015.09.28-ны өдрөөс 2018.08.14-ний өдөр хүртэл хугацаагаар тооцвол /2,359,944,472.51 төг х 4,5% х (365+365+365-44)/365/ 305,790,613.22 төгрөг болохоор байна. Гэхдээ ийнхүү хүү тооцохыг банкинд хуулиар зөвшөөрөөгүй байдаг. УДШ-ээс Иргэний хуулийн 231.1-д дурдсан үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд, түүнийг тохиролцсон гэрээнүүд нь үндсэн үүргийн дагалдах шинжтэй болохыг тогтоож өгөх нь хуулийн хэрэглээнд зарчмын чухал ач холбогдолтой байна. ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 ба 172.2.4-т дурдсан үндэслэлээр хариуцагч “О” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 210/MA2024/00992 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас хүсэж байна.” гэжээ.
5. Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01342 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч “О” ХХК, “ОТ” ХХК, “К” ХХК, Д, Б нарт холбогдуулан “О” ХХК-аас баталгааны гэрээний үүрэгт 612,296,030 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг баталгаа болон барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...2015.09.28-ны өдөр ... тоот Банкны баталгааны гэрээгээр “О” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан ... тоот О гоос Гашуун сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх гэрээнд 2,359,944,472 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг жилийн 4,5 хувийн хүүтэйгээр гаргасан. Тус Банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дор дурдсан барьцаа хөрөнгийг гэрээний үндсэн дээр барьцаалсан. “О ” ХХК нь “О” ХХК-тай байгуулсан гэрээт ажлаа гүйцэтгэсэн боловч банктай байгуулсан баталгааны гэрээний дагуу төлөх хүүгийн төлбөрөө төлөлгүй 2022.03.24-ний өдрийн байдлаар 612,296,030 төгрөгийн өртэй байх тул “О” ХХК-аас 612,296,030 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох “ОТ” ХХК, “О” ХХК, “К” ХХК, Д болон Б нарын хөрөнгөөр хангуулна” гэсэн агуулгаар тайлбарласан байна.
Хариуцагч “О” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Банкны баталгаа гаргах үүргээ биелүүлээгүй атал манай компаниас хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан баримтыг үндэслэн үндсэн зээл 2,359,944,472 төгрөг олгосон гээд зээлийн хүүд 2015.10.15-ны өдөр 22,694,260 төгрөг, 2016.07.15-ны өдөр 23,725,169 төгрөг, 2016.09.30-ны өдөр 25,603,780 төгрөг, нийт 72,023,210 төгрөг манай данснаас татсан нь үндэслэлгүй бөгөөд манай компаниас зээлийн хүү гэж авсан 72,023,210 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байх тул “Г” ХК-аас энэ мөнгийг гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан байна.
Хариуцагч Д, Б нар “...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол ямар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа, түүнээс ямар хэмжээний үүргийг шаардаж байгаа нь тодорхой байх учиртай. Шүүх асуудлыг үнэн зөв, тодорхой тогтоож, биелэгдэх боломжит шийдвэрийг гаргадаг. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас харвал ямар хариуцагчид ямар хэмжээний үүргийг хариуцуулж нэхэмжлэл гаргасан нь тодорхой бус, хариуцагч нь ямар үүргийг гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тогтоогдохгүй, ойлгогдохгүй байна. Нэхэмжлэгчийн шаардсан гэх барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй зохих хэлбэрээр хийгдээгүй, бүртгэгдээгүй гэрээ. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй.” гэжээ.
7. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд “... “Г” ХК болон “О” ХХК-ийн хооронд 2015.09.28-ны өдөр Банкны баталгааны гэрээ, 2015.10.09-ний өдөр Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдсан боловч хэрэгт авагдсан баримтаар банкны баталгааны гэрээний зорилго бодит байдал дээр биелэгдээгүй, үүрэг гүйцэтгүүлэгч “О” ХХК-аас баталгааны гэрээний дагуу үүрэг шаардаагүй, “О” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, мөн банкны баталгааны гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул “Г” нь хариуцагч “О” ХХК-аас баталгааны гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй, ...нөгөө талаар, “Г” ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан буюу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцааг үндэслэн хариуцагч “О” ХХК-аас баталгааны гэрээний үүрэг 612,296,030 төгрөг шаардах эрхгүй, ...зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй” гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 457 дугаар зүйлийн 457.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд “... хэрэгт авагдсан “Хүү тооцооллын хүснэгт”-ээс үзэхэд хариуцагч “О” ХХК нь “Г” ХК-д 2015.10.15-ны өдөр 22,694,260 төгрөг, 2016.07.04-ний өдөр 23,725,169 төгрөг, 2016.09.30-ны өдөр 25,603,780 төгрөг, нийт 72,023,210 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх боловч хариуцагч уг төлбөрийг “Г” ХК-тай байгуулсан 2015.09.28-ны өдрийн ... тоот баталгааны гэрээний үндсэн дээр төлсөн. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх ёстой боловч “О” ХХК болон “Г” ХК-ийн хооронд үүрэг үүссэн байсан, мөн тухайн гэрээ хожим хүчин төгөлдөр бус гэж тооцогдоогүй тул хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 72,023,210 төгрөгийг шаардах эрхгүй” гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “О ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, гомдлыг хангахдаа “... шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой, ... гэрээний зорилго болон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн банкны баталгааны зохицуулалтад нийцсэн байна. Харин үүрэг гүйцэтгүүлэгч “О” ХХК-аас шаардлага ирсэн үед “Г” ХК баталгааны гэрээний үүргийг гүйцэтгэсэн буюу үүрэг гүйцэтгэгч “О ” ХХК-ийн өмнөөс төлбөр төлсөн тохиолдолд гэрээ хүчинтэй болох агуулгаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж дүгнэнэ. Түүнчлэн “О” ХХК-ийн 2023.06.29-ний өдрийн албан бичигт ... Тус баталгааны гэрээний дагуу “О” ХХК-аас бичгээр шаардсан тохиолдолд л баталгааны дүнг “Г”-аас “О” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Г-наас тухайн баталгааны дүнг бүрэн, эсхүл хэсэгчлэн тус компанийн дансанд байршуулж байгаагүй гэсэн нөхцөл байдал нь дээр дурдсан банкны баталгааны гэрээг хэрэгжээгүй гэж дүгнэх үндэслэлгүй, банкны баталгааны мөнгөн хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч /”О” ХХК/-ийн дансанд байршуулсан байхыг шаардахгүй юм. Иймд банкны баталгааны гэрээний зорилго бодит байдал дээр биелэгдээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг зөрчсөн буюу банкны баталгааны гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэ гэрээг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэлд хамааруулан дүгнэхгүй. Талуудын хооронд хийгдсэн банкны баталгааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд “Г” ХК нь банкны баталгааг гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. Хариуцагч талаас баримтаар гаргаж өгсөн “О” ХХК-ийн 2021.02.25-ны өдрийн ... дугаартай банкны баталгааг чөлөөлөх тухай албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй байгааг анхан шатны шүүх зөрчжээ. Хариуцагч “О ” ХХК гэрээний дагуу 2015.09.28-ны өдрөөс 2022.03.24-ний өдрийг хүртэл 2,359,944,472 төгрөгийг жилийн 4,5 хувиар тооцвол 690,283,757 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 72,023,210 төгрөгийг хасч тооцвол 618,260,547 төгрөг болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлаж шийдвэрлэх тул хариуцагч “О ” ХХК-аас 612,296,030 төгрөг гаргуулж “Г ” ХК-д олгоно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Дээрх 2 гэрээнд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заагаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсны дараа батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй гэсэн дарааллыг тогтоох нь зүйтэй.” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
9. Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
10. “Г” ХК болон “О” ХХК-ийн хооронд 2015.09.28-ны өдөр “Банкны баталгааны гэрээ”, 2015.10.09-ний өдөр “Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” тус тус байгуулагдаж, уг гэрээгээр “О” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан О гоос Гашуун сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх гэрээнд 2,359,944,472 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээн авах хүртэл хугацаанд жилийн 4,5 хувийн хүүтэй, харин улсын комисс хүлээн авснаас хойш 12 сар хүртэл хугацаанд жилийн 5,5 хувийн хүүтэй байх, мөн баталгааны хугацааг улсын комисс хүлээн авснаас хойш 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар талууд харилцан тохиролцсон буюу банк үүрэг гүйцэтгүүлэгч “О” ХХК-аас ирүүлсэн шаардлагыг үндэслэн баталгааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч “О” ХХК-ийн өмнөөс төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д заасан банкны баталгааны гэрээ гэж тодорхойлсон нь зөв байна
11. Зохигч талууд дээрх гэрээ байгуулагдсан тухайд маргаагүй, харин баталгааны үүрэг хэрэгжсэн эсэх болон хариуцагч нь хүү төлөх үүрэгтэй эсэх талаар маргасан бөгөөд хоёр шатны шүүх маргааны үйл баримтад зөрүүтэй дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөрөөр шийдвэрлэсэн, харин сөрөг нэхэмжлэлийн тухайд адил шийдэл гаргасан байна. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
12. Нэхэмжлэгч нь “...хүлээн авагчийн эхний шаардлагыг бичгээр хүлээн авмагц бид хүсэлт гаргагчийн шаардлагаар нийт 2,359,944,472.51 төгрөгөөс хэтрэхгүй дүнг хүлээн авагчид төлөх үүргийг үүгээр хүлээж байна гэсэн утга бүхий гүйцэтгэлийн баталгааг гарган өгч, улмаар “О” ХХК тендерийн үйл ажиллагааг баталгаажуулан гэрээт ажлыг эхлүүлсэн нь банкны баталгааны гэрээний дагуу өөрийн үүргээ биелүүлсэн гэж үзэж, банкны баталгааны гэрээний дагуу хийгдсэн гэрээний хүүгийн төлбөрийг төлүүлэхээр шаардах эрхтэй” буюу ийм баталгаа гаргаагүй бол хариуцагч компани энэ тендерийг авах боломжгүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж, нэхэмжлэлээ дэмжсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч “О” ХХК нь “...”О” ХХК-ийн 2023.06.29-ний өдрийн 1491 тоот “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгээр “...Г-наас тухайн баталгааны дүнг бүрэн эсхүл хэсэгчлэн О компанийн дансанд байршуулж байгаагүй болно” гэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох банкны баталгаа гаргах үүргээ биелүүлээгүй тул хүү төлөхгүй гэсэн агуулгаар татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан нь талуудын байгуулсан гэрээний 1.3 болон 3.1-д нийцээгүй, түүнчлэн талууд баталгааны хүүг гэрээгээр тусгайлан тохирсныг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийг баталгааны гэрээгээр тохиролцсон хүүг төлөх үүрэгтэй, баталгаа гаргагч “Г ” ХК-ийг үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.3-т заасныг анхаарсангүй.
Баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дуусгавар болох хэд хэдэн үндэслэлийг Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13-т заасан байна. Тухайлбал, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.3-т зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзах” нь баталгаа гаргагч банкны үүрэг дуусгавар болох хуулийн үндэслэл болж байна.
14. Нэхэмжлэгч “Г” ХК-ийн “О” ХХК-ийн өмнө гаргасан банкны баталгааны хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ баталгааны үүрэг дуусгавар болсон үйл баримтыг анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, хэргийн 1 дүгээр хавтасны 168 дугаар талд авагдсан “О” ХХК-ийн 2021.02.25-ны өдрийн “Г” гэх албан бичигт ... “О” ХХК-аас банкны баталгааг дуусгавар болгож, чөлөөлөх талаар банканд мэдэгдэх нь талуудын харилцан тохиролцсон баталгааг дуусгавар болгох нэг үндэслэл тул дээр дурдсан үнийн дүн бүхий баталгааг бүхэлд нь, аливаа суутгал хийхгүйгээр “О” ХХК-д чөлөөлж өгөхийг үүгээр хүсэж байна” гэснээр үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзах нөхцөлийг бий болгосон бөгөөд “О” ХХК-ийн 2018.08.14-ний өдөр “О” ХХК-д хүргүүлсэн албан бичигт гэрээ цуцлагдсан тухай дурдсан байх тул баталгааны хүү тооцох хугацааг энэ өдөр хүртэл тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс “...давж заалдах шатны шүүх 2022.03.24-ний өдөр хүртэл хүү тооцож гаргасан нь илт хууль бус болжээ” гэсэн гомдлыг хяналтын шатны шүүхээс хангах үндэслэлтэй тул банкны баталгааны үүрэг хүчинтэй байсан 2015.09.28-ны өдрөөс 2018.08.14-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ. Хэргийн 1 дүгээр хавтасны 39, 40 дэх талд авагдсан хүү, тооцооллын хүснэгтээр тооцоход хариуцагч “О” ХХК-аас банкны баталгааны гэрээний хүүгийн төлбөрт нийт 318,883,455.94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХК-д олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00992 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00884 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-аас 318,883,455.94 гаргуулж, “Г” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 293,412,574.17 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Г” ХК-аас 72,023,210 төгрөг гаргуулах тухай “О” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар “ОТ” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ... байрны урд байрлах, 1.596 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Г багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
улсын бүртгэлийн ... дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ... багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Д , Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, ... тоотод байрлах, 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
“ОТ” ХХК-ийн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд Хан уулын ... нэртэй газрын 6,5 га талбай бүхий аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх,
“О” ХХК-ийн өмчлөлийн, гэрээний хавсралтад дурдсан 74 төрлийн машин, тоног төхөөрөмж,
“К” ХХК-ийн өмчлөлийн, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот барьцааны гэрээний хавсралтад дурдсан 103 төрлийн машин, тоног төхөөрөмж,
“ОТ” ХХК-ийн эзэмшлийн “Г” ХХК-ийн 100 хувь хувьцаа,
Д-ын эзэмшлийн “ОТ холдинг” ХХК-ийн 100 хувь хувьцаа, “ОТ” ХХК-ийн 100 хувь хувьцаа,
2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот “Гэрээний орлого барьцаалах гэрээ”-ээр “О” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан ... тоот “Оюутолгойгоос Гашуун сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх гэрээний орлогыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулснаар үүрэг дуусгавар болохгүй бол батлан даагч Д, “ОТ” ХХК-аас баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулсугай” гэж тус тус өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн “3” дахь заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,822,567 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “О” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 3,290,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН