| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2016/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/31 |
| Огноо | 2017-04-14 |
| Зүйл хэсэг | 268.1., 269.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/31
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч Т.М,
улсын яллагч М.О,
шүүгдэгч К.Өийн өмгөөлөгч Х.З, А.С, С.Н,
Шүүгдэгч Х.Еы өмгөөлөгч Я.С,
Шүүгдэгч К.Ө, Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Кын Ө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Хы Е нарт холбогдох эрүүгийн 201504000296 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч К.Ө: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Кын Ө, 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Г” ХХК-нд Баян-Өлгий Улаанбаатар хотын хооронд хүн тээврийн жолооч хийдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 02 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******.
2. Шүүгдэгч Х.Е: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, А овогт Хы Е, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад цолтой, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын***дугаар баг, Хн **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ******.
Шүүгдэгч К.Ө, Х.Е нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч К.Ө нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Ед хээл хахуульд 800000 төгрөг өгсөн,
Шүүгдэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч К.Өийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж, ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч К.Өийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 1-2, 88-92, 161-163 дугаар хуудас/, шүүгдэгч К.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Х.Е шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч К.Өийн өгсөн тайлбар /1 дүгээр хх-ийн 44-46 дугаар хуудас/, шүүгдэгч К.Өийн №****** дугаартай жолооны үнэмлэхний түүх /2 дугаар хх-ийн 58 дугаар хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 69 дүгээр хуудас/, цагдаагийн газрын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн рапортын бүртгэлийн хуулбар /2 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/, шүүгдэгч К.Ө нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр FM радиогаар жолооны үнэмлэх гээгдүүлсэн зар өгсөн тухай баримт /2 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/, К.Ө нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д телевизээр жолооны үнэмлэх гээгдүүлсэн зар өгсөн тухай баримт /2 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/, К.Өт холбогдох захиргааны зөрчлийн материалыг эд мөрийн баримтаар хураан авч хадгалах тогтоол /2 дугаар хх-ийн 116-117 дугаар хуудас/, захиргааны арга хэмжээ авсан материал /2 дугаар хх-ийн 148-169 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 47 дугаартай дүгнэлт /3 дугаар хх-ийн 139 дүгээр хуудас/, Х.Еыг 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Замын цагдаагийн ахлах байцаагчаар томилсон тушаал /2 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай өмгөөллийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 5/52 дугаартай прокурорын тогтоол, Х.Еы ажил үүргийн хуваарь, үр дүнгийн гэрээ /3 дугаар хх-ийн 130-137 дугаар хуудас/, шүүгдэгч К.Өийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр прокурорт гаргасан тайлбар, өмгөөлөгч Ө.Бийн прокурорт өгсөн албан бичиг, шүүгдэгч Х.Еыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/, шүүгдэгч К.Өийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Салдатын /2 дугаар хх-ийн 218-219 дүгээр хуудас/, гэрч Г.Ргийн /2 дугаар хх-ийн 221-222 дугаар хуудас/, гэрч Г.Сийн /3 дугаар хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч Ш.Сийн /3 дугаар хх-ийн 66-67 дугаар хуудас/, гэрч С.Тын /3 дугаар хх-ийн 57-59 дүгээр хуудас/, гэрч А.Еы /3 дугаар хх-ийн 127-129/, гэрч А.Еын /3 дугаар хх-ийн 63-65 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Еы, гэрч Х.Бийн /3 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/, гэрч Н.Алмагүлийн /3 дугаар хх-ийн 61-62 дугаар хуудас/ мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримт зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Е нь хээл хахууль өгөгч К.Өийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 06 дугаар сарын 18-наас 22-ны хооронд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу 2015 оны 06 дугаар сарын 17-ноос 2015 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн К.Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байхад шүүгдэгч Х.Е нь зам тээврийн ослын дуудлагаар очсон даруйд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар “хэрэг ослын газрын үзлэг хийх” ёстой байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, зам тээврийн ослын улмаас иргэн С.Тын биед гэмтэл бэртэл учирсан болох нь илт мэдэгдсээр байхад “гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилох юмуу томилуулж дүгнэлт гаргуулах” зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгалгүй нуун дарагдуулж захиргааны журмаар материалжуулан К.Өийн ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг хаясан, гээгдүүлсэн утга бүхий баримт материал бүрдүүлж, жолооны эрхийг хасахгүй байхаар урьдчилан амалж, жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан өгч К.Өээс 800.000 төгрөгний хээл хахууль өөрөө авсан болох нь,
Шүүгдэгч К.Ө нь 2015 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа буюу 2015 оны 06 дугаар сарын 18-аас 22-ны хооронд зам тээврийн ослыг нуун дарагдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор замын цагдаагийн ахлах зохицуулагч Х.Ед 800.000 төгрөгний хээл хахууль өөрөө өгсөн болох нь:
- Шүүгдэгч К.Өийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “... тиймээ тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед зам тээврийн осол гаргаж, машинд зорчиж явсан Тын биед гэмтэл учруулсан энэ асуудлаар замын цагдаагийн ахлах байцаагч Ед шалгагдаж дээрх асуудлыг аргалуулах, жолооны эрхээ аргалуулах зорилгоор 800000 төгрөг өгсөн юм. Тухайн үед ахлах байцаагч чиний жолооны эрхийг хасахгүй зүгээр энэ дээр гарын үсэг зур гэсэн тэгээд ч би монгол хэл сайн мэдэхгүй учир ахлах байцаагч Еы хэлсний дагуу гарын үсэг зур гэсэн газар нь гарын үсгээ зурсан …Тын биед учирсан хохирлын мөнгө гэж 1500000 төгрөгийг байцаагч Еы өрөөнд хүлээлгэн өгсөн юм. Би зам тээврийн осол гаргаад уг асуудлаар замын цагдаагийн ахлах байцаагч Х.Ед шалгагдаж байгаагаа захиргааны зөрчил, эрүүгийн хэрэг гэдгийг сайн ойлгож мэдээгүй зам тээврийн осолд шалгагдаж байхдаа жолооны эрхээ хасуулахгүй байх зорилгоор 800000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас/,
- Гэрч Г.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед манай нөхөр зам тээврийн осол гаргаад замын цагдаа дээр шалгагдсан. Тэгж байхдаа байцаагч Х.Е гэж хүнд 800000 төгрөг өгөөд үнэмлэхээ авчихлаа намайг явж болно гэсэн гээд надад ярьж байсан. Сагсай суманд байдаг хамаатны ахаасаа 2 сая төгрөг зээлээд тэрнээсээ өгсөн байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 221-222 дугаар хуудас/,
- Гэрч С.Салдатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... К.Ө 2015 оны 06 дугаар сарын үед надаас 2 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Би Сагсай сумын төрийн банкны салбараар дамжуулан К.Өийн хувийн дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 218-219 дүгээр хуудас/,
- Гэрч А.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бугат сумын 2 дугаар багийн нутагт замын хажууд цагаан өнгийн машин зам тээврийн осол гаргаад унасан байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу би цагдаагийн газар дээр ирээд 102-т мэдэгдээд тухайн өдрийн жижүүрийн жолооч Б, замын ахлах байцаагч Х.Е нарын хамт зам тээврийн осол болсон газар луу очсон. Уг газар очиход цагаан өнгийн Верна аксент маркийн машин замын хажуу руу унасан байдалтай байсан бөгөөд машин дотор эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Биднийг очиход замын хажуу руу орсон Верна аксент маркийн машиныг Майти машинаар замын хажуугаас татаад зам дээр гаргасан байсан. Ахлах байцаагч Х.Е намайг чи наад жолоочийнхоо бичиг баримтыг аваад жолоочоо хараад зогсож бай гэсэн, үүний дагуу би жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолооны үнэмлэхийг аваад халаасандаа хийгээд жолоочийг хараад зогсож байсан, ахлах байцаагч Х.Е машиныг нь шалгаад байсан. Жолооч нь гэх казах иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь энгийн нүдээр харахад мэдэгдэж байсан ба өөрөө архи уусан гэдгээ надад хэлсэн, хажууд нь явсан эмэгтэйн бие нь зовиуртай байсан. ...Тэгээд тэр жолооч, эмэгтэй хоёрыг цагдаагийн машинаар цагдаагийн газар луу авч ирсэн. Цагдаагийн газар дээр жолоочийг цагдаа дээр үлдээгээд эмэгтэйг нь эмнэлэг дээр аваачиж үлдээгээд би буцаж цагдаа дээр ирээд илтгэх хуудас бичиж өгөөд сум руугаа явсан. Би К.Өийн биед байсан бүх бичиг баримтыг авчаад цагдаагийн газар дээр ирээд ахлах байцаагч Х.Ед тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хүлээлгэн өгөөд илтгэх хуудас бичиж өгөөд сум руу явсан. Яг өгсөн. Тухайн үед надтай хамт өөр хүн байгаагүй. ...Эмч биеийн үзээд гэмтэлтэй байна гээд байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 63-65 дугаар хуудас/,
- Гэрч С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий төвөөс Улаанбайшинтын боомт руу Ө гэдэг жолоочийг хөлсөлж авч яваад буцах замдаа Цагааннуур сумын нутаг дэвсгэрт явж байтал иргэн К.Өийн автомашины дугуй буудах шиг л болсон тэр үед би шууд цонхоор шидэгдсэнээ санаж байна тэгээд юу болсноо санахгүй байна. …тээврийн хэрэгсэл жолоодож явах хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нилээд үнэртэж байсан. ...Ө нь хот хоорондын хүн тээврийн автобусны жолооч болохоор жолоочийн үнэмлэхтэй байсан байх гэж бодож байна. ...Тухайн үед Баян-Өлгий аймагт эмчид үзүүлсэн боловч тодорхой эмчилгээ хийхгүй болохоор нь Улаанбаатар хот руу очиж “Энхжил” гэсэн хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх хугацаанд шинжилгээ энэ тэр өгөхөд миний хүзүүний нэг сэртэн яс цуурсан ба мөн бөөр доргилттой гэж онош гарахаар нь тус эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй. Манай байцаагч Е дүгнэлт гаргуул энэ тэр гэж хэлээгүй, би энэ талаар сайн мэдэхгүй болохоор гаргуулаагүй. Осолд ороод дараа нь буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр замын цагдаагийн байцаагч Еы өрөөнд байцаалт өгөөд сууж байх хугацаанд Е нь Өийг дуудаад энэ хүний хохирол барагдуул гээд шаардахад манай аав, Е байцаагч нарын хажууд надад 1500000 төгрөг өгсөн. Мөнгө авч өгч байх үед тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зуруулж аваагүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
- Гэрч Г.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний охин С.Т 2015 оны 06 дугаар сарын дунд үеэр байсан байх...явж байгаад авто осолд орж биедээ гэмтэл авсан. Охин маань ослын улмаас хүзүүндээ гэмтэл авсан. Тархи, толгой нь жаахан доргисон байсан. Жолоочийн нэр нь К.Ө байсан одоо саналаа...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 55, 66-67 дугаар хуудас/,
- Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... энэ өдөр замын цагдаагийн ахлах байцаагч Е, Бугат сумын цагдаа Е бид нар зам тээврийн ослын дуулаганд зам тээврийн осол болсон газар луу очсон. Уг газар очиход цагаан өнгийн Верна аксент маркын машин замын хажуу руу унасан байдалтай байсныг Майти машинаар замын хажуугаас татаад зам дээр гаргасан байсан. Ахлах байцаагч Е, цагдаа Е нар машинаас буугаад зам тээврийн осол гаргасан жолоочтой, машинд нь явж байсан зорчигч нартай уулзаад байсан, би машин дотроо тэд нарыг хараад сууж байсан юм. Тэгээд тэр жолооч эмэгтэй 2-ийг цагдаагийн машинаар цагдаагийн газар луу авч ирсэн. ...жолоочийг нь цагдаа дээр үлдээгээд эмэгтэйг нь эмнэлэг дээр аваачиж биеийг нь үзүүлчээд эмчид үлдээгээд буцаж цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
- Гэрч А.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 127-129 дүгээр хуудас/,
- Үр дүнгийн гэрээ /3 дугаар хх-ийн 130-137 дугаар хуудас/,
- Х.Еыг Замын цагдаагийн ахлах байцаагчаар томилсон тушаал /2 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/,
- Цагдаагийн рапортын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 69-71 дүгээр хуудас/,
- К.Өт холбогдох захиргааны зөрчлийн материал, эд мөрийн баримтаар хураан авах тогтоол /2 дугаар хх-ийн 116-117, 148-194 дүгээр хуудас/,
- К.Өийн жолооны үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 58 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 105-106 дугаар хуудас/,
- Мөнгө шилжүүлсэн баримт /3 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/,
- Өвчтний түүх /3 дугаар хх-ийн 143, 140-158 дугаар хуудас/,
- К.Ө жолооны үнэмлэх гээгдүүлсэн талаар FM радиогаар 2015 оны 06 дугаар сарын 20-нд зарлуулсан баримт /2 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/,
- Жолооны үнэмлэх гээгдүүлсэн талаар Д телевизэд зар өгсөн баримт /2 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Е, К.Ө нарын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу дараах баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна. Үүнд:
- Хоёрдугаар хх-ийн 250 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 1-2 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч К.Өийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасны дагуу, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар “Монгол хэл, бичиг мэддэгүй” сэжигтэн К.Өээс байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
Гэвч дээрх зөрчлийг 3 дугаар хх-ийн 161-163 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт буюу өмгөөлөгч, орчуулагч, прокурорыг оролцуулан мөрдөн байцаалтын шатанд К.Өээс авсан байцаалтаар арилгасан байна. Мөн шүүх хуралдаанд орчуулагч оролцуулан, 3 өмгөөлөгчтэй оролцож байгаагаар өмгөөлүүлэх, эх хэлээрээ мэдүүлэг өгөх эрх нь хангагдсан гэж үзлээ.
-Нэгдүгээр хх-ийн 44-46 дугаар хуудсанд авагдсан К.Өээс авсан тайлбарууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасан нотлох баримтанд хамаарахгүй бөгөөд хуульд заасан аргаар бэхжүүлж аваагүй тул үнэлэх боломжгүй юм.
- Гуравдугаар хх-ийн 139 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт нь мөрдөн байцаагчийн асуултанд бүрэн гүйцэд хариулаагүй /дүгнэлтийн 3 дахь хэсэг/, хоёрдмол утга санаа агуулсан, хууч өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн /дүгнэлтийн 2 дахь хэсэгт/ гэж байгаа нь уг дүгнэлтэнд эргэлзээ түрүүлж байгаагийн зэрэгцээ С.Тын өвчний түүхэнд “... 2015 оны 6-р сард машины аваарт орж хүзүү сээрний хэсэгт гэмтэл авсан...”/3 дугаар хх-ийн 143 дугаар хуудас/, гэрч С.Тын мэдүүлэг зэргээс харахад шинжээч бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзлээ. Иймд эргэлзээтэй нотлох баримтыг үнэлэх боломжгүй юм.
- Гуравдугаар хх-ийн 6, 107 дугаар хуудсанд авагдсан Х.Ед хахууль өгсөн тухай бичсэн баримтууд нь өөрөө бичсэн эсэх нь тодорхой бус, өөр өөр бичигтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86, 89, 93-т зааснаар уг баримтыг нотлох баримтаар бэхжүүлж аваагүй байх тул үнэлэх боломжгүй юм.
- Шүүх хуралдааны үед улсын яллагчаас шүүхэд өгсөн К.Өт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 5/52 дугаартай тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-д заасан гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй болох нь улсын яллагч, шүүгдэгч К.Ө нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. Иймд мөн үнэлэх боломжгүй байна.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгч К.Ө нь: “... Би Монгол хэл сайн мэдэхгүй. Тийм учраас өгсөн мэдүүлэгт маань тэгж бичээд байсан юм шиг байна. Би Х.Ед ямар ч мөнгө өгөөгүй. 800000 төгрөг өгсөн гэдэг нь худал. Би Х.Еы албаны өрөөнд хохирогчид 1500000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлж,
шүүгдэгч К.Өийн өмгөөлөгч А.С нь: “... шүүгдэгч К.Ө нь хахууль өгсөн болох нь хангалттай нотлогдохгүй, бусад байдлаар үгүйсгэгдэж байна. ...түүнийг өнөөдөр шүүх хуралдаан дээр үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Үнэн зөв мэдүүлэг өгсөн байна уу ?, үгүй юу гэдгийг бид хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулж үзэх хэрэгтэй. ...мөнгө өгсөн, авсныг нотлох ямар нэгэн бичгийн болон бусад нотлох баримт гэрч байхгүй. ...иймд К.Өийг цагаатгаж өгнө үү” гэв,
Шүүгдэгч К.Өийн өмгөөлөгч С.Н: “... 1500000 төгрөгийн Тт өгсөн асуудлыг хохиролд өгсөн гэж тооцож болохгүй. Тэр бол хохирол биш. Учир нь Т Цагааннуур тосгон руу явахаар К.Өийг хөлсөлж авсан байдаг. Энэ үед осол гаргасан асуудал байгаа. К.Ө хөлсөлж авсан иргэнд үйлчилгээгээ үзүүлж чадаагүй, үүргээ биелүүлээгүйгээс осол гаргасан учир уучлалт гуйгаад 1500000 төгрөг өгсөн асуудал байна. ...энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв,
Шүүгдэгч К.Өийн өмгөөлөгч Х.З: “...Хээл хахууль өгсөн, авсан гэснийг шүүгдэгч нар хүлээсэн тохиолдолд гэм буруутайд тооцож болохоос биш, ямар нэг хөндлөнгийн нотлох баримтгүйгээр, нэг шүүгдэгч эсэргүүцэж, нөгөө нэг шүүгдэгч нь мэдүүлгээсээ буцаж байхад гэм буруутайд тооцох боломж байхгүй. ...К.Өийг гэм буруутайд тооцлоо гэхэд Өршөөлийн тухай хуульд заасны дагуу өршөөгдөх учиртай...”гэв,
шүүгдэгч Х.Е: “... Би хуулийн дагуу бүх ажлаа хийсэн. К.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан. Авлига, хээл хахууль авсан асуудал байхгүй. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж мэдүүлж,
шүүгдэгч Х.Еы өмгөөлөгч Я.С: “...Е анхнаасаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ тууштай мэдүүлж байгаа. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт болох ёстой. Хавтаст хэргийн 148-169 хуудсанд захиргааны зөрчлийг шалгасан материал авагдсан. Дээрх нотлох баримт Х.Еыг цагаатгах талын нотлох баримтууд. ...хахууль өгсөн гэж үзвэл Х.Еаас 800000 төгрөг гаргуулах асуудал яригдах ёстой. Уг хэрэг 800000 төгрөг гэсэн материаллаг бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэж ирсэн. Дээрх байдлаар 800000 төгрөгийн асуудлыг яллах дүгнэлтэд бичилгүй, бусдад төлөх төлбөргүй гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. К.Ө урьд нь 800000 төгрөг өгсөн гэж хэлсэн байсан ч өнөөдөр 800000 төгрөг өгөөгүй гэдгээ хэлсэн. Шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримт болно. Улсын яллагч сэжигтэн, яллагдагчаар байцаахад өгсөн мэдүүлгийг яриад байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм бурууг болон хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Энэ хүний мэдүүлгийг өнөөдөр нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. ...цагаатгаж өгөхийг хүсэж байна...” гэж тус тус тайлбарлаж, мэтгэлцэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгч нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч К.Өийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 161-163 дугаар хуудас/ үнэн зөв болох нь дараах байдлаар нотлогдоно. Тухайлбал:
Зам тээврийн осол 2015 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, ахлах зохицуулагч Х.Е шалгасан болох нь 2 дугаар хх-ийн 153 дугаар хуудсанд гэрч байлцуулан согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэлд “2015 оны 06 дугаар сарын 18-ны 03 цаг 55 минут” буюу шөнийн цагаар уг осол болсон “1.33 хувь” согтолттой гэж авагдсан баримт, А.Е, С.Т зэрэг гэрч нарын мэдүүлгээр,
К.Өт зам тээврийн осол, согтуу жолоо барьснаас болж жолооны эрхээ хасуулахгүй, аргалуулах, жолоочийн үнэмлэхээ өөртөө авах зайлшгүй шаардлага байсан болох нь гэрч Д.Эын “...К.Ө гэдэг жолооч 2013 оноос хойш манай компанид гэрээгээр...Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэж байгаа. 2016 оны 06 дугаар сард...Баян-Өлгий аймгаас Улаанбаатар руу К.Ө зорчигч тээврийн чиглэлд гарахад түүний жолооны үнэмлэх нь байсан. Хэрэв жолооны үнэмлэх нь байхгүй тохиолдолд замд гардаггүй юм...”гэх мэдүүлгээр,
Хахуульд өгсөн мөнгөний эх сурвалж, хахууль өгсөн болох нь гэрч Г.Ргийн “...Тухайн үед манай нөхөр зам тээврийн осол гаргаад замын цагдаа дээр шалгагдсан. Тэгж байхдаа байцаагч Х.Е гэдэг хүнд 800000 төгрөг өгөөд үнэмлэхээ авчихлаа. Намайг явж болно гэсэн гээд надад ярьж байсан. Сагсай суманд байдаг хамаатны ахаасаа 2 сая төгрөг зээлээд тэрнээсээ өгсөн байсан” / 2 дугаар хх-ийн 221-222 дугаар хуудас/, гэрч С.Салдатын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 218-218 дүгээр хуудас, мөнгө шилжүүлсэн баримт /3 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/ зэргээр,
Зам тээврийн осол болох үед К.Өийн жолооны үнэмлэх өөрт нь байсан болох нь гэрч А.Еын: “... ахлах байцаагч Х.Е намайг чи наад жолоочийнхоо бичиг баримтыг аваад жолоочоо хараад зогсож бай гэсэн үүний дагуу би жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолооны үнэмлэхийг аваад халаасандаа хийгээд жолоочийг хараад зогсож байсан ахлах байцаагч Х.Е машиныг нь шалгаад байсан. ...Би К.Өийн биед байсан бүх бичиг баримтыг аваад Цагдаагийн газарт ирээд ахлах байцаагч Х.Ед тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хүлээлгэн өгөөд илтгэх хуудас бичиж өгөөд сумруугаа явсан. Тухайн үед надтай хамт өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 63-65 дугаар хуудас/, Еын илтгэх хуудас, гэрч С.Тын: “...Ө нь урьд өмнө хот хоорондын хүн тээврийн автобусны жолооч болохоор жолоочийн үнэмлэхтэй байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Еы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь тогтворгүй, үнэнд нийцэхгүй, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримтуудаар няцаагдаж байна. Тухайлбал: шүүгдэгч Х.Еы мэдүүлэг нь /3 дугаар хх-ийн 168-170, 78-83 дугаар хуудас/
- Гэрч С.Тын:“...Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй. Манай байцаагч Е дүгнэлт гаргуул энэ тэр гэж хэлээгүй, би энэ талаар сайн мэдэхгүй болохоор гаргуулаагүй” /3 дугаар хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
- Гэрч А.Еын мэдүүлэг:“... би Цагдаагийн газар дээр ирээд 102-т мэдэгдээд тухайн өдрийн жижүүрийн жолооч Б, замын ахлах байцаагч Х.Е нарын хамт зам тээврийн осол болсон газар луу очсон. Уг газар очиход цагаан өнгийн Верна аксент маркын машин замын хажуу руу унасан байдалтай байсан бөгөөд машин дотор эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Биднийг очиход замын хажуу руу орсон Верна аксент маркийн машиныг Майти машинаар замын хажуугаас татаад зам дээр гаргасан байсан. Ахлах байцаагч Х.Е намайг чи наад жолоочийнхоо бичиг баримтыг аваад жолоочоо хараад зогсож бай гэсэн үүний дагуу би жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолооны үнэмлэхийг аваад халаасандаа хийгээд жолоочийг хараад зогсож байсан ахлах байцаагч Х.Е машиныг нь шалгаад байсан. Жолооч нь гэх эрэгтэй казак иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь энгийн нүдээр харахад мэдэгдэж байсан ба өөрөө архи уусан гэдгээ надад хэлсэн, хажууд нь явсан эмэгтэйн бие нь зовиуртай байсан. Тэгээд тэр жолооч, эмэгтэй 2-ийг цагдаагийн машинаар цагдаагийн газар луу ачирсан. Цагдаагийн газар дээр ирээд жолоочийг цагдаа дээр үлдээгээд эмэгтэйг нь эмнэлэг дээр аваачиж үлдээгээд би буцаж цагдаа дээр ирээд илтгэх хуудас бичиж өгөөд сум руугаа явсан. …Би К.Өийн биед байсан бүх бичиг баримтыг авчаад цагдаагийн газар дээр ирээд ахлах байцаагч Х.Ед тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хүлээлгэн өгөөд илтгэх хуудас бичиж өгөөд сум руугаа явсан юм” / 3 дугаар хх-ийн 66-65 дугаар хуудас/,
- Х.Бийн мэдүүлэг: “... Би 2015.06.18-ны өдөр цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд жолоочоор ажиллаж байсан юм, энэ өдөр замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Е, Бугат сумын цагдаа Е бид нар зам тээврийн ослын дуудлаганд зам тээврийн осол болсон газар луу очсон. Уг газар очиход цагаан өнгийн Верна аксент маркийн машин замын хажуу руу унасан байдалтай байсныг Майти машинаар замын хажуугаас татаад зам дээр гаргасан байсан. Ахлах байцаагч Х.Е, цагдаа Е нар машинаас буугаад зам тээврийн осол гаргасан жолоочтой, машинд нь явж байсан зорчигч нартай уулзаад байсан би машин дотроо тэд нарын хараад сууж байсан юм. Тэгээд тэр жолооч, эмэгтэй 2-ийг цагдаагийн машинаар цагдаагийн газар луу ачирсан, машиныг нь майти машинаар ачаад явсан байх. Цагдаагийн газар дээр ирээд жолоочийг цагдаа дээр үлдээгээд эмэгтэйг нь эмнэлэг дээр аваачиж биеийн үзүүлээд эмчид үлдээгээд буцаж цагдаа дээр ирсэн. Би цагдаагийн үүдэн дээр бүрэлдэхүүнийг буулгаад машинаа зогсоол дээр байрлуулчаад араас нь ороод үүдний жижүүрийн алба хаагч нар байрлах өрөөнд ордог...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
- Гэрч А.Еы мэдүүлэг: “...Зам тээврийн ослын дуудлагаар очсон жижүүрийн томилгоонд байсан байцаагч, ахлах байцаагч нарын аль нь ч бай хэрэг ослын газар очиж шалгана. Тухайн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ахлах байцаагч Х.Е зам тээврийн ослын дуудлагаар очсон байна. Ослын дуудлагаар очсон ахлах байцаагч Х.Е зам тээврийн хэрэг ослын газрын үзлэг хийж баримтжуулна, үүний дараа автомашин жолоодож явсан этгээдийг тогтоож тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хурааж, автомашин жолоодож явсан этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтооно. Тухайн автомашинд зорчиж явсан этгээд болон жолоочийн биед зам тээврийн ослын улмаас гэмтэл учирсан эсэх талаар Шүүх эмнэлгийн шинжээч томилж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргээр жолооч болон зорчигчийн биед хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл тогтоогдвол материалыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлж шалгуулах үүрэгтэй. Хэрэгт шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг нь хөнгөн, гэмтлийн зэрэггүй гэж дүгнэлт гарвал тухайн асуудлыг захиргааны журмаар шалгаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, жолооны үнэмлэхийг захиргааны материалд хавсаргаж, тухайн үнэмлэхний булангийн хэсгийг хүчингүй болгон хайчилж материалд хавсаргаж архивт шилжүүлнэ. Жолоочийн үнэмлэхийг тухайн жолоочид буцаан өгч явуулна гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй, харин жолооч үнэмлэхээ хаясан, гээсэн тохиолдолд Замын цагдаагийн сангаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар лавлагааг авч материалд хавсаргадаг. Ахлах байцаагч Х.Еы үр дүнгийн гэрээний 1.1-д “Хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах” гэж заасан байгаа, энэ нь замын цагдаагийн ахлах байцаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой гэдгийг заасан заалт юм. Ахлах байцаагч Х.Е зам тээврийн осолд орсон С.Т гэж хүний биед гэмтэл учирсан байхад жолооч Өээс эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулсан гэж ойлгож байна. Зорчигчийн биед гэмтэл учирсан байхад шүүх эмнэлгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүйгээр хохирол барагдуулж байгаа нь өөрөө ахлах байцаагч Х.Е албан үүргийн зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Яагаад гэхээр ахлах байцаагч Х.Е нь зорчигч С.Т гэж хүний биед гэмтэл учирсан талаар мэдсэн байж шүүх эмнэлгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулж тухайн гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх, тухайн гэмтлийг эмчлүүлэхэд эмчилгээний зардалд хэдэн төгрөг зарцуулагдах эсэхийг нягталсны дараа эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шийдэх ёстой. Ахлах байцаагч Х.Еы ажил үүргийн хуваарийн дагуу зам тээврийн осолд орсон хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах үүрэгтэй. Ахлах байцаагч Х.Еы дээрх үйлдэл нь бүгд хууль зүйн ямар ч үндэслэлгүй, цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, хянан шалгах журамд ахлах байцаагч Х.Еы дээрх хууль бус үйлдлийг зохицуулсан зохицуулалт байхгүй. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа нарт хяналт тавих, ажлын үүрэг чиглэл зааварчилгаа өгөх, ажлын биелэлтийг хянах. Шуурхай бүрэлдэхүүнд томилогдсон өдөр ард иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол шалгах, зам тээврийн ослын дуудлагаар очих, хэрэг ослын газрын үзлэг хийх, ослын акт тавих, осол аваарын улмаас бэртэж гэмтсэн иргэдийн биед ямар гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шүүх эмнэлгийн шинжээч эмч томилох эрхтэй. Өөрөөр хэлбэл ЭБШХ-д зааснаар хойшлуулашгүй ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Захиргааны зөрчилд арга хэмжээ авах, мэдээ тайлан нэгтгэх, дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөний хамгаалалт зохион байгуулах зэрэг ажил үүргийн хуваарьтай байдаг” /3 дугаар хх-ийн 127-129 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч К.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 161-163 дугаар хуудас/,
- Хэрэгт авагдсан ажил байдлын тодорхойлолтоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих мэдлэг эзэмшсэн нь харагдана.
Монгол хэл бичиг мэдэхгүй К.Өт орчуулагч оролцуулахгүй тайлбар авч гарын үсэг зурсан зэргээр захиргааны зөрчлийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар байцаасан К.Өийн: “...Тухайн үед ахлах байцаагч чиний жолооны эрхийг хасахгүй зүгээр энэ дээр гарын үсэг зур гэсэн. Тэгээд би монгол хэл сайн мэдэхгүй учир..хэлсний дагуу гарын үсгээ зурсан...” /3 дугаар хх-ийн 162 дугаар хуудас/,
- Гэрч С.Тын өгсөн: “...Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй. Манай байцаагч Е дүгнэлт гаргуул энэ тэр гэж хэлээгүй, би энэ талаар сайн мэдэхгүй болохоор гаргуулаагүй” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
- 2 дугаар хх-ийн 161-162 дугаар хуудсанд авагдсан зар өгсөн баримт зэргээс харагдана.
Тухайн үед зам тээврийн ослын улмаас С.Т нь биедээ гэмтэл авсан нь илт мэдэгдэж байсан болох нь:
- Гэрч С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Тухайн үед Баян-Өлгий аймагт эмчид үзүүлсэн боловч тодорхой эмчилгээ хийхгүй болохоор нь Улаанбаатар хот руу очиж “Энхжил” гэсэн хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх хугацаанд шинжилгээ энэ тэр өгөхөд миний хүзүүний нэг сэртэн яс цуурсан ба мөн бөөр доргилттой гэж онош гарахаар нь тус эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. ...Осолд ороод дараа нь буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу нисэх гэж байна гэхэд надад 1500000 төгрөг өгсөн. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн байцаагч Еы өрөөнд байцаалт өгөөд сууж байх хугацаанд Е нь Өийг дуудаад энэ хүний хохирол барагдуул гээд шаардахад манай аав, Е байцаагч нарын хажууд надад 1500000 төгрөг өгсөн…”гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
- Гэрч А.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хажууд нь явсан эмэгтэйн бие нь зовиуртай байсан. ...Цагдаагийн газар дээр жолоочийг цагдаа дээр үлдээгээд эмэгтэйг нь эмнэлэг дээр аваачиж үлдээгээд…явсан…тэр эмэгтэй зовиуртай байсан хэрнээ гомдолгүй гээд байсан. Эмч биеийн үзээд гэмтэлтэй байна гээд байсан” /3 дугаар хх-ийн 63-65 дугаар хуудас/,
- Гэрч Н.Алмагүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эмчилгээ хийсний дараа биеийн байдалд нь ямар нэгэн өөрчлөлт ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
- З дугаар хх-ийн 143 дугаар хуудсанд бичигдсэн өвчний түүхээр: “...2015 оны 06 дугаар сард машины аваарт орж хүзүү, сээрний хэсэгт гэмтэл авсан..” зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хэдийгээр гэмтлийн хүнд зэрэг гэсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй боловч гэмтэл учирсан, шинжээч томилох зайлшгүй шаардлагатай байсан байна гэж үзсэн.
Энэ нь уг гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөөгүй бөгөөд тухайн үед К.Өийн хувьд уг зам тээврийн осол нь гэмт хэрэг, захиргааны зөрчлийн аль нь болохыг ойлгоогүй байсан нь түүний мэдүүлгээс харагдах бөгөөд харин Х.Еы хувьд гэмт хэрэг болсон эсэх талаар бүрэн ойлгох боломжтой байсан нь түүний ажилласан жил, туршлагын талаарх, ажил байдлын тодорхойлолт /3 дугаар хх-ийн 101-102 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч С.Тын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар харагдана.
Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд дарамталсан, хүчээр мэдүүлэг авсан талаар мэдүүлдэг боловч мөрдөн байцаалтанд өмгөөлөгчтэй байцаалт өгсөн байдал, прокурорт энэ талаар гомдол огт гаргаж байгаагүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байх тул үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг дүгнэн Х.Е нь гэмт хэрэг үйлдэх үедээ Замын Цагдаагийн тасгийн ахлах байцаагч буюу ахлах зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан байна. Өөрөөр хэлбэл энэ 2 хоёр албан тушаалын нэр нь нэг утга агуулгатай, нэг эрх хэмжээ, үүрэгтэй байна гэж үзлээ.
Шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримтуудыг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, үнэн зөв гэж үзлээ.
Жишээлбэл: Үндсэн хуулиар олгосон гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь хангаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасан эрхийг танилцуулж, хуульд заасан журмын дагуу авсан гэрч Г.Ргийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 221-222 дугаар хуудас/, урьд өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа байхгүй, хилс хэрэгт гүтгэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй, хууль сануулж авсан гэрч Еын мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 63-65 дугаар хуудас/ гэх мэт.
Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Гэхдээ энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар, агуулаг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн бол үнэн зөв мэдүүлэг өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарч гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.
Энэ тохиолдлыг шалгах үндэслэлээр тус хэргийг заавал мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Өөр хэргийг шүүхээр шийдвэрлэх тохиолдолд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх боломжтой юм.
Хээл хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг би болгосон эсэхийг харгалзахгүй, хэл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн хувьд эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар болон зарим тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль авагч тал өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх 2 талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Түүнчлэн хахууль өгөгчийн хүсэлт болгосон саналыг хүлээн авч энэ үндсэн дээр хууль, дүрэм, журмаар албан тушаалтных нь хувьд өөрт нь олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй, буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байхыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байсан гэж, албан тушаалтан өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзнэ.
Энэ гэмт хэрэг нь аль болох гэрч, баримтгүй мөнгийг өгч, авсан байдгаараа шууд гэрчлэх гэрч ховор бөгөөд нууц далд аргаар үйлдэгддэг юм.
Шүүгдэгч Х.Е нь уг гэмт хэргийг шууд санаатай, шунахайн сэдэлттэй, амар хялбараар хөрөнгөжих зорилготой хийсэн бол шүүгдэгч К.Ө албан тушаалтанд өөрийн эрх ашиг сонирхолд нийцсэн үйлдэл хийлгэх, үйлдэл хийхгүй байх үүднээс хахууль өөрөө хүсэж өгсөн шууд санаатай идэвхтэй үйлдлээр илэрч байна.
Хээл хахууль авах, өгөх гэмт хэргүүд нь хууль ёс, шударга байдал, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллгаа, төрийн албан хаагчийн ёс зүйг алдагдуулж, төрд итгэх итгэлийг бууруулан, хууль журам зөрчигддөг хор хөнөөлтэй. Хахуульд өгсөн 800000 төгрөг, жолооны үнэмлэх, хуулийн дагуу хийх ёстой байсан ажил үүрэг зэрэг нь уг гэмт хэргүүдийн халдлагын зүйл болно.
Хахууль авах гэмт хэргийн субъектийн хувьд цагдаагийн албан хаагч нь төрийн тусгай албан хаагч бөгөөд гүйцэтгэх, удирдах албан тушаалтан бол хахууль өгөх гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай иргэн байна.
Иймд шүүгдэгч Х.Еыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч К.Өийг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Х.Ед ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин шүүгдэгч К.Өийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагааг /3 дугаар хх-ийн 96, 97 дугаар хуудас/ үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нарын эд хөрөнгийн болон хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага зэргийг харгалзан гэм буруугаа ухамсарлах боломжоор хангаж тэдэнд жирийн дэглэмтэй хорих ялыг сонгон оногдуулах, шүүгдэгч Х.Ед төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан тэнсэх хуулийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч Х.Еы гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэрэг түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олсон 800000 төгрөг төлөгдөөгүй зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг тэнсэх боломжгүй юм. Иймд түүнд оногдуулах эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Х.Еы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүгдэгч К.Өийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Еаас хахуульд авсан 800000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд энэхүү тогтоолын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч Х.Еы өмчлөлийн 793650 төгрөгний үнэлгээ бүхий 41 инчийн “Sharp” маркийн өнгөт зурагт, 1158938 төгрөгний үнэлгээтэй “Веко” маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч К.Өийн үйлдсэн гэмт хэрэг 2015 оны 06 дугаар сарын 18-22-ны хооронд үйлдэгдсэн нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар оногдуулсан үндсэн ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Өт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Ед урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Хы Еыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ш овогт Кын Өийг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еыг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Өийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ед оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч К.Өт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еаас 800.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Х.Е, К.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Еы өмчлөлийн 793650 төгрөгийн үнэлгээтэй 41 инчийн “Sharp” маркийн өнгөт зурагт, 1158938 төгрөгийн үнэлгээтэй “Beko” маркийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.
7. Энэ хэргийн хамт ирүүлсэн К.Өийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Х.Еы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч К.Өт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Х.Ед оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Өт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Х.Ед урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ